Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн их, дээд сургуулиуд "Дорнод дээд сургуульд"-д чууллаа

БСШУСЯ
2014 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Орон нутгийн их, дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт  эрдэм шинжилгээний бага хурал Дорнод аймагт болж өнгөрлөө. 

Эрдэм шинжилгээний бага хуралд  БШУЯ-ыг төлөөлж Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган оролцсон бөгөөд тэрбээр  БШУ-ны сайд Л.Гантөмөрийн  мэндчилгээг оролцогчдод хүргэсэн юм.

БШУ-ны сайд мэндчилгээндээ “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чанартай сургалтад тулгуурлан улс орны эдийн засаг, нийгэм, соёлын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий судалгаа шинжилгээнд түлхүү чиглэсэн, бодит өгөөжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагыг манай их, дээд сургуулиуд мэдэрч эхэлсний нэг илрэл нь “Дорнод-2014” эрдэм шинжилгээний бага хурал мөн.

Сургалтын байгууллага, судалгааны байгууллага зэрэгцэн оршиж, багш нар хичээл, эрдмийн ажлаа хослуулснаар шинжлэх ухааны орон зай тэлнэ. Бид шинэ нээлт хийн дэлхийд экспортлох  чадвартай мэдлэгийн  эдийн засгийг цогцлоож  байж төгс шинэчлэл болж чадна.

Дээд боловсрлын мэргэжилтэн бэлтгэн гаргаж, бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй орон нутгийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид та бүхэн боловсролын чанарын  шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч билээ. Монголын дээд боловсролын шинэчлэлийг бид хамдаа хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Улаанбаатар хот болон 8 аймаг, буриадын их сургууль зэрэг  гадаад, дотоодын нийт 120 гаруй зочид төлөөлөгч оролцсон тус хурлын үеэр  "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын нийгмийн тулгамдсан асуудал", "Орон нутаг дахь их дээд сургуулиудын боловсролын шинэчлэлийн асуудал", "Орон нутаг дахь их, дээд сургуулиудын эдийн засаг, менежментийн асуудал" гэсэн 3 салбар хуралдаанаар нийт 30 гаруй илтгэл хэлэлцэгдэн, санаа бодлоо хэлсэн юм.  

Тэд орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд бүс нутгийн болон улсын хэмжээнд хэрхэн арга хэмжээ авах, орон нутагт хэрэгцээ шаардлагатай ямар мэргэжилтэн цаашид бэлтгэх, орон нутгийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш нарын цалин, нийгмийн хамгааллын орчныг сайжруулах, оюутнуудад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийн өсөн нэмэгдүүлэх, сургуулиудын сургалтын орчинг дээшлүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гарган холбогдох шатны байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. 

Санхүүжилтийн асуудал, оюутны элсэлт шалгалтын чанарыг сайжруулахтай холбоотой дээд боловсролын байгууллагуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудлууд орон нутагт  ч ялгаагүй адилхан.

Гэхдээ орон нутгийн их, дээд сургуулиуд тухайн орон  нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж нутгийн засаг захиргааны байгууллага, орон нутагт байгаа ажил олгогч нартай хамтарч ажиллах шаардлагатай болдог тухай оролцогчид хэлж байлаа.

Тэд мөн шинээр боловсрогдож гарч байгаа дүрэм журам, хуулинд гарч байгаа өөрчлөлт, тэтгэлэгт хөтөлбөрийн журам, хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө  зэрэг яам, засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг  талархалтай  дэмжиж хүлээн авч байгаагаа хурлын үеэр онцолж байлаа.  

Эрдэм шинжилгээний хуралд БШУЯ, ШУА,  Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Дархан, Эрдэнэт болон ОХУ-ын Буриад улсын Багшийн коллеж, ЭМШУИС-ийн Дорноговь салбар, Ховд Их Сургууль, МУБИС, Завхан МУИСургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, Сүхбаатар аймгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцлоо.  

Оролцогчид  Зүүн бүсийн их сургууль, сургалт судалгааны томоохон төв болон өргөжих зорилгыг тавин ажиллаж байгаа  доктор О.Янжмаа захиралтай хамт олон амжилттай зохион байгуулсанд талархаж дараа дараагийн зохион байгуулагчид үлгэр дуурайл авахаар байна гэцгээж байв.

Хоёр жил тутамд 1 удаа болдог тус хурлыг дараагийн удаа ЭМШУИС-ийн Дорноговь салбар сургууль зохион байгуулахаар болсон юм.