Уншиж байна ...

"Үндэсний номын сангийн хуучин барилгыг нураахгүй, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгоно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний номын сан буюу бидний нэрлэж заншсанаар төв номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтад орохоор болжээ. Уг номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, АНУ-ын ЭСЯ-ны урд хэсэгт баригдсан.

Номын сангийн захиргаанаас мэдээлснээр одоогоор шинэ байр руу нүүх бэлтгэл ажил үргэлжилж байгаа гэв. Тодруулбал ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангажээ.

Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болж, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох юм байна.

Ингэснээр гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм.

Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахаар төлөвлөсөн болохыг Соёлын Яамнаас мэдээлэв.

Төв номын сангийн хуучин барилга 1951 онд баригдсан бөгөөд архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог байна.

Түүхэн барилга тул нураахгүй, түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэх аж.