Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэд сансрын хог хаягдлыг бууруулах зорилгоор анхны модон хиймэл дагуулыг бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы эрдэмтэд дэлхийн тойрог замын хог хаягдлыг бууруулах зорилгын хүрээнд хиймэл дагуулыг модоор бүтээжээ.

Энэ нь дэлхийн анхны модон хиймэл дагуул болж байна.

Замбага модоор бүтээсэн LignoSat нэртэй уг хиймэл дагуулын материалын бат бэх чанарыг тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад туршжээ.

Одоо шинэ хиймэл дагуулаа ирэх зун АНУ-ын пуужинд тээвэрлэн тойрог замд хүргэхээр төлөвлөж байна.

Модон хиймэл дагуул нь Киотогийн их сургуулийн эрдэмтэд болон Сүмитомо Форестри модны аж ахуйн компанийн хамтын бүтээл ажээ.

“Дэлхийн агаар мандалд буцаж ирэхдээ хиймэл дагуулууд шатаж, металлын олон жижиг хэлтэрхийнүүд үүсгэдэг нь агаар мандлын дээд давхаргад олон жилийн турш хөвж байдаг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй” гэж Киотогийн их сургуулийн судлаач, сансрын нисгэгч асан Такао Дой тайлбарлаж байна.

Ийм шалтгаанаар тэд байгаль орчинд ээлтэй материалаар хиймэл дагуул бүтээжээ.

Эхлээд тэд материалаа лабораторид зохиомлоор үүсгэсэн сансрын орчинд туршихад бүрэн задарч байсан гэнэ. Дараа нь дэлхийн тойрог замд ажиллаж буй Олон Улсын Сансрын Станцад илгээж, туршихад мөн сайн үр дүн гарчээ.

Анхны модон хиймэл дагуул нь кофены аяганы хэмжээтэй байх бөгөөд хамгийн богинодоо зургаан сар тойрог замд ажиллах гэнэ.

Хэрвээ LignoSat төлөвлөсний дагуу ажиллаж чадвал цаашдаа илүү олон, илүү том хиймэл дагуулуудыг модоор бүтээх ажээ.

Ойрын жилүүдэд улс орнууд жил бүр 2,000 гаруй хиймэл дагуул дэлхийгээс хөөргөх тооцоо бий. Тэдгээрийн үндсэн материал хөнгөн цагаан байдаг.

Тиймээс Японы эрдэмтдийн бүтээл хиймэл дагуулын хог хаягдлыг бууруулж, дэлхийн байгаль орчныг сөрөг нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой болж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
1 | 31 минут