Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Beauty Expo” үзэсгэлэнд БНСУ-ын 25 брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд танилцуулж байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол дахь гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "Beauty Expo 2023" үзэсгэлэн Мишээл-Экспо төвд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Уг үзэсгэлэнд 10 гаруй улсын гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан хямдралтай, урамшуулалтай үнээр худалдаалж байгаа юм.

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд болж байгаа энэхүү арга хэмжээнд БНСУ-ын КОТРА буюу Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Агентлаг 25 компанийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Солонгосын томоохон төрийн байгууллага болох КОТРА нь дэлхийн 85 улсад 127 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ үндэсний бүтээгдэхүүнээ гаднын орнуудад гаргаж, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэн ажилладаг байна. 

1962 онд КОТРА байгуулагдсан бөгөөд 2013 онд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ хүрээнд хоёр улсын эдийн засаг, бизнес, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Өнөөдрийн арга хэмжээнд Монголын зах зээлд солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлах, танилцуулах зорилгоор оролцож байна.

"Монголын цаг агаарын нөхцөлд Солонгос бүтээгдэхүүн хамгийн их тохирдог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

КОТРА Улаанбаатар БНСУ-ын ГХТГ-ын дарга Хун Сон Ү "Бид Beauty expo үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байгаа. Өнгөрсөн жил 12 компанийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, танилцуулж байв. Энэ удаагийн арга хэмжээнд 25 компанийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах, худалдаалж байна.

Энэ жилийн арга хэмжээ илүү өргөн дэлгэр болж, тэр хэрээр хөл хөдөлгөөн ч ихтэй байна. Бидний танилцуулж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнийг 40-өөс дээш насныхан голчлон сонирхож байгаа харагдана. Харин залуу үеийнхэн нүүр будалтын бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байв.

Өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулж байгаа 25 брэндийн 15 нь Монголын зах зээлд анх удаа танилцуулагдаж байгаагаараа онцлогтой.

Бүх насныхан тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой нь ихээхэн давуу талтай. 

Түүнчлэн сүүлийн үед БНСУ-д веган гоо сайхны бүтээгдэхүүнийг сонирхож хэрэглэдэг болсон. Тэр утгаараа Монголын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг мөн танилцууллаа. 

Бид бүтээгдэхүүн тус бүрийн онцлогийг иргэдэд тайлбарлан үйлчилж, сонирхсон мэдээллийг нь хүргэж байна. Монголын цаг агаар хуурай учир солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүн чийг сайн өгөхийн зэрэгцээ, хамгийн сайн тохирдог. 

Үрчлээний эсрэг, эмзэг, батгатай, үрэвсэлтэй арьсны мөн цайруулах үйлчилгээтэй, арьс өргөх утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг манай павильон дээр ирж үзэх боломжтой" хэмээн ярив.

Жон И Бин: БНСУ-ын арьс, гоо заслын эмнэлэгт зарж, хэрэглэдэг Essanne брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна

КОТРА-гийн танилцуулж буй 25 брэндийн нэг болох Essanne компанийг төлөөлөн Жон И Бин өөрийн биеэр хүрэлцэн ирж, долоон бүтээгдэхүүнийг танилцуулж байв.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр “Эмзэг арьсны дөрөв, батганы хоёр, цайруулах үйлчилгээтэй нэг бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулан, зөвлөгөө өгч байна. Эдгээр бүтээгдэхүүнээ БНСУ-ын арьс, гоо заслын эмнэлэгт зарж, хэрэглэдэг.

Анх удаа томоохон хэмжээний экспод оролцож байгаа бөгөөд 30-40 насныхан хамгийн их ирж байна. Өсвөр насныхан батгатай арьсны бүтээгдэхүүн сонирхох нь түгээмэл. Манайхаар үйлчлүүлэхээр ирсэн иргэд арьсаа үнэгүй оношлуулах боломжтой. Мөн бизнес эрхлэгчид бидэнтэй гэрээгээр ажиллах боломжтой” хэмээв.

БНСУ болон Монголын эдийн засгийн зах зээлийг өргөжүүлж, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг Улаанбаатар БНСУ-ын ГХТГ-ын дарга Хун Сон Ү хэллээ.   

Үзэсгэлэн Ням гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд өөрт тохирсон гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл авах, худалдан авах боломжтой юм байна. 

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Хаан тауэр 23 дугаар давхарт

Холбоо барих: 77110140

Facebook: www.facebook.com/ulaanbaatar.kotra