Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв хэвлэл Трамп-Кимийн уулзалт болох тохиромжтой газраар Улаанбаатарыг нэрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хятадын Коммунист Намын англи хэл дээр гардаг төв хэвлэл Global Times өнөөдрийн дугаартаа “Трамп-Кимийн уулзалтын гол асуудал нь байрлал” гэсэн гарчигтай редакцийн өгүүлэл нийтэлжээ.

Тус өгүүлэлд Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Шведийг зорьсон нь энэхүү түүхэн уулзалт Скандинавын хойгт зохион байгуулагдах нь гэсэн яриа гарахад хүргэснийг эхлээд дурдсан байна.

Гэхдээ Шведийн нийслэлийг уулзалт болоход тохиромжгүй, ялангуяа Хойд Солонгосын удирдагчийн аюулгүй байдлыг бодолцвол байх боломжгүй сонголт гэж үзжээ.

Учир нь Хойд Солонгосын гол шаардлага нь Ким Жон Уны аюулгүй байдал бөгөөд энэ шаардлагыг Швед улс хангаж чадах эсэх нь маш их эргэлзээтэй гэсэн байна.

Жишээ нь Швед бол Европын Холбооны гишүүн, НАТО-той аюулгүй байдлын гэрээтэй орон. Бас АНУ-ын улс төр, батлан хамгаалах бодлогын хүчтэй нөлөөнд байдаг. Хэдийгээр уулзалтыг зохион байгуулагчид хоёр талын эрх ашиг, аюулгүй байдлыг ижил түвшинд хангах ёстой боловч Америкийн тал Кимийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг шаардвал Швед эсэргүүцэж чадах эсэх нь эргэлзээтэй гэжээ.

Ялангуяа Дональд Трамп бол хөтөлбөрөөс гадуур тоглолт хийх дуртай, ямар ч эрсдэлтэй, урьдчилан харах боломжгүй алхам хийх магадлалтай хүн тул Хойд Солонгосын талын санаа зовоох асуудал юм.

Тиймээс Пёньяны сонголт Панмунжом, Бээжин, Улаанбаатар гэсэн гурван хувилбар дээр тогтоно гэж тус өгүүлэлд дүгнэжээ. Бээжин бол аюулгүй байдал талаасаа хамгийн сайн сонголт боловч сүүлийн жилүүдэд Хойд Солонгос-Хятадын харилцаа сайнгүй байгаагаас сонгогдох магадлал бага гэнэ.

Хоёр Солонгосын хил дээрх Панмунжом тосгон мөн л Өмнөд Солонгос-АНУ-ын нөлөөний бүс тул эргэлзээтэй. Харин Улаанбаатар хот бол Хятад, Оросын дунд оршдог, Хойд Солонгостой удаан хугацаанд найрамдалт харилцаатай явж ирсэн Монгол улсын нийслэл. Энд Америкчууд санаснаараа Ким Жон Унд шахалт үзүүлэх боломж хязгаарлагдмал гэж уг нийтлэлд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Global Times