Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: "Бидэнд тусалж чадахгүй бол дээрэмдэхгүй байхыг хүсч байна" видео

Б.Ану
2018 оны 2 сарын 20
iKon.MN
 

Авлига хээл хахууль, шударга бус байдал газар авч байгаагийн эсрэг хүүхэд, залуус юу хийж чадах вэ. 

Бид нийгэмдээ болж бүтэхгүй бүхнийг харж чичилж суухын оронд өөрчлөлтийн төлөө өөрсдөө юу хийж болох вэ. 

"Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны нэгдүгээр сард дэлхий даяар зарласан "Авлигын төсөөллийн индекс"-ээр Монгол Улс дэлхийн 176 орноос 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.  Энэ нь өмнөх оныхоос 15 байраар УХАРСАН үзүүлэлт болсон юм. 

Харин энэ жилийн АВЛИГЫН индексийг "Транспаренси Интернэшнл" энэ сарын 22-нд зарлах гэж байна. 

Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) 2017 оны ажлын тайлангаас үзвэл тус газрын мөрдөн шалгах ажиллагааны ачаалал 4-8 дахин нэмэгджээ. 

Тодруулбал, 2017 онд АТГ-ын хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг 2016 онтой харьцуулбал, 339 нэгжээр буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн өгч буй мэдээллээр цаашид авлига, хээл хахуультай холбогдох хэргийг бууруулах үүднээс оюутан, сурагч, залуучуудыг соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулах нь илүү үр дүн, ирээдүйтэй талаар ярьж байгаа юм. 

Тиймээс ч өнөөгийн нийгэм дэх хүнд суртал, авлига, шударга бус байдал, ялгаварлан гадуурхал, тэгш бус хуваарилалт, ашиг сонирхолын зөрчлийн эсрэг хүүхэд залуусын дууг хоолойг илэрхийлэх зорилготой “Ил тод байдал залуусын нүдээр" төсөл хэрэгжиж байна. 

Энэхүү төслийг АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй "LEAD MONGOLIA 2017" хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, Ил тод байдлыг сайжруулах” багаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд “Гэрэл тусгая” нэртэй гурав хүртэл минутын богино хэмжээний видео уралдааныг 2017 оны 12-р сарын 23-наас 2018 оны хоёрдугаар сарын 18-н хүртэл амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа. 

Орон даяар явагдсан энэхүү уралдаанд нийт 170 гаруй баг бүртгүүлж 36 бүтээл ирүүлж өнөөдөр Азийн кино театрын сүлжээ 4DX Prime Cineplex кино театрт шилдгүүдийг шалгаруулав. 

 

Энэ үеэр World learning ТББ, LEAD Mongolia хөтөлбөрийн захирал Адам ЛэКлэйр нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах эрмэлзлэл бүхий оюутан, сурагчдын бүтээлүүдээс шилдгээр шалгарсан видеонуудыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн “Ил тод байдал ба авлига” сэдвийн хүрээнд төслийн багийн бэлтгэсэн сургалтын материалд хавсарган Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлэх талаар мэдээлж байлаа. 

 

Мөн "LEAD MONGOLIA 2017" хөтөлбөрийн “Авлигатай тэмцэх, Ил тод байдлыг сайжруулах” багийн ахлагч М.Мөнхжаргал “"Гэрэл тусгая" видео бүтээлүүд нь хүүхэд, залуус нийгэмдээ гэрэл тусгая. Гэрэл нь бид өөрсдөө байя. Шударга, ил тод, сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд бид өөрсдөө хэрхэн, яаж оролцох, шударга ёс, ил тод байдлыг ӨӨРТӨӨ, ГЭР БҮЛДЭЭ, СУРГУУЛИЙН ОРЧИНДОО, НИЙГЭМДЭЭ хэрхэн хэвшүүлэх бидний өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээл, болж бүтэхгүй, нуугдмал зүйлийг шүүмжлэх бус ИЛ ТОД болгон асуудал хөндсөн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гарц хайсан агуулгатай” байсан талаар дурдлаа.

Өнөөдөр хамгийн их оноог авсан оролцогчдыг тодруулж, шагналыг гардуулсан нийт оролцогчдод шилдэг бүтээлүүдийг танилцууллаа.

 

Мөн энэ сарын 22-нд зарлах "Транспаренси Интернэшнл" байгууллагын Монгол дахь мэдээллийн үеэр шилдэг оролцогчдыг алдаршуулах талаар төслийн багийн гишүүн Э.Хангай нэмж мэдээлсэн юм.

Энэхүү уралдаан орон даяар зарлагдсан бөгөөд нийт 36 бүтээлийн 26 нь оюутнуудаас, 10 нь дунд сургуулийн сурагчдаас ирсэн байлаа. 

Шилдгүүдээр:

Сурагчдын ангилалд:

  • 3-р байр 1-р сургуулийн 9Б ангийн  “Мөнх тэмүүлэл” баг
  • 2-р байр Улаанбаатар бүрэн дунд сургууль “Итгэл Найдвар Хайр” баг
  • 1-р байр 1-р сургуулийн “Нивэрс” баг

Оюутны ангилалд:

  • 3-р байр СУИС-н Радио телевиз медиа урлагын их сургуулийн “Light” баг 
  • 2-р байр Зохиомж дээд сургуулийн “Монгол сэтгэмж” баг 
  • 1-р байр МУИС-н Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Ш.Амина нар шилдгээр шалгарлаа. 

Мөн зохион байгуулагч байгууллагын нэрэмжит шагналыг 29-р сургууль “Бидний суралцдаг орчин” баг хүртлээ. 

“Итгэл Найдвар Хайр” багийн хамт олны хэлж буйгаар нийгэмдээ болж бүтэхгүй байгаа бүхнийг бид шүүмжилж суухын оронд өөрсдөөсөө ямар өөрчлөлтийг хийж болох вэ гэдгийг бүтээлээрээ харуулахыг хүссэн гэж ярьж байв. 

Сурагчдын ангилал 1-р байр:
1-р сургуулийн сурагчдын Нивэрс багийн “Гэрэл тусгая” бүтээл:

Оюутны ангилал 1-р байр: 
МУИС-н Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Ш.Аминагийн бүтээл:

Зохион байгуулагч байгууллагын нэрэмжит шагнал:
29-р сургууль “Бидний суралцдаг орчин” багийн бүтээл:

Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлийг ЭНД дарж үзээрэй.
 


LEAD MONGOLIA хөтөлбөрийн тухай: 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол улсад ардчилалыг бэхжүүлэх манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн LEAD Mongolia хөтөлбөрийг ОУ-ын хөгжил, сургалт солилцооны “World learning” ТББ, Бүгд найрамдахчуудын ОУ-ын хүрээлэнтэй хамтран  хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт Монгол улсад ардчилалыг бэхжүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэлтэй 70 манлайлагч залуус хамрагдсан бөгөөд АНУ-ын Виржиниагийн Их Сургуулийн Улс төрийн тэнхим болон Вашингтон хот дахь “World learning” байгууллагад гурван долоо хоногийн туршид чадавхжуулах сургалтанд хамрагдсан билээ. Үүний хүрээнд “Авилгатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” багийн 11 залуус хамтдаа “Гэрэл тусгая” нэрийн дор залуусын ил тод байдлын талаархи мэдлэг, ойлголтыг сайжруулах, авилгыг бууруулахад чиглэсэн нөлөөллийн төслийг хэрэгжүүлэхээр нэгдэж байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, фото зургууд дээр дарж томруулж үзнэ үү, 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.