Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб авлигачдаас $100 тэрбумыг хураажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид болон бизнесмэнүүдээс нийтдээ $100 тэрбум гаруйг тохиролцооны үндсэн дээр хурааж авснаа Саудын Арабын ерөнхий прокурор өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман авлигын эсрэг тэмцэл эхлүүлж, улсынхаа сан хөмрөгт $100 тэрбумыг эргүүлэн олж авах төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм. Тиймээс дээрх мэдээлэл нь ханхүүгийн тэмцэл амжилтад хүрснийг харуулж байна.

Ажиллагааны үеэр олон тооны албан хаагч, бизнесмэнийг баривчлан тэдний дотор байсан язгууртнуудыг нийслэл Рияд хотын Ritz-Carlton зочид буудалд хорьсон юм.

Одоогийн байдлаар тэднээс 100 гаруй хүн засгийн газартайгаа мөнгөн тохиролцоо хийсний үндсэн дээр суллагдсан гэх мэдээлэл бий. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэрбумтан, ханхүү Алвалид бин Талал суллагдсан юм.

“Одоогийн байдлаар тохиролцоогоор эргүүлж цуглуулсан үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө, хувьцаа зэрэг хөрөнгө нийлээд 400 тэрбум риал ($106 тэрбум) орчим болоод байна” гэж Саудын Арабын ерөнхий прокурор шейх Сауд аль Можеб мэдэгдэлдээ өгүүлжээ.

Газрын тосны үнийн уналтаас хамааран төсвийн алдагдалтай байгаа тус улсын засгийн газарт энэ нь том дэм болох юм. 2018 оны төсвөө тэд 195 тэрбум риалийн алдагдалтайгаар батлаад байгаа.

Нийтдээ авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд 381 хүнийг шалгасан гэнэ. Тэднээс хэргээ хүлээж, тохиролцоо хийж чадаагүй хоригдож байгаа 56 хүн үлдсэнийг Можеб мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр энэ тоо 95 байсан юм.

Гэхдээ эрх баригчид хэр хэмжээний дүнтэй авлигын хэргийг $100 тэрбумаар цагаатгаж байгаа, хэн хэн хэдийг төлсөн тухай дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Ганцхан хүний төлбөрийн хэмжээг мэдээлж байсан нь ханхүү Митеб бин Абдуллахын $1 тэрбумын тохиролцоо байв.

Мөн язгууртнуудыг хорьж байсан Ritz-Carlton зочид буудал одоо суларч, хоёрдугаар сарын дундаас олон нийтэд үйлчилж эхлэхээр болсныг өчигдөр зарласан байна. Уг зочид буудлын хамгийн хямд өрөө нь хоногийн $650 орчим үнэтэй байдаг.

Гэхдээ хэргээ хүлээхээс татгалзсан зарим хүнийг зочид буудлаас шорон руу шилжүүлсэн байж магадгүй байна.

 

Эх сурвалж: Reuters