Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн төрийн эргэлтийг Бээжингийн захиалгаар гүйцэтгэв үү?

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Зимбабве улсын зэвсэгт хүчний тэргүүн, генерал Константино Гувея Чивенга Хятадын нийслэлд айлчилж, дэлхийн хамгийн том армийн удирдагч нартай уулзсан юм.

Хятадын Ардын Чөлөөлөх армийн жанжин штабын дарга Ли Зуочень генерал Чивенгад “Хятад, Зимбабве улсууд бол хувиршгүй найз нөхөд юм” гэж хэлснийг тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв. Хариуд нь Зимбабвегийн армийн тэргүүн “Хятад улстай бүх салбарт хамтран ажиллах хүсэлтэй”-гээ илэрхийлсэн байна.

Үүнээс хоёр өдрийн дараа Чивенга генерал Хятадын батлан хамгаалахын сайд, генерал Чан Ванчуантай уулзаж, Бээжингийн тусламж дэмжлэгэд талархаж явдгаа хэлжээ.

Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагвагийн холбоотон гэгддэг Чивенга Даваа гарагт Роберт Мугабэгийн нам дотрох цэвэрлэгээг шүүмжилж, байдал хүндэрвэл армийг хөдөлгөхөд бэлэн гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн юм. Харин тэр энэ мэдэгдлийнхээ өмнөх өдөр Бээжинтэй холбоо барьсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хятад улс 1970-аад оны колоничлолын эсрэг тэмцлээс нь эхлээд Мугабэг дэмжиж ирсэн. Бас Бээжин бол Харарегийн хамгийн том гадаад хөрөнгө оруулагч, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь их хэмжээгээр худалдан авдаг юм.

Сүүлийн жилүүдэд Хятадын төрийн өмчит компаниуд Зимбабвегийн Үндэсний Батлан Хамгаалахын сургуулийг байгуулахад $100 сая, нийслэл Хараред худалдааны төв байгуулахад $200 саяын хөрөнгө оруулаад байгаа. Өнгөрсөн жил Зимбабвегийн 650 хүний суудалтай парламентын танхимыг байгуулж туслахаа Хятадын засгийн газар амлажээ.

Харин Лхагва гарагт Мугабэг гэрийн хорионд орсны дараа Хятадын гадаад хэргийн яам Зимбабвегийн армийн тэргүүний Бээжинд хийсэн айлчлалыг “ердийн хамтын ажиллагааны хүрээнд болсон” гэж тайлбарлаад төрийн эргэлттэй ямар нэг холбоогүй гэсэн байна. Гэвч гадаад хэргийн яамны төлөөлөгч “уг айлчлалаар яригдсан асуудлын талаар надад мэдээлэл алга” гэж сэтгүүлчдэд хариулсан нь сонирхол татаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа зайлуулагдсан дэд ерөнхийлөгч Мнангагваг Хятад руу дүрвэсэн гэх мэдээлэл тарахад тэд бас няцааж байв.

Энэ бүхний эцэст дүгнэхэд Чивенга генерал Мугабэг зайлуулах ажиллагааныхаа талаар Бээжинд мэдээлэх, зөвшөөрөл авах, эсвэл дэмжлэг авах гэж айлчилсан гэж сэжиглэж болохоор байна.

Үнэхээр Зимбабвегийн төрийн эргэлтийн маргааш Хятадын төрийн хэвлэлүүд хоёр улсын харилцааг өөдрөгөөр төсөөлж байгаагаа бичицгээж байсан нь нэгийг хэлж байлаа. Global Times сонин “Лхагва гарагийн хэрэг явдал хоёр орны хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй” гэж бичсэн байна. Хятадыг Зимбабвегийн асуудалд маш прагматик хандаж, эдийн засгийг нь тогтвортой байлгах, оруулсан хөрөнгөө хамгаалж үлдэхийн тулд төрийн эрхийг тэргүүн хатагтай Грэйс Мугабэд шилжүүлэхээс сэргийлсэн гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

Үнэндээ Хятадад Зимбабве ардчилсан засаглалтай байх эсэх нь хамаагүй, гол нь тогтвортой байдал чухал тул ингэж таамаглаж байгаагаа тэд илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian