Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн санхүүгийн хямралаас үлдсэн сургамжууд 20 жилийн дараа

ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Templeton Emerging Markets Group"-ийн гүйцэтгэх захирал Mark Mobius-ийн нийтлэлийг хүргэж байна.


Энэ оны 7-р сард Азийн санхүүгийн хямрал эхэлснээс хойш 20 дахь жил тохиож байна.  Хямрал анх 1997 оны зун Тайландад эхэлсэн гэж үздэг ч уг үндэс нь үүнээс ч өмнө бий болоод байсан санхүүгийн секторын асуудлуудаас бий болсон гэдэг. 

Тайландын үндэсний мөнгөн тэмдэгт “батт” ам.долларын эсрэг тогтмол ханшийн системтэй байсан ч 1997 оны долоодугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр хөвөгч ханшийн системд шилжсэнээр баттын ханш суларсан. Улмаар Төв банк нь ханш огцом суларч байгаа үед валютын захаа арилжааны шинжтэй халдлагаас хамгаалах зорилгоор интервэнц хийснээр хэдхэн сарын дотор нөөцөө шавхжээ.

Хөрөнгө оруулагчийн хувьд 1997 он бол “хар дарсан зүүд” шиг жил байлаа. Учир нь тогтмол ханшийн дэглэм барьж байх үед олон тооны Тайланд компаниуд ам.доллараар зээл авсан байдаг. Ам.доллараар зээл авах нь Тайланд баттаар зээл авахаас хавьгүй бага хүүтэй байсан юм. Хөвөгч ханшийн дэглэм рүү шилжих үед хөрөнгө оруулагчид ханшийн эрсдлийн талаар санаа зовж байсан  ч Тайландын Төв банкнаас “Шаардлагатай бол баттын ханшийг хамгаална” гэж мэдэгдэж, компаниудын санааг амраахыг хичээж байлаа. 

Харамсалтай нь баттын ханш огцом суларч, компаниуд өрийн дарамтанд орж, Тайланд улс эдийн засгийн уналттай золгосон. Улмаар Тайландын хөрөнгийн зах зээл ч хурдтайгаар уруудаж эхэлжээ. 

Тайландын хямрал Азийн орнууд руу тархаж, олон төрлийн эмзэг байдлыг тэдгээр улсууддаа үүсгэснээр хөгжиж буй орнуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурсан. Түүнчлэн хямралын нөлөө тухайн үед дөнгөж хямралаас гараад байсан Орос, Латин Америкийн орнууд руу хальж, дахин хүнд цохилт өгсөн билээ.

20 жилийн дараагаар эргээд харахад бид хямралын шалтгааныг харах боломжтой байна. Тайландын төв банк ханшийг удирдахыг оролдсон ч, үүнийг хийх хангалттай хэмжээний гадаад валютын нөөцгүй байсан. Харамсалтай нь бусад төв банкууд ч үүнтэй адил алдаа гаргасан юм. 

Олон төв банкууд тухайн үед ханшийг удирдах нь асуудалгүй бөгөөд ханшийг сулруулахгүй байж болно хэмээн мэдэгдэж байсан. Нөгөөтэйгүүр ам.долларын зээлийн хүүгийн түвшин үндэсний валютын зээлийн хүүгээс хавьгүй доогуур болсноор компаниуд болон хувь хүмүүс дотоодын валютаа ам.долларын эсрэг тогтвортой байна гэж үзэж ам.доллараар зээл авч эхэлсэн. Эцэст нь төв банк үндэсний валютаа тогтвортой байлгаж чадалгүй баттын ам. доллартай харьцах ханш их хэмжээгээр суларч, улмаар олон компаниуд дампуурч, хүмүүс ажилгүй болсон. Амиа хорлох явдал ч нэмэгдсэнээс гадна тухайн үед Тайландад буддын сүмд очих хүмүүсийн тоо 3 дахин өссөн талаар баримт ч бий. 

Миний харж байгаагаар Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагууд энэхүү хямралтай тэмцэхэд том алдаа гаргасан.  Тэд эдийн засгийн үйл ажиллагааг дэмжихийн тулд өр төлөхөд зориулж шаардлагатай санхүүжилтээр хангахын оронд тэд Засгийн газарт хатуу хэмжүүр тогтоосон. Засгийн газарт төсвийн зардлыг танах шаардлага тавьж, тэдгээр орнуудын банкуудыг сүйрүүлэх алхам хийсэн. Ингэснээр хямрал илүү гүнзгийрч, асуудлууд хүндэрчээ.

Эсрэгээрээ, үүнээс 10 жилийн дараа бий болсон ипотекийн зээлийн хямралын үеэр АНУ-ын Холбооны нөөцийн банк дээрхээс эрс ялгаатай бодлого хэрэгжүүлж санхүүгийн байгууллагуудаа аварч үлдсэн түүхтэй юм. 

Миний харж байгаагаар, Азийн санхүүгийн хямралаас авах бидний сургамж бол төв банк болон Засгийн газар зах зээлийн үйл хөдлөлд хэт оролцох, гадаад валютын ханшийг удирдах гэж оролдохгүй байх нь зүйтэй. Мөн Засгийн газар болон хувь хүмүүс эрсдэлийг бүрэн тооцолгүйгээр өөрийн орлогын гол эх үүсвэрээс ялгаатай валютаар өр үүсгэх нь буруу юм.   

Хөгжиж буй олон улсууд, тэдгээрт байрлах байгууллагууд болон хувь хүмүүс Азийн санхүүгийн хямралаас хатуу сургамж авсан.  Үүнээс хойш хөгжиж буй олон улсууд гадаад валютын нөөцийг бүрдүүлж, гадаад зээлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулах болсон.  Миний бодлоор дээрх болон бусад шалтгаанаар хөгжиж буй улсуудын ирээдүйн төлөв маш сайн харагдаж байна. 

Мэдээж хямрал нь хөрөнгийн чөлөөт урсгалын системийн нэгээхэн хэсэг учраас цаашид үүнийг таамаглах хэрэгтэй. Засгийн газрын зохицуулалт, хяналт ямар ч хэмжээнд байсан дахин хямрал болохгүй гэх баталгаа байхгүй. 

Азийн санхүүгийн хямрал болон хөгжингүй орнуудын санхүүгийн зах зээлийг хамарсан 2007-2009 оны хоорондох дэлхийн санхүүгийн хямралаас үүссэн болгоомжлол одоог хүртэл хөрөнгө оруулагчдын дунд байсаар байна. 

Mark Mobius


http://www.businessinsider.com/asian-financial-crisis-on-its-20th-anniversary-2017-7?&platform=bi-androidapp