Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений “супер” ерөнхийлөгч зэвсгийн эрдмээ гайхуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов элдэвтэй нэгэн гэдгээ байнга ард түмэндээ батлан харуулж байдаг.

Тэрээр саяхан зэвсгийн эрдэмд хэр сайн гэдгээ төрийн өмчит телевизийн сувгаар харуулсан байна. “Алтын Асыр” буюу “Алтан Үе” нэртэй сувгаар ерөнхийлөгчийн галт зэвсэг, хутга хэрхэн эзэмшсэнийг харуулсан видео дүрсийг энэ сарын 1-нд цацжээ.

Бердимухамедовын хэвлэлийн алба “Улсын төрийн тэргүүн маань хамгийн орчин үеийн зэвсгүүдийг ашиглан өөрийн өндөр түвшний байлдах чадвараа харууллаа” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Бердимухамедов нь байгалийн хийгээр баян Туркменистаны ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа. Түүний өмнөх удирдагч, талийгаач Сапармурат Ниязов өөрийгөө Туркменбаши буюу Туркменүүдийн эцэг гэж нэрлэдэг байв.

Харин одоогийн ерөнхийлөгч өөрийгөө Аркадаг буюу Хамгаалагч хэмээн нэрлэдэг бөгөөд ард иргэдээр өөрийгөө тахин шүтүүлэх бүхнийг хийдэг.

2015 онд тэр нийслэл Ашгабат хотод 21 метр өндөр, гантиг чулуун алтадмал хөшөөгөө босгосон.

Төрийн төв телевиз нь түүнийг агуу тамирчин, уран бүтээлч, дуучин, хөгжимчин гэдгийг үзүүлсэн нэвтрүүлгүүдийг байнга цацаж байдаг юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрээр ирэх есдүгээр сард Туркменистанд зохион байгуулагдах 2017 оны Азийн Танхимын болон Тулааны урлагийн наадмын сүлд дууг зохиох уралдаанд түрүүлж байв.

Туркменистан улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаасаа хойш нэг хүний дарангуйлалд орж, хүний эрхийг хөсөрдүүлдгээрээ алдартай, хаалттай орон болсон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty