"Энэ оффист бид жаргалтай, тусархаг, нэгнээ хүндэлсэн хамт олон байх болно" гэсэн уриа үг үүдээр нь оронгуут угтах ажээ. Үргэлжлүүлээд харвал “Хайрцагнаас гарч сэтгэ”, “Багийн ажил мөрөөдлийн ажлыг бий болгодог” гэх мэт урам, зориг, ухаарал хайрлах үгсийг булан бүрт бичсэн байлаа. Мөн өрөө бүрийн өнгөлөг, шинэлэг дизайн өөрийн эрхгүй нүдэнд тусч сонирхлыг төрүүлнэ...
Start up буюу гарааны бизнес эрхэлж буй хүмүүст хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол ажиллах орчин буюу оффис.
Нөгөө талд бизнес эрхэлнэ, эхлүүлнэ гэхээрээ л заавал тусдаа оффистой байна гэдэг ойлголтоосоо салах цаг болжээ. "Co-working" буюу дундын оффис гэдэг ойлголт манай улсад танигдаад удаагүй. Зарим нэг нь сонсоогүй ч явж байж мэдэх.
Дундын оффис гэдэг нь бие биедээ үл хамааран үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хуваан ашиглаж буй оффисыг хэлнэ. Энгийн оффистой адил зөвхөн нэг байгууллага үйл ажиллагаа явуулдаггүй. Ихэвчлэн энэ төрлийн ажлын оффис нь гэртээ ажлаа хийдэг мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгч, сайн бизнес санаатай боловч санхүүгийн чадавхгүй хүмүүст тохиромжтой байдаг аж.
Энэ соёлыг Монголдоо түгээж буй шинэхэн газар бол SMS төв юм.
Тиймээс бид бизнес эрхлэгчдэд зориулсан шинэхэн оффистой танилцахаар SMS төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд маркетинг менежмент, хуулийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг “Газар шилтгээн” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын хамт олон олж харан “Startup Marketing Space” гэх энэхүү шинэхэн хамтын оффисыг наймдугаар сарын 1-нд нээгээд байгаа нь энэ юм.
Төслийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж, өдгөө ашиглалтад ороод буй юм.
SMS төвийн захирал Ж.Золзаяа "Би энэхүү төвөө "Том хүний цэцэрлэг" гэж нэрлэх дуртай. Бид бага байхдаа цэцэрлэгт хамтдаа хөгжиж, бүтээж ирдэг. Үүнтэй адил манай том хүний цэцэрлэгт насанд хүрсэн хүмүүс хамтдаа суралцаж, ажиллаж, мөрөөдлөө биелүүлэх болно.
Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс яагаад заавал жижиг оффист суух ёстой гэж. Тиймээс бид Залуучууддаа ажиллахад таатай, тохилог, өнгөлөг, тухтай орчинг бүрдүүлж өгөхийг зорьсон.
Манай төвийг Монголын Старт-Ап компаниуд хамтарч бүтээсэн. Тухайлбал, "Добу" брэнд манай төвийн бүх ухаалаг системүүдийг гаргасан. "Сая санаа" ХХК манай бүх интерьерийг гаргасан. Мөн манай ширээ, сандал, тавилгууд 80 хувь нь Монгол залуучуудын уран бүтээл. Өрөө болгон өөрсдийн гэсэн тусдаа хэв маягтай" гэв.
Нээгдээд удаагүй ч аль хэдийнээ найман байгууллага энэ оффист үйл ажиллагаагаа явуулахаар орсон байна. Оффис 08:00-22:00 цаг хүртэл нээлттэй байдаг юм.
Ингээд энэхүү шинэ өнгө төрх бүхий хамтын оффисын ОНЦЛОХ 8 хэсгийг танилцуулъя.
Энэхүү өрөөнд арга хэмжээгүй үед гишүүд сууж интернет ашиглаж, ажлаа хийх юм. Харин арга хэмжээтэй үед угсардаг тайзыг ашиглана. Угсардаг тайзыг бусад үед буйдан хэлбэрээр ашигладаг байна. Арга хэмжээний зааланд 50-60 хүний арга хэмжээг зохиох зориулалттай. Мөн ханаа шууд самбар болгох зориулалттай.
SMS төв нь Монголдоо анх удаагаа ажлын өрөөнүүддээ тусад нь "мини оффис"-ыг гаргаж өгчээ. Мини оффис дотор ширээ, залгуур, интернет, хувцас, бичиг баримтын шүүгээ зэргийг цогцоор нь бүрдүүлж өгсөн байна.
Харин нийтийн эзэмшлийн старт-ап ажлын өрөөнүүдэд мөн л тусад нь ханын шүүгээ, ширээ, сандал, залгуур зэргийг бүгдийг нь шийдэж өгчээ. Старт-ап өрөөнд "Хайрцагнаас гарч сэтгэ", "Хэрвээ төлөвлөгөө биелэхгүй бол зорилгоо биш төлөвлөгөөгөө л өөрчил" гэх мэт урмын үг бичиж өгсөн нь анхаарал татахуйц.
SMS төвд гишүүн болсноор амралтын өрөөнд үнэгүй кофе, цай ууж, ном уншиж, зочдоо хүлээж авч уулзах боломжтой аж. Мөн компьютергүй хүмүүст зориулж амралтын өрөөнд түрээсийн компьютер байрлуулжээ.
Энэхүү өрөөнд 10-40 хүний хурал, уулзалтыг хийх боломжтой юм. Хурлын өрөөнд дэлгэц, самбар гээд бүхий л хэрэгтэй зүйлсийг нь шийдэж өгчээ.
Үүнээс гадна 5 хүний жижиг уулзалтын өрөө бий. Тэнд гишүүд хүссэн үедээ уулзалт хийх боломжтой.
Энэхүү өрөөнд бизнесийн зөвлөхүүд суух аж. Өрөөний шийдлийг "ажилч зөгий" маягаар зассан байна.
Мөн энэ өрөөнд 6 "мини оффис" байрлаж байлаа. Мини оффист маркетинг менежмент, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн бүх төрлийн зөвлөхүүд сууна.
Удирдлагын өрөөнд SMS төвийн захирал, ерөнхий менежер, зохион байгуулагч, нягтлан нар танд үйлчлэхэд бэлэн байдалд сууна...
00-ын өрөөгөө "бодлын өрөө" хэмээн нэрлэсэн нь зай талбай бүрийг "ашигтай" ашигласан шийдэл болжээ :)
Угтах, үдэх үүдэн хэсэгт мэдээж хэрэг бүртгэл явагдана. SMS төвд бүртгүүлж гишүүн болох хүсэлтэй бүх Старт-ап компани, бизнес эрхлэгчид, залуучуудад үүд хаалга нээлттэй.
SMS төв нь долоо хоногийн таван өдөр нь гишүүд, байгууллагууддаа зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.