Өмнөх үеийнхэн юу гэж гоочлуулж байв
1935 онд Harper сэтгүүлд тухайн үеийн шинэ үеийнхнийг "нүдний өмнө өмхийрч байна" гэж цоллоод, тэд удахгүй хар тамхичид гэмт хэрэгтнүүд болно гэж байв. Гэтэл энэ үеийнхэн хожмоо фашизмаас дэлхийг аварч, хүн бүр тэгш эрхтэй байх тэрхүү тогтолцоо руу хамгийн хүчтэй залж аваачсан билээ. Нейл Постман 1982 онд “The Dissapearance of Childhood” номдоо өсвөр үеийнхэн хэт эрт насанд хүрэгсдийн амьдралаар амьдарч, гэмт хэрэг архидалт улмаар бэлгийн амьдрал нь зах замбараагаа алдаж байгаа бөгөөд үүндээ телевизийг гол буруутнаар цоллож байв.
Гэвч тэд түүхэнд байгаагүй бүтээлч үе байж, инновацаар бизнесийг угжиж, ажлын байрыг хэдэн зуун саяар нь бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг пуужиндахад хүргэсэн. Цаашлаад эрүүл мэндийн салбарт үсрэнгүй нээлт хөгжил бий болж, олон аймшигт өвчнийг шинэ үеийнхэн түүхийн номноос л уншдаг болсон. Нэг үеийн хүмүүс нь дараа үеийн шинэ залуу үеэ гоочилж голох нь мөнхөд байж ирсэн үзэгдэл.
Энэ үеийнхэн ямар ГАЙ дагуулах вэ...
Одоогийн залуусын дийлэнх нь эмзэг, сэтгэл ханамж бага авдаг, ганцаардмал байгааг The Economist сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн “How worried should people be about Generation Z” нийтлэлд бичжээ. Тиймээс ч сэтгэлзүйн зөвлөгөө, эмчилгээ авч буй иргэдийн тоо шинэ үеийнхэн дунд эрс нэмэгдсэн байна. Үүнийг Монголын нөхцөлд ерөнхий боловсролын сургууль бүрд сэтгэлзүйч байлгах шийдвэр гарснаар мөн нөлөөг нь харж болно.
Арван жилийн өмнө Америкт өсвөр үеийн 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралтай гэж оношлогдож байсан бол өдгөө энэ тоо таван хүүхэд тутмын нэг нь болжээ. Гэвч амиа хорлолт ялангуяа 10-14 насны охид дунд 2010 оноос хойш хоёр дахин ихэссэн нь энэ үеийнхэн тийм ч илэн далангүй, нээлтэй биш гэдгийг харуулж буй гэдгийг Нийгмийн сэтгэл судлаач Жонатан Хаит дүгнэж байна. Гол буруутан нь гар утас, цахим ертөнц, зугаацуулагч мэдээллийн давлагаа аж. Гар утас, интернэт байхад гадаа ертөнц дэх үйл явдлууд төдийлөн сонирхолтой биш, уйдамтгай, тэвчээргүй, сэтгэл хөдлөл багатай болж байгаа аж.
Энэ үеийнхэн ямар ГАВЬЯА дагуулах вэ...
Шинэ үеийнхэн илүү боловсрол өндөртэй, мэдээлэл олж авах хурд сайтай, хөгжих сорилт хүлээж авахдаа илүү эерэг, өөрчлөлтийг даван туулж хөрвөх чадвар сайн байх болно. Цаашлаад тэр донтоод байгаа цахим ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, завсарлага авах сошиал детокс үзэгдэл нэмэгдэж буй нь бүрэн автаад робот шиг болчихгүйн нэг баталгаа гэж харж болохоор байна.
Нөгөө талаас тэд энэ дэлхий ертөнцийг аюулгүй, бохирдол бага, тогтвортой хөгжлийн зам руу хөтлөх найдвар харагдаж байгаа аж. Бизнесийн үйл ажиллагаа ба хүмүүсийн өдөр тутмын амьдралын зан хэвшлийг илүү байгаль орчинд ээлтэй, ирээдүйгээ бодсон байлгахад тэд багаасаа шахалт үзүүлж эхэлсэн бол цаашид энгийн худалдан авалтаас эхлээд бүх хүрээнд үүнийг харгалзаж, үлгэрлэхээр байна. Шинэ үеийнхэн нийгмийн амьдралд илүү оролцох тусам гэмт хэрэг, зодоон, хар тамхины хэрэглээ, өсвөр үеийнхний жирэмслэлт багасаж байгааг “The Economist” сэтгүүл бичжээ.
Ажлаа хаясан Genz+ ингэж хэлэв: Монголын Шарк Танк нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлж, бизнесээ танилцуулж дэмжүүлэх зорилгоор “pitching” хичээлд минь суусан GenZ үеийн залуугаас яагаад бизнес эхлүүлэх болсныг нь асууж ярилцлаа. Тэрбээр өмнө нь ажиллаж байсан хоёр ч байгууллагаа "toxic" орчинтой "toxic" даргатай байсан учраас орхисон. Энэ нь бизнес эхлүүлэхэд эхний хөшүүрэг болсон ба улмаар өнөөх сонирхолтой шинэ санаа руугаа хөтлөгдсөн гэв. Тэрбээр мөн даргыгаа хуучны сэтгэлгээтэй мөн загнадаг шигээ чадвартай биш гэж шүүмжилсэн. Ажилд орж буй шинэ үеийн залууст өсөлтийн сэтгэлгээг дэмжсэн орчин ба өрсөлдөх чадвар өндөртэй “influencer” удирдлага байгаа эсэх чухал нөлөөтэй.
Toxic гэгдэх дарга ингэж хэлэв: Өнөө "toxic" хэмээн цоллогдож буй удирдлагын байр сууринаас нэг жишээ дурдъя. Сарын өмнө болсон явдал юм. Томоохон групп компанид сургалт өгөх талаар хүний нөөцийн даргатай нь ярилцахаар уулзаж байлаа. Түүний өрөөний хаалгыг тогших ч үгүй нэгэн дарга шийдэмгий бухимдангуй огцом татав. Товчхондоо CU орчхоод ир л гэсэн юм билээ л дээ. Харин өнөө GenZ маань “Би ийм ажил хийх гэж орж ирээгүй. Та битгий намайг хувийн ажилдаа зараад бай” гэж шулуухан хэлсэн аж. Үүнийг сонсоод дарга уурсаж “Миний үед анх ажилд орж буй залуус даргынхаа хэлсэн бүрийг хийж, ажлыг бага гэж гололгүй сэтгэлээрээ зүтгэж хөдөлмөрт суралцдаг байсан” хэмээн сургаал айлдаж, ихэрхсэн “бацаанаар” нь дуудаад хөөгөөд явуулжээ. Үүнийг сонссон Хүний нөөцийн дарга “Арайхийж олж ирсэн хүн хөөгөөд явуулчих юм. Өөрөө хүнээ олоорой...” хэмээн бас бухимдах нь тэр.
"Хэрвээ би танайхыг сонирхож ажилд орохоор бол, өөрөө ярья"
Цаашлаад startup ЖДҮ эрхлэгч эздэд чадварлаг хүн олж ажиллуулах нь өдрийн од болсон бөгөөд компанийн хувь, ашгийн хуваалт амлах гэх мэт хэмжээнд хүрснийг Гүрэн академийн сургалтад сууж, хэлэлцүүлэгт оролцсон 60 бизнес эрхлэгч ам уралдан хэлсэн билээ.
Сургууль төгссөн туршлагагүй атлаа бизнес эхлүүлэх үү, ажилд орох уу гэдэг сонголтыг дэнсэлж буй залуус маань “Хэрвээ би танайхыг сонирхож ажилд орохоор бол, өөрөө ярья” гэж хэлэх бол энүүхэнд болжээ. Хөдөлмөрийн харилцаа гэдэг хоёр талын тохиролцоо учраас яавч буруу, ёс зүйгүй хандлага бол биш.
“Шинэ үеийнхнийг ойлгож ажиллуулахад компаниудын одоогийн “know-how” үйлчлэхгүй болсон бөгөөд удирдлагууд их мэдэгчээс тасралтгүй суралцагч руу шилжсэнээр л шинэ үеийнхнийг удирдах эрхээ олж авна” хэмээн дэлхий даяар 700 CEO-д зөвлөж ажилладаг, Гүрэн Академийн насанд хүрэгчдийн “World Class Manager” хөтөлбөрийн зохиогч Вейн Кларк хэлж байна.
“Harvard Business Review”-ийн судалгаанд оролцсон “Millienial” үеийнхний 50 хувь, GenZ залуусын 75 хувь нь сэтгэл санааны асуудал л ажлаа орхих гол шалтгаан болсон гэж хариулжээ. Тус судалгааны дүгнэлтээр сэтгэлзүйн хувьд эрүүл мэнд орших, ажлаа баяртайгаар хийх нөхцөлүүдийг байгууллагын соёл дэмжиж, цөм хэсгээ болгосноор залуус тогтвортой чанартай ажиллах суурь бүрдэнэ гэж үзжээ.
Улсын Ерөнхий Прокурорын газрын судалгаагаар нийт амиа хорлогсдын 84 хувь нь эрчүүд байгаа бөгөөд өсвөр үеэс 29 нас хүртэлх залуусын амиа хорлолт 30 шахам хувийг эзэлж, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Үүнээс нэр хүндтэй компаниудад ажиллаж байсан хүмүүсийн тохиолдлыг авч үзэхэд ажлын нөхөд нь сэтгэлээр унаад яваад байсныг нь мэдэж байсан ч амиа егүүтгэх хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй, харин удирдлагууд энэ талаар мэдээгүй байсан нь дийлэнх байна.
Нэгт Тэд тухтай “дулаан” уур амьсгалтай, чадварлаг бүтээлч даргатай орчинг хүснэ. Тиймээс тасралтгүй суралц, битгий хоцор.
Хоёрт GenZ+ чүүд өөрийг нь ойлгодог, түүнд нь зохих хариу барьж хүлээн зөвшөөрдөг менежерт л өөрийгөө нээж харуулна. Тиймээс сэтгэлзүйн эрүүл мэндийг дарга Та өөрөөсөө салгаж ойлголгүй, өөрөө ч ойлгодог болж, хүмүүсээ анзаардаг бай.
Гуравт ажил даалгахдаа тушааж зандрах бус утга учиртай сонголтууд өгөх замаар итгэл үзүүлж, эрх мэдэл олго. Энэ бол шинэ арга биш. Хамгийн нөлөө бүхий удирдагчдын бүх цаг үед ажил даалгахдаа хэрэглэж, шүтэгдэж ирсэн шалгарсан арга барил юм.
Дөрөвт байгууллагын зорилго стратегитай хийж буй ажил нь хэрхэн нийцэж, үнэ цэн бий болгож буйг ойлгуул. Тэд зүгээр нэг суудал бөглөгчийн байр сууринаас ажлыг хардаггүй бөгөөд том зургаар ямар үр дүн утга учир бий болгож байгаад гүн ач холбогдол өгдөг. Ажилтан байгууллагыг бус даргыг л орхидог. Харин одоо орохоосоо ч өмнө олон сувгаар шинэ үеийнхэн байгууллага ба даргаа тандаж мэдчихээд хаалга татах эсэхээ шийдэж байна.
Сургалт чиглүүлэлтийн хувьд удирдлагууд Та бүхэн GenZ+ үеийнхэнд бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, сөрөг мэдрэмжүүдээ удирдах мөн сэтгэл хөдлөлөө эерүүлэх гэх мэтэд суралцах EQ ур чадварыг эзэмшихэд суралцах нэн шаардлагатай. Ажил амьдрал тэнцэнэ гэж байдаггүй. Тиймээс өөрт тохирсон зохицуулалтын хувилбараа тодорхойлж, стрессийг зөвөөр ашиглаж бас зохицуулж сурахын тулд эрүүл мэнд орших "wellbeing" хичээл шаардлагатай. Энэ бүхний дараа байгууллага дотроо "coaching" арга барилыг нэвтрүүлж, аливаа ажил даалгахдаа бүтээлч сэтгэлгээг нь сорих замаар хөгжүүлж, ачаалал тэсвэрлэх тэрхүү "resilience" няцашгүй чанарыг нэмэгдүүлэх боломжтой.
Товчхондоо одоогийн 30+ насныханд албан тушаал, ах захын хүндлэл мэдрэх хэрэгцээ өндөр байдаг. Харин GenZ+ үеийнхэнд өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж, оршин байгаагаа бататгаж тамгалах хэрэгцээ өндөр.
Bad Therapy номыг бичсэн Абигель Шрайр хэлэхдээ шинэ үеийн эцэг эхчүүд хүүхдүүддээ хайрлагдахыг хүсэж бас үр хүүхдээ аз жаргалтай байхыг хүсдэг учраас нэг талаас хэт их өмгөөлж хамгаалж, нөгөө талаас хэт их эрхлүүлдэг. Цаашлаад энэ нь хувиа бодсон, хүмүүжил тааруу, бусдын дургүйг хүргэсэн хүн болгочихдог. Дүрэм нь тодорхойгүй орчинд өссөн хүүхэд ёс зүйн хэм хэмжээ тааруу, дураараа болдог. Гаргасан гэр бүлийн орчны дүрмээ эцэг эх өөрсдөө зөрчиж, хүчгүйдүүлдэг. Өөрөө дагадаггүй дүрмээ хүүхдэдээ тулгадаг гэх мэт. Ингээд асуудал гараад эхэлмэгц эцэг эхчүүд хяналтаасаа алдаж, сэтгэлзүйчид ханддаг гэжээ.
Гүрэн академи сүүлийн гурван жилийн хугацаанд Английн Этон коллежийн онцгой эрхтэйгээр “8 Skills for Success” цогц хөтөлбөрийг өсвөр үеийнхэн дунд хэрэгжүүлж нийт 200 гаруй 13-17 насныхныг сургаж чадавхжуулсан билээ. Суралцсан хүүхдүүдийн эцэг эх бүгд нэг л асуудал ба асуултыг бидэнд тавьж байсан. “Нохой хуцсан дайтай ч үгийг маань анзаарч сонсохгүй байна. Сонссон дүр үзүүлж байна. Үргэлж зөрчилддөг боллоо. Яаж өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцох вэ” гэдэг байв.
Та хариулахын тулд биш ойлгохын тулд сонсож байсан уу? Гэх асуултад ихэнх эцэг эхчүүд бүдэрч,энэ талаас нь бодож байгаагүйдээ хэсэг гайхширдаг. Харин асуулт асуухаар хүүхэд маань хариулдаггүй, ярьдаггүй гэж хариулсан эцэг эхчүүдээс хэрхэн асууж байгааг нь лавшруулахад, Чи өнөөдөр яачихсан юм? Юу болоод байгаагаа хэлээч? Чиний дүн яагаад ийм муу байгаа юм бэ? Ямар асуудал байгаагаа хэлэхгүй юм бол би яаж чамайг ойлгох юм бэ, Чи надтай ярь л даа гэх мэтээр өөлөх буруутгах өнгө аясаар асууж байгаа нь ажиглагддаг.
Этон коллежийн хөтөлбөрт өсвөр үеийнхэнтэй харилцах зөвлөмжийн хүрээнд: Peer to peer influence буюу нас ойролцоо найз нөхдийн үг үйлдэлд илүү ач холбогдол өгдөг өсвөр үед, эцэг эхчүүд өөрийн ба бусдын хүүхдийг зан авираар нь буруутгах гэж хэт оролдолгүй нөхцөл байдлуудад тулгуурлаж, бодит үнэлэмж өгөхөд анхаарах. Ингэхдээ юу хийхийг нь хэт тулгаж зааж зөвлөхгүйгээр, хүлээцтэйгээр "Хэзээ, Хаана, Юу, Хэрхэн, Яагаад" гэх мэт асуух үгтэй асуултаар дэлгэрэнгүй хариулж авч, тэднийг яриулахад чиглэх. Ингэснээр Таны хүүхдийн эргэн тойронд юу болж буй болоод тэдний сэтгэлзүй ямар байгаа талаарх мэдээлэл Танд цугларна. Мэдээлэл сайтай байх үед нөхцөл байдал илүү тодорхой харагдаж, оновчтой зөвлөгөө өгч, итгэл хүлээх боломж бүрдэнэ. Дахиад хэлье. Зөвлөх гэж яарах хэрэггүй. Ойлгохын тулд чин сэтгэлээсээ сонс!
Шинэ үеийнхний гол онцлог нь энэ. “GenZ үеийнхний хамгийн гол хэрэгцээ нь мэдрэмжээ хуваалцаж, өөрийгөө хувь хүн гэж хүлээн зөвшөөрүүлэх” хэмээн Гүрэн Академитай Өсвөр үеийнхний сургалтын хүрээнд хамтарч ажилладаг сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн үүнийг товчхон тайлбарлаж байна. Үүний дараа харин сэтгэлээ нээж, авьяас чадлаа дайчлах эсэх шийдэгдэх аж.