Индэр    
2022 оны 5 сарын 17
Зураг
Эдийн засагч

Хүлээлт ба эдийн засаг

1. Санхүүгийн зах зээлд

Америкийн инфляцын шинэ статистик 8.3% гэж зарлагдсан нь зах зээлийн хүлээлт 8.1%-ээс өндөр тоо байв. Зах зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын банк, институционал хөрөнгө оруулагчид, сангууд гэх мэт ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд юм.

Эдгээр мэргэжлийн оролцогчид хүлээлтээс өндөр инфляцад үзүүлсэн эхний реакц нь дараагийн хүлээлт буюу “төв банк (Фед) бодлогоо илүү хурдтай чангалж болзошгүй” гэх болгоомжлол байв. Хэрэв суурь хүүг илүү хурдтай өсгөсөн тохиолдолд бусад хүү дагаад хурдтай өснө гэсэн үг. Мөн төв банк балансаа илүү хурдтай хумьсан тохиолдолд үнэт цаасны худалдан авалтаа эрчимтэй бууруулж, бондуудын үнэ унаж өгөөж нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү хүлээлт нь илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалт, тэр дундаа хувьцааны үнэ (крипто ч бас) унах хүлээлтийг нэмэгдүүлэв. Мөн эрсдэл бага ч өгөөжгүй алтны үнэ унах хүлээлтэд ч нөлөөлөв.

Зураг: Америкийн хөрөнгийн зах дээр арилжаалагддаг бүх хувьцааны үнийн сүүлийн 1 сарын хөдөлгөөн

зураг
 

Нэгэнт зах зээл дээр үүссэн хүлээлтийн энэхүү гинжин урвал санхүүгийн бүх л суваг, хэрэгсэл дээр биеллээ олж, үнийн тохиргоонууд хийгдлээ. Үүнийг засгийн газрын үнэт цаасны ѳгѳѳж, бондуудын спред, хувьцааны индекс, ам.долларын индекс, үнэт металлын спот болон фючьерс ханшийн хөдөлгөөнөөс харах боломжтой. Зээлийн хүү (жишээ нь моргеж) дээр ч харагдана. Биткойн ч унаж "инфляцын хедж" биш болж таарав, стейблкойнууд ч унав. Улаанаар эргэлдсэн шуурга шиг зах зээлийн энэхүү хариу үйлдлийг хальт харахад замбараагүй хөдөлгөөн шиг санагдана. Гэхдээ ард нь нарийн уялдаа холбоо, зүй тогтолтой мөнгөний эргэх процесс явагдах бөгөөд энэ бүхэн ХҮЛЭЭЛТ дээр суурилдаг.

2. Бодит эдийн засагт

Хүлээлт санхүүгийн зах зээл төдийгүй, бодит эдийн засагт оролцогчдын хувьд ч үйл хөдлөлийг нь чиглүүлэгч чухал хөтөч болдог. Эдийн засгийн оролцогчид гэдэг нь хэрэглэгч иргэн, үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж эсвэл бодлого боловсруулагч/ зохицуулагч төр байж болно. Ирээдүйн талаарх эерэг эсвэл сөрөг хүлээлт нь мөнгөтэй холбоотой шийдвэрүүдэд нөлөөлж, үйл хөдлөл болон хэрэгжсэнээр үр дүн нь статистик тоонд тусгалаа олдог. Иймд ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн өсөлт гээд одоогийн макро тоонууд бол иргэд, компанийн захирлууд, эсвэл бодлого тодорхойлогчдын аль хэдийн гаргасан шийдвэрийн л үр дүн юм.

Жишээ нь, иргэдийн хувьд “ирээдүйд бодит цалин өсөхгүй нь” гэх хүлээлт хэрэглээнд нөлөөлөх нь гарцаагүй. Сүүлийн үеийн түүвэр судалгааны үр дүнгүүд олон улсад хэрэглэгчийн сентимент унасныг харуулж байгаа нь дэлхий дахинд идэвхжиж буй инфляцтай шууд холбоотой (жишээ нь Мичиганы их сургуулийн түүвэр судалгаанаас харахад Америкийн хэрэглэгчийн итгэл 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийн доод түвшин рүү ойртоод буй). Үнийн өсөлт иргэдийн нэрлэсэн орлогын өсөлтийг идэж, бодит орлогод сөргөөр нөлөөлөх тул хүмүүс мөнгөө үрэх бус хэмнэх шийдвэрт хүргэж болно.

зураг
 

Харин бизнес эрхлэгчдийн хувьд, тодорхой бус байдал өндөр үед том хөрөнгө оруулалтуудаа царцаах, хойшлуулах нь түгээмэл. Санхүүжилт босгоод, хүн ажиллуулж төсөл хэрэгжүүлээд, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээл дээр амжилт олно гэдэг итгэл сул үед ийм эрсдэлээс зайлсхийх нь аргагүй. Олон улс оронд цар тахал, геополитикийн асуудал дунд хувийн секторын хөрөнгө оруулалтууд өсөлтгүй болж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Сүүлийн саруудад хэрэглээ болон хөрөнгө оруулалт саарснаар дэлхийн гол эдийн засгуудад идэвхжил сулрах процесс өрнөж байна (ДНБ-ийг бүрдүүлдэг эдгээр 2 хүчин зүйл дээр нэмээд олон улсын худалдаа мөн асуудалтай байгаа нь дэлхийн эдийн засгийг хойш татах том хүчин зүйл болж буй). Гэтэл инфляц дэлхий дахинд өндөр байгаа тул төв банкууд бодлогоо чангалж, харин засгийн газрууд цар тахлын үед эдийн засгаа дэмжихийн тулд зарлагаа өсгөж, өрөө нэмсэн тул дахиад орон зай хязгаарлагдмал болсон. Улмаар судалгааны байгууллагууд эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, стагфляцын эрсдэл нэмэгдээд буй. Бодит эдийн засагт өрнөж буй энэ бүх процессын эхлэлийн цэг нь дахиад л ХҮЛЭЭЛТ юм.

3. Хүлээлтийг удирдах нь…

Санхүүгийн зах зээл ч тэр, бодит эдийн засаг ч тэр ийнхүү хүлээлтээс ихээхэн хамаарч байна. Тэгвэл хүлээлтийг хэрхэн, яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь нэг талаас шинжлэх ухаан, харин нөгөө талаас урлаг гэж хэлж болно. “Яагаад шинжлэх ухаан бэ” гэхээр эдийн засаг, санхүүгийн зүй тогтлууд нь ардаа онолтой, томьёотой, сурах бичигтэй – гэхдээ энэ харьцангуй амархан хэсэг нь. Харин “яагаад урлаг вэ” гэхээр хүлээлт нь өөрөө хүний сэтгэлзүй дээр тогтдог. Сэтгэлзүй бол айдас паник, баяр хөөр, догдлол эмоц гээд шууд логикоор удирдахад хэцүү зүйлс юм. Зах зээлийн сэтгэлзүй бол 1 биш маш олон хүний сэтгэлзүйн байдлын нийлбэр бөгөөд Ж.Кейнсийн хэлснээр хүний логик гэхээсээ "Амьтны мөн чанар (Animal spirits)"-аар хөтлөгдөх тул таамаглахад боломжгүй шахуу байдаг. Санхүүгийн зах зээл болоод эдийн засгийн хамгийн хүнд бөгөөд сонирхолтой хэсэг нь энэ юм. Энэ бол тусдаа том сэдэв тул дараа авч үзье.