Зураг
Зураг
Индэр    
2022 оны 2 сарын 7
Зураг
УИХ-ын гишүүн

Холын, ГЭВЧ тун ойрын Израйль улсаар...

Зураг

Найман зууны тэртээх Монголын их гүрний хамгийн алс, баруун хил асан Израйль, Сири, Иордан, Ливан улсын заагт орших Голаны өндөрлөгт сар шинийг угтлаа.

Баатарлаг Монгол эрсийн ухаан, зориг, хүчээр эзлэн захирч явсан энэ бүстэй танилцахаар, Еврей ард түмний онцлог, соёл, сэтгэлгээ, аж байдлыг мэдрэхээр Израйль улсад зорчсон тэмдэглэлээсээ сонирхуулж байна.  

Газарзүйн таатай биш байршилтай, найрсаг биш хөршүүдтэй, олуулаа биш хүн амтай энэ үндэстэн яагаад дэлхийн Нобелийн шагналтнуудын 25%, тэрбумтнуудын 25% зэрэг маш олон салбарт аугаа амжилтуудыг гаргадаг юм бол? Энэ асуултыг асуусаар 10 настайдаа Польшоос цагаачилж, элсэн цөлд төрт улсаа байгуулалцахаар очсон “Томоор мөрөөд” хэмээн сэтгэж нэр төртэй амьдарсан Шимон Пересын нэрэмжит инновацын төвөөс эхэлсэн аяллын бичил тэмдэглэлийг маань сонирхоно уу?

ИЗРАЙЛЬЧУУД ГЭЖ ХЭН БЭ?

“Бурхан тэнгэр Синай уулын оргил дээр бууж еврей Моисейтэй уулзаад, хүн төрөлхтөн яаж аж төрвөл зохих гэрээс айлджээ. Еврей нар Бурхны айлдварыг хүн төрөлхтөнд дамжуулах гэрээстэй ивээгдсэн үндэстэн” гэдэг домог бол тэднийг тодорхойлох хамгийн богино тодорхойлолт.

Израйлийн нийслэл Иерусалим хот Жүүд, Христ, Ислам шашнуудын үүссэн ариун газар гэдгээрээ хэдэн мянганы турш зөрчил тэмцэл, сонирхлын талбар болж иржээ. Эртний Египет, Перс, Ром, Грек, Византы, Сэлжүк, Мамлюк, Оттоманаас Британи хүртэлх эзэнт гүрнүүдийн тэмцэл булаан эзлэлтэд өртөж байж.

2000 жил Араб гаралтнууд ноёлж байсан энэ нутагт Дэлхийн 2-р дайны Еврей үндэстний эсрэг их харгислалын дараа 1948 онд НҮБ-ийн мандатаар нутагтаа эзэн суусан азтай үеийнхэн гэж хэлж болохоор. Гэхдээ одоо ч шашин өөр дайсагналцсан хөршүүдийн дунд эмэгтэй, эрэгтэй бүгд заавал цэргийн алба заавал хааж байнгын бэлэн байдалд амьдарсаар.

Тэд бусдаас илүү сэтгэж, илүү тууштай байснаараа хамгийн боловсролтой, хамгийн баян, хамгийн чадварлаг нэгэн болцгоож байж. Гэвч тэдэнтэй шударгаар өрсөлдөөд дийлэхгүй болохоороо аймаглан устгах оролдлого энэ түүхийнх нь хугацаанд өмнө нь ч цөөнгүй гарч байж.

Еврейчүүдийн өндөр IQ, сэтгэн бодох чадвар нь тэдний амьдралын хэв маяг, тууштай чанар, гэр бүлийн хүмүүжлийн арга барилаас болдог гэж тайлбарлах нь бий.

 

ИЗРАЙЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Израйль бол өндөр технологийн орон. Боловсролын чанар өндөр, технологи, IT-аар анхлан төгсөгчийн сарын цалин 8,000$-аас эхэлдэг жишээтэй. Цаашлаад мэргэшсэн ажилчдын дундаж цалин 14,000$ орчим хүрдэг жишигтэй. Старт ап компанийн тоо, VC хөрөнгө оруулалт, АНУ-ийн NASDAQ хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байгаа компанийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

Тел-Алив хот 2021 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болж. Энд сарын дундаж цалин 3000$ буюу төгрөгөөр 10-аад сая. Сонирхоод дэлгүүрээс нь авсан хүнсний барааны үнэ Монголоос төдийлөн ч өндөр зөрүү гаргахааргүй. Барааны тэднийх дүйх үнэтэй ч бидний дундаж цалин тэднийхээс 10 дахин бага.

Израйлийн тэтгэвэр нь хуримтлалаас хамаарч тогтдог, хүрэлцээтэй, жилд багадаа нэг удаа гадаад аялах боломжтой гэж тааралдсан хөгшин хуучлах. Удахгүй Газар дундын тэнгисийн орнуудаар усан онгоцны аялалд гарах төлөвлөгөөтэй гэнэ. Яг тэр цаг мөчид УИХ ахмадын тэтгэвэр нэмэх шийдвэрийг гаргаж байлаа. Талархан дэмжсэн ч асуудлууд байгааг анхааруулж хэлэхгүй бол боломгүй. Тэтгэврийн тогтолцоо шударга бус, байсхийгээд зээл тэглэх, багахан нэмэгдэл зэрэг  улс төрийн шийдвэрүүдээр аргацаадаг. Тиймдээ ч цаашдаа иргэд шахаж, улстөрчид манлайлж нэг удаа гал унтраах биш, тогтолцоогоо өөрчлөх томоохон алхам биднийг хүлээж байгааг ямагт сануулах.  

ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРИЙГ ТЭС ӨӨРӨӨР ХАРМААР...

Израйлийн гайхамшгуудын нэг NETAFIM дуслын усалгааны компанийг зорин очлоо.  Анх хөдөөгийн хамтрал, нэгдлээс үүсэлтэй энэ аж ахуй өдгөө 100 гаран оронд салбартай, жилдээ 1 тэрбум долларын борлуулалттай бизнес болон өргөжжээ. Хэмнэлттэй усалгаа, бага эрчим хүч, их ургац гэх энгийн гэмээр санаануудынх нь цаана хүн төрөлхтний хүнсний хангамж, ирээдүйн хэрэглээ зэрэг том амбиц нуугдаж байгаа нь илт.

Энэ технологи манай улсад онцгой хамаатай. Ус ховор, хуурай, эрс тэс, хүйтэн зэрэг таатай бус олон нөхцөл манайд бий. Ийм хүндрэлүүд эдний цөлд тулгарсан учраас шийдэл нь асар том эдийн засгийн салбарыг бий болгожээ.

Монголын ХАА-д дэвшилтэт технологийг нутагшуулж байж л хөгжил дэвшил ирнэ. Төрийн бодлого ч ийш чиглэх учиртай. Хятадын пад пад, Белорусс улаан тракторыг хөнгөлөлттэй зээл нэрээр хэчнээнийг аваад ч бүтээмж дээшилж, өрсөлдөх чадвар өсөх нь юу бол. Их биш нь хамаагүй хөрөнгийг оновчтой чиглэлд хандуулахад л юу юунаас илүүтэй анхаармаар.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг үр жимс, ашиг өгдөг энэ мэт рүү хандуулвал “Нэг сумаар хоёроос ч олон туулай” онох бодлого болж хувирч болох юм гэсэн бодол л салахгүй дагаж байлаа.

ИЗРАЙЛЫН КИББУЦИ

Манайхаар бол хамтрал, хоршоо, нэгдэл, коммуныг хэлэх Израйлийн киббуци гэж маш сонирхолтой хөдөөгийн загвар байна. Үүнийгээ тэд хамтач амьдрал, капиталист инновац, сионист үзлийн огтлолцол дээр бий болсон гэж үздэг аж. 100-600 орчим гишүүнтэй, хоршиж амьдардаг, хоолоо ч бараг гэртээ иддэггүй хамтдаа хооллодог, киббуци нь бүх зардлыг нь даадаг, эд хөрөнгө нь дундынх гээд ойлгоход бэрх ийм нэг аж ахуй байна. Өмнө өгүүлсэн 2 тэрбум долларын үнэлгээтэй NETAFIM компанийн 20%-ийг гэхэд Хатцерим хамтрал эзэмшдэг гэх.

 

Монголын маань хөдөөгийн үндсэн асуудал нь тархай бутархай байдал гэж оношилдог. 1930-аад онд хамтрал байгуулаад нурсан, 1950-аад оноос нэгдэлжих гээд барсангүй, 2000-аад оноос хоршоолох гээд бүтэлгүйхэн мунгинаж байгаа бид ичиж нэрэлхэлгүй, эргэлзэж тойролгүй киббуцийг хэд хэдээр нь орж үзмээр санагдсанаа нуух юун.

АЙН ЖАЛУТЫН  ЭРГЭЦҮҮЛЭЛ ХИЙГЭЭД ИРЭЭДҮЙН ХАМТРАЛ

Олон мянган Монгол эрс амь насаа алдсан Израйль Палестины зааг дээрх алдарт Айн Жалутын тулаан болсон газрыг зорин очлоо. Айн Жалут гэж хавар гэсэн үг агаад эндээс хэдхэн бээрийн цаанаас шинэ тив Африк эхэлдэг аж.

Ил хаант улсын Хүлэгү хааны жанжин Хэтбуха алсын энэ нутагт алдарт ялалтуудаа байгуулж явсан ч 1260 оны 9 сарын 3-ны дайнд холбоотон улсуудын урвалтаар томоохон алдаа гаргаж энд амь эрсэдсэн гэдэг. Тэрээр домог ихт Багдадын Халифт улсын эзлэн авч байсан эрэлхэг жанжин байлаа.

Монголын их хаан Мөнх нас барснаар Хүлэг хаан эргэн буцаж Арабын ертөнц Монголчуудын эзэрхийллээс аврагдсан гэдэг түүх ч бий. Эх нутгаасаа хол олон мянган Монгол эрс амиа алдаж ялагдал хүлээсэн уг газарт мэхийн ёслохуйд дэлхийг сэтгэлдээ багтаасан тэднийгээ хүндлэн бахархах сэтгэл эрхгүй төрөх.

Ийн түүхтэй бид өнөө цагт тэднээс суралцахаар чиг баримжаа ижил, үзэл санаа адил намын төлөөллийг зорин очлоо. Израйлын голлох 2 намаас Ликуд (Likud) нь баруун чигийн үзэл баримтлалтай (national liberal) агаад олон удаагийн сонгуульд ялж төрийн бага оролцоо, бага татвар, гадаадын их хөрөнгө оруулалт, иргэнд их боломж гэсэн бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна. Уг намын олон улс хариуцсан дарга Eli Vered Hazan, намын дарга Бенжамин Натаньяаху-ийн улс төрийн зөвлөх Майкл Клкейнер нартай ч мөн зорин уулзалдлаа. 2009-2021 оны хооронд Израйлын нэг хүнд ногдох ДНБ нь 23.000$-43.000$ болж огцом өссөн бөгөөд энэ үед Ликуд голлон засаглаж байжээ. Улс төрийн арвин туршлагатай, улсынхаа эдийн засгийг эрчимтэйгээр өсгөсөн чадамжтай энэ намын хөтөлбөр, хөгжлийн бодлого, сонгуулийн арга барилаас нь суралцах, хамтран боломж бүрдэж байна.

ЗАМЫН ЭРГЭЦҮҮЛЭЛ

Израйль улсын тухай, Израйлчуудын тухай өөр асар олон зүйлсийг өгүүлж болох ч энэ хүрээд үзсэн харсан, дуулсан тэмдэглэлээ жаргаая. Гял цал барилга байшин, брэнд хөөцөлдөөгүй спортлог иргэдтэй ийм нэгэн улс байна. Багахан нутаг, цөөнгүй хүнтэй ч хөдөөд ч, хотод ч аль алинд багтаж ядалцсан зүйл өчүүхэн ч алга. Алхахад тохиромжтой хотууд, таран байрласан кибуциуд хаа сайгүй.

350 сая хүнтэй таатай бус харилцаатай хөршүүдийн дунд байнгын цэрэгжилтэд амьдрах, 20.000 км2 буюу манайхаар гурван сумын нутаг дээр амьдрах 9 сая хүн ам. Хөрш орнууд нь энэ улсыг устгах гэж хэдэнтээ нийлж дайн хийсэн ч дайтах бүрд хоржоонтой нь Израйль нутгаа томсгож байж. 1967 оны Израйль Арабын 6 өдрийн дайнаар Сирээс Голаны өндөрлөгийг, Иорданаас Зүүн Иерусалим, баруун эрэг Сөнөсөн тэнгисийн хэсгийг, Египетээс Газын зурвас Синайн хойгийг булаан авч байж. Энэ дайнд Израйль нь Арабын 5 орны армаас 20 дахин бага цэргийн хохирол амсаж байсан нь асар их стратегич, дайнч гэдгийг харуулах мэт.

Тааламжтай бус гэмээр байрлалд, аюулгүй гэж болохооргүй цаг үед, мөргөлдөөний гэмээр халуун цэгт итгэл төгс амьдрагч энэ улс, үндэстнийг дэлхий нийтээр СТАРТ-АП ҮНДЭСТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ҮНДЭСТЭН гэж нэгэн дуугаар зөвшөөрөх болжээ. Тэд өөрийн бичиг, өөрийн хэл, өөрийн шашин, өөрийн соёл, өөрийн дангааршилтай. Бусдаас асар ялгаатай атлаа бусадтай асар ихээр даяаршиж чадсан нь амжилтын нууцуудынх нь нэг нь болов уу?  

Эцэст нь хэлэхэд өдгөөгийн хүчирхэг орнуудыг харахад:

✅ Америк ЭРХ ЧӨЛӨӨТ

✅ Япон ЗАРЧИМЧ

✅ Орос ЭХ ОРОНЧ

✅ Хятад ХӨДӨЛМӨРЧ

✅ Герман ИНЖЕНИРИНГ

✅ Швейцар ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ гэж хүн төрөлхтний оюун санаанд нэгэнт байршжээ. Тэдэн шиг Израйльчууд ИННОВАЦИ гэх онцгой онцлог багажаар хүн төрөлхтөнтэй өрсөлдөөнд орохоор шийдчихэж.  

Монголчууд бид ч түүхэн ард түмэн. Гэхдээ 21-р зууны хэмжүүрээр харвал Нобельтан, тэрбумтнаас эхлээд мундагчуулаар жишвэл тэд дээд лигд өрсөлдөж байна.

Тэднийг нэгтгэдэг зүйлүүдтэй учраас 2000 жилийн дараа итгэл найдвараа алдалгүй эргээд цуглаж нэгдэж байна. Харин биднээс 200-хан жилийн дотор салсан Ар, Өвөр, Буриад, Тува, Халимгууд улам алсран холдсоор. Хэл, бичиг, үнэт зүйлүүд маань адилсахаа больсон. Гэхдээ бид ч бас 300 жил бусдын эрхшээлд явснаа үндэсний эрх чөлөөгөө олж, Бүрэн Эрхэт НҮБ-ийн гишүүн болж яваа нь зол завшаан гэхээс зөв бодлогын үр буй за хэмээн сэтгэх.  

Тийм ээ, дэлхий даяар 10 сая Еврей байна, бас 10 сая Монгол байна. Монголчууд бидэнд биедээ тавих асуултууд байна. Энэ асуултад бид хариулахгүйгээр хөгжиж дэвших, өрсөлдөх боломжгүй.

Монголчууд бид хэн бэ? Бидний ялгарал юу байж болох вэ?