Индэр    
2018 оны 4 сарын 27
Зураг
Эдийн засагч, философийн докторант

Нийгмийн шинэчлэлийг хүсэгчдэд санал болгох 10 ном

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулав

Капитализмыг алгасч социализм. Социализмаас эргээд феодализм. Нийгмийн байдал ороо бусгаа. Монгол маягийн капитализм энэ үү. Одоо тэгвэл яах вэ. Эндээ ингээд суух уу, өөрчлөх үү эсвэл шинэчлэх үү?

Сайн сайхан нийгмийг мэдээж бүгд мөрөөднө. Мөрөөдөөд зогсохгүй хүсэх хэрэгтэй. Хүсэл харин мөрөөдлөөс ялгаатай. Байгаа бүх нөөцийг дайчлах, байхгүй нөөцийг олж авах, мөрөөдөл төсөөллөө үйлдлээрээ бодит байдал болгох тухай. Юуг хүсэх вэ гэдэг эхний асуулт. Хувь хүмүүсийн амьдралын туршлага хязгаартай тул баяжуулах, өргөжүүлэх сайн идейнүүд хэрэгтэй. Тиймээс унших номоо өндөр шалгуураар сонгох нь эхний алхам. Уншигч танд капитализмын шилдэг шүүмжүүдийг санал болгоё. Саруул ухаандаа тунгаана биз ээ.

№10.
 

Хорьдугаар дугаар тогтоол,  картын бараа, үнийн чөлөөлөлт үргэлжлээд хувьчлал, гаалийн татвар тэглэлт, дотоодын аж үйлдвэрийн устгалт, үүнээс үүдэн ажилгүйдэл, ганзагын наймаа, өвгөнтийн хөндий, траншейны хүүхдүүд. Өнөөдөр үргэлжлээд Өмнөд Солонгосын визний оочер. Сэтгэцийн эмчилгээний аргыг Монголд нийгэм эдийн засгийн бодлого болгон туршилт хийхийг хэн зөвшөөрөв. Яагаад зөвшөөрөв? (А.Баярцэцэг “Шок эмчилгээ: неолиберализм Монголд ирсэн нь”, 2015)

Өнөөдөр ч нийгмийг зогсоо зайгүй жижиг шокуудаар бөмбөгдөж хуйлруулах аргаар тогтоож байна. Тоос бужигнаан дунд амсхийж бодох чөлөө олдохгүй. Орчин үеийн технологийн боломжууд эффектийг улам ихэсгэнэ. Эхний ном канадын зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Клайны “Шок доктрин” (Naomi Klein "The Shock Doctrine")

№9.
 

Тархи угаалт, манипулацийн эсрэг мэдээж тэмцэх хэрэгтэй. Олон нийт өөрөө компаниудын хэрэглэгч эсвэл улс төрийн намуудын сонгогч төдийхөн биш, харин өөрсдийн эрх ашгаа хамгаалах бүрэн чадвартай идэвхитэй иргэд байх нь чухал.

Нийгмийн баялгийг улс төрөөр дамжуулж цөөн хэдхэн компанийн эзэд хүртдэг нийгэм эдийн засгийн тогтолцоо нь баян ядуугийн заагийг улам ихэсгэж, ардчиллыг хоосон тунхаглал болгож буй тухай, энэ байдлаас хэрхэн гарах талаар америкийн философич Ноам Чомскийн дүгнэн бичсэн “Хүмүүс биш ашиг чухал: неолиберализм ба дэлхийн дэг журам” (Noam Chomsky "Profit over People: Neoliberalism and Global Order")

№8.
 

Бүхнийг мөнгөөр хэмжих хандлага хэрэглэгчийн сэтгэлгээ, капиталист нийгмийн харилцаа бүхэлдээ хүмүүсийн хоорондын харилцааг хэрхэн утгыг нь алдагдуулж буй тухай германы марксист философич, нийгмийн критикч Эрих Фроммын "Хайрлах Урлаг" (Erich Fromm “The Art of Loving”). Майнд сангаас Монгол орчуулгын ажлыг зохион байгуулж, Монсудар хэвлэлийн газар 2015 онд хэвлэгдсэн. Тухайн онд хамгийн олон сар бестселлерийн жагсаалтыг тэргүүлсэн ном.

№7.
 

Улс төр эдийн засгийн цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн нийгмийн баялгийг сорох уран арга жинхэнэ инновацийн хэмжээнд очсон тухай Дэлхийн банкны ерөнхий эдийн засагчаар олон жил ажилласан Нобелийн шагналт эдийн засагч Жосэф Стиглиц  “Тэгш бус байдлын үнэ төлөөс" (Joseph Stiglitz “The Price of Inequality") номдоо бичжээ.

№6.
 

Антибиотик уусаар дасал болж сүүлдээ юунд ч дарагдахаа больсон өвчин шиг эдийн засаг дахин дахин хямарч байна. Үүний цаад шалтгааны талаар Нобелийн шагналт эдийн засагч Паул Кругман "Хямралын эдийн засаг эргэн ирсэн нь" номдоо бичжээ.(Paul Krugman “The Return of Depression Economics and the Crisis of 2008)

№5.
 

Тэгш бус байдал бол тохиолдлын зүйл огтхон ч биш, харин эсрэгээрээ капитализмын гол шинж. Тиймээс тэгш бус байдлыг гарцаагүй төрийн оролцоотойгоор л шийдвэрлэхээс өөр арга үгүй. Өөрөөр хэлбэл капитализмыг үндсээр нь нь реформ хийхгүй бол ардчилал аюулд орж байна хэмээн францын эдийн засагч Томас Пикетти "Капитал- 21р зуунд" (Thomas Piketty “Capital in the 21st Century” ) номдоо бичжээ.

№4.
 

Баячуудыг улам баяжууллаа гээд бидний амьдрал сайжрахгүй, бүх нийтийн боловсролын түвшин өндөр байлаа гээд улс орны эдийн засаг сайжрах албагүй, чөлөөт худалдааны бодлого ядуу орнуудыг улам ядууруулна гэх зэргээр түгээмэл төөрөгдлүүдийг илчилж бичсэнээрээ капитализмыг цоо шинээр харахад туслах ном.

Өнөөдрийн хөгжингүй орнууд анх аж үйлдвэржилтийг эхлүүлж байсан үед нөхцөл байдал тэс өөр байсан учраас тэдний туршлагыг өнөөдөр дуурайн давтах ямар ч боломжгүй, тэр ч бүү хэл сайн эдийн засгийн бодлогыг эдийн засагчид дангаараа боловсруулах боломжгүй хэмээн солонгосын эдийн засагч Кембрижийн университетийн профессор Ха Жуун Чанг "Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл"  (Ha Joon Chang “23 Things They don’t tell you about Capitalism) номдоо бичжээ. Монгол хэл дээр 2013 онд "Хөгжлийн хөтөч" клубээс орчуулан гаргаж байсан.

№3.
 

Зүүний улс төрийн хамгийн радикал бодогчдын нэг Алан Бадиугийн энэ номыг "ууртай догшин" гэх нь бий. Бадиу энэ номоороо этик гэдгийг хүчирхийлэл муу муухайг хязгаарлах, буруу тайлбаруудыг залруулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, шаардлагатай тохиолдолд энгийн иргэдийг хамгаалах зорилгоор цэрэг армийг оруулах гэх зэргээр ойлгож хэвшсэнийг эвдсэн. Этикийг ийнхүү сөргөөр тодорхойлох нь эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нийцдэг гээд этикийг зөвхөн муу муухайг хязгаарлах гэж ойлгох биш харин сайн сайханы төлөө хувь нэмэр оруулах гэж эерэгээр тодорхойлох нь зүйтэй гэжээ.

Хорвоо ертөнцийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч зохицож амьдрах биш харин эерэгээр өөрчлөхийн төлөө тэмцэх моралийн үндэслэлийг гаргаж ирсэнд энэ номын ач холбогдол оршино. Францын философич Алан Бадиу “Этик: Муу муухайг ойлгох нь” (Alan Badiou "Ethics: Understanding the Evil")

№2.
 

Жижекийг зүүний улс төрийн философийн од төдийгүй супер од гэдэг. Классик марксист философи болон капитализмын шүүмжлэлийн хослуулж бичсэн энэ бүтээлдээ өнөө үед системийг өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг асуултыг авч үзсэн.

Зүүний радикал үзэл сэргэхгүй л бол "Шинэ Дундаж зуун" гэж болохуйц шашин болон угсаатнуудын хагарал газар авах болно гэжээ.

Cлавой Жижэк: “Диваажин дахь асуудал: Түүхийн төгсгөлөөс Капитализмын төгсгөлруу” (Slavoj Zizek "Trouble in Paradise: From the End of History to the End of Capitalism")

№1.
 

Тэд Үйлдвэрлэлийн хэрэгсэл буюу Капиталыг анх хулгай дээрэм, залилангийн аргаар олж авах нь түгээмэл. Харин нэгэнт олж аваад эргэлтэнд оруулсан бол ажилчдын хөдөлмөрийн үр шимээр бий болсон баялгийг ганцаараа эзэмших эрхийг хуульчилан хамгаалсан бүхэл бүтэн эрх зүйн систем тэдэнд үйлчилж байдаг.

Маркс эдийн засаг гэдэг дан шинжлэх ухаан байх боломжгүй, зайлшгүй улс төртэй хамт явах ёстой, нэг зоосны хоёр тал гэжээ. Тиймээс эдийн засгийн асуудлыг дангаар нь шийдэх ямар ч боломжгүй, улс төртэй хослуулж шийднэ. Энэ утгаараа ч Марксыг зүүний улс төрийн эцэг гэдэг. Карл Маркс “Капитал. Улс төрийн эдийн засгийн шүүмж” (Karl Marx "Das Kapital. Kritik der politischen Ökonomie", 1867 он)

Тухайн үеийн оросын сэхээтнүүд капиталыг хэвлэгдсэн даруй орос хэлрүү хөрвүүлэх ажлыг эхлүүлж тавхан жилийн дараа хэвлэж гаргасан гэдэг. Оросуудаас бэлэглэсэн Марксаас татгалзаад гучаад жил болох нь. Онол гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй логик тайлбар тул амьдралаас хол биш харин ч ойр, амьдралыг нийгмийг ойлгоход тустай.

Өнөөдрийн капитализм 200 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдөж глобал санхүүгийн капитализм болсон. Улс орон бүр өөрийн нөхцөл онцлогт тохируулсны дээр глобалчлал, дижиталчлал, хиймэл оюун гээд технологийн хувьсал хувьсгалуудын эринтэй үе юу юугүй нүүр туллаа. Бидэнд харин мэдэхгүй ч юм алга, мэддэг ч юм алга. Тэр л хэвээрээ...

Яах хэрэгтэй вэ?