Чихэр амттай ч цаас нь муухай бол түүний худалдан авалт буурсаар л байх болов уу. Тэр чихрийн амтыг нь мэдэхгүй зөвхөн өнгөн талаас нь дүгнэх залуу үе түүнийг бүр ч идэхгүй, шохоорхохгүй.
Тэгвэл Монголчууд бидний дийлэнх нь шүтэн, хүндэтгэдэг Бурханы шашин буюу Буддизм олонд хүрэх арга барилаа өөрчлөхгүй аваас цаасан доторх чихэр амттай буюу агуулга нь агуу ч гадна төрх нь хуучин үхмэл хэвээр байваас сонирхол татах сэдэл улам бүр буурсаар байх.
Харин сүүлийн үед Жавзандамба Хутагт Төв бурханы шашны ойлголтыг түгээн дэлгэрүүлэх гэхээсээ танин мэдүүлэх, мэдлэг олгох анхан шатны сургалтаас эхлэн гүнзгий шатны хичээлүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэж буй нь анхаарал татсаар байна. Ингэхдээ бүр айхтар бясалгаж, гүнзгийрэхээсээ илүү эгэл бидэнд ойлгомжтой байх талд анхаарч инээлгэн баясгаж, сэтгэлийн тайвшралыг өгч буй энэ сургалтын төвийн багш Д.Нямсамбууг бид "Өглөөний хүн" буландаа урилаа.
Гавж хэмээх бурханы шашны эрдмийн хамгийн "том" цолыг 29 насандаа барьсан Д.Нямсамбуу багш 10 жил Хойд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурч байсан юм.
Энэ яриа бурханы шашинг түгээж сурталчлах гэхээсээ танд танин мэдүүлэх сэдлийг өгөх зорилго нь илүү бөгөөд шашны гүн гүнзгий сэдвийн тухай, орчин цагийн олон эргэлзээний тухай цаг хугацаанд баригдан "илээд" л өнгөрөх төдий.
Гагц бурханы шашин, бусад шашны талаарх орчин үеийн залуусын нийтлэг мэдлэгт жаахан ч атугай танин мэдэх сэдэл өгөх зорилго оршмой.
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
/Видео 1: Сэдэл засах уншлагаар яриагаа эхлүүллээ/
- Сүүлийн үед олон улсад шашнаас үүдсэн сөргөлдөөн, мөргөлдөөн их болж байна. Энэ үед шашин ер нь бидний амьдралд хэрэгтэй юу гэдэг асуудал улам бүр урган гарч байх шиг байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
- Энэ үзэгдэл зөвхөн сүүлийн үед гарч буй биш, бүх цаг үеийн урхаг асуудал юм. Яг өөртэй чинь ижил бодол надад төрдөг. Шашин бидэнд өгсөн нь их юм уу, авсан нь их юм уу. Сайн нь их юм уу, муу нь их юм уу.
Жишээ нь, католик, протестант хоёрын зуун дамнасан дайн болж байсан. Хэдэн сая хүнийг хамгийн харгис, хэрцгийгээр буюу хүүхэд, эмэгтэй, жирэмсэн гэлтгүй хядаж байсан дэлхийн түүхэн дэх хамгийн харгис дайны нэг. Энэ бол нэг шашны сект хоорондын дайн. Мөн хэдэн зуун дамнасан загалмайтны ариун дайн, шийт сунитүүдийн дайн, хинду исламын дайн, жүүд ислам гээд хөвөрч өгнө. Тэгэхээр энэ бол бодууштай сэдэв.
Гэхдээ эдгээр болгоны цаад шалтгаан нь юу вэ гэж бодох нь зөв.
- Цаад шалтгаан гэдэг нь та тухайн шашных нь онолыг хэлж байна уу?
- Шашин болгоны эерэг тал нь шүтэн бишрэгч нартаа ёс суртахууныг, зөв сайн байхыг, эрхэмлэлийн эрэмбийг өгдөг.
Энэ нь өнгө мөнгө, нэр алдар ч юм уу, бидний шунан дурлах аз жаргалаас илүү ёс суртахуун ч юм уу бусад үнэт зүйлс байдаг, зөв хуурмаггүй явах нь өөрт ашигтай гэж итгүүлдэг гэсэн үг. Тэгэхээр зөв бурууг зохицуулан шүүгч механизм хэрэгтэй, Монотеист шашнууд, жишээ нь ислам, христын шашинд Эзэн зохицуулна гэж үздэг.
Нэгэнт үнэн зөвийн туйл нь, Үнэн өөрөө Эзэн Бурхан юм гэж үзэж буй тул, үнэн зөв байх ёстой гэсэн итгэл үнэмшлийг өөрийн шашны буюу тухайн Тэнгэр, Бурхандаа итгэх үнэмшлээс ялгаж салгахаа байчих тохиолдол элбэг.
Магадгүй өөрт нь төрөх зөв байх эрмэлзэл шашных нь итгэл үнэмшилтэй холбоотойгоор төрдөг байж болох ч, үнэн зөвд итгэх үнэмшил заавал Эзэн Бурханыг хүлээн зөвшөөрч байж төрөх албагүй гэж хардаггүй.
Шашин гэдэг магадгүй өөрийгөө бусдаас дээгүүр тавих, бусдыг ялгаварлан гадуурхах нэг зэмсэг болсон юм шиг харагдаад байна
Тэгэхээр манай Эзэнд л итгэхгүй бол ер дориун хүн байх боломжгүй, уулаасаа дориун сайн хүнийг эзэн хэрхэн хөсөр хаях билээ, гэтэл эзэн зөвхөн өөрт итгэсэн хүнийг л аварна гэж сэтгэх жишээтэй.
Шашин нь ёс суртахууныг тайлбарлаж байгаа, ёс суртахууныг суулгаж байгаа ч гэсэн ёс суртахууныг хэтэрхий нэг шашнаас хамааралтай тайлбарлаад байгаа нь зөрчил үүсгээд байдаг.
“Аллах тэнгэрт ариун итгэлт хүний хувьд би хэлэхэд” гэж “1001 шөнийн үлгэр”-т гардаг. Энэ юу гэсэн санаа вэ гэхээр миний хэлж байгаа үнээн, яагаад гэвэл би Аллах тэнгэрт ариун итгэлтэй хүн гэж байна. Нөгөө талаас юу гэсэн үг вэ гэхээр Аллах тэнгэрт итгэдэггүй хүмүүс худлаа хэлдэг шүү гэсэн үг. Аллах тэнгэрт итгэдэггүй хүмүүс бол муу хүмүүс гэсэн үг. Тэгэхээр зөв сайн, ариун, ёс суртахуун гэдгийг ганц өөрийнхөө шашинтай хүлчихээр түүний гадна байгаа хүмүүс аврагдахгүй, ерөөгдөхгүй харин хараагдах ч юм уу муу муухайгийн туйл, сатаан болчихдог.
Үүнээс үзвэл шашин гэдэг магадгүй зөв сайныг номлох, өгөх ёстой атал харин эсрэгээрээ өөрийгөө бусдаас дээгүүр тавих, бусдыг ялгаварлан гадуурхах нэг зэмсэг болсон юм шиг харагдаад байна.
- Тэгвэл бурханы шашин?
- Үзэл суртлын жилүүдэд Бурханы шашин өөрт итгээгүй болгоныг л буруу номтон гэж цоллон, алдаг, хяддаг юм шиг гаргаад байсан. Гэтэл, жишээлбэл, XX зууны эхэн үед Хүрээнд христийн шашны номлогч нар ирсэн байдаг. Энэ үед буддистууд ямар ч таагүй хандлага гаргаж байсангүй.
Лхаст христийн номлогч нар очиж л байсан ямар ч сөрөг хандлага гарч ирээгүй. Тэр ч битгий хэл буддын гүн ухааны “Дашчойнбэл” сургуулийн Додла Балдан гэдэг эрдэмтэн өөрөө буддын үзлээсээ татгалзаж байж. Тэр хүнд ямар ч арга хэмжээ аваагүй, түүнийг үзэн ядаагүй. Энэ бол тэр хүний сонголт л гэж харж байсан. Гучаад онд, тэр их шашинлаг байх үед гэм зэмгүй хорь шахуу мянган ламыг нь алахад Буддын институци нь Ариун дайнд турхираагүй юм шүү дээ.
Үзэл суртлын бүтээлд элдвээр дүрсэлсэн нь бий. Гэхдээ бодит үнэн үүнээс хол зөрдөг юм. Жараад онд Өмнөд Вьетнамд Католик шашинтнууд Буддистуудыг хавчин гадуурхах үед ямар хариу үйлдэл хийлээ, бид мэднэ.
Буддизм өөрөө л харгислалд өртөж, өөрөө хүлцэнгүй байж, өөрөө арчигдаж байсан түүх байгаа болохоос биш өөрсдөө зэвсэг барин босч сөрж байсан түүх маш ховор.
Буддизмд өөрсдөө зэвсэг барин босч сөрж байсан түүх маш ховор
Ер нь Буддизм оршин тогтносон хугацаа, итгэл үнэмшиж байсан хүмүүсийнхээ тоогоор бараг нэгд бичигдэх шашин боловч түүнээс шалтаглаж дайн тулаан болсон тохиолдол бусад шашинтай зүйрлэх аргагүй цөөн.
Зүйрлэх юм бол аль нэг аймагт гэмт хэргийн тохиолдол бусад аймгаас хэдэн мянга дахин цөөн бол Яагаад гэсэн асуулт тавигдах л ёстой биздээ?
Буддизмд бурханы шашинд заавал итгэж байж тэр хүн сайн болно гэж номлодоггүй. Тэр ч битгий хэл Бясалгалын нэлээн өндөр түвшинд хүрчихсэн Буддын шашинтан бус хүмүүс бийг Буддын номонд хүлээн зөвшөөрдөг.
- Та буддын шашны төлөөллийн хувьд тэгвэл бусдын шашны онолыг үгүйсгэх нь зохистой юу?
- Энд хоёр өөр зүйл байж болно.
Хэн нэгнийг, өөр итгэл үнэмшилтэйгээр нь ялгаварлан гадуурхах, дорд үзэх, шууд нүгэлтэн гэх зэргээр буруушаах нь мэдээж байшгүй зүйл. Харин онолын төвшинд тухайн үзэл баримтлал нь зөв үү, буруу юу гэдгээр мэтгэлцэх, няцаах бол нээлттэй.
Буддизмыг сонгохдоо ч “Угаасаа л зөв, үүнд итгэхгүй бол мөнхийн тамд унана“ гэсэн айдсаар биш, шалгах, эргэцүүлэн тунгаах байдлаар итгэл үнэмшил төрөх ёстой.
Хэрвээ няцаагдвал би Буддизмтай зууралдах албагүй. Төв үзлийн гайхамшигт эрдэмтэн Чандракирди бээр “Хүн өөрийнхөө үзэлд хэр их шунахын хэрээр бусдын үзэлд дургүйцэл, үзэн ядалт гарч ирнэ” гэсэн байдаг.
Тэгэхээр хүн өөрийнхөө үзэлдээ шунах ёсгүй гэж Буддизм үздэг. Буддизмд хүртэл шунах ёсгүй.
Хүн өөрийнхөө үзэлдээ шунах ёсгүй гэж Буддизм үздэг. Буддизмд хүртэл шунах ёсгүй
- Ер нь буддизмд дотоод зөрчил хэр их байдаг вэ. Бас экстремизм байдаг уу?
- Буддаг таалал төгсөөд удаагүй байхаас Буддизм дотроо хуваагдаж гэх үү, ялгаатай урсгалууд үүсч эхэлсэн.
Хамгийн сонирхолтой нь Будда өөрөө үүнийг байх ёстой, ийм зүйл гарах болно гэж анхнаасаа үзэж байж. Нэг ёсны энэ бол олон ургалч үзэл, уулаасаа Догма биш болохоор олон янзын тайлбар, арга замууд гарах л ёстой юм шиг байгаа юм.
Буддын судруудад бол үүнийг “Хүн олон янз тул, хүний сэтгэлийн байдал нь олон янз тул гэгээрэх зам мөн адилгүй, олон байна” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр Буддизм үүссэнээс өдийг хүртэл Буддын олон онол урсгалууд зэрэгцэн оршиж, хоорондоо мэтгэлцэж, үнэнийг хайж л ирсэн. Түүнээс үзэл суртлын бүтээлд дүрсэлдэг шиг аймаар тэмцэл байгаагүй, жишээлбэл би цэвэр Гэлүгба урсгалын хүн гэхэд манай сургалтын хөтөлбөрт Гаржүдба урсгалыг үндэслэгч Мила Богдын бүтээлүүд, бясалгалууд, түүний намтар маш том байр суурь эзэлнэ.
Сажа Бандидын бүтээл, намтар, Нинмавийн урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунай мөн ижил. Гэхдээ мэдээж шашинтан боллоо гээд шууд ариусчихгүй, шунал, уурын эрч амар харихгүй учир, түүхэндээ туйлшрах үзэл огт гараагүй гэж хэлж болохгүй.
Өнөөдрийн жишээн дээр гэхэд , мундаг баяжуулдаг, хамаг хэрэг бүтээдэг сахиус байдаг, тэрийг л шүтэхгүй бол болохгүй гээд, гэтэл тэр сахиусных нь тухай Буддагийн Ганжуурт, түүний тайлбар Данжуурт, за шарын шашныг үндэслэгч Богд Зонховын зохиолуудад нэг ч үг байхгүй, уулаасаа ч байх үндэсгүй 16, 17-р зуунд яригдах болсон сахиус.
- Та Шүгдэнгийн тухай хэлж байна уу?
- Тийм.
- Буддын шашин Монголд яг ямар үе дээрээ явж байна вэ. Оргил үе нь хэзээ байсан бэ?
- Монголд буддизм гурвантаа дэлгэрсэн гэдэг. Тэр бол гарцаагүй. Саяхан сэргээн босгосон Хэрлэн Барсын суварга бол Киданы үеийн Буддын суварга.
Маш тодорхой, хатуу олдвороор батлагддаг зүйл бол бидний бодсоноос хавьгүй дээр үед Монголд буддизм байжээ. Монголд Буддизмийг Манжууд оруулж ирээгүй юм. Тэр эрт үеэ байг гэхэд, Хархорины малтлагаар Их Монгол Улсын хамгийн том хаадууд Буддизмийг төрийн шашин болгож байсан нь тодорхой болж байна. Энэ бол миний үг биш, уг малтлагыг хийсэн эрдэмтдийн дүгнэлт. Тэгэхээр Монгол хамгийн их хүчтэй байх тэр үедээ л буддизмийг аль хэдийнэ авчихсан байж. Хубилай хааны төрсөн охин нь сахил авч эмэгтэй хувраг болсон байдаг.
Их Монгол Улсын хамгийн том хаадууд Буддизмийг төрийн шашин болгож байсан нь тодорхой болж байна
- Одоог ямар үе гэж үзэх үү?
- Одоо зайлуул эрэмдэг, зэрэмдэг болчихсон амьтан сэргэх гээд л оролдож байна даа.
- Бурхан багшийн ганц номыг уншиж үзээгүй атлаа цагаан сараар бараг айл бүхэн мөнгө төлж ном уншуулдаг. Энэ зөв үү, буруу юу. Бид ингээд л яваад байх нь зөвүү?
- Больсон нь дээр гэж би үзэхгүй. Оргүй дор бол тэр нь дээр. Гэхдээ энэ бол хамгийн муу хувилбар. Монголчууд номоос адис авах их дуртай. Яахав, ном, мэдлэгийг эрхэмлэх, үнэлэх сэтгэлийг бидэнд суулгаж өгч буй юм. Гэхдээ, номын туйлын зорилго бол адис өгөөд л дуусах биш.
Уг нь яах ёстой вэ. Номоо хүндэтгээд дараа нь задалж унших ёстой. Задалж уншаад ойлгох ёстой. Ойлгоод дуусах төдий биш тэрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр бид хамгийн анхны дасгал дээрээ зогсчихсон байна гэсэн үг.
Буддизмын туйлын зорилго нь хүн өөрөө муу муухайтайгаа тэмцэх, өөрөө илүү зөв сайн болоход оршдог. Тэгэхээр ийм болохын тулд зөвхөн ном уншуулаад өнгөрөх нь хангалтгүй. Гэхдээ оргүй байснаас дээр байх гэж би шашинтан хүний хувьд үзнэ.
Яагаад гэхээр номыг бусдаар уншуулахад хүртэл буян хураана гэж үздэг. Гэхдээ хүн өөрөө тэр номыг уншиж ойлгож, хэрэгжүүлэхийн саяны нэг хувьд ч хүрэхгүй л дээ.
- Монголчууд ном уншуулчихаад энэ жилийн буян заяагаа даатгалаа гэцгээдэг. Үнэхээр даатгалын компаниас илүү бидний буян заяа даатгагдаж байдаг уу?
- Буян заяа даатгана гэдэг үгийг ч би ойлгохгүй байна.
- Муу зүйл учрахгүй боллоо л гэдэг шүү дээ.
- Бурханы номонд ингэсэн байдаг даа. Хүний хийж байгаа үйлийг хоёр, за гурав ангилж үздэг. Муу ба сайн, саармаг гэж. Муу нь муу үр дагавартай. Сайн нь сайн үр дагавартай. Хийж байгаа үйлдлийг биеэр үйлдэх, сэтгэлээр үйлдэх, хэлээр үйлдэх гэж гурав ангилдаг. Ном уншуулна гэдэг хэлээр үйлдэх буян болно. Өөрөө унших, бусдаар уншуулах ч буян л гэж үздэг.
Яагаад гэхээр бид бусдаар хийлгүүлсэн нүглийг ч өөрийн нүгэлд тооцдог. Тэгэхээр өөрөө болон бусдаар уншуулж буй ном нь хэлээр үйлдэж буй буян болно. Гэхдээ дахиад хэлэхэд сэтгэлд нөлөөлөх нь хэр вэ гэвэл бага. Зүйрлэх юм бол хол газар түүдэг гал асаахтай адил. Дулаан ирж байгаа юу ирж байгаа. Гэхдээ хангалттай биш.
Ном уншуулаад сэтгэлд нөлөөлөх нь хэр вэ гэвэл бага. Зүйрлэх юм бол хол газар түүдэг гал асаахтай адил
- Таны өмнөх лекцүүдийг сонсож байхад таны хувьд далд ухамсар буюу далд ертөнцийг үгүйсгэдэг юм билээ. Саяны таны хэлж буйгаар ном уншуулах нь ямар нэгэн байдлаар бидэнд адис ирдэг аж. Тэгэхээр ном уншуулахаар энерги ялгардаг гэсэн үг үү?
- Үйлийн үр буюу бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлдэл болгоноос үр дагавар гардаг гэж үздэг. Хүн хэрхэн гэгээрэх талаар, яаж ариун байх талаар гарч буй Бурханы сургаалийг хүн амандаа хэлэхэд хүртэл зөв үйлдэл болчихож байна гэсэн үг. Ухаандаа хараал муу үг амнаасаа урсгахыг хэн ч сайнд тооцохгүй мэт.
Ном уншуулах нь буддизмаас гажсан зүйл гэж зарим хүн тайлбарлаад байдаг. Лам хүн айлд очоод эсвэл хийдэд ном унших нь уншуулсан хүнд эерэгээр нөлөөлнө гэж дэлхийн бүх буддизм үздэг. Шри -Ланкт ч байгаа, Тайваньд ч байгаа, Японд ч тэгж үздэг.
Эсвэл хүмүүс буддизмийг буруу тайлбарлаад байна уу гэхээр Бурхан Буддагийн өөрийнх нь сургаальд “Энэ номыг уншваас, отсон могой хүртэл хорлох сэтгэлийг умартан амаа хаах болно” гэж хэлсэн байдаг. Тэр номыг нэг удаа ч атугай уншуулчих гээд л байгаа хэрэг, агуулга нь юу вэ гэвэл энэрлийн тухай ном л доо. Тэгэхээр тэрийг ойлгож мэдээд хэрэгжүүлж чадвал хорлол хөнөөлийг хариулж чадна гэж үздэг. Унших, уншуулах нь эхний алхам.
Буддын ном, судрыг орчуулахтай зэрэг л хүн болгон түүнийг ойлгодог болчихгүй
- Гандан хийдэд уншиж буй энэ төвөд ном судруудыг Монгол хэлнээ буулгаад уншлаа гэхэд бид ойлгож ухамсарлах хэмжээнд байх болов уу?
- Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүд уншлага ном, зан үйлээ монгол хэл дээр хийх нь зөв гэж би хувьдаа боддог. Энэ чиглэл рүү угаасаа ч явж байгаа.
Гэхдээ Буддын ном, судрыг орчуулахтай зэрэг л хүн болгон түүнийг ойлгодог болчихгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд Лениний ботиуд гээд байдаг биз дээ. Хэн болгон уншаад түүнийг хялбар ойлгох боломжгүй байдаг. Эсвэл эмчийн нарийн мэргэжлийн номуудыг уншаад бид ойлгох уу. Тэгэхээр алив гүнзгийрч нарийссан ойлголтыг орчуулах төдийд хэн хүнгүй ойлгоод явчихгүй. Заавал тайлбартай, үе шаттай, алгуур хөгжиж байж түүнийг ойлгоно.
Гэхдээ ном дотор олон янз. Энгийн хүмүүст зориулж хялбаршуулж, хүмүүсийн зан үйлд нийцүүлсэн номууд гэж бий.
Одоо магадгүй хоцрогдсонд тооцогдоод байгаа шашны зан үйлүүд буюу гүрэм дором, ном уншуулах зэрэг нь Буддын эрхэм сургаалийг хүмүүст хүргэх арга л юм.
Чихэр өөрөө их амттай ч цаас нь бас гоё байх ёстой шиг л. Гэхдээ энэ цаас нь байнга солигдож тухайн цаг үеийнхний сонирхлыг татаж байх хэрэгтэй.
Жишээ нь, лам нар айлд очоод ном уншихдаа маш гүн гүнзгий бясалгал хийгээд суухаар нөгөө уншуулж байгаа хүмүүс тоохгүй байж магадгүй. Тэгтэл ус цацаад, цан дэлдээд л , утаа униар тавиад л дөвчигнөж өгөх юм бол хүмүүс ёстой мундаг лам байна гэж хүлээж авдаг. Тэгэхээр бидний олонхийн шашнаас хүлээх хүлээлт ийм л байдаг байна. Гээд, хүмүүсийн хүлээлтийг 100 хувь дагаж болохгүй. Учир нь агуулгаа алдчихдаг. Нөгөө талд, хүлээлтийг, орчноо огт тоомсорлохгүй орхиж бас болохгүй.
- Бурханы шашны гол номлол болох үйлийн үр, ямар нэгэн зүйл заавал өөрийн учир шалтгаантай байдгийг жишээ нь зэн буддизм үгүйсгэдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ урсгал Хятад, Японоос гарч сүүлийн үед баруунд ч их тархах боллоо. Үйлийн үрийн зөрчлийн тухай та тайлбарлаж өгөхгүй юу?
- Дэлхийн буддизмийн түүхэнд Самяагийн мэтгэлцээн гээд алдартай мэтгэлцээн VIII зуунд болсон юм. Хятадын Чан буддизм, Хойд Энэтхэгийн Наландрын Буддизм хоёрын төлөөлөл, энэ хоёр урсгалын нөлөөллийн дундын бүс болох Төвөдөд мундаг мэтгэлцээн хийсэн байдаг.
Тэр мэтгэлцээн их сонирхолтой. Эх сурвалжууд жаахан зөрүүтэй байдаг. Гэхдээ гэрчийн хувиар оролцож байсан Төвөдийн хаадууд, мэргэдүүд хойд Энэтхэгийн буддизмийг яллаа гэж үзсэн байдаг.
Тэгэхээр өнөөдөр бол дэлхийн буддизм аль болох ойлгох нэгдэх талруугаа явж байгаа болохоор шүүмжийг урдаа барихыг азнаад байна. Гэхдээ онолын бол гарцаагүй ялгаанууд бий. Тэдгээр ялгаанууд дотор Наландрын сургууль Чан буддизмийг буруутгадаг шалтгаан нь “Та нар өдөр тутмын ёс суртахууныг хэтэрхий дор үзэж байна” гэдэг. Гэхдээ энэхэн үгээр тайлбарлагдахгүй. Онолын түвшиндээ их сонирхолтой суурь ялгаанууд гарч ирнэ.
- Буддын одоо хэчнээн урсгал байна вэ?
- Яаж хуваахаасаа хамаараад өөр, өөр. Шашин судлалын эрдэмтэд түлхүү хэрэглэдэг зүйчлэл нь бол газар зүйгээр нь гурав хуваадаг. Өмнөд Азийн буддизм, Хойд Энэтхэгийн уламжлалт буддизм, Зүүн Азийн уламжлалт буддизм гэж гурав хуваадаг.
- Монголын тухайд Хойд Энэтхэгт багтдаг?
- Тийм.
Лам болохдоо би дургүй байсан
- Таны хувьд Хойд Энэтхэгийн буддизмийн гол сургууль Брайбүн хийдэд 10 жил шавилж сурсан юм билээ. Яагаад буддын шашнаар суралцахаар шийдэв?
- Өөрөө гэхээсээ өвөөгийн хүүхэд байсан учраас энэ сонголтыг хийсэн. Лам болохдоо би дургүй байсан. Энэ шашин юу гэж худлаа ярьж миний толгойг эргүүлэх болоо гэсэн хардалттай буддизмийг үзэж байлаа. Гэтэл яг агуулга руу нь ороод ирэхээр гайхширмаар, миний 15, 16 нас хүртэлх зурагт, уран зохиолоос авч байсан буддизмийн талаарх ойлголтоос шал өөр байсан.
Тиймээс ч сонирхсон.
- Дараа нь итгэсэн үү?
- Буддын шашинд итгэл үнэмшил хоёр янзаар төрнө гэдэг. Нэг нь нэлээн мухар талдаа. Өөрөөр хэлбэл, бурханы шашин ямар сайхан юм бэ, гэгээрэх гэдэг чинь ямар сайхан бэ гэж сургаар итгэх явдал. Хоёр дахь нь, тэр гэгээрэх гэдэг чинь чухам юу юм, хүн гэгээрэх боломж байгаа юу, бидний сэтгэлд байгаа муу бүхнээс яаж ангижрах вэ гэж онолын түвшинд судалдаг, хайдаг. Өөрийнхөө сэтгэл дээр тодорхой туршилтуудыг хийж, мэдэрсэн цагтаа энэ үнэн юм гэж итгэдэг.
Сүүлийнхийг дийлэнх нь их сайшаасан байдаг.
Миний хувьд судлаад, мэдээд, баталж нотлоод итгэлээ гэж хэлж чадахгүй. Тодорхой хэмжээнд мухар сүсгийн талын зүйл бий л байх. Гэхдээ би одоо 40 хүрэх гэж байна, 10 жилийн өмнөх үеийнхээсээ итгэл үнэмшил маань хавьгүй илүү л болоод байна. Нөгөө үнэнд гүйцэгдэнэ гэдэг шиг, Буддизмын гол санаанууд орой руу ороод л байна.
- Олон нийтийн шүүмжлэлтэй ханддаг зүйлийн нэг бол лам хуварга хүмүүсийн өөрсдийнх нь зан байдал, аж төрж буй хэв маяг. Хэт материаллаг лам нарын жишээ олон. Лам гэдэг чинь зүгээр л мэргэжил юм уу. Эсвэл өөрөө тодорхой хэмжээнд гэгээрэлд хүрчихээд лам гэдэг нэр зүүх ёстой юу?
- Гэгээрэл гэдэг бол мэдлэг, ёс суртахууны өндөр түвшинд очиж буй хэрэг, за Бурханы сургаалиар.
Тиймээс, лам болоод л, эсвэл шар дээл өмсөөд л гэгээрчихнэ гэж байхгүй. Гэгээрэл гэдэг маш махрал зүтгэлийн үр дүнд гарч ирдэг гэж дээр хэлсэн. Гэхдээ лам болно гэдэг энгийн хүнээс ямартай ч ёс суртахууны хувьд илүү хариуцлагатай, тэр нь буддын эрдэм мэдлэгт суурилж гарч ирэх ёстой. Тэгэхээр үнэхээр Монголын лам нар, мэдээж би ч тэр, яг хуварга байж чадаж байгаа юу гэвэл дийлэнх нь үгүй.
Гэхдээ нэг сайн зүйл нь үнэхээр сахил санваарыг сахисан залуу лам нар гарч ирж байна. Сахил санваарийг ариун сахисан хувраг хүн гэдэг энэ шашны суурь нь юм.
Буддын номонд ганц үйлийн үрийг горьдсондоо л сайныг бүтээх, саарыг жигших албатай биш
- Гэгээрэл гэдэг зүйл хүнд ирдэг юм уу. Хүн өөрөө хайж олдог юм уу?
- Бурханы шашинд хүн болгон гэгээрлийг олох боломжтой гэж үздэг. Гэхдээ зөвхөн энэ насандаа олох боломжтой биш. Хэзээ нэгэн цагт гэгээрэх боломжтой.
- Хойд насны тухай та ярьж байна уу?
- Тийм. Буддын шашин хойд нас байна гэж үзнэ. Гэхдээ нэг сонирхолтой нь, XX зуунд үүссэн Энэтхэгийн доктор Амбиткарын урсгал гэж байдаг. Тэд хойд, урьд насыг ярихаа больё. Зөвхөн энэ насны хүрээнд ч гэсэн, Буддизмын онол, итгэл үнэмшил, ёс суртахууны систем батлагдаж болж байна гэсэн номлолтой.
- Хэрвээ хойд насыг үгүйсгэж байгаа бол үйлийн үр ч мөн үгүйсгэгдэх үү?
- Тэд энэ насанд л үйлийн үр байдаг гэлцэнэ. Гэтэл уламжлалт үзэлд үйлийн үр байгаа л бол хойд, урьд нас байж байж л шийдэгдэнэ гэж үздэг. Гэхдээ Буддын номонд ганц үйлийн үрийг горьдсондоо л сайныг бүтээх, саарыг жигших албатай биш л дээ.
- Миний хувьд шашны гол агуулга бүхий сургааль номыг нь судалж, түүнийг амьдралдаа мөрдөхөд хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн дунд энэ шашны нэр хүндийг унагааж байгаа зүйл бол засал ном хийж, хүний хувь заяаг өөрчилдөг зэргийг амладаг, ерөөдөг, хараадаг зан үйл байсаар байна. Буддын шашинд жишээ нь энэ үзэгдэл байх нь зөв үү?
- Хуваргууд өөр ертөнцтэй харилцах, мэргэлэх ямар ч үүрэг чиглэл байхгүй. Лам гэхээр л мэргэлдэг чиг үүрэгтэй юм шиг хараад байна. Лам хуваргуудад тийм үүрэг чиглэл огт байхгүй. За хараах тухай бол Бурхан багшийн сургаалиас чанх эсрэг зүйл.
- Ер нь далд ертөнцтэй харилцаад байгаа энэ зан үйл ер нь байж болох уу. Бурхан болоочийн хүслийг дамжуулдаг, түүний алтан хайрцгийг нээдэг зэрэг зан үйл манайд их түгээмэл шүү дээ.
- Намайг Энэтхэгийн Бэрээвэн хийдэд сурч байхад тэнд 5,000 орчим лам байсан. Намайг сурч байхад мэргэ төлөг хийдэг нэг, хоёрхон лам байсан. Тэр нь Лхамын бүтээл хийчихсэн хүмүүс байдаг байсан. Гэхдээ энэ бол буддизмын цөм биш. Буддизм соёл, урлаг, гүн ухаан, итгэл үнэмшил гээд олон зүйлийн нэгдэл. Тэрэн дотор мэргэлэх зан үйл байдаг л байх. Гэхдээ энэ гол агуулга биш.
Гэгээрэл гэдэг чинь мэдлэгээс гарч ирж байгаа гэгээ юм
- Гэхдээ хүн гэгээрэлд хүрэхээр өөр мэдэрхүйтэй болох нь байж болох зүйл үү. Үүнийг буддын ухаанд юу гэж үздэг вэ?
- Тэр бол байж болно. Анхаарал төвлөрлийн дасгал буюу нэгдүгээр даяан, хоёрдугаар самади бясалгалд хүрэх үед тэр төвлөрлийг ашиглаж байгаад өчүүхэн шамдаад тусгай арга бясалгал хийх юм бол эхний таван илт мэдэлд хүрнэ гэж үздэг. Энэ бол маш холын дуу дүрсийг хүлээж авах, цаг хугацааны хувьд өнгөрснийг мэдэх, бусдын сэтгэл санааг хүлээж авах чадвар төрнө гэж буддизм үздэг л дээ. Гэхдээ энэ бол одоогийн мэргэ, төлөг хийж байгаа зүйлээс өөр, төвлөрлийн бясалгалын үр дүнд хэнд ч гэсэн төрөх боломжтой оюуны нөөц боломж.
- Энэ шинжлэх ухаанаар батлагдсан уу?
- Үгүй байх.
Нэгдүгээр даяан, хоёрдугаар самади бясалгалд хүрэх нь өөрөө тийм амар биш. Бидний энэ ил ажилладаг шунал бүтэн унтарсан байх ёстой. Нэр алдар, өнгө, мөнгөний шунал бүтэн унтарсан байх ёстой. Тийм бясалгал хийхийн тулд сонирхогчийн түвшинд бус бүх зүйлээ зориулах хэрэгтэй л дээ.
- Та буддын шашныг түгээхийн тулд оюутнуудад хичээл заахын хажуугаар сонирхогчдад зориулж цуврал лекц уншдаг юм билээ. Энэ хичээлийнхээ тухай танилцуулахгүй юу?
- Есдүгээр сарын 12-ноос манай шинэ курс эхэлсэн. Буддын шашны талаарх анхан шатны мэдлэг өгөх 20 цуврал лекц нь Даваа, Лхагва, Баасан гарагуудад, дунд шатны 16-н лекц нь Мягмар, Пүрэвт 18.45 цагаас эхэлдэг. Энэ долоо хоногоос бусад сургалтууд мөн эхэлж байна.
- Энэ лекцээс iKon.mn сайт хоёрыг нь шууд дамжуулсан. Уншигчид маш их сонирхож бас сайшаалтай хүлээж авсан. Сонсож амжаагүй хүмүүст зориулаад та Буддистууд юунд итгэдэг вэ гэдэгт хариулахгүй юу?
- Товчдоо, маш сайн хүн байдаг гэж итгэдэг. Гэхдээ тэд төрмөл бус, мэдлэгийн хүчээр ариун сэтгэлт нэгэн алгуур болсон, болдог гэж итгэдэг. Хүн муу болж болдог шиг л юм.
Бүх оршихуй бусдаас хамаарч, бусдад шүтэж оршино
- Мөн Буддын шашны суурь онол гэгдэх Шүтэн Барилдлагын тухай танин мэдэхүй товч тайлбар хийхгүй юу?
- Оршихуй бол хэн нэгэн далдын ганц хүчний бүтээл биш, өөр өөрийн шалтгаан нөхцлийн эхлэлгүй хэлхээний үргэлжлэлүүдийн олонлог бөгөөд, бодит юм бүхэнд гарцаагүй шалтгаан, нөхцөл, үр дагавар байх ёстой. Бүх оршихуй бусдаас хамаарч, бусдад шүтэж оршино.
- Энэ хичээлийг сонсохгүйгээр, эсвэл ном судар судлахгүйгээр хүн өөрийнхөө дотроос гэгээрлийг олох боломжтой юу?
/Видео 2: Гэгээрэлд хүрэх 6 зам/
- Зүгээр байж байгаад хүн гэгээрнэ гэж байхгүй. Хүн өөрөө эхнээс нь судалж мэдэх хэрэгтэй.
Гэгээрэл гэдэг санамсаргүй төрдөг уур, гунигаас өөр зүйл. Гэгээрэл гэдэг чинь мэдлэгээс гарч ирж байгаа гэгээ.
Би саяхан нэг нэвтрүүлэг сонсож байтал “Хүний хандлага гэж их чухал юм. Хандлагаа өөрчилье” л гэж яриад байсан. Хандлага гэдэг бидний хажуу талд байдаг нэг сэртгэр зүйл, би тэрийг дураараа мушгиад өөрчилчихдөг эд биш.
Миний ертөнцийг үзэх үзэл, миний оюун бодол, өдийг хүртэл бүрэлдсэн хүмүүжил, туршлага, дадал зуршил болгоны гадагшаа гарч буй илрэл, үнэр нь юм.
Түүнээс тэр хүн ямар байхаас үл хамаарч хандлага гэдэг зүйл нь дангаараа өөрчлөгдөөд байх боломжгүй. Түүнтэй ижил гэгээрэлд хүн шууд хүрэх боломжгүй.
Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort Ярилцлагын зочин: Д.Нямсамбуу @NyamsambuuD Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn