Зураг
Зураг
   
1
2
3
4
5
6
7
8
9
10

МОНГОЛ ЭРЭГТЭЙ гэж хэн бэ?

ikon.mn
2016 оны 3 сарын 18
iKon.MN
МОНГОЛ ЭРЭГТЭЙ гэж хэн бэ?
Зураг

МОНГОЛ ЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ? хэмээх асуултын хариуг олохоор бид дараагийн нийтлэлээ бэлдлээ.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол эр хүний тухай статистикийн мэдээллүүдийг шүүж, гол гол тоо баримтуудыг танд хүргэж байна. Мөн Монгол эр хүн гэж хэн бэ гэдэг асуултыг Монголын сайхан эрчүүдийн төлөөллөөс асуулаа.

Ингээд "МОНГОЛ ЭРЭГТЭЙ"-тэй танилцах аялалд гарцгаая.

Гэрэл зургийг MPA.mn , Т.Түвшинбаяр

Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа


 

I. Монгол эрэгтэй дунджаар 168 см өндөр, жин 67.7 кг жинтэй

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголын судлаачидтай 2006 онд хийсэн судалгаагаар Монгол эрэгтэйн дундаж өндөр 168 см, дундаж жин нь 67.7 кг байна.

Энэ нь дэлхийн улс орнуудаас сүүлээсээ 26 дугаарт жагсах үзүүлэлт юм. Монголтой ойр байдаг Өмнөд Солонгосын эрчүүдийн дундаж өндөр 173.7 см байгаа бол Хятадынх 167 см байна.

Харин дэлхийн хамгийн өндөр эрчүүд Недерланд, Дани улсуудад байдаг бөгөөд дундаж өндөр нь 182-183 см-ийн хооронд хэлбэлзэж байна.

 

II. Монгол эрэгтэй ямар төрхтэй вэ?

 

Энд Их Британийн Глазгогийн их сургуулийн сэтгэл судлалын танхимын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулъя. Тэд дэлхийн 41 орны иргэдийн дундаж төрхийг гаргасан юм.

Олон зуун Монгол эрчүүдийн зургийг нийлүүлж гаргасан Монгол эрэгтэйн царай төрх бол энэ.

III. Монгол эрэгтэй улсын дунджаас БОГИНО насалдаг

Үндэсний Статистикийн Хүрээлэнгийн гаргасан мэдээлэлд тургуурлаж хийсэн графикийг танд хүргэж байна.

Мэдээллээс харахад Монгол эрчүүд улсын дунджаас бараг дөрвөн насаар богино насалдаг. Харин Монгол эмэгтэйчүүд улсын дунджаас урт насалдаг ажээ.

Монгол эрчүүдийн дундаж нас 2014 оны байдлаар 65.91 байна.

ДУНДАЖ НАСЛАЛТ, улсын дүн, хүйсээр

 

IV. Монгол эрчүүдийн дундаж цалин 902.6 мянган төгрөг

Мөн л статистикийн судалгаанаас харахад Монгол эрчүүдийн дундаж цалин 902.6 мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 66 мянган төгрөгөөр илүү, эмэгтэйчүүдийнхээс 130 мянган төгрөгөөр илүү тоо юм.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН

V. Монгол эрэгтэйчүүдийг google-ээс юу гэж хайдаг вэ?

Монгол эрчүүдээс "ЭТТ" компанийн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн тэргүүн, хэвлэлийн бага хурлын үеэр эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаасан С.Эрдэнийн тухай мэдээллийг дэлхий нийт хамгийн их сонирхдог байна. 

Учир нь дэлхийн хамгийн том хайлтын сүлжээны цонхонд ингэж бичихэд л санал болгож буй дөрвөн хувилбар нь бүгд өөрийгөө шатаасан иргэнтэй холбоотой байсан юм. 

Тухайн үед түүний талаар Daily Mail зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд бичиж байсан билээ. Харин монгол хэлээр эрчүүдийн тухай юу гэж хайдгийг энд тайлбарлах нь илүүц биз.

 
 

 

Зураг

VI. Монгол эрчүүд хэдэн настайдаа гэрлэдэг вэ?

2011 оны судалгаанаас харахад Монгол эрчүүдийн гэрлэлтийн дундаж нас 26.2 байна. Энэ нь эмэгтэйчүүдийнхээс хоёр насаар ах үзүүлэлт юм.

Ерөнхийд нь авч үзвэл Монгол залуус 20-29 насандээ гэрлэлтээ бүртгүүлэх нь хамгийн түгээмэл үзэгдэл.

/ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛСЭН ХҮНИЙ ТОО/

 

 

VII. Монгол эрэгтэйчүүдийн боловсрол эмэгтэйчүүдээ ГҮЙЦЭХ ҮҮ?

2000-2014 оныг хүртэлх байдлаар харьцуулсан судалгаанаас үзэхэд Монголд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд ДЭЭД БОЛОВСРОЛ эзэмшдэг болох нь харагдлаа.

Тухайлбал, 2014 оны судалгааны үр дүнд 135 дээд боловсролтой эмэгтэйд 100 дээд боловсролтой эрэгтэй ОНОГДДОГ гэсэн тоо үзүүлэлт гарчээ.

 

VIII.Монгол эрчүүдэд жилд дунджаар хэдэн литр архи ногддог вэ?

ДЭМБ-аас 2010 онд гаргасан судалгаагаар 15-аас дээш насны нэг Монгол эрэгтэйд жилдээ 20.8 литр архи ногдож байна. Харин нийт эрчүүдийн 10.8 хувь нь архинаас хамааралтай болсон тухай харамсалтай тоо энэ судалгааны үр дүнд гарчээ.

Тэгвэл Монгол эмэгтэйчүүдэд жилд 6.2 литр согтууруулах ундаа ногддог байна.

 
Зураг

IX. Нэг Монгол эр хүнд 2.2 адуу ногддог

Адуу бол эр хүний шүтээн, хийморлиг амьтан гэж Монголчууд дээдэлж ирсэн билээ. Тиймээс бид нэгэн сонирхолтой тоог гаргахаар Монгол эрчүүдэд хэдэн адуу ногдож байгааг гаргав.

2015 оны байдлаар Монголд нийт 3.3 орчим сая адуу байдаг ажээ. Тэгвэл Монгол эрчүүдийн тоотой харьцуулбал нэг Монгол эр хүнд 2.2 адуу ногдож байна. 

X. Таны бодлоор Монгол эрэгтэй гэж хэн бэ?

Бид Монгол эрчүүдийн тухай тоо баримт бэлтгэхээс гадна Монгол эрэгтэйчүүдийн үзэл бодлыг мэдэхээр шийдсэн юм.

Үүний тулд боловсрол, бизнес, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн салбаруудаас тус бүр нэг хүн онцолж "Таны бодлоор Монгол эрэгтэй гэж хэн бэ" гэсэн асуултыг асуув.