iKon.mn сайтын “Өглөөний хүн” булангийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөрт зориулсан ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна.
Эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэхүү тусгай дугаартаа бид “Монгол Тулгатны 100 Эрхэм” нэвтрүүлгийн Продюсер, Санаачлагч, Хөтлөгч П.Анужинг урьж ярилцлаа.
Хайрын тухай, хүн байхуйн тухай, амьдралын хэв маягийн тухай бас БАЯРЫН тухай бидний яриа УНШИГЧ ТАНД САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛНЭ хэмээн найдаж байна.
Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.
Энэхүү ярилцлагыг хийх боломжоор хангасан рестораны хамт олонд талархсанаа илэрхийлье.
Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир MPA.mn
- Таны бичсэн "Макробиотик XXI зуун" ном зарагдаж дууссан байна лээ. Энэ номоо дахиж хэвлэх бодол бий юу?
- Энэ номын тухай тодруулж ярьж байгаагүй юм байна. Хэвлэгдээд удаагүй байхдаа зарагдаж дууссан. Дахин хэвлэлтэд өгье гэж бодож байгаа. Гэхдээ номынхоо мэдээллүүдийг шинэчлэх санаатай. Эрүүл мэнд, хоол хүнс судлалын ухаан цаг минут тутмаар урагшилж байна. Анхны хувилбараар нь хэвлэнэ гэвэл шууд хэвлэчихэж болно л доо.
- Таны үндсэн мэргэжил хуульч, олон улсын харилцаа гэж байсан. Гэтэл яагаад энэ макробиотик гэх ухааныг судлах болов?
- Би эмч, би дипломат нэг бол би олон улсын эрх зүйч хүн гээд л хүмүүс ярьдаг. Гэтэл хүн төрөхдөө л олон улсын эрх зүйчээр төрнө гэж байхгүй. Тэгэхээр бид “Би тийм хүн” гэх ухагдахууны талаар бодох ёстой юм болов уу гэж боддог.
Бид амьдрахын тулд эсвэл өөрийн авьяас, сонирхол дээр үндэслээд дөрвөн жил сурч мэргэжил эзэмшдэг. Гэхдээ энэ зүйлээ өөрийгөө гэж бодох нь маш их алдаатай. Макробиотикийг судлах болсон шалтгааны тухайд би хүнд өвдөж эмнэлгийн хамааралтай, эмнэлгийн хараат болсныхоо дараа эрүүл болох аргаа хайж явж байгаад л энэ ухааныг олж мэдсэн, судалсан.
- Макробиотикийг та энгийнээр тайлбарлахгүй юу?
- Макробиотик гэдэг ерөөсөө л байгаль хүн хоёрын зохицохуйн ухаан. Хүн өөрөө байгалийн амьтан. Байгаль эх биднийг бүтээсэн. Хүн өөрөө байгалийн нэгээхэн бүрэлдэхүүн учраас өөрийгөө амьд байлгахад нөлөөлж буй бүхий л зүйлтэй нийцэн зохицож, хүндэтгэлтэй хандах тухай л ухаан юм. Их энгийн. Макробиотик гэж сүртэй нэрлээд байгаа болохоос хүн байхуйн ухаан юм.
"Макробиотик гэдэг ерөөсөө л байгаль хүн хоёрын зохицохуйн ухаан"
- Тэгвэл хүн байхуйн ухааны хамгийн анхан шатны ойлголт юунаас эхэлдэг гэж та боддог вэ?
- Зөв хүн байхын хамгийн гол үндэс хоол хүнстэй шууд холбоотой. Хоол, сэтгэл хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Амаараа юу халбагадаж идэж байгаагаас хүний сэтгэл зүйн байдал шууд хамаарч байдаг. Учир нь хоол хүнс хүний цусны бүтцэд шууд нөлөөлдөг. Мэргэжил, мэдлэг эзэмшсэн мундаг хүн болохын өмнөх хүн байхын ухааны гол үндэс нь хоол хүнснийхээ учрыг олох шүү дээ.
Хоол хүнс гэдэг бол зүйрлэж хэлбэл хүн өөртөө нэвтрэх үүд хаалганы бариул нь юм.
- Зөв хоол, цагаан хоол, аль хүнс нь хүний биед сайн, муу вэ гэдэг асуудлыг бид хангалттай ярьсан. Одоо харин оюун санааны өөрчлөлт бидэнд хэрэгтэй байгаа тухай өмнө нь ярьж байсан шүү дээ. Энэ санаагаа дэлгэрүүлэхгүй юу?
- Даяарчлалын үр дүнд улс орнуудын уламжлалт хоол хүнс ихээхэн алдагдаж тухайн нутаг орон, цаг агаар, хүнд нь таарахгүй хоол хүнс дэлгэрч энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг дэлхийн улс орнууд нэлээд эрт судлаад мэдчихсэн. Ухаарах хандлага 40, 50 жилийн өмнөөс эхтэй. Бид төдий зэргийн хоцрогдолтой явж байна гэсэн үг. Дэлхийн улс орнууд хоол хүнс хүний эрүүл мэнд болоод сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай судлаад тээр урд явж байхад бид зөв буруу худлаа үнэн гээд маргаад сууж байгаа нь харамсалтай санагддаг. Хоолныхоо учрыг олоогүй хүмүүс сэтгэлийн амар амгалангийн тухай ярихад ч бас хол байна.
21-р зуун оюун мандлын эрин гэж бид ярьдаг. Оюун санааны эрин гарчихаад байхад бид өнөө л цуйван, бууз, хуушуураа тойрч маргаад унжсан гэдэснийхээ асуудлыг өөрөө шийдчихэж чадахгүй л эргэлдээд байдаг. Нөгөө талаасаа хоол хүнсний боловсролгүй, мэдэхгүй байгаа хүмүүсийг чи хоцрогдсон гээд ойлгомжгүй юм яриад хаяад явж болохгүй болохоор л халшрахгүй зааж ярьж явна. Энэ бас нэг үйлийн үр байх аа.
- Эрүүл мэндийн хувьд асуудалтай болоод макробиотикийг судалсан гэж байсан. Та ямар өвчин туссан юм бэ?
- Энэ түүхийг ярих надад таатай байдаггүй. Эмнэлэг буруу оношлоод эмнэлгийн хувьд би найдваргүй л гэдэг онош сонсож байсан. Тэр байдлаас хоол хүнсээ өөрчилж, мацаг барьснаар байгаль эх дэлхийгээ хүндэтгэн амьдарснаар хамгийн чухал нь ухаарал, тэвчээр хоёрыг хамт хийснээр өдий зэрэгтэй эрүүл хүн болсон гэж боддог.
"Хоол хүнс гэдэг бол зүйрлэж хэлбэл хүн өөртөө нэвтрэх үүд хаалганы бариул нь юм" П.АНУЖИН
- Та турж, эцэх гэж ярих их дургүй гэж байсан. Гэтэл таныг тураах клуб хүртэл ажиллуулдаг гэж бичдэг.
- Турж, эцнэ гэдэг үг чинь өөрөө өвчин зовлон, ядуу зүдүү байдалтай холбоотой үг. Зарим хүн сайхан амьдарч байж турж эцэхийн хойноос үхэлдэж яваагаа, хэрэглээд байгаа энэ үгээ бодох ёстой.
Би турж, эцэхийн тухай хэнд ч хичээл зааж үзээгүй. Би өөрөө турж, эцэхийн төлөө үхэлдэж явж үзээгүй. Ер нь нүгэл биз дээ. Хүнийг турааж, эцээнэ гэдэг чинь. Харин хүн зохистой хоол хүнс хэрэглээд ирэхээрээ хэвийн байдалдаа буцаж ордог. Агшдаг. Би тийм клуб энэ тэр ажиллуулж үзээгүй, хүмүүсийн хүсэлт дээр тулгуурлан хааяа хичээл зааж, лекц уншдаг.
Миний хувьд бие махбодио нэг их зовоох, дарамтлах дургүй. Нэг их ухаарч турж эцээд хоолоо сойгоод л тэгснээ зад тавьж идээд л. Энэ их холбиромтгой, тууштай биш байдал бол таны оюун ухаантай л холбоотой. Хийж байгаа зүйлийнхээ тухай ерөөсөө гүн ойлгохгүй байна гэсэн үг.
- Хоол хүнс хүний оюун санаанд хэрхэн нөлөөлдөг талаар жишээ дурдахгүй юу?
- Энэ их энгийн ойлголт. Махчин амьтад ямар байдаг вэ. Харин өвсөн тэжээлтэн ямар байдаг билээ. Мах иддэг жижигхэн харх ямар байдаг юм бэ. Гэтэл мах иддэггүй тэр том заан ямар байдаг билээ. Номхон дөлгөөн дээрээ хүн суулгаад л явж байдаг биз дээ. Энэ л байхгүй юу.
Хэтийдсэн их махны хэрэглээтэй хүн догшин, түргэн уур, авиртай байдаг.
Жимс ногоо голдуу иддэг, үр тариа их хэрэглэдэг хүмүүс ерөнхийдөө дөлгөөн тайван байдаг.
Монгол хүний гол хоол хүнс мах гээд л ярьдаг. Уур омогтой, догшин, бие биеэ хүндэтгэдэггүй, хүний үг сонсдоггүй байдал маань бидний идэш ууштай шууд холбоотой. Уламжлалаа аваад үзэхэд Монгол хүн жилийн дөрвөн улирал мах иддэггүй байсан шүү дээ. Хүйтний улиралд л хэрэглэдэг. Бидний одоогийн хэрэглээ хэтийдээд байна гэсэн үг. Макробиотикийг бас тэнцвэрт байдлын тухай ухаан гэж ойлгож болно. Ерөөсөө аливаа зүйлийг идэж болно, дурлаж болно. Хэмжээ хязгаартай, тэнцвэртэй л байх ёстой.
- Тэгвэл бид оюун санаагаа таны ярьж байгаа шиг хэрхэн амар амгалан болгох вэ?
- Эхлээд л хоолоо өөрчлөөд үз. Махаа жаахан багасгаад үз. Үр, тариа түлхүү идээд үз. Нэг хоног хоолноос татгалзаад үз. Энэ их чухал шүү
- Таны хувьд махны хэрэглээ ямар байдаг вэ?
- Би нэг хэсэг веган хоолтон байсан. Веган гэдэг нь амьтнаас гарч байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй хүнийг хэлдэг. Зөгийн бал, сүү гээд бүгдийг нь хэрэглэдэггүй байлаа. Харин телевизийн ажил хийх болсноос хойш хөдөө орон нутагт их явна. Дүн өвлийн хүйтэн цас мөсөн дунд хүнтэй олон цагаар ярилцана. Тэгэхээр нөгөө хэлээд байдаг нутаг ус, цаг агаартаа зохицсон хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болно. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж үг байдаг даа, энэ үг хоол хүнстэй асар холбоотой үг юм шүү. Мөн хүний зочломтгой сэтгэл гэж айхтар зүйл бий. Хөдөөнийхөн маань юу байгаа түүгээрээ дайлна. Мах чанаад өгнө. Тэгэхээр нь би мах иддэггүй. Мах бол, би бол гээд л хүний нүд бүлтийлгээд, хүний анхаарал татах нь зохимжгүй санагддаг. Тэгээд хүндэтгэлтэй, хэтрүүлэлгүй идээд л явдаг. Гэхдээ миний гол хүнс бол мах огтхон ч биш.
"Харин хүн зохистой хоол хүнс хэрэглээд ирэхээрээ хэвийн байдалдаа буцаж ордог. Агшдаг"
- Таны өдрийн хоолны дэглэмийг сонирхож болох уу?
- Миний хувьд өглөөдөө хүнд хоол иддэггүй. Гэхдээ өлөн явдаггүй. Өглөө шинэ ногооны шүүс, төрөл бүрийн жимсний коктейл хийж уудаг. Өөр зүйл огт иддэггүй. Ингээд үдийн хоолондоо хүрдэг. Үдийн хоолны цаг боллоо гээд хоол хайгаад явдаггүй. Би хоолны тал дээр маш их тэвчээртэй. Ер нь идэх, уухын төлөө хөөцөлдөөд байдаггүй. Хоолоо аль болох түүхий ногооны салатаар эхлүүлдэг. Өвлийн улиралд халуун шөл, аарц их уудаг. Оройны хоол амжихдаа амжина. Амжихгүйдээ амжихгүй. Заримдаа орой хүртэл ажиллана. Тэр үедээ жимсний коктейл уучихдаг. Товч хэлбэл би хоолны асуудлаас аль хэдийн ангижирч чадсан.
Өглөө юу идэх вэ гэж уурлаад л, өдөр юм иднэ гэж баахан цагаа алдаад л, уулзаж идээд л, салж идээд л, орой гэртээ очихоор хоол байхгүй бол бухимдаад л энэ рүү тэр рүү цам харайгаад л байгаа хүн хүнд шүү бас.
Хүний амьдралын маш их цаг хугацаа хоол хийж түүнийг идэхэд өнгөрдөг. Идэхээ цэгцэлж чадах юм бол асар их хийж бүтээх цаг гардаг.
- Телевиз, хэвлэл мэдээллийн салбарт цаг наргүй ажиллах шаардлага байдаг. Таны хувьд ачаалалтай үедээ стрессээ хэрхэн тайлдаг вэ. Их бясалгал хийдэг байсан гэж дуулж байсан юм байна.
- Бясалгал хийдэг байсан. Шаматын бясалгал гэж гүн төвлөрөхүйн бясалгалыг чамгүй хугацаанд хийж байлаа. Бясалгалын олон урсгал замууд бий. Миний хувьд олон төрлийн бясалгалд сууж байсан. Энэ бүхнийгээ би зөв, буруу гэж шүүдэггүй. Надад тухайн цаг үедээ хэрэг болсон гэж боддог. Өнөөгийн би бүрэлдэхэд миний сурч байсан юм бүхэн надад хэрэг болсон.
Яг өнөөдрийн байдлаар би бясалгаж байна гээд нүдээ аниад суудаггүй. Бясалгал гээд том зүйл ярихын оронд хүн уур уцаар төрөөд, байж ядаад, уйлмаар, дуулмаар үедээ өөрийнхөө амьсгалаа л нэг анхаарчих хэрэгтэй гэж боддог юм.
"Амьсгал уужуу байх тусмаа л хүн уужуу сэтгэдэг" П.АНУЖИН
Нэг сайхан гүн амьсгалахад олон зүйл байрандаа ордог. Надад лав энэ их нөлөөлдөг. Хүнд ярилцлагууд, сэтгэл зүйн хүнд байдлууд эсвэл баярлах, гомдох үедээ амьсгалаа л хянаж байгаарай гэж ээж маань захидаг. Амьсгал уужуу байх тусмаа л хүн уужуу сэтгэдэг. Тийм учраас би аливаа зүйлд гүн амьсгаа аваад л ордог.
Харин бясалгал гэж юу вэ гэж асуувал бясалгал гэж хайр энэрэхүйг өөртөө үүсгэхийг хэлнэ, миний хувьд шүү дээ. Хүний оюун бодол зүрх сэтгэлд хайр энэрэхүйн тухай бодол үүсч зүрх сэтгэл, оюун бодол, бие хайраар дүүрч байвал тэр бясалгал. Магадгүй бид бие биедээ хайрыг маш бага өгч байгаа болохоор тайвшрах аргаа өөр зүйлээс хайж түүнийгээ бясалгал ч юм уу ямар нэгэн нэрээр нэрлээд байгаа байх. Хайрлагдсан хүн хамгийн тайван байдаг, түүнд ямар ч бясалгал хэрэггүй.
- Таны өмнөх ярилцлагуудыг харахад нэг л зүйлд бухимдаад, бас нэг зүйлийг залруулах гээд байгаа ч юм шиг санагдаж байсан. Магадгүй тантай холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй олон шар мэдээлэл бухимдуулдаг байх.
- Бухимдах нь хаашаа юм. Эх толгойгүй, хамаа замбараагүй, шальдар бульдар юм их бичиж байна. Хүний тухай, хүний хувийн амьдралын тухай эрээ цээргүй, ёс жудаггүй, хайрлах энэрэх сэтгэлгүй бичиж байна. Тэр бүрийг олж хайгаад өөрийнхөө нэрийг интернэтэд тавьж үзээд суудаггүй ээ. Түүндээ ч харьцангуй амгалан явж чаддаг болов уу. Элдэв мэдээллүүдийг над руу явуулдаг хүмүүс байдаг. Тэр ч надад таатай санагддаггүй. Мэдээж өөрийнх нь тухай таатай биш зүйл бичсэн байхад баярлаад явдаг ч хүн гэж хаа байх вэ. Даан ч дээ гэж бодох үе зөндөө байсан.
- Өөрийн тань тухай эерэг, сөрөг олон мэдээлэлд залруулга хийхийг хүсдэг үү?
- Дөрөв, таван жилийн турш зөндөө олон янзын Анужинг биччихлээ шүү дээ. Надаас өөр олон Анужинг үүсгэчихсэн. Өөрийнхөө дотор буй болгосон Анужинтай өөрийнхөө орон зайд амьдрах эрх бас хүн бүрт бий. Эдгээр Анужингийн аль нь ч би биш ээ. Тэр олон зохиомол Анужингийн төлөө эх хувь би бухимдаж гүйгээд яах юм бэ. Тэгэхээр би эх хувиа энэ Анужинг л хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Бичигдэж яригдаж байгаа Анужингууд надаас салаад явчихсан. Хүмүүсийн оюунд байгаа Анужинтай зууралдаж засах гэж оролдож байснаас энд байгаа эх хувиа л тордох ёстой. Тэр нь надад үр дүнтэй.
- Хүн яагаад өөрт нь буруу зүйл хийгээгүй хүнд өс санаж, атаархдаг юм бол. Таны талаар мэдээлэл хайж байтал мэдээлэл гэхээсээ атаа хорслын шинжтэй сэтгэгдэл, мэдээ их байх юм. Бодвол тэр хүмүүст та гэм хийгээгүй л байлгүй дээ.
- Хэвлэлийн эрх чөлөөг бид хүсч байж олсон. Олсон зүйл маань бидэнд эргээд бодох боломжийг өгч байна. Ер нь хувь хүн, бүхэл бүтэн ертөнцийг хэн нэгний яриа, нэг хүний сэтгэгдэл дээр үндэслээд тийм л хэмжээнд өөртөө хүлээгээд авчихна гэдэг маш харамсалтай. Хүний амьдрал юм болохоор магадгүй ганц удаа бухимдсаныг, чанга дуугарахыг, хальт гишгэснийг нь хараа л биз. Энэ бүхэн чинь тухайн хүний амьдрал бүхэлдээ биш шүү дээ. Ер нь тэгээд баахан эрэмдэг, зэрэмдэг болж бүтэхгүй хүмүүсийн ертөнцийг өөр дотроо үүсгээд тээж явах нь тийм таатай зүйл мөн ч юм уу биш ч юм уу.
Тухайн хүний л хэрэг байх. Миний хувьд бусдыг үзэн ядах, атаархах сэтгэлээс үнэндээ ангид хүн. Атаархал гэх зүйлийг би мэддэггүй. Үүгээрээ их азтай хүн. Ээждээ хэлдэг юм "Намайг ямар азаар харгүй, атаа жөтөөгүй төрүүлсэн юм бэ" гэж. Энэ бол амар амгалан байхын тухайд аав ээжийн минь надад өгсөн их том бэлэг юм шүү дээ.
"Олон зохиомол Анужингийн төлөө эх хувь би бухимдаж гүйгээд яах юм бэ"
- Та ээжийнхээ тухай их ярих дуртай юм.
- Тийм ээ. Ээж минь миний ээж биш байсан ч би хүндэтгэнэ. Хүүхэд бүрийн ээж хүүхэд бүхэндээ сайхандаа гэдэг учраас хүн бүр ээжийгээ хайрладаг. Энэ талаасаа гэхээсээ илүүтэй энэ хүн миний хэн ч байсан, бүр таньдаггүй байсан ч би хүндэтгэнэ, үлгэрлэнэ.
Ийм л гайхалтай эмэгтэй, би энэ тухай хэвлэлээр өмнө нь ч хэлж байсан. Ээж минь миний амьд үлгэр. Нэг үг байдаг даа. Эхнэрээ ямар хүн болохыг мэдмээр байвал ээжийг нь харчих гэж. Энэ их баримжаатай хэлсэн үг шиг санагддаг. Бүсгүй хүний ирээдүй нь ээж нь гэж. Би өөрийнхөө ирээдүйд сэтгэл тайван байдаг.
- Ээждээ та аль хэр цаг гаргаж, ээжийгээ баярлуулж байна даа?
- Ээждээ цаг гаргахын тухайд би их мундаг зүйл хэлж чадахгүй.
Бүтэн өдөр өнгөрөхөд ижийнхээ тухай бодолгүй өнгөрдөг хүн байдаг юм байна лээ. Миний хувьд ижий минь өдрийн 24 цагийн турш сэтгэл зүрхэнд минь хамт байдаг. Тэр бүр очоод уулзахын тухайд би бас сайн дүн өөртөө тавьж чадахгүй ээ. Ээжийгээ баярлуулахын тухайд бүр ч хэлж мэдэхгүй юм байна. Үүнийг ээж маань өөрөө л хариулах байх.
Лхагваа ахын маань айхтар онож хэлсэн үг байдаг даа. “Хүн төрсөн цагаасаа л эхийгээ зовоох гэж төрдөг” гэж. Эх нь өөрөө л баярлах шалтгаанаа олоод байгаа болохоос биш бид нар баярлуулаад байдаг юм болов уу. Мэдэхгүй ээ. Би өөр дээрээ л баримжаалаад бодоход хоёр охиноо өглөө босоод орой унтах хүртэл нь л амар амгалан, сайн сайхан байгаасай, инээд хөөртэй байгаасай гээд л бүхий л бодол сэтгэл маань тэр хоёр руу зогсоо зайгүй урсдаг шүү дээ. Оюун санаагаа элээж байгаагаа үртэй хүний жаргал гэж хэлээд байгаа байхгүй юу. Эх хүнд үрийнхээ төлөө шаналж зовох нь ч жаргал байдаг мэт...
- Та өөрийнхөө ирээдүйд их сэтгэл амар байгаа тухай ярилаа. Тэгвэл таны хоёр охин таныг ийн бодож хүндэтгэл бий болж байгаа болов уу?
- Хүндэтгэдэг. Миний хоёр охин их том болж байна. Сая сар шинээр хамаатан садны хүмүүсээрээ явж байхдаа их мэдэрлээ. Аливаад хүндэтгэлтэй, ах захтай хандаж байгааг нь харсан. Надад сайхан санагдсан. Би хүүхдүүдээ суулгаад ингэ тэг гээд яриад байдаггүй. Зөв байх нь энэ, буруу байх нь тэр гэж зааварддаггүй ээ. Хүүхэд бол ярих хэлэхээс илүү бодит буй байдал, орчноо илүүтэй хүлээн авч, өөрсдөө ч түүний тусгал болж өсч торнидог шүү дээ.
Би гэртээ нэг ч хараал хэлдэггүй, мөн хэзээ ч хүний тухай муу, сайн яриа ярьдаггүй. Өөрийн үзлийг хаа хамаагүй чалчиж тулгах нь аливааг өөрийнхөөрөө хүлээн авах боломжийг хүүхдээс булааж авдаг маш хортой зүйл. Ямартай ч охид маань муухай үг хэлдэггүй, бусдад атаархдаггүй, амар амгалан өсч торниж байна. Үр хүүхдээ ирээдүйд ямар байлгамаар байна тэр намба айлаа өөрөө л гэртээ үзүүлж байх ёстой болов уу.
- Мартын 8-ныг та хэрхэн тэмдэглэдэг вэ. Хэр ач холбогдол өгдөг баяр вэ?
- Март гэхээр сэтгэл хөдлөөд байдаг юм аа.
Биднийг бага байхад “Бүсгүйчүүд” гээд нэвтрүүлэг гардаг байсан. Энэ нэвтрүүлэг яагаад ч юм бодогддог. Мартын наймнаар би догдолдог. Сайхан бэлэг өгвөл бас сайхан бэлэг авбал баярладаг. Цэцгэнд, бэлгэнд, хайранд, сайхан үгэнд бөмбөрсөн өдөр. Сайхан байдаг. Энэ өдөр их олон эмэгтэйг өөр шигээ баяртай байгаасай гэж боддог. Сүүлийн үед би гэхээсээ миний эргэн тойронд байдаг бүхий л эмэгтэйчүүд энэ өдөр ядаж бүтэн жаргалтай байгаасай гэж илүүтэй боддог болсон байна лээ.
- Эмэгтэй хүн бүр л цэцгэнд дуртай байх. Харин таныг цэцгэнд илүү их татагддаг юм ажиглаж байлаа.
- Вэган хоолтон байхдаа цэцэг таслахыг их эсэргүүцдэг байлаа. Одоо харин энэ бодол маань жаахан эерүү болсон юм уу даа. Тийм ээ, би цэцгэнд их дуртай. Намайг баярлуулах гээд шим тэжээл, хөрснөөсөө тасраад ирчихсэн цэцгийг би хайрлахгүй гээд яах билээ.
Илүү удаан амьдраасай гэж бодоод өөрийнхөө уудаг уснаас ч илүү сайн усанд цэцгээ хийж, урт удаан байхад нь сэтгэл гийж баярладаг. Цэцгийг би маш их хайрладаг. Зарим талаараа бүсгүй хүнтэй төстэй. Хайрлаж тордох тусам өнгө ордог эмзэгхэн чанар нь, хорвоо ертөнцийг чимэх гэж, баясгах гэж дэндүү гоё төрдөг нь бидэнтэй ижил санагддаг.
Би нэг урлагийн хүнийг харж байлаа. Тоглолт нь болж хүмүүс маш их цэцэг өгч, тэр бүгдийг хувцасныхаа өрөөнд овоолж шидчихээд дээгүүр нь гишгэлж хувцсаа солиод байсныг. Тэдгээр цэцгийг өгсөн хүн юу бодож өгсөн бол. Хэчнээн мөнгө хөлсөө шингээж авсан бол. Гундаачихгүйхэн шиг тэр хүний гарт өгөх гэж хэчнээн хичээсэн бол гэж бодогдоод байсан.
Цэцэг хараад энэ мэт зүйлийг бодоод явчихдаг нэг талдаа би гүн нөгөө талдаа ядаргаатай хүн байх аа бусдад. Ер нь л гүн ярьчих гээд байдаг болохоор үеийнхэн маань намайг хэр ойлгодог юм болдоо гэж бодох үе байдаг. Энэ байдлыг маань ухаантай байх гэж хичээдэг гэж зарим хүн үздэг бололтой юм байна лээ. Би аливаа зүйлд гүн хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Хүн ер нь өөрийнхөө эдэлж хэрэглэж байгаа зүйлээсээ авхуулаад бүхий л зүйлд хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог.
"Та дэлхийн хамгийн сайхан ээж" гэж хэлээд өгөхөд цээжинд нэг юм базах шиг болдог.
- Мартаар авсан хамгийн сайхан бэлэг тань юу байв?
- Манай хоёр охин жаахандаа ээжийгээ зураад ил захидал хийчихсэн байсан. Хүүхэд бүхэн л ээжийгээ зурдаг даа. Зурж байгаа нь бусад хүүхдийн л адил ээжийгээ зурсан хөөрхөн зураг. Харин "Та дэлхийн хамгийн сайхан ээж" гэж хэлээд өгөхөд цээжинд нэг юм базах шиг болдог.
- Хувцас загварын тал дээр таныг их сайхан дээл хувцас өмсөж олон хүний анхаарлыг татаж чаддаг гэлцдэг. Энэ бас эмэгтэй хүний нэг чадвар гэлтэй.
- Баярлалаа. Хувцасныхаа дизайныг өөрөө гаргадаг. Хийх торго, материалаа ч өөрөө сонгодог. Санааг нь гаргаад материалыг сонгочихсон тохиолдолд сайн оёдолчин хэрэгтэй болох нь мэдээж. Миний олон хувцсыг урлаж байгаа найз маань байдаг. Мөнхцэцэг гэж сайхан эмэгтэй бий. Оёж гүйцэтгэх, сэтгэж бодох гэдэг хоёр тусдаа зүйл. Миний хувьд хувцсыг хэрэглээний түвшнээс дээд түвшинд ойлгодог. Хүмүүс хувцсыг төрөл бүрийн түвшинд хэрэглэдэг шүү дээ. Зарим нь биеэ халхлах, зарим нь гоёх, зарим нь хүн дуурайх, зарим нь хэрэглээний түвшинд. Миний хувьд хувцсыг урлаг гэж боддог. Урлаг шиг хувцсыг урлаг мэт өмсч чадна гэдэг Урлаг юм даа. (инээв)
Хэн нэгэн миний хувцсыг зааж намайг тодорхойлж илэрхийлнэ гэдэгт би итгэдэггүй. Тийм учраас би өөртөө итгэдэг. Хэний ч хийчихээр зүгээр л нэг банзлыг хэзээ ч их мөнгө зарж авахгүй. Харин гайхамшигтай сайн бүтээлийг хэдэн ч төгрөг зараад авчих, хүний сэтгэлгээг үнэлж чадах боловсрол надад бий.
"Удахгүй өөрийн бүтээлүүдээ гаргаж толилуулна гэж бодож байгаа"
Удахгүй өөрийн бүтээлүүдээ гаргаж толилуулна гэж бодож байгаа. Тэр тухай бодохоор сэтгэлд баяр төрөөд байна.
- Тэгвэл удахгүй таны хувцас загварын бүтээлүүд олонд хүрэх нь ээ дээ.
- Тийм ээ. Анужин гэдэг тэгш төгөлдөр оршихуй биш ч Анужин бол цор ганц оршихуй. Энэ талаасаа бүтээлүүд маань сонин байж болох юм.
- Таны өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?
- Өглөө эрт босох, эртэч байна гэдэг сайн зуршил гэж боддог. "Үд болтол унтаж үхрийн дуунаар сэрдэг" хүн байхгүйн төлөө хичээдэг. Миний өглөө 05:30-06:00 цагийн хооронд эхэлдэг. Хоёр хүүхдийнхээ цай унд, хувцас хунарыг нь бэлдэхээс өглөө маань эхэлдэг. Амралтын өдөр харин жаахан тавиухан амрахыг боддог. Гэхдээ зуршил болсон учраас эрт сэрчихээд байдаг.
- Өдөр тутам өөрийн гоо сайхандаа хэрхэн анхаарч санаа тавьдаг вэ?
- Арьс сайхан байхын гол үндэс нойр юм шиг байгаа юм. Би энэ тал дээр тааруухан яваад байгаа учраас өөртөө жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Ажлын ачаалал зэргээс үүдээд их оройтож унтаад байгаа сүүлийн үед.
- Таны арьс одоо сайхан л харагдаж байна шүү дээ.
- Баярлалаа. Хамгийн сүүлд л гэхэд Оскарын шагнал гардуулах ёслолыг дамжуулах гээд нойр дутуу нэлээд явлаа. Нойр дутуу байхад арьс минь сайхан харагдаж байгаа бол энэ цэвэр хооллолттой маань л холбоотой. Хоол хүнсний чанар арьс үсний чанартай шууд холбоотой.
- Сэтгэл санаа ч арьсанд их чухал юм шиг санагддаг.
- Мэдээж сэтгэл санаа их чухал. Дээрээс нь хувь хүний өгөгдөл гэж их чухал зүйл байна аа. Аав, ээжээс төрөлхийн заяаж өгсөн эрүүл сайхан юм бүгдийг хайрлаж тордож байх ёстой. Нөгөө талаараа энэ чинь хариуцлага шүү дээ. Төрөхдөө л сэвх толботой төрсөн хүн байдаггүй шүү дээ.
Миний хувьд нэг их будаг шунх хэрэглэдэггүй талдаа хүн. Телевизээр гарахдаа осолдохгүй нэг юм түрхвэл түрхэнэ. Түрхэхгүй ч явах үе бий. Би үүнийгээ зөв гэж хэлэхгүй. Гол нь би үүнээс цаадах зүйлд илүү анхаардаг. Хоол хүнс, амьдралын зуршил хэв маяг дээрээ илүү анхаардаг учраас магадгүй харьцангуй будаг, тос хөөцөлдөх нь бага байдаг. Гэхдээ шинжлэх ухааны ололт амжилтаар буй болсон, тухайн орчиндоо тохирсон тос, энгэсгийг бол хэрэглэлгүй яах вэ. Гоо сайхны салон зэрэгт хэт ач холбогдол өгөөд яваад байх цаг ч надад байдаггүй дээ.
"Эд эрхтнээ өөрийн наснаасаа залуухан авч явж чадаж байгаадаа баяртай байдаг"
- "Эмэгтэй хүний насыг бүү асуу" гэдэг. Гэхдээ таныг хэдтэй бол гэж сонирхож, шохоорхох хүн цөөнгүй байдаг байх.
- Би хорвоо дээр хэчнээн жил амьдрав аа гэдгээ хүнээс нуудаг хүн биш ээ.
Эхээс мэндлээд хорвоо дээр хэдэн жил амьдрав гэдэг нуух мэдээлэл ч биш. Магад нууж байгаа зүйлийнх нь цаад философи нь өөрийгөө амьдарсан жилээсээ илүү элээчихсэндээ байж болох юм. Энэ хорвоо дээр ирээд 25 жил амьдарсан байлаа гэхэд түүнээсээ илүү их зүрх сэтгэл, бие дотоод эд эрхтнээ элээчихсэн байдаг болохоор л хариулахаас татгалздаг юм болов уу гэж боддог. Эрүүл гоо сайхан байх ухааныг мэдэхгүйдээ, мэдээд үл тоодогтоо, хэнэггүйдээ, мөн хувь тавилан, зовлонгийн эрхээр хүн өөрийнхөө наснаас хамаагүй илүү элж хорсон байдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр хүний дотоод ертөнцтэй холбогдсон асуудал учраас хүмүүс хариулах дургүй байдаг байх. Эмэгтэйчүүдийн баяр тохиох энэ үед өөрийнхөө насыг хэлж бусдад бодол төрүүлж бас нэгэн бодлын үүсгүүр болоод яахав ээ гэж бодож байна. (инээв)
- Хүн бүр олон шалтгаанаар овортой, залуу гээд янз бүр харагддаг талаар ярилаа. Таны хувьд хэр элээлттэй вэ?
- Хүмүүс намайг наснаасаа залуухан харагддаг тухай сайхан үг хэлж урам өгдөг. Эд эрхтнээ өөрийн наснаасаа залуухан авч явж чадаж байгаадаа баяртай байдаг. Дотоод цул эрхтнүүд маань миний наснаас хамаагүй залуухан байгаа байхаа гэж боддог. Бие махбодийн хувьд их залуу (инээв).
Харин оюун санаа, амьдралын хатуужлын хувьд наснаасаа арай илүү элсэн байх гэж боддог. Намайг ухаантай царайлах гээд гэж ярьж шүүмжилж байхыг сонссон. Ер нь бодоход ухаантай дүр эсгэнэ гэж байж боломгүй зүйл байх. Ухаантай царай гаргана гэдгийг жүжигчдийн ангид яаж заадаг юм бол доо.
Ухаан гэдэг чинь жаргал зовлон, амжилт бэрхшээл, даваа сорилын дүнд буй болж, тэр нь нүүр, нүд, яриа хэл, дууны өнгө авиа бүхий л зүйл дээрээ нуугдахын аргагүй хадагддаг зүйл шүү дээ. Хүний харц, хүний царай гэдэг хүний үзэж туулсан амьдрал болохоор гэнэтийн жүжгээр ч тавигддаг зүйл бас биш дээ.
- Б.Лхагвасүрэн гуай өөрийн хөтөлдөг нэвтрүүлэгтээ өөрөө оролцсон дугаар олон хүний сэтгэлийг хөдөлгөснийг тухайн үед мэдэрч байлаа. Тэр нэвтрүүлэгт "Бүсгүй хүнийг ухаан зарахгүйгээр амьдруулах ёстой" талаар ярьсан. Хүн бүр үүнийг янз бүрээр л хүлээж авсан. Та өөрийнхөө хувьд хэрхэн ойлгож хүлээж авсан бэ?
- Лхагваа ах надад байнга хэлдэг. Бүсгүй хүнд их ухаан зохихгүй ээ Ану минь гэж. Уг нь бол бүсгүй хүн гэдэг эр хүний дайнд улс орон, гэр бүл, ажил албаны хүнд хүчир асуудлуудыг шийдээд, ядраад явах ёсгүй юм шүү дээ.
Алсыг хардаг холч ухаан, асуудлыг шийдэж чаддаг цэх ухаан чинь эр хүнд байгалиасаа заяасан байдаг. Бүсгүй хүнд зөн билэг буюу мэдрэмж, мэдрэмтгий байдал нь илүү заяачихсан байдаг. Энэ хоёр чанар хослох юм бол төгс амьдрал, төгс харьцаа үүсдэг юм болов уу гэж боддог. Эрчүүд маань холч ухаан, алсыг харах чадваруудаа хэт их унтуулснаас, амрааснаас, магадгүй гээснээс бүсгүй хүн өөрт төрөлхийн байдаггүй чанаруудыг байлгах гэж их ядарцгааж байх шиг. Хиймэл зүйл гэдэг хүнийг их ядраадаг шүү дээ. Бүсгүй хүн ухаан зарах зүйлдээ ухаанаа заралгүй яах вэ, ухааныг нь шавхтал ядраахгүй байхын тухайд л яриад байна шүү дээ.
"Алсыг хардаг холч ухаан, асуудлыг шийдэж чаддаг цэх ухаан чинь эр хүнд байгалиасаа заяасан байдаг"
Ер нь бүсгүй хүнийг хайрлаад л байхад болно доо. Нөгөө талдаа хайрлагдана гэдэг чинь өөрөө их том ухаан байх.
Энэтхэгт Далай багштай ярилцлага хийх үеэр Таж Махалд очсон. Ямар сайхан уран барилга вэ, яасан сайхан хийцтэй юм бэ гэдэг сэтгэгдэл надад нэг их төрөөгүй. Арван хэд дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаад амь эрсэдсэн Хазар гаралтай Монгол угсааны хатны гэгээн дурсгалд зориулсан их бунхан, хүндэтгэл шүү дээ. Миний хувьд, урлагийн гайхамшигтай бүтээл гэхээсээ илүүтэй хайрлагдаж чадсаны төлөөх их хүндэтгэл гэж хүлээж авсан, тэр ухааны төлөө хайрлах, бахархах, ухаарах сэтгэл асар их төрсөн.
Гэр бүл, эр, эм хүмүүс харахад бүтэн байдаг ч "бүтэн" хэлбэр дунд хайрлагдаж байна уу, эс хайрлагдаж байна уу гэдэг чинь асар чухал зүйл биш гэж үү. Хүмүүс хайран дунд амьдарч, хүүхдүүд хайран дунд өсөх ёстой. Бүтэн хэмээх дүр эсгэсэн хэлбэрийн дор хууралт, ганцаардал, уур уцаар, хүчирхийлэл бүх зүйл нуугдаж байгааг бид ярих цаг бас болсон.
Гэр бүлийн бүтэц нь бүтэн харагдах ч гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа аль хэдийнээ бүтэн биш болчихсон үй олон тохиолдол байгааг бид харж мэдэж л байгаа шүү дээ. Амьдралаа бүтэн байлгаж мөн өөрөө хайрлагдаж амьдрахуйн ухааныг хэн хаана зааж зөвлөж байгаа юм бэ. Гадны болох бүтэхгүй олон ангит аймшигтай кино үзэж хайрлагдахын ухааныг бус хаягдахын ухааныг л сурцгааж байна шүү дээ. Аль аль нь бүтэн монгол айл өрх илүү олон байгаасай гэж би чин сэтгэлээсээ боддог.
- Таныхаар эмэгтэй хүн болгон хайрлагдах ёстой юу. Хайрлагдахад бас учир бий байх.
- Эр, эм гэлтгүй бүх хүн хайрлагдахын төлөө төрдөг. Эмэгтэй хүн юм чинь ааштай араншинтай байх ёстой гээд ад зэтгэр шиг авирлаж, арчаагүй мунхаг байж эсвэл эр хүнтэй ана мана үзэж тараад байх юм бол хэнд хайрлагдах билээ дээ.
Хайрлагдана гэдэг өөрөө их том ухаан юм шиг байна. Хайрлаач, эсвэл намайг ингэж тэгсэнгүй гэхийн оронд хайрлагдахын ухааныг сурмаар юм байна. Энэ бүгдийг би бас л ухаарч л байгаа хүн шүү дээ, түүнээс бүгдийг мэддэгтээ яриад байгаа юм биш ээ. Би энэ тухай твиттертээ бичсэн. Тэр мөрүүдийг бичиж байхад нүдэнд нулимс хурж байсан. Хайрлагдана гэдэг арга биш, заль биш, хайрлагдана гэдэг хүний хайр татам байхыг хэлнэ гэж боддог.
- Та хайрлагдсан эмэгтэй мөн үү?
- Мөн гэж бодож байна. Хайрлагдахгүй байна гэж гонгинохоосоо илүү аав, ээжээс заяасан хүн хайрлам чанаруудаа өнгөлж, хайрлагдах чанаруудыг оршоохын тулд өөртэйгээ ажилладаг учраас надад хайрлагдахгүй байх шалтгаан байхгүй гэж бодож байна.
Эмэгтэй хүн амьдралын олон өнгө даваа шалгуурт хайр татам чанаруудаа гээхгүй байх ёстой юм байна лээ. Хайр татам чанарууд бас нөхцөл байдлаас болоод гээгдчихдэг. Тэр чанаруудаа өөртөө аль болох оршоох ёстой. Оршоохын тулд өөр рүүгээ л очдог байх хэрэгтэй.
Энэ их замбараагүй мэдээллийн дунд энийг ч тэрийг ч шүүрч авч шүүгээд, таван чөлөөгүй бусдын хэргийг хөөсөөр явтал хүн өөрийгөө алдаж, өөрөөсөө асар их холддог. Бусдыг таних гэж, бусдыг шүүх гэж явахын оронд өөрийгөө таних гэж хичээсэн нь дээр. Өөрийн алдаа оноог хувь хүн өөрөө бодитойгоор харж чадсан үеэс л өөрийг нь тойрсон бүх хандлага аандаа өөрчлөгдөөд ирдэг шүү дээ. Хувь хүний зөв өөрчлөлт ухаарал маш олон зүйлийн зангилаа байдаг.
"Бусдыг таних гэж, бусдыг шүүх гэж явахын оронд өөрийгөө таних гэж хичээсэн нь дээр"
- Сонин хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээс болоод таны гэр бүлийн харилцаанд хүндрэл учруулж байгаа талаар та ярьсан байсан. Одоо энэ хүндрэлтэй байдлаас ангижирч чадсан уу?
- Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа хамаа замбараагүй мэдээ чинь зарим нэг хүнийг итгэтэл нь явдаг юм байна шүү дээ. Хариу өгөхөөр худлаа яриад бай гэнэ. Өгөхгүй болохоор үнэн юм байна гэнэ. Нөгөө л олон Анужингуудын нэг нь хүнтэй суугаад, амьдраад яваад л өгсөн. Би энд байж л байна ш дээ. Хүн хүнээ ойлгох боломж хэвлэл мэдээллээс шалтгаалахгүйгээр бидэнд байдаг. Хэвлэл мэдээллийн нөлөөлөл гэж байна аа. Гэхдээ нөлөөллөөс гарах боломж нь ч бас байдаг. Хүн хүнээ ойлгоё л гэвэл боломж нь хүний оюун санаа, бодол сэтгэл дотор мөнхийн л байж байдаг.
- Таныг гэр бүлээ цуцалсан. Нэвтрүүлгээс болж гэр бүлийн зарим зүйлээ золиослох болсон гэдэг.
- Би хэзээ ч нэвтрүүлгээс болж гэр бүлээ золиослох хүн биш. Элдвийн гүтгэлэг хүмүүсийн харилцаанд нөлөөлдөг болохоос түүнээс болж гэр бүлээ цуцална гэвэл маш их өрөөсгөл болно. Энэ нэвтрүүлгээ гэр бүлээ золиослон байж хийсэн гэвэл бүр ч утгагүй зүйл болох байх. Миний итгэл үнэмшил, оюун бодол ялих шалихгүй зүйл дээр хэзээ ч гуйвахгүй.
Салсан уу, салаагүй юу гээд хүмүүс асуудаг. Энэ мэдээлэл олон нийтийн танин мэдэхүйд ямар ч хэрэггүй, мэдлээ ч мэдээгүй ч тэдний юу ч өөрчлөгдөхгүй цэвэр миний хувийн асуудал.
- Далай ламтай удаах ярилцлагаа хийсэн гэсэн. Энэ ярилцлага хэзээ гарах вэ?
- Далай ламын 80 насны ойг тохиолдуулж хийж байгаа. Нэлээн олон удаагийн ярилцлага болох байх. Олон газарт, олон объект дээр хийгдэнэ.
- Далай багш төдийлөн хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Энэ олон удаагийн уулзалт, ярилцлага хийхийг хэрхэн зөвшөөрүүлсэн бэ?
- Бидний хувьд том баг ажиллаж байгаа. Далай ламын талаар баримтат нэвтрүүлэг их ховор байдаг. Маш удаан хугацааны тууштай хүсэлт гаргаж тодорхой нэр бүхий хүмүүс тусалж дэмжиж холбоо барих гүүр болж өгсөн учраас бид ярилцлагаа амжилттай авч байгаа.
- "Монгол тулгатны 100 эрхэм" төсөлд 60 орчим хүн ороод байгаа гэсэн. Тэгэхээр 100 хүргээд зогсох уу?
- Бидний зорилго анх 100 зочныг л бичнэ гэж эхэлсэн. Одоо талдаа ороод явж байна. Энэ нэвтрүүлгийг хийдэг уран бүтээлчдийн хувьд бид хэн нэгэн хувь хүнд өргүй гэж боддог. Харин улс орныхоо бахархалт түүхийг чадлынхаа хэмжээнд бичих үүрэг өөрсдөө хүлээж энэ ашгийн бус нэвтрүүлгийг хийж байгаа. Ийн хичээж явахад, энэ тэрийг орууллаа эсвэл оруулсангүй хэмээн албадаж, шахаж, элдвээр хэлэх нь уран бүтээлийн баг хамт олны хувьд аятай санагддаггүй. Гэхдээ иймэрхүү саар зүйл нь сайнаасаа хавьгүй бага гэдгийг ч бид ойлгодог болохоор урагшилж чаддаг.
- Ашгийн төлөө бус гэж та хэллээ. Анх нэвтрүүлгийг гэр бүлийн тань хүн ивээн тэтгэдэг байсан гэж байсан. Одоо рекламаараа зардлаа нөхөх хэмжээнд хүрч байна уу?
- Манай төсөлтэй Мизү, Лайв Энержи, Пепси, Мобиком, Юнител брэндүүд хамтарч ажиллаж байсан.
Эд нар маань нэвтрүүлэгт шаардлагатай урсгал зардлуудыг ивээн тэтгэж олон сайхан дугааруудыг маань гаргахад тусалсан. Эдгээр компанид хувь хүний болоод уг нэвтрүүлгийг санаачлагчийн зүгээс гүн талархаж явдаг. Цаашдаа эдгээр компани, хувь хүмүүст Монголын олон олон хүн баярлаж талархана гэдэгт би итгэдэг.
Эдийн засаг хямарсантай холбоотойгоор түмний төлөө, хүмүүсийн төлөө ямар ч ашиг олохгүйгээр ажил хийдэг газрууд бас их цөөрсөн юм шиг байна. Тийм учраас бид нар төслөө өөрсдийнхөө нуруун дээр авч яваа. Нэвтрүүлгийн завсраар реклам явдаг. Түүгээр хүмүүс мөнгө олдог гэж боддог шиг байна лээ. Жишээлбэл, уух ус ундааны реклам явдаг . Тэр чинь зочид болоод хөтлөгчдийн ам цангуулахгүй байх дэмжлэг шүү дээ. Зардлаа нөхөж байсан түүх байхгүй ээ. Бидний уран бүтээл ард түмэндээ хүрч, хүмүүсийн бодож ухаарах, уярч хайрлах шалтгааны нэг болж байдагт бид баяртай байгаа. Энэ бол сайхан зүйл. Нөгөө талдаа бид улс эх орноосоо мөнгө авчихаад эсвэл ашиг хүртчихээд энэ төслийг хийгээд байгаа биш шүү дээ. Ашгийн төлөө бус ингэж нойр хоол, цаг нарыг умартан явна гэдэг бол их л өөр сэтгэлийг өөртөө агуулж байж хийх зүйл л дээ.
"Хүний сайн сайхныг харж чаддаг байна гэдэг чинь өөрт тийм чанар байж л танина гэсэн үг шүү дээ"
- Мөнгө, санхүүгийн ашиг байсангүй гэж байна. Гэхдээ хувь хүний хөгжлийн хувьд, нэр хүндийн хувьд гээд хувь хүнд буух мөнгөн бус ашиг тус мэдээж байсан байлгүй дээ.
- Хүний хувьд өсч тэлсэн зүйл байлгүй яах вэ. Нэг сайхан хүнтэй хором ярихад хүн өөртөө маш их зүйлийг тусгаж тунгааж авдаг. Энэ талаасаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
Нөгөө талаасаа бид мэргэжил эзэмших гээд их сургуульд дөрвөн жил сурдаг биз дээ. Миний хувьд телевизийн сэтгүүл зүйн салбарт ороод яг дөрвөн жил болж байна. Нэг их сургууль төгсөх дайны хэмжээнд практик дээр ажиллалаа. Ингэж бодвол би өөрийн эзэмшсэн мэргэжлээс гадна цоо шинэ салбарын тухай мэдлэг баримжаатай болсон, энэ том ололт биш гэж үү. Цаг наргүй телевизийн салбарт ажиллах энэ хугацаандаа би камер түүний линзийг амьд мэт мэдэрч чадсан.
Сонин мэдрэмж.
- Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа тантай нэвтрүүлэг бүтэх үеэр "хонь, чоно" мэт тэрсэлдэж, бие биенийгээ сөрдөг тухай ярьж байсан. Одоо ч энэ хэвээрээ юу?
- Хэвээрээ. Энэ тухай Баатар найруулагч эсвэл би ярихаасаа илүү манай уран бүтээлийн багийнхан ярьсан нь сонирхолтой байж мэдэх юм. Зуун нэвтрүүлгийн дараа уран бүтээлчид баг хамт олноос маань яриа авбал бас л их түүх өгүүлэх байх даа. Найруулагч болоод хөтлөгчдийн хувьд уран бүтээл маань үзэл санаа, чадвар, хурд, мэдрэмжийн маш том талбар.
Найруулагчтайгаа үзэлцээд байдаг гэдэг дээр би нэг тайлбар хэлмээр байна. Тайзны хойно хувь хүмүүсээрээ тас зөрөлдөх үе байдаг ч яг ажлын талбар дээр найруулагчаа хүндэтгэж сонсдог. Энэ бол тогтсон мөн мөрдөх ёстой журам. Найруулагчтай ажиллах дэг жаягийг сайн сурсан шүү.
- Нэвтрүүлгээрээ уулзах гэж байгаа хүнээ та хэр хугацаанд судалдаг вэ?
- Судална гэдэг үгийг бодууштай санагддаг. Мэдээлэл цуглуулах ажлыг судлахтай хутгаж болохгүй. Зочинтойгоо холбоотой баримжаатай мэдээллүүд дээр бид сайн ажилладаг. Хэдийгээр гарт тархинд мэдээлэл байх ч яг зочинтойгоо ярилцаж эхлэх үеэс мэдрэмж гэж зүйл ажиллаж эхэлдэг. Нүүр тулан уулзахад өмнө авсан мэдээлэл эргэлзээтэй болох тохиолдол ч бас байдаг. Тийм учраас л хүнээ судалдаг энэ тэр гэх том үгнээс зугтаад байгаа хэрэг. Ер нь хувь хүн өөрийнхөө сав хэмжээ, багтаамжаар аливааг таньдаг, хүнийг ч мөн адил. Хүний сайн сайхныг харж чаддаг байна гэдэг чинь өөрт тийм чанар байж л танина гэсэн үг шүү дээ. Өөрт хэзээ ч байхгүй мэдэхгүй юмыг яаж ч таних билээ дээ.
- “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дуусахаар хийхээр төлөвлөсөн ажил мэдээж бий байх. Үүнээсээ хуваалцахгүй юу?
- Надад хийе гэж бодож байгаа нэлээн хэдэн ажил байна. Сайн сайхан гэрэл гэгээтэй ажлуудаа бодохоор сэтгэл гийгээд сайхан байдаг.
- Эх хувилбараас тань өөр олон Анужинг та “үдсэн” тухай дээр ярьж байсан. Энэ хүртлээ тайтгарах гэж их урт замыг туулсан байх гэж бодож байна.
- Эх хувилбар нь энэ гэдгээ мэдэж тайвшрах хүртлээ элдвийн замыг туулна, төөрнө хүн чинь. Хүний аманд орчихсон Анужинг тайлбарлах гээд л. Тэр чинь би биш ш дээ гэж өөрийгөө өмөөрч нэг өмгөнөж нэг үзээд л. Шархалж нэг үзээд л. Тэгж байгаад нэг л өдөр шал хэрэггүй зүйлд шаналж ач холбогдол өгч байгаагаа хардаг. Хүмүүсийн хэлэх ярихтай биш өөртэйгөө ажиллаж, өөрийгөө боловсруулах ухаан сэхээ орсон цагт хүн жинхэнэ өөрийгөө олж хардаг.
Бидний чанар чансааг сорих гэж олон сорилт амьдралд ирдэг. Сорилтоос гадна энэ амьдралд хүн болж төрсний үүрэг хариуцлага, утга учир, хийж гүйцэтгэх ёстой ажил гэж байдаг. Түүнийгээ зөв таньж мэдсэн хүн их азтай. Өөрийн хийх ёстой зүйлийнхээ төлөө шантрахгүй байна гэдэг их чухал чанар гэж боддог. Сорилт давааг туулж, хийх ёстойгоо хийж явахдаа би үзлийг л томруулахгүй байхын тухайд өндөр сонор сэрэмжтэй баймаар юм байна лээ.
"Би үзлийг л томруулахгүй байхын тухайд өндөр сонор сэрэмжтэй баймаар юм байна лээ"
- Би үзлийн талаар арай дэлгэрүүлэхгүй юу?
- Магтаал зэмлэлийн алинд ч намайг гэж бодохгүй байх чухал. Зүгээр л болж буй үйл явдлууд шүү дээ.
Намайг ингээд байхдаа яах вэ дээ. Би тэгээгүй байхгүй юу. Би, би гээд бодоод байхаар аливаа зүйл улам л хэцүү болоод байдаг. Би гээд байгаагаа гадны хүн шиг нэг удаа хараад үзэхэд их зүйл тайвширдаг.
- Би үзлээ дэвэргэхгүй, өөрийн оюун санаа руугаа нэвтрэх, өөрийгөө таних тал дээр бид түлхүү анхаарч, сэтгэл тавих ёстой талаар өнөөдрийн таны ярианаас илүүтэй онцгой санагдлаа. Бид бусдыг л арай илүү их ярихад анхаардаг болжээ.
- Тийм ээ. Хүн болсны гол хэрэг бол өөрийгөө бүрэн танихыг хэлэх байх. Өөрийгөө бүрэн танина гэдэг бол ийм, тийм зүйлд дуртай, дургүйгээ мэдэхийг хэлж байгаа юм биш шүү дээ.
Одоо, ирээдүй, өнгөрсөн цаг дээр өөрийгөө үнэн таньж мэднэ гэдэг бол Хүн байхын утга учир гэж боддог.
Өнөөдөр хоёулаа ярилцаад та ямар Анужинг аваад явж байгааг би мэдэхгүй. Уншиж байгаа хүмүүс ч ямар Анужингуудыг өөртөө буй болгож зурахыг би бас мэдэхгүй.
"Одоо, ирээдүй, өнгөрсөн цаг дээр өөрийгөө үнэн таньж мэднэ гэдэг бол Хүн байхын утга учир гэж боддог"
Тийм учраас ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд хүнтэй уулзсан нь үнэн бол их үнэн гэдгийг хэлмээр байна. Уулзаад хараад мэдэрч ярилцсан тэр бол эх хувилбар. Бусад нь бол хэн нэгний яриа хэл, бичвэр таамаг дээр үндэслэн таны бүтээсэн л дүр.
Монголчууд буян бүрдэж байж уулзах улс уулзах цаг, учрах газраа таардаг гэж ярьдаг. Энэ үгийн учир нь энэ. Хаа хамаагүй явж суудаг, хаа хамаагүй ярьж бурдаг, хаа хамаагүй идэж уудгаа сайхан гүндүүгүй гэж андуурч болохгүй. Байх газраа мэддэг байх их чухал санагддаг.
Чамайг зовоодог, чамд таардаггүй, чамайг ойлгодоггүй газар байх ял зэм хэнээс ч бид аваагүй. Өөрийг тань хайрлаж хүндэтгэдэг, өөрөөрөө амьдрах бодох сэтгэх боломжтой тийм газраа амьдрах эрх хүн бүрт бий. Хүний оршихуй өөрөө үнэ цэнэтэй байх ёстой.
- Ийм эрх, боломж хүн бүрт бий гэж үү?
- Энэ эрх манай орны хувьд, нийгмийн гэхээсээ голдуу хүний өөрийнх нь үйлийн үр, хүсэл зориг бас сонголтоос шалтгаалдаг. Эх орон маань бидэнд хангалттай эрх чөлөөг өгч байна шүү дээ.
Хүний оюун санаа гэдэг бол юугаар ч хязгаарлагддаггүй зүйл. Оюун бодолтойгоо ойр байж, оюун санааны ертөнцөө томруулаад ирэхээр оюун санааг ахуй дагадаг. Үүнд би итгэдэг. Тэгээд ч энэ зуун бол оюун мандлын зуун. Ийм ч хэцүү тийм ч худлаа гээд оюун санаагаа тэр түвшиндээ барьж боймлоод байвал юу ч өөрчлөгдөхгүй. Оюун санаагаа ахуйгаасаа дээр тавих сэтгэлийн тэнхээ бидэнд чухал.
"Оюун бодолтойгоо ойр байж, оюун санааны ертөнцөө томруулаад ирэхээр оюун санааг ахуй дагадаг" П.АНУЖИН