Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
2025 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг ЭНДЭЭС үзнэ үү.
ОРОН НУТГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
- Говийн оюу хөгжлийг дэмжих сан
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) нь 2015 онд “Оюу толгой” компани, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнес хөгжил, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлээр тогтвортой хөгжилд чиглэсэн 550 гаруй олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
“Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн санхүүжилтийг тус санд олгож ирсэн бөгөөд 2015–2025 оны хооронд нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хугацаанд тус сангийн санхүүжилтээр Ханбогд сумыг хот болон хөгжих дэд бүтэцтэй, Өмнөговь аймгийг нийгэм-эдийн засгийн өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлэгчдийн нэг болох төсөл хөтөлбөр тууштай хэрэгжүүлээд байна. Давхардсан тоогоор нийт 840,000 гаруй хүн эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Үүнд бичил зээл авч бизнесээ өргөжүүлсэн иргэд, тэтгэлэг хүртсэн оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид, шинээр ажлын байртай болсон иргэд болон малчин өрхүүд багтаж байна. ГОХДС-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Говийн оюу хөгжлийн дэмжих сан холбоосоос авна уу.
- Ханбогд сумын “Гурван талт зөвлөл”
Гурван талт зөвлөл нь 2015 онд байгуулагдсан ба Эрх зүйн нийцэл, хяналт, зөвлөгөө, Омбудсмэний газрын1 дэмжлэгтэйгээр маргааныг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд байгуулсан тэнцвэртэй төлөөллийн бүтэцтэй байгууллага бөгөөд орон нутгийн захиргаа, малчдын төлөөлөл, “Оюу толгой” компани тус бүрээс ижил тооны гишүүдээс бүрддэг.
Гурван талт зөвлөлийн оролцогч талууд 2017 онд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээг байгуулсан. Гэрээний хүрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн гол зэрэг 6 дэд сэдвийн хүрээнд нийт 64 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг “Оюу толгой” компани бүрэн хариуцахаар заасан. Уг ажлуудыг бүрэн хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болсонд тооцох нөхцөлийг талууд харилцан тохиролцсон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Гурван талт зөвлөл холбоосоос авна уу.
- “Оюу толгой” компани Ханбогд сумын Засаг даргын тамгын газар болон сумын нийт малчин өрхүүдийг хамруулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоотой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах, ингэний сүү бэлтгэх, үнэжийг нэмэгдүүлэх, хонины ноосон бордоо бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрээс хамгийн эхний төсөл болох “Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах” төсөлд “Оюу толгой” компани 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/MOzUI.
- “Оюу толгой” компани, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” хамтран Говийн бүсийн хөгжлийн талаарх хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан батламжлав. Санамж бичгийн хүрээнд Говийн бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн төвүүдийг кластер байдлаар хөгжүүлэх урт хугацааны бодлого боловсруулж, Ханбогд сумыг бүс нутгийн эдийн засгийн төв болгон төлөвлөн хөгжүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ, мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, жишиг хоршоодын сайн туршлагыг бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх замаар орон нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн бүс нутгийн хүн амын ундны болон ахуйн усны чанар, газрын доорх усны нөөцийн судалгааг үе шаттайгаар зохион байгуулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/cJVJU.
- “Оюу толгой” компани Австралийн Квинсландын их сургуулийн дэргэдэх Уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай орон нутгийн харилцааны тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд уул уурхайн салбарын 80 гаруй мэргэжилтэн Квинсландын их сургуулийн “Орон нутгийн харилцаа ба нийгмийн гүйцэтгэлийн үндэс” хөтөлбөрийг амжилттай дүүргэж, батламжаа гардан авлаа. Тус төсөл нь уул уурхайн компаниуд болон оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, хариуцлагатай орон нутгийн харилцааг төлөвшүүлэх, харилцан ойлголцол ба хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/bmt4h.
- “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо болон Манлай сумдад Нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр үйл ажиллагаа, байгаль орчны гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, сургалт болон ажил эрхлэх боломжийн талаарх хамгийн сүүлийн мэдээллийг өглөө. Нээлттэй өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/vNpAu.
БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛД ХИЙСЭН АЖЛУУДААС
- “Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС) 2025-2026 оны хичээлийн жилд “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 133 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа. ГОХДС нь 2016 оноос хойш 10 дахь жилдээ уг тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 763 оюутанд 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Тэтгэлэг хүртэгчид нь Өмнөговь аймагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутан залуус бөгөөд нийт төгсөгчдийн 85 хувь нь орон нутагтаа эргэн очиж мэргэжлээрээ ажиллан Өмнөговь аймгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна. “Говийн оюу” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/n5W7E.
- “Оюу толгой” компанийн санхүүжилтээр 6 дахь жилдээ хэрэгжиж буй “Гэрэлт” төсөл нь өсвөр үеийнхний сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой. 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар ерөнхий боловсролын сургуулиуд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид “Гэрэлт” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 6 жилийн хугацаанд 25 сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “ногоон өрөө”-г байгуулж 56,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийг сэтгэл зүйн болон нөхөн үржихүйн зөвлөгөө, сургалтад хамруулаад байна. “Оюу толгой” компани өсвөр үеийнхний ирээдүйг илүү гэгээлэг болгоход бодит хувь нэмэр оруулан “Гэрэлт” төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. “Гэрэлт” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/evpgJ
- “Оюу толгой” компани 2025 оны Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрт шалгарсан залуу мэргэжилтнүүдэд ажлын саналыг нь хүлээлгэн өглөө. Энэ жилийн хөтөлбөрт нийт 900 гаруй шинэ төгсөгчид материалаа ирүүлснээс 18 чиглэлээр 28 төгсөгчийг сонгон шалгаруулсан юм. Шинэхэн төгсөгчид маань хоёр жилийн турш мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ сонирхсон баг, хэлтэстээ ажиллаж, туршлагатай мэргэжилтнүүд, ментор, коүчүүдээс зөвлөгөө аван, ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болж байгаа юм. Бид 2011 оноос хойш нийт 261 төгсөгчийг тус хөтөлбөрт хамруулан, ажлын гараагаа Оюу толгойгоос эхлүүлэх боломжийг олголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/ncyGk.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛД ХИЙСЭН АЖЛУУДААС
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 20.5 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Бид 2025 оны гуравдугаар улиралд хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд газрын нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ. “Оюу толгой” компани 2027 он гэхэд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон бүх талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/pZb2a.
- “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2025 онд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, олон талт оролцоотойгоор тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, бодит шийдлүүдийг эрэлхийлсэн юм.
Хурлын гол зорилго нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх явдал байв.
“Оюу толгой” компани COP17 олон улсын чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://shorturl.at/W6zYm.
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
- “Оюу толгой” компани хиймэл оюуныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлснээр дэвшилтэт технологийн тусламжтай гэнэтийн зогсолтоос сэргийлж байна. Мөн уурхайн үйл ажиллагаандаа цахилгаан технологийг үе шаттайгаар нэвтрүүлэн 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилго тавиад байна. Хиймэл оюун болон цахилгаан технологийн шийдлүүд нь үйлдвэрлэлийн бүтээмж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлж байгаа юм. Эдгээр санаачилга нь Монголд төдийгүй “Рио Тинто” группийн хэмжээнд анх удаа хэрэгжиж буй төслүүд юм.
- “Smart Plant” буюу хиймэл оюунд суурилсан технологи
Бид 2023 оноос хиймэл оюунд суурилсан “Smart Plant” системийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн төлөв байдлыг хянах, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлэх, гэнэтийн зогсолтоос сэргийлэхэд ашиглаж байна. Сүүлийн хоёр жилд системийн хөгжүүлэлтийг эрчимжүүлснээр энэ оноос эхлэн үйлдвэрлэлийн түвшинд бүрэн нэвтрүүлээд байна. Одоогоор 29 чухал тоног төхөөрөмжид системийг суурилуулсан бөгөөд нийт 12 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий гэнэтийн зогсолтоос сэргийлж чадлаа.
“Smart Plant” систем нь гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилуулсан 5,000 гаруй мэдрэгчийн өгөгдөлд тулгуурлан машин сургалтын алгоритмаар (machine learning) доголдлыг урьдчилан илрүүлж байна. Цаашид 2600 гаруй мэдрэгч шинээр суурилуулах юм.
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлууд
Бид батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машиныг уурхайдаа туршиж байна. Батарей солих технологи нь батарейт цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнэглэх шаардлагагүйгээр богино хугацаанд бүрэн цэнэгтэй батарейгаар солих шийдэл юм. 91 тонны даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих, цэнэглэх станц энэ төслийн хүрээнд ашиглагдана. Эдгээр өөрөө буулгагчийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэгт ашиглаж байна. Мөн гүний уурхайн үйл ажиллагаанд батарейгаар ажилладаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр дуу чимээ, доргилт, дизелийн ялгарлыг бууруулж, ажиллах орчныг сайжруулж байна.
Оюу толгой уурхайн бүрэн хүчин чадалдаа хүрэх үед өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэс нийлүүлж, дэлхий нийтийн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 байснаар бид гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 200,000 хүн/цаг тутамд 0.23-аас доош түвшинд барих зорилтоо биелүүллээ.
- Нийт ажилтнуудын 97.5 хувь нь монголчууд бөгөөд 24.1 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна.
- 2025 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өсөлт нь энэ оны хоёрдугаар хагаст эрчимжсэн хэвээр байна.
- Гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур болон баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд хийсэн Тавдугаар бөмбөлөгт тээрмийн барилгын ажил амжилттай дуусч, Улсын комисст хүлээлгэн өглөө. Эдгээр байгууламж нь уурхайн үйл ажиллагааны чухал хэсгүүд бөгөөд Хоёрдугаар анхдагч бутлуур нь гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх сүүлийн гол дэд бүтэц юм.
- 9 дүгээр сард 41 багийн нийт 958 хүн ажилласан баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт зогсолт буюу их засварын ажил хийгдсэн ч гуравдугаар улиралд зэсийн үйлдвэрлэлийн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, нэхүү засварыг 10 дугаар сард хийхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд орсон өөрчлөлттэй холбоотой 9 дүгээр сард хийсэн юм.
- Гүний уурхайн Панел 2 хойд хэсгийн анхны хүдэр олборлох юүлүүрийг 8 дугаар сард буюу төлөвлөгөөт хугацаанаас 9 сараар өмнө амжилттай тэсэллээ.
- Энэ оны 11 дүгээр сард “Oюу толгой” компани нь 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөгөө холбогдох байгууллагад илгээх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Онтрэ” компанийн эзэмшилд буй тусгай лицензийг шилжүүлэх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа тул энэхүү төлөвлөгөөнд хамтарсан лицензийн талбайг багтаалгүйгээр боловсруулж байна.
Хэрэв лиценз тухайн хугацаанд шилжихгүй бол Oюу толгойн 2026 оны Уулын ажлын төлөвлөгөөнд Панель 1 багтахгүй болно. Түүнчлэн Панель 2-ын Өмнөд хэсгийг Панель 1-ээс урьтаж олборлох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн Техник эдийн засгийн үндэслэл-23 (ТЭЗҮ23)-д тусгагдсан малталт, нэвтрэлт, олборлолтын дараалалтай зөрчилдөх тул лицензүүд хожим шилжсэн тохиолдолд уурхайн олборлолтын дарааллыг дахин төлөвлөж, шинэчлэх шаардлагатай. Ингэснээр шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүй байна.
Тиймээс лиценз шилжүүлэх шийдвэр нь цаашид удааширвал Панель 1-ийн бүтээн байгуулалтыг сэргээн үргэлжлүүлэх хугацаа, санхүү болон үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
График. Үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл, үзүүлэлтүүд
1 Эрх зүйн хяналт, зөвлөгөө, Омбудсмэний газар (ЭЗХЗОГ) нь Дэлхийн банкны группийн харьяа Олон Улсын Санхүүгийн корпораци (OУСК) болон Даатгалын олон талт үйлчилгээний агентлаг (ДОТҮА)-ийн үйл ажиллагаанд чиглэсэн хараат бус хариуцлагын механизм юм. ЭЗХЗОГ нь Дэлхийн Банкны группийн ерөнхийлөгчид шууд тайлагнах бөгөөд ОУСК, ДОТҮА-ийн санхүүжилттэй төслийн нөлөөнд өртсөн иргэдийн гомдлыг бодитой, шударга, үр дүнтэй шийдэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар тэдгээр төслийн нийгмийн ба байгаль орчны үр нөлөөг сайжруулах чиг үүрэгтэй байгууллага болно.