Хотын захад, 300 орчим м.кв жижигхэн талбай дотор нийгэмд тулгамдаад байсан асуудлыг их төсөв мөнгө гаргалгүйгээр энгийнээр шийдэж чадсан Сонгинохайрхан дүүргийн "Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв"-ийн сайн жишгийг танилцуулж байна.
Уг төв нь эрэгтэйчүүдэд чиглэсэн хөгжлийн сургалт, сэтгэлзүйчийн үйлчилгээнээс гадна дараах чиглэлүүдээр иргэдийг үнэ төлбөргүй сургадаг юм.
25 мэргэжлийн сургагч багштайгаар үнэ төлбөргүй сургалт орж, 32 үйлдвэр эрхлэгчдийн 80 гаруй бүтээгдэхүүнийг байршуулж өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байгаа аж.
Өмнө нь архины хамааралтай хүмүүсийг архинаас гаргах төвүүд их байсан ч буцаад энгийн амьдралд хөл тавихад нь туслах газар ховор байжээ.
Ид залуу насаа архи уугаад өнгөрөөчихсөн хүмүүс ажил хийх гэхээр нас нь хөгшдөж, эзэмшсэн мэргэжлийнх нь ур чадварууд хоцрогдчихсон байдаг нь буцаад амьдралд хөл алдах шалтгаан болдог аж.
Харин эрэгтэйчүүдийн хөгжил рүү чиглэсэн ийм төрлийн төв нээгдсэн нь өнөөх дутагдаад байсан бодлогыг нөхөж байгаа жишиг болсон байна.
Тус төвийн дарга Я.Баттулга анх төвийнхөө “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэсэн нэрийг авахад “Эрэгтэйчүүдийн төв” гэж бүртгүүлсэн 500 гаруй газар байсан ч яг ХӨГЖИЛ рүү нь чиглэсэн газар нэг ч байхгүй байсан талаараа дурсав.
Түүний хувьд гэр бүлийн хүнтэйгээ хамтран эсгий, гар урлалын чиглэлээр олон хүн сургаж байсан туршлагатай бөгөөд шавь нарынхаа бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулж, ээлж ээлжээр нь гадаад үзэсгэлэн худалдаанд авч явдаг байжээ. Уг үйл ажиллагааг нь одоогийн Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд дэмжин анх “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг Толгойтод байгуулж байсан түүхтэй аж.
Түүний дараагаар эрэгтэйчүүд рүү чиглэсэн хөгжлийн бодлого дутмаг байгааг анзаарч “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг нээсэн байна.
Уг төв дээр хүмүүсийг сургаад л орхичхолгүй байнгын эргэх харилцаатай байж 3-6 сарын хугацаанд ажлын байр, тоног төхөөрөмжөөр дэмжиж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах, үзэсгэлэн худалдаа зэрэгт оролцох боломжийг олгон бизнесээ бойжуулахад нь тусалдаг аж.
Төвийн санхүүжилт нүсэр биш байгаа нь тус төвийн даргын хэлснээр аливаа ажил сэтгэл, хариуцлага л байвал урагшилж болдог, том бодлого хэрэггүй гэдгийг харуулж байлаа.
Их зардал гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулах энгийн шийдлийн тухайд:
🏢
Байрны түрээс:
Дүүргийн иргэдийг чадавхжуулан ажлын байртай болгож байгаа хариуд нь Сонгинохайрхан дүүргийн зүгээс төвийн түрээсийн асуудлыг шийдэж өгдөг.
👨🏫
Сургагч багш нарын цалин:
Юм хийх чадвартай ч гэсэн тоног төхөөрөмжгүй хүмүүсийг ажлын байраар хангаад хариуд нь чаддаг зүйлийг нь иргэдэд заалгуулах нөхцөлтэйгөөр багш нарын цалинг шийддэг.
Зориулалтын сургалтын өрөөнүүдээс бусад сургалтаа том зааландаа самбар, ширээ сандлаа дэлгээд л хийчихдэг нь их зардал шаардагдахгүй энгийн шийдэл болжээ.
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн дарга Я.Баттулга “Төр өөрөө 200, 300 сая төгрөгөөр хөгжлийн төв босгох гээд дайраад байхын оронд зөв ажиллаж байгаа төрийн бус байгууллага, компанийг дэмжихэд л тухайн ажлаа сайн мэдэж байгаа хүмүүс цааш хөгжүүлээд явчихна.
Улсаас хөгжлийн төв гээд 2, 3 давхар байрыг нь бэлдээд өгчихсөн ч зориулалтын бусаар түрээслүүлэн төрийн ажлыг нурааж буй жишээ олон байна. 1,000 мкв талбайд засгаас цалин аваад сууж байгаа арван хэдэн хүнтэй, их төсөвтэй ч хийсэн юм байхгүй...
Манай заал шиг том талбайд даргынх нь өрөө байх жишээтэй. Хүнд сэтгэл байвал юуг ч хийж болно. Сэтгэл л дутаад байна. Манай төвийн тухайд сургалтын хэдхэн өрөөнөөс бусдаар олон тусдаа өрөөнд сууж нүсэр болоод байх шаардлага байдаггүй. Хүүхдүүд хүртэл энэ сул талбайд ирээд урлагийн үзлэгийн бэлтгэл, хичээлийн давтлага зэргээ хийдэг” гэв.
Толгойтод байдаг “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” болон уг төв хоёроос санаа авч Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Дархан зэрэг аймагт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөгжлийн төвүүд салбарлан байгуулагджээ. Хөдөө орон нутаг ч мөн адил их төсөв гаргалгүйгээр хуучин цэцэрлэгийнхээ барилгыг хөгжлийн төв болгон ашиглаж байгаа жишээг тэрбээр дурдаж байв.
“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн бүтээлүүд:
“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн дарга Я.Баттулга “Дүүрэг, хороогоор манай төвийн үйл ажиллагааг хэрэгтэй хүмүүст нь сурталчилж өгдөг.
Хорих ангиас суллагдаад манай дээр юм сурах гэж ирсэн хүмүүс өмнө нь алдсан учраас маш их ухаан суусан, амьдралд тэмцэлтэй болсон байдаг. Чадваржсаныхаа дараагаар өөрийгөө хөгжүүлээд халамж, үйлчилгээнээс зээл аваад цех, засварын газартай болсон хүмүүс ч байна.
Өрх толгойлсон аав нар ч их ирдэг. Уулын мод урттай богинотой гэдэг шиг ядарч зүдэрсэн эрэгтэйчүүд ч байна. Архи уугаад хөгжлийн бэрхшээлтэй нөхөр, үр хүүхдээ дарамтлаад байдаг эмэгтэй хүртэл байдаг юм байна. Хороо, цагдаатайгаа нийлээд тухайн хүнийхээ нийгмийн асуудлыг шийдээд явдаг.
Жендэр ярихаар эмэгтэйчүүд л хохироод байна гэдэг. Эрчүүдээ бас зөв чиглүүлээд явчих хэрэгтэй байна” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Монгол аав нарын хөдөлмөр эрхлэлт гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа талаар “Эрчүүд ар гэрээ тэжээхийн тулд торгуулийн суманд явж байгаа юм шиг л уул уурхай, хүнд механизм бариад л явж байна. Түүнээс нь үүдэж гэр бүл салах тохиолдлууд ч бий.
Өмнө нь үр хүүхдээ эцэг эх хоёр хамтдаа өсгөдөг байсан. Эрэгтэй хүүхдэд аавын үг, ухаан хэрэгтэй байдаг. Гэтэл одоо аавууд гэр бүлээ тэжээж их мөнгө олох гээд уул уурхай, гадаад руу явж ажилладаг болсон. Амьдралаасаа тасраад үр хүүхдээ эхнэртээ даатгаад явдаг.
Аавын хүмүүжил үр хүүхдэд нь дутагдаад эхэлж байгаа юм. Өндөр боловсрол чухал биш, төлөвшсөн эр хүн байх л чухал. Хэдий боловсролгүй ч гэсэн тэр гэрт аав нэг үгээр л бүгдийг зохицуулдаг, чиглүүлээд зөв аваад явчихдаг байх хэрэгтэй.
Аав хүнд хоёр хүний цалин хийх шаардлага тулгардаг нь өндөр цалин хөөж гэр бүлээсээ хол байхад хүргэж байна. Манай улсын цалин амьдралд нь хүрэлцээтэй байдаг бол заавал хүний нутаг руу явж эсвэл уул уурхай дээр очиж гэр бүлээсээ хол байх шаардлагагүй. Энэ нөхцөл нь бүрдэхгүй байна шүү дээ.
Юм хийж бүтээе, үйлдвэрлэе гэхээр манайд улс юм хийж бүтээж байгаа хүнд маш халтай тогтолцоотой байна. Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжээд үйлдвэрлэл хөгжөөд эхэлбэл гэр бүлд тулгарч байгаа асуудлаас эхлээд олон асуудал шийдэгдэнэ шүү дээ. Монголд үйлдвэрлэл хөгжвөл Эрээний нэг хэсэг зах зээл нь хаагдана.
Хятадад нэг монгол эмэгтэй Өвөрмонгол залуутай муудалцаж байна. Өнөө Өвөрмонгол залуу нь “Чи ямар их хятад хүнийг үзэж ядаж байна аа? Тийм юм бол чи наад өмссөн байгаа хятад гэсэн бүх юм аа тайлаад шид” гэсэн… Үнэн нь энэ шүү дээ…” гэв.
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр хүмүүс өөрөө юм суръя гээд ирэх нь ховор байдаг аж. Бэлэн ажлын байран дээр сургаад авъя гэхэд хүмүүс ирэхгүй байгаа шалтгааныг тус төвийн дарга Я.Баттулга "Хоёрын хооронд бэлэнчлэх сэтгэлгээнээс болж хүмүүс их залхуу болсон байна. Хүн хөдлөхгүй, ажил хийхгүй болоод ирэхээр зовлогоо хайрлаад л амьдралын зорилгогүй болоод байдаг. Илүүг хийж бүтээхээс айн хавчганаж хэвтсээр байгаад л амьдралыг барж байх шиг байна" хэмээн тайлбарласан юм.
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв Солонгосын санхүүжилтээр өөрсдийн гэсэн “Mongol lux” гэсэн брэндтэй болж байгаа аж. Уг санхүүжилтээр үйлдвэрлэлдээ хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн бөгөөд цаашид уг төвөөр дамжиж гарсан бүх бүтээгдэхүүн энэ брэндээр нэрлэгдэх юм байна.