Рио Тинто Монгол компани өнгөрсөн оны сүүлээс хойш Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний Соёлын Амралтын Хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ.
Хотын иргэдэд тав тухтай амарч зугаалах орчин бүрдүүлсэн нээлттэй парк Английн Биркенхэд хотод 1847 анх байгуулагдаж байжээ. Энэ паркийг дуурайн бидний мэдэх Нью-Йоркийн Цэнтрал парк 1858 онд үүд хаалгаа нээн дэлхий даяар олон нийтийн орон зай гэх ойлголт бий болж цэцэрлэгт хүрээлэнгүүд үүсэж байжээ. Өдгөө дэлхий даяар олон мянган цэцэрлэгт хүрээлэн бий болж, тухайн хотын иргэдийн амьдралын чанар, хөгжил дэвшлийг тодорхойлох чухал хүчин зүйл болсон байдаг.
Олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурах, сэтгэл санаа тайван байх, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэх, нийгмийн хүчин зүйлс талаас соёлыг дэмжиж, нийгмийн ялгаатай байдал буурч, нэгдмэл байдлыг дэмждэг байна.
Улаанбаатар хотын хувьд энэхүү нийтийн орон зай нь дутагдалтай бөгөөд нэмэх хэрэгцээ шаардлагатайг ШУТИС-ийн мэргэжилтнүүдийн 2022 хийсэн “Олон нийтийн орон зайн хүрэлцээ ба шаардлага: Хот байгуулалт, архитектур, орон зайн ашиглалт” судалгаанд дурджээ.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэл хотод олон нийтийн маш том ногоон орон зай бий болох бөгөөд иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, агаар орчны бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой.
Доорх усан будган дээрх зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр паркийг бий болгоход нэг зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид багадаа 4 жил, нийт 10 орчим жил хүлээх юм. Учир нь тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, модыг шинээр тарьж ургуулах, усалгааны системийг бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн болгож урт удаан хугацаанд нийслэлийн зүрхэн хэсэгт оршооход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.
Та яг одоо паркийн төслийн үндсэн концепцийг илэрхийлсэн зураглалыг харж байна. Зурагт харагдаж буйгаар цэцэрлэгт хүрээлэнгийн 80 хувь нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай болон дасгал хөдөлгөөн хийх орчин байх юм. Мөн автомашины зогсоолгүй гэдгээрээ онцлогтой бөгөөд олон нийтээс ирсэн саналын дагуу их хотын дуу чимээнээс хол, агаарын бохирдол багатай, хүүхдүүдэд аюулгүй шийдэл юм.
Мөн энэхүү ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн онцлох 5 элементийг үргэлжлүүлэн танилцуулъя.
Заримдаа танд их хотын чимээ шуугиан, стрессээс түр ч болов холдож, хөдөө явмаар, салхинд гармаар санагддаг уу. Ажил, гэртэй ойрхон, эсвэл дамжаад л өнгөрчхөж болох газар нов ногоон байгууламж, амьд цэцэрлэгтэй болбол ямар гоё вэ гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж л байсан байх. Яг энэ хэрэгцээг хангах зорилгоор төслийн баг хотын төвд олон төрлийн ургамал, байгалийн олон янз байдлыг харуулах ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Иргэдэд байгалийг илүү ойроос мэдрүүлэх, хүүхэд залуучуудад байгалийг танин мэдэх боломж олгох нь Ботаникийн цэцэрлэг байгуулах гол шалтгаан.
Энэхүү ногоон хүрээлэн нийслэлийн төв хэсэгт оршиж буй гэдэг утгаараа ойролцоох оффисын ажилтнууд, Энхтайван, Олимпын гүүрээр зорчигчид, орон сууцны хороололд амьдардаг иргэд, паркийг зорин ирэгсэд гээд хэн бүхний зорчих, дайран өнгөрөх боломжтой гол цэг байна. Тиймээс алхахад таатай мэдрэмж төрүүлэх зам, талбай, байгалийн үзэмж төгс хосолсон цэцэрлэгт хүрээлэн болгох нь чухал гэж үзсэнийг дараах зургуудаас харж болно.
Хүмүүс байгаа тэр газар л олон нийтийн орон зай бий болно. Улаанбаатарын зуны орой урт хэрнээ гайхалтай. Тийм л зуны оройг, хаврын намуухан үдшийг, намрын шаргал өдрүүдийг гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх, эсвэл зүгээр л нийслэлийн иргэдийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, кино үзвэр, ковер дууны өдөрлөг зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, түүнд оролцох боломжийг энэхүү задгай театрын орон зайгаар олгохоор зураглажээ.
Задгай театрт хүмүүс хоорондын харилцааг илүү ойр, дулаан болгох үйл ажиллагаанууд болно. Энэ хэсэг нь газрын хөрсийг налуулж, байгалийн өөрийнх нь өгөгдөл буюу бүрэн ногоон байгууламжаар хийгдэх бөгөөд төмөр, хуванцар зэрэг бусад материалыг ашиглахгүй гэдгээрээ онцлогтой.
Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн дэх үйлчилгээнүүдийг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, салхи шороо, хүчтэй аадар борооны үед хүрээлэнгээр зорчигчдыг түр хорогдуулах “хамгаалалт” гэж хэлж болохуйц уулзвар цэгийг байгуулах нь чухал ажээ. Энэхүү олон зориулалттай талбай нь байгальд ээлтэй шийдлээр буюу нарны хавтангаас эрчим хүчээ авч өөрийгөө гэрэлтүүлэхээс гадна цахилгааны нэн шаардлагатай бол утас цэнэглэх хэмжээний багахан эрчим хүчийг цэцэрлэгт зорчигчдод олгох юм байна.
Энэ ногоон хүрээлэнг зорин ирэх хүндэт зочдын багагүй хувь нь бага насны хүүхдүүд, өсвөр насныхан байна. Нийслэлийн иргэдийн багагүй хувийг бүрдүүлдэг залуу үеийнхэндээ зориулж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин, эко модон тоглоомууд байрлуулахаар төлөвлөжээ. Ногоон байгууламжийн тийм ч их зай талбайг эзлэхгүй ч хүүхдээ тоглуулахаар ирэх ээжүүд, найзуудтайгаар скэйтбоардаар гулгахыг хүсэх өсвөр үеийнхэнд зайлшгүй зорин ирэх хэсгийг орхигдуулаагүй төлөвлөж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Олон нийтэд ил болгоод буй эдгээр зураглал нь ерөнхий концепц буюу санаа бөгөөд төслийн баг 4-р сарын сүүлээр үндсэн вэбсайт болох Parkrio.mn-ээр дамжуулан албан ёсны төлөвлөгөө, зураг төслөө олон нийтэд танилцуулахаар төлөвлөснөө мэдээлжээ.