Хос гэдгийг өөрөөр тодорхойлбол ХАМТРАН ЗҮТГЭГЧИД...
Тэд нэгнээ хайрлаж, түшиж, хамгаалж, хүндэлж, дэмжиж, зоригжуулдаг хамгийн дотно хүмүүс билээ.
Гэгээн хайрын баярын өдөрт зориулан бие биенийхээ сурч мэдэх хүслийг нь дэмжиж, хүндэтгэдэг, эерэг нөлөөлөл үзүүлдэг, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийн төлөө тэмүүлдэг хосуудын төлөөллийг урьж, бусдад мөн урам зориг өгөх зорилгоор “Хосын боловсрол” сэдэвт ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.
Энэ амьдралын хамтран зүтгэгчтэйгээ ирээдүй өөд тэмүүлж яваа хосуудын боловсролын талаарх үзэл бодлын ертөнцөөр тавтай аялна уу.
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе.
БЭЛТГЭСЭН: Б.ДАВААБАЗАР (@davaabbb)
Нэр: Д.Бат-Очир 👱♂️
Ажил, мэргэжил: ОХУ-д цахилгааны инженер мэргэжлээр суралцдаг оюутан
Боловсрол бол хүн бүхэнд түгээж болох, насан туршид үлдэх өв хөрөнгө гэж боддог.
Нэр: Д.Лхагвадулам 👩🦳
Ажил, мэргэжил: Сэтгэл судлалын төгсөх дамжааны оюутан
Боловсрол гэдэг нь хэн ч, хэзээ ч танаас булааж авч чадахгүй зүйлийг хэлнэ.
Д.Бат-Очир 👱♂️: Сүйт бүсгүйгээ аль болох бүхий л боломжоороо дэмжихийг эрмэлздэг. Өөрийн гэсэн цаг хугацаа, орчныг нь аль болох бүрдүүлж өгдөг.
Д.Лхагвадулам 👩🦳: Түүнийгээ маш их дэмждэг. Шинээр юм сурах талаар ярихад нь өөрийн эрхгүй баярлаж хүлээж авдаг.
Д.Бат-Очир 👱♂️: Би Дукигийн эмх цэгцтэй төлөвлөгөө гаргаж, түүнийгээ эмх цэгцтэй биелүүлдэг чадвараас суралцахыг хичээдэг. Маш нарийн төлөвлөгөө гаргадаг нь их бахархууштай.
Д.Лхагвадулам 👩🦳: Манай хүн ямар ч нөхцөл байдлыг маш тайвнаар хүлээж авдаг. Бас аливаад их тууштай. Эхэлсэн л бол эцсийг нь хүртэл явдаг зан чанарт нь анх татагдаж байж билээ. Харин би бол эсрэгээрээ эмоцтой хүлээж аваад, сэтгэл хөдлөлөө маш хүчтэй гаргадаг хүн. Энэ зангаасаа болоод харамсах үеүд ч байдаг. Аливаад тууштай болон тайван зан чанараас нь суралцаад л явж байна.
Д.Бат-Очир 👱♂️: Бид бие биедээ уншсан номоо ярьж өгөхөөс гадна интернэтээс аль болох сонирхолтой мэдлэг олгох контентуудыг хамт их үздэг. Жишээ нь TED-Ed, TEDx гэх мэт.
Д.Лхагвадулам 👩🦳: Бид одоогоор хоёр өөр улсад суралцаж байгаа. Хамт байсан үеэ бодвол ярилцах цаг багассан ч ярих бүрдээ шинээр мэдэж авсан зүйлсийнхээ талаар хуваалцдаг. Sharing is caring.
Д.Бат-Очир 👱♂️: Сүүлийн үед бид криптовалют, метаверс зэрэг дэлхийн трэнд болоод буй блокчейн технологийг судалж байгаа. Бас орон орны аяллын төлөвлөгөө гаргаж байгаа.
Д.Лхагвадулам 👩🦳: Бид хоёр одоогоор оюутнууд болохоор төгсөөд аялах төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас сонирхож буй улс орнуудынхаа талаар судалгаа их хийж байна. Жишээ нь ОХУ, АНУ, Европ гэх мэт.
Д.Бат-Очир 👱♂️: Миний бодлоор боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь маш их ач холбогдолтой. Ялангуяа, залуу хосууд өөрсдийн ирээдүйн үр жимсээ хүртэхийн тулд одооноос сайн усалж, тордох хэрэгтэй.
Д.Лхагвадулам 👩🦳: Хос байна гэдэг нь бие биедээ уусан нэгдэх явдал гэж боддог. Тиймдээ ч өөртөө хүсдэг бүхнээ хайртай хүндээ хүсэж, ур чадвараа дээшлүүлэхэд нь өөрийн зүгээс хийж чадах бүхнээрээ дэмждэг.
Нэр: Н.Ананд 👱♂️
Ажил, мэргэжил: Олон улсын харилцаа, Маркетер
Боловсрол гэдэг нь өөртөө болон бусдад илүү сайхан ирээдүйг авчрах хамгийн найдвартай хэрэгсэл.
Нэр: Б.Буяндэлгэр 👩🦳
Ажил, мэргэжил: Санхүү удирдлага
Боловсрол гэдэг нь эр”дэм” “мэд”лэг гэж боддог. Тодруулбал, амьдрахад дэмтэй мэдэж авсан зүйл юм. Дэм-Мэд
Н.Ананд 👱♂️ : Юу ч хийсэн хайр нь дэмжиж, арыг нь баттай даана гэдэг итгэлийг л үргэлж өгөхийг хичээдэг. Өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн зүйл хийхэд “Ар гэрээ яах билээ” гэж санаа зовохгүйгээр, амар тайван юмаа хийх бүхий л боломжоор нь хангах юмсан гэж боддог доо. Учир нь тэр л бодол маш олон эмэгтэйчүүдийг амжилтад хүрэх замаас нь чангаадаг гэж боддог.
Б.Буяндэлгэр 👩🦳: Юун түрүүнд нөхөр маань миний хажууд байснаараа амгалан тайван, аз жаргалыг мэдэрдэг байх нь хамгаас чухал. Тиймдээ ч би түүнийгээ жаргалтай байлгахад хийж болох, чадах зүйлсээрээ дэмждэг. Манай нөхөр шинэ зүйл сурч мэдэх хоббитой нь анх намайг үнэхээр гайхшируулж байсан. Би өмнө нь түүн шиг сонирхолтой хүнтэй таарч байгаагүй. Эрдэм мэдлэггүй хүн, сэлүүргүй завь хоёр агаар нэг гэж боддог. Тиймдээ ч сэлүүргүй завинд байгаа мэт хүн нэг л газраа байх нь, нэгэн хэвийн, сонирхолгүй болох нь элбэг. Хосын харилцаанд энэ нь сөргөөр нөлөөлдөг бөгөөд хүн нь сонирхолгүй бол харилцаа ч сонирхолгүй болно.
Н.Ананд 👱♂️: Хоёр зүйл сурахыг хүсдэг. 1) Хэрхэн гоё блинчик хайрахыг 2) Хүнийг яаж ямар нэгэн нөхцөлгүй, яг байгаагаар нь хайрлахыг...
Б.Буяндэлгэр 👩🦳: Оптимизм. Нөхөр маань аливаа зүйлийн эерэг талыг үргэлж харахыг хичээдэг. Хэр баргийн зүйл өөрийг нь гонсойлгож чаддаггүй, тийм л эерэг хүн. Тэр чадвараас нь суралцахыг их хүсдэг.
Н.Ананд 👱♂️: Байнга хийдэг зүйл гэж байхгүй дээ. Тухайн үедээ ямар зорилго хамтдаа тавьснаас харилцан адилгүй байдаг. Хамгийн их хийдэг нь Netflix үзэж, англи хэлээ сайжруулдаг юм байна.
Б.Буяндэлгэр 👩🦳: Бид хоёр ихэвчлэн англи хэл дээр баримтат кино үзэх дуртай. Ер нь YouTube-ээс хамтдаа бичлэг үзэж, тухайн үед сонирхож байгаа зүйлсээ сурч авдаг.
Н.Ананд 👱♂️: Буянаа энэ жил өөрийн make-up ур чадвараа сайжруулж, хоббигоос мэргэжил болгоно гэсэн зорилго тавьсан. Тиймээс бид хоёр орой бүр хүүгээ унтуулчхаад онлайнаар хичээл хамт үзэж байгаа. Заримдаа мэдэхгүй зүйл гарвал бие биедээ орчуулж өгдөг юм. Харин Буянаа надад сурсан зүйлээ зааж, хичээлээ улам бататгадаг. Миний хувьд стартап бизнесийг хэрхэн бүтээх талаар маш их судалж, суралцаж байгаа.
Б.Буяндэлгэр 👩🦳: Ойрын өдрүүдэд Ананд бид хоёрын аль аль нь хувийн болон хувьсгалын ажил ихтэй байгаа болохоор ийм цаг мөчүүдэд ажил, амьдралын балансыг олж амьдрах талаар их судалж, өөр зүйлсийг туршиж үзэж байгаа.
Н.Ананд 👱♂️: Айл гэрийн хоёр багана ижил "өндөр"-тэй, хоёул бат бэх байж л ямар ч салхи шуурганд тогтвортой, гэр нь бүтэн байдаг. Гэр бүл ч үүнээс хол ялгаагүй ээ.
Б.Буяндэлгэр 👩🦳: Бие биенийхээ хөгжих боломжийг олгох нь бие биедээ өөрсдийнхөө хамгийн сайн хувилбарыг олж авах, эцэст нь өөрөө өөртөө сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгодог гэж боддог.