1

Үзэл бодолдоо үнэнч, дуртай зүйлдээ тууштай "БИДНИЙ ГАРАГИЙН ЗАЛУУС"

ikon.mn
2021 оны 4 сарын 20
Сурталчилгаа
Үзэл бодолдоо үнэнч, дуртай зүйлдээ тууштай "БИДНИЙ ГАРАГИЙН ЗАЛУУС"
Зураг

Бүхий л салбарт, бүх цаг үед залуучууд өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийг түүчээлэн авч явдаг. Тиймээс тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орнуудад маш чухал ч залуу хүн бүр дуу хоолойгоо илэрхийлэх боломжоор хомс байдаг. Тэгвэл Юнителийн 14-23 насныханд зориулсан U хөтөлбөрийн зүгээс залуу үеийнхний үзэл бодлыг сонсож, олон нийтэд түгээж эхэлсэн нь өнөөдрийн энэхүү нийтлэлийг бичих шалтгаан болж өглөө. Ингээд уншигч та бүхэнд U хөтөлбөрийн “Бидний гарагийн залуус” цуврал контентын оролцогч залуусын онцлууштай яриаг түүвэрлэн хүргэе.

I.Сайн дурын ажилтан С.Есүй, нас:16

 

Үе тэнгийнхэн болон дүү нартаа “мэдлэг бол чиний бие хамгаалагч” гэж хэлмээр санагддаг. Хүн ер нь мэдлэггүйгээсээ болж л эрхээ зөрчүүлж, хүчирхийлэлд өртдөг шүү дээ. Хүчирхийлэл ямар ч хэлбэрээр илэрч болно. Заавал бие махбодийн, бэлгийн гэсэн ойлголт байхгүй. Жирийн нэг өдөр сургууль дээрээ хэн нэгнээр муухайгаар хэлүүлэх хүртэл ийм төрлийн байж болохгүй зүйл. Тэгэхээр мэдлэгтэй болохын тулд маш олон зүйлийг туршиж үз. Нэг ном уншаад үз. Дуу дуулаад эсвэл бүжиглээд үз. Ямар ч хамаагүй сургалтад суугаад үз. Олон юманд сууж, өөрөө ойлгож мэдэрсний дараа чи юунд дуртайгаа олоход амархан болно. Тэгээд түүнийгээ илүү хөгжүүлж, гүнзгийрүүлэн судал. Тэгсний эцэст мэдлэгтэй болно. Тэгээд өөрийгөө хамгаал.

Миний хувьд, хүүхэд болгон жаргалтай амьдарч чадахгүй ч гэсэн хүүхэд болгон хайраар тэтгэгдэх эрхтэй гэж боддог. Би сайн дурын ажил хийдэг болохоор энэ зүйлийг маш ихээр мэдэрдэг. Манай төв дээр заримдаа жаахан хүүхдүүд уйлаад ирдэг. Тэврээд аргадахаар надаас бараг салахгүй. Яг тэр үед төрдөг мэдрэмж их сонин. Хамт уйлмаар ч юм шиг. Тэгээд яагаад ч юм ажлынхаа цэнхэр хантаазыг өмсчхөөд явахаар өөрийгөө том болчихсон мэтээр, хүссэн бүхнээ биелүүлж чадах юм шигээр төсөөлдөг.

II. Артист Т.Бэлгүтэй (Bekatrina), нас: 24

 

Би аливаа зүйлийг ял болгож хийх дургүй. Дургүй байвал орхичихдог төрлийн хүн. Тэгэхээр зөвхөн дуртай юмаа л хийдэг гэсэн үг. Хөгжмөөс өөр гэвэл ном унших, зураг зурах, дугуй унах дуртай. Хааяа зүгээр суух ч сайхан. Тиймээс би ирээдүйд аав болохоороо хүүхдэдээ чи ингэ, тэг гэж аливаа зүйлийг шахаж шаардахгүй. Харин хүн бүрийн мэдэх ёстой суурь хүмүүжлийг зөв өгч, хэрэгтэй зүйлээр нь хангаад л орхино. Ном уншиж сурахын тулд үсгээ мэдэх ёстой шиг хүнд байх чанаруудыг хэлж өгчихөөд, цааш нь сул тавина гэж боддог. Нийгэмд тогтсон нэг систем байдаг даа. Эцэг эхчүүд хүүхдээ 10-н жилээ төгсөөд их сургуульд ор, тэгээд оффист суугаад ажил хий гээд л. Гэхдээ энэ бүхэн хэн нэгний хувьд мөрөөдөл нь байж болно л доо. Тэгвэл шал өөр хэрэг. Харин бусад хүмүүсийн хувьд өөрийнхөө доторх дахин давтагдашгүй тэр нэг зүйлийг гаргаж ирэхийн төлөө яваасай. Нөгөө талаас тэдэнд юу ч битгий саад болоосой гэж хүсдэг. Тэгэхээр эцэг эхчүүдийг хүүхдүүддээ ингэж хандаасай гэж уриалмаар байна. Хүн насаараа дургүй зүйлээ хийж сэтгэл дундуур амьдарснаас дуртай зүйлдээ тууштай байж үр дүнг нь хүртэх хэрэгтэй юм шиг.

III. Замын-Үүд сумын ЕБС-ийн сурагч Б.Аминзаяа, нас: 18

 

Бага байхад миний нүүрэн дээрх мэнгийг эмчлүүлэх гэж ээж минь эмнэлэгээр их дагуулж явсан гэсэн. Эмч нар болохоор эрүүл мэндэд нь аюултай гээд энэ хэвээр нь үлдээсэн юм билээ. Тэгээд би том болох тусам өөрийнхөө төрхөөс их санаа зовдог болсон. Анги доторх ширээ сандалны хуваариас авахуулаад намайг ялгаварласан хандлага анзаарагдаад л. Би өөрөө ч бараг хүүхдүүдтэй нийлдэггүй байлаа. Одоо бол сэтгэлзүйн хувьд хүчтэй, хатуужилтай болсон. Манай сумынхан ч намайг андахгүй болчихсон доо.

Харин хотод ирээд гадуур явахаар жаахан аймар. Нэг харсан хүн дахиж харна. Дээрээс доош нь гүйлгэж харна. Бас бага насны хүүхдүүд над шиг төрхтэй хүмүүсийг сайн мэдэхгүй болохоор “Энэ эгч яачихсан юм бэ” гээд чанга хашхирчихдаг. Тийм болохоор би жаахан хүүхдүүдтэй газраар явах дургүй. Гэхдээ л би өөрийнхөө төрхийг миний давуу тал гэж бодож байна. БИ БОЛ ЦОР ГАНЦ, ДАХИН ДАВТАГДАШГҮЙ. Тэгэхээр модель хийх ч юм уу, өөрийнхөө энэ байдлыг ашиглаж болох зүйлсийг эрэлхийлж байгаа. Өөрийнхөө зургийг янз бүрээр авах дуртай. Над руу над шиг мэнгэтэй хүмүүс их чат бичдэг. Нэг удаа надаас хамаагүй эгч хүн “Би чам шиг мэнгэтэй. Байнга крем түрхчихдэг. Гэхдээ чамайг хараад хамаг кремээ хаямаар санагдчихлаа. Чамд үнэхээр зохиж байна” гэж хэлж билээ. Би тэр үгнээс нь их урам авсан. Ер нь бид нар бие биедээ сайхан үг хэлж, сайн сайхныг хүсдэг байгаасай. Харин хүнийг гаднаас нь дүгнэхгүй, ялгаварлан гадуурхахгүй байгаасай гэж хүсэж байна.

IV. Артист Б.Анужин (XXANU), нас:21

 

Надад хөгжмөөс өөр чухал зүйл гэвэл боловсрол гэж хэлнэ. Бас эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь их чухал санагддаг. Ер нь боловсролтой байж л нийгэм өөрчлөгдөнө. Хөгжинө. Ингээд ярихаар би ямар нэг зүйлийг шүүмжлэх гээд байгаа юм шиг санагдаад байна л даа. Уг нь юуг ч шүүмжлэх эрх надад байхгүй. Хүн бүхэн л буруу юм хийдэг. Алдаа гаргадаг. Болохгүй зүйлс ч их байдаг. Тийм болохоор миний хувьд аливааг байгаагаар нь хүлээж авахыг хичээдэг. Бусдад өөрийнхөө үзэл бодлыг тулгаж шүүмжиллээ гээд, өөрчлөхийг хүслээ гээд тэр зүйл шууд өөрчлөгдөхгүй. Харин үүний оронд би өөрөө хийж харуулаад, дараа нь бусдад бага багаар нөлөөлөх нь хамаагүй дээр шүү дээ. Ер нь л бодож байгаагаа хийгээд харуулчихвал бусад хүмүүс ч дэмждэг юм билээ. Би саяхан нэг эшлэл уншсан юм. “Чи үнэхээр сайн хүн шүү гэж үргэлж хэлэхэд л тэр хүн сайн хүн байхын төлөө амьдардаг”. Энэ үг надад үнэхээр таалагдсан. Яг үнэн. Хэдий “гаднаа хатуу” хүн байлаа ч бусдын жижигхэн шүүмжлэлийг дотроо эмзгээр хүлээж авдаг. Тийм учраас бусдыг шүүмжлэхийн оронд урам зориг өгч байх хэрэгтэй юм шиг. 

V. Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Маралмаа, нас:16

 

Би 47-р сургуульд сурдаг. 7-р анги хүртлээ тусгай сургалттай 70-р сургуульд явж байгаад 8-р ангиасаа энэ сургуульдаа шилжиж орж ирсэн. Би сургуулийнхаа анхны тэргэнцэртэй хүүхэд болсон л доо. Эхэн үедээ тусгай хэрэгслүүд ч байхгүй. Жаахан хэцүү байсан. Гэхдээ 10-р ангид орсон чинь багш нар маань надад зориулаад манай ангийг 1-р давхарт болгож өгсөн. Одоо найзууд маань ч надад сайн ханддаг. Ер нь бүгд л намайг ойлгодог. Хөл хорионоос өмнө би сургууль гэр хоёрынхоо хооронд, гадуур явдаг байлаа. Аав минь намайг байнга хүргэж өгч, авдаг. Би ер нь ганцаараа явж үзээгүй. Тийм болохоор надад их тусалдаг аав, ээж, аниа гуравтаа л их баярладаг. Миний амьдралын сайхан дурсамжууд, бүх цаг үе гэр бүлийнхэнтэй минь холбоотой. Бас надад сайн найз цөөхөн бий. Тэд нартайгаа хөл хорионоос өмнө бол уулзаж их юм ярьдаг байсан. Одоо бараг тэгэхгүй байгаа. Гэрээс гарахгүй удаад ирэхээр яалт ч үгүй уйдаад, гармаар санагдаад байх болсон. Гэхдээ гарахаар хүмүүс ихэвчлэн л эвгүй хараад байдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн янзтай. Би бол өөрийгөө тэгж боддоггүй. Тийм болохоор хүмүүсийг надтай эрүүл хүн шиг харьцаасай гэж их хүсдэг. Удахгүй 10-н жилээ төгсөөд анагаахын сургуульд орно. Одооноос хими, биологидоо дуртай болж байгаа. Өөр ч олон талаараа ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭЖ, том болоод өөр шигээ хүүхдүүдэд тусалж, харж хандахыг мөрөөддөг.

VI. Шивээс артист Б.Билгүүн, нас:20

 

Миний хувьд, шивээс хийгээд 4 жил болж байна. Энэ хугацаанд нийт хэдэн шивээс хийснээ мэдэхгүй байна. Тоолж байгаагүй. Харин өөр дээрээ 170 гаруй шивээстэй юм билээ. Гар хүрэх газраа, 80 хувийг нь өөрөө хийсэн. Бүгд л миний илэрхийлэл. Дотор байгаа зүйлийг минь ил гаргадаг. Дахиад ч нэмж хийнэ гэж боддог. Тас хар болчихвол цагаанаар хийгээд л явна даа. Хүмүүс л их гайхаж хардаг юм. Эвэртэй туулай үзсэн юм шиг л болно. Бас их ялгаварлаж харьцдаг. Ялангуяа цагдаа нар. Дээр би хоёр хүн зодолдохоор нь салгах гээд дундуур нь орсон чинь намайг аваад явчихсан. Шивээстэй, халзан нөхөр байхаар угаасаа энэ л буруутай гэж боддог юм шиг байгаа юм. Иймэрхүү тохиолдол их олон. Гаднаас минь хараад л муу хүн гэсэн байдлаар ханддаг. Уг нь гэмгүй. Зүгээр л шивээстэй. Тэгээд иймэрхүү зүйлээс болоод Монголд байх хүсэл улам л багасаад байгаа. Цаашдаа мөнгөө цуглуулаад юунд ч санаа зовохгүй, тайван газар очиж амьдрахыг л хүсэж байна. Бас өвгөн болсон ч шивээсээ хийгээд л сууна гэж боддог доо.

VII. Анимейшн сонирхогч И.Нямтайван, нас: 18

 

Би их олон төрлийн сонирхолтой. Тэр дундаас зураг зурах, анимейшн үзэх илүү дуртай. Чөлөөт цаг гарвал зургаа зураад л суучихдаг. Одоо түүнийгээ хөдөлгөөнд оруулж, анимейшн болгож туршиж үзэж байгаа.

Ер нь би багаасаа зурагтын өмнө өссөн. Өглөө сэрэхэд л зурагтаар хүүхэлдэйн кино гарч байдаг байсан. Нэг өдөр надад амьд биш зүйлс нүдний минь өмнө хөдлөөд байгааг харах их сонин санагдсан л даа. Тэгээд тэр чиглэл рүү илүү судлах, энэ бүхэн яаж бий болдгийг мэдэх сэдэл анх төрсөн юм. Судлаад үзэхэд хүүхэлдэйн кино бүтэх процесс нь миний сонирхлыг бүр ч ихээр татсан учраас би энэ чиглэлээр л явъя гэж шийдсэн. Ийм учраас наад зах нь би зургийг бүхэлд нь мэддэг, төрөл бүрээр нь өөрөө зурж чаддаг байх хэрэгтэй гэж бодсон. Одоо бол усан будаг, гуаш, хар зураг руу орж үзмээр байгаа. Ирээдүйд би Монголдоо Pixar, DisneyLand, Dreamworks гэдэг шиг дэлхийн хэмжээний томоохон компани байгуулах хүсэлтэй. Би өөрөө тууштай, МИНИЙ МӨРӨӨДӨЛ ЗОГСОЛТГҮЙ байж чадвал хүсэл минь биелэхгүй гэх шалтгаан байхгүй. Иймээс өөрт бий болсон боломж бүрийг алдалгүй ашиглаж, зорилгодоо хүрэхээр хичээж байна.

Та бүхэн залуучуудын яриаг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарж, U хөтөлбөрийн фейсбүүк хуудаст хандаарай. Тэдний ярианаас анзаарвал, орчин үеийн залуучууд үзэл бодолдоо үнэнч, дуртай зүйлдээ тууштай, хөдөлмөрч, бие биеэ хүндэлдэг, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг гайхалтай зан чанарт аль хэдийн суралцжээ. Залуусын дотоод ертөнцийг ил харуулж, тэднийг ойлгож, хамтдаа COOL байж чаддаг U хөтөлбөрт нэгдэхийг хүсвэл чи яг одоо өөрийнхөө нэр дээр Юнителийн шинэ дугаар авахад л хангалттай юм байна.

Шинэ дугаар авах заавартай ЭНДЭЭС танилцаарай. Welcome U