Ц.Бархас: Шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан

ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Ц.Бархас: Шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан
Зураг

Мэргэшсэн CEO болохыг зорьж явсан тэрээр саяхныг болтол ийм нэвтрүүлэгт орж өөрийгөө сориод үзэх сэн гээд найзууддаа ярьж байжээ. Гэтэл сонин давхцал болж төд удалгүй “Аппрентис Монгол” шоу зарлагдсан аж.

Тэмцээний турш чадвар, туршлага, боловсролын хувьд ижил төвшний мэргэшсэн удирдагч болох мөрөөдөл тээсэн 14 залуустай өрсөлдөн, 10 даалгавар биелүүлсний эцэст "Аппрентис Монгол” шоуны ялагчаар тодроод буй Ц.Бархастай ярилцсанаа хүргэж байна.

 
Ярилцлагын зочин: Ц.БАРХАС @BarkhasTs
Ярилцсан: ikon.mn

2021-02-16
Зураг

НЭГ. Оролцогч бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу бас сул талуудтай, өөрсдийгөө тал бүрээр хөгжүүлж, бэлдсэн тийм л залуус байсан

 

-Ялагч болох үеийн мэдрэмжээсээ хуваалцана уу?

-Тэр мөчид баярлах, бахархах, талархах гээд олон сэтгэл хөдлөл давхацдаг юм билээ. Арван даалгаврын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дараах ялсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ямар ч байсан маш их догдолсон. Тэмцээний дүн тодорхой болсны дараа шууд л гэр рүүгээ яарсан. Хэлэхгүйгээр гэнэт очиж, намайг өчнөөн олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр, хүүхдүүддээ сюрприз барьж, баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн дээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан.

-Тус шоунд оролцох болсны шалтгаан?

-Сурагч байхдаа үзсэн “Global CEO” реалити нэвтрүүлгийг би ерөөсөө мартдаггүй. Өөртөө итгэлтэй, чадварлаг ах эгч нар даалгавар биелүүлж, том сорил давахыг хараад ийм л болох юмсан гэж мөрөөдөж байлаа. Тэр хүслээ их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан ч огт орхиогүй. Мэргэшсэн CEO болохыг зорьж яваагийн хувьд саяхныг болтол ийм нэвтрүүлэгт орж өөрийгөө сориод үзэхсэн гээд найзууддаа ярьж байлаа. Гэтэл сонин давхцал болж төд удалгүй “Аппрентис Монгол” шоу зарлагдсан юм.

Ингээд л багын мөрөөдлөө биелүүлж, багагүй зориг гарган, ихээхэн эрсдэл үүрч дэлхийн хэмжээний шоуг зорьсон.

-Нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө ялагч болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж тэмцээнд орж байгаа учир ялна л гэж үзнэ. Гэхдээ анхнаасаа л 100 хувь өөртөө итгэлтэй байсан уу гэвэл үгүй. Миний хувьд нэвтрүүлэгт орохоосоо өмнө 300 орчим хүнтэй томоохон компанийг хариуцан ажиллаж байсан тул менежмент, маркетинг, санхүү, хүний нөөц гээд байгууллагын бүхий л функцыг ойлгож, гадарладаг нь том давуу тал болно гэж тооцоолсон. Мөн тодорхой хэмжээний ажлын туршлагатай учраас аль ч талаас нь харсан өөрийгөө хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцож байлаа.

-Өрсөлдөөнөө нэвтрүүлэг болсон хойно үзэхээр ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр бүх үйл явдлын дунд өөрөө байсан хэрнээ нэвтрүүлэг болсон хойно нь хөндлөнгөөс харахад сонин мэдрэмж төрдөг юм билээ. Нэвтрүүлэг гарахаар зүгээр суугаад үзчихэж чаддаггүй, зурагтынхаа өмнө очоод зогсчихдог.

“Одоо яах бол…” гээд л цаанаасаа сэтгэл догдолно, дахиад сандарна. Өөрийгөө хөндлөнгөөс харна гэдэг сонин, өөр мэдрэмж байсан шүү.

Бас нэг сонирхолтой зүйл нь, нөгөө багаа даалгавар дээр яаж ажилласныг бид сайн мэдэхгүй болохоор нэвтрүүлгээ хараад үзэгчидтэйгээ адилхан гайхах үе зөндөөн гарсан.

Даалгавар бүхэн ажил амьдралд боломж гэдэг зүйл үргэлж байдаг гэдгийг сануулсан.

-Та бусад оролцогчдоос харилцааны ур чадвараараа ялгарч байсан. Ер нь хэр нээлттэй хүн бэ?

-Яг үнэндээ би тийм ч нээлттэй хүн биш, интроверт талдаа зан төлөвтэй. Үүнийгээ даван туулахын тулд харилцааны болон илтгэх ур чадварын талаар сонирхож ирсэн. Гэхдээ бүр дурлаж шимтсэн хөгжилтэй түүх бий.
Би багадаа өөрөөсөө илүү хүмүүсийг дуурайх гэж оролддог хүүхэд байлаа. Дунд сургуулийн онц сурдаг найз маань Дейл Карнеги гээд зохиогчтой янзын гоё ном зуны амралтаараа олж уншлаа гэдэг юм байна. Гэртээ харингуутаа нагац эгчдээ номоо захичихсан.

Хэд хоногийн дараа эгч Дэйл Карнегийн гурван боть ном аваад ирлээ, баахан шахуу тексттэй, бараг өвөлжин уншсан даа /инээв/. Ингэж л харилцааны болон илтгэлийн талаар ойлголттой болсон.

Бодит жишээ татсан учраас уншихад маш ойлгомжтой, сонирхолтой. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольны түүхүүд сэтгэлд маш тод үлджээ.

Номоо дуусгаад өнөө найздаа Дэйл Карнегийн номыг уншчихлаа гэсэн чинь “Миний зөвлөсөн ном өөр зохиогчтой юм билээ, би чамд хэлэхээ мартаж” гэдэг юм даа. Бид хоёр баахан инээлдээд л өнгөрсөн.

Андуурч таарсан тэр номыг уншсан нь амьдралд хэрэг болно гэж яаж мэдэх билээ. Сохорсон биш завшив гэдэг л болсон. Дараа нь өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд МҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ч ажиллаж үзэж байлаа.

-“Аппрентис Монгол” шоунаас сурсан хамгийн чухал зүйл гэвэл юуг онцлох вэ?

-Дээр хэлсэнчлэн өөрийгөө нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл даалгавар гүйцэтгээд эхлэхэд хамт оролцсон залуусыгаа ямар мундаг, ур чадвартай юм бэ гэдгийг олж харсан. Энэ 14 оролцогч бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу бас сул талуудтай, өөрсдийгөө тал бүрээр хөгжүүлж, бэлдсэн тийм л залуус байсан.

Шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан. Энэ бол нөхөрлөл. Бас итгэл найдвар байлаа.

Хүн хөдөлмөрлөж, хичээж зүтгэвэл заавал үр дүн гардаг, амьдралаа өөрчлөх маш том боломж хүн бүрт ирдэг юм байна гэдэгт улам их итгэх болсон.

-Шалгаруулалтын үеийн зарим хэсэг үзэхэд ч халгамаар. Ер нь Boardroom дэх тэр мэдрэмж ямар байдаг бол?

-Нэвтрүүлэг үзэхэд бид хэд хоорондоо нэлээд тэмцэлдэж, өрсөлдөж харагдаж байгаа. Бид бизнесийн салбарт ажиллаж байгаа нас биед хүрсэн хүмүүс. Иймд өрсөлдөөн, даалгавар, бодит амьдралыг хооронд нь ялгаж салгана. Тэмцээний үеэр өгөгдсөн хугацаанд чадах бүхнээ хийх ч, даалгавар дуусахад бид найзууд хэвээрээ. Бид энэ нэвтрүүлгийн туршид нэгэндээ маш их дассан, амьдралын сайн найзууд, андууд болцгоосон.

-Борлуулалтаараа өрсөлдөөд байгаа юм шиг харагдавч цаанаа сэтгэл зүйн хүчтэй тулаанд орж байх шиг санагдсан. Хэр хүнд даваа байсан бэ?

-Сэтгэл зүйн сорилтууд бол даалгаврын хажуугаар давхар шалгагдаж байгаа үнэхээр чанга даваа. Ялангуяа даатгалын бүтээгдэхүүн борлуулдаг есдүгээр даалгаврын “boardroom” дээр бид зэрэгцэж суугаад бие биеийнхээ сул болон давуу талыг хайр найргүй хэлцгээсэн. Тэр өрөөнд сэтгэл зүйн маш хүнд тулаан өрнөсөн.

Зурагтаар тэр хэсгийн халуухан мэдрэмж тийм ч сайн мэдрэгдээгүй байх. Гэхдээ л аль алинд нь амаргүй байсан. Би тэр дугаарын дараа нэг хэсэг жижиг “шок”-нд орсон. Одоо бид тэр тухайгаа яриад инээлдэцгээдэг. Бид зарим талаараа бие биеийнхээ тухай бараг өөрсдөөс нь ч илүү мэддэг болсон байсан даа.

-Тэр сэтгэл зүйн тулааныг туулахад юу танд хамгийн их дэм болсон бэ?

-Тэмцээний туршид би хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Зургаа цүнхэндээ хийчихвэл доогуур шидэгдчих учраас энгэртээ хийчихээд л нандигнаад байсан. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө ахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан даа.

Зураг

ХОЁР. Иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болчихвол тоглогч олон болно

-Ч.Ганхуяг захирлаас авсан хамгийн үнэтэй зөвлөгөөг онцолно уу?

-Манай багийг ялагдахад Ч.Ганхуяг захирал “Зорилготой, зоригтой, зогсолтгүй бай” гэж хэлсэн нь шууд л санаанд буугаад үлдчихсэн. Бүр “Гурван 3-гийн зарчим” гэж нэр өгөөд чээжилчихсэн. Энэ үг залуусын дунд тренд болчихсон байна билээ. Бас утсан дээгүүр алхах буюу аливаад эрсдэл гаргаж зоригтой зүтгэх ёстой гэсэн зөвлөгөө хамгийн үнэ цэнтэй санагдсан даа.

-Өөрөө Ч.Ганхуяг захирлын оронд байсан бол шоуны оролцогчдоос хэнийг нь сонгох байсан бэ?

-Би Амарболдыг л сонгох байсан. Түүнийг сонгох олон шалтгаан бий. Бид хоёрын давуу, сул талууд өөр өөр. Зан төлөвүүд ч тэс ондоо. Тэгсэн хэрнээ нэг баг болж нэгдэхээрээ нэгнээ нөхөж чаддаг, маш хурдан ойлголцдог. Бид хоёр нийлэхээр бодит үр дүнг гаргаж чаддаг. Одоо Ард Санхүүгийн Нэгдэлд хамтдаа хүчин зүтгэх болсондоо маш их баяртай байгаа.

-Та ялагч болж Ард Санхүүгийн Нэгдэлд 200 сая төгрөгийн цалин урамшуулалтай албыг хашиж байна. Өөрчлөлтийг хэр мэдэрч байна вэ?

-Албаа дөнгөж хүлээн аваад байна. Надад хүлээлгэсэн энэ их итгэлийг даахаас гадна авснаасаа илүү их зүйлийг хийж бүтээж өгөх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл надад бий. Түүнийхээ төлөө ч их хичээж ажиллана гэж бодож байгаа. Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн зах зээлд нөлөө бүхий байгууллага. Тиймдээ ч үндэстнээрээ хөрөнгө оруулагч болцгооё гэсэн улс, үндэстний хэмжээний амбицтай ажиллаж, түүндээ бусдыг уриалдаг. Энэ их үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

-“Ард”-тай холбогдсоноор хөрөнгийн зах зээлтэй нэгэнт холбогдлоо. Энэ зах зээл дээр хэр туршлагатай вэ?

-Оюутан байхдаа хөрөнгийн зах зээлтэй анх танилцаж, арилжаанд тогтмол оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ажиллаагүй ч мэдээллийг нь сонирхдог, цаана нь явагдаж байгаа зүйлсийг мэднэ. Энэ нь миний давуу тал болох байх. Үүн дээрээ суурилаад Ард Санхүүгийн Нэгдлийн ажлаа цаг алдалгүй бариад авчихна гэж бодож байна. 

-Цаашид хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хэт цөөхөн тоглогчтой, зарим хувьцаат компанийн маш бага хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн дийлэнх хувь нь хэдхэн хүний гарт байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нөхцөл байдал дээрдэж байна. Компаниуд IPO хийж нээлттэй болж байна, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ч нэмэгдсэн. Нэмээд банкууд хувьцаа гаргаж, тэтгэврийн сан үүсч хөрөнгийн зах зээл рүү ороод ирвэл эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ өснө. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд Ард Санхүүгийн Нэгдлийнхэн хүчтэй манлайлал үзүүлж уриалан оролцож байгаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооё гэдэг нь одоо болохгүй байгаа зүйлсийг шинэчилж, үр дүнд нь хүн бүр хөрөнгө оруулагч болъё гэсэн л зорилго. Эхнээсээ үр дүн гараад эхэлчихлээ. Хүмүүсийн санхүүгийн боловсрол ч илт нэмэгдэж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжааны дүнгээс үүнийг харж болно. Цаашид иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болчихвол тоглогч олон болно, тэр хэрээрээ хөрөнгийн зах зээл тэлнэ гэж харж байна.

-Хувьцаа авахаар зэхэж байгаа хүмүүст юу гэж захих вэ?

-Хүмүүс тэр компанийн хувьцааг авчихгүй яав даа, хэд дахин өсчихсөн байна гэж бүр сүүлд нь амаа барих тохиолдол зөндөө. Эсвэл бооцоотой тоглоом тоглож байгаа юм шиг өндөр дүнтэй мөнгө хийж азаа үзээд богино хугацаанд гэнэт их ашиг хийх сонирхолтой байх шиг ажиглагддаг.

Энэ бол покер биш, харин хөрөнгө оруулалт. Иймд богино биш урт хугацаагаар харах нь зүйтэй. Алдаж чадах хэмжээгээрээ аваад дар гээд байгаа шүү дээ.

-Шинэ албаа амжилттай гүйцэтгэхэд ямар гол чадвар танд туслах бол?

-Би борлуулалт, маркетинг суурьтай, мөн тоо, баримттай ажиллах дуртай. Ямар нэгэн зүйлийг ерөнхийлж биш, бодит тоогоор хэмжихийг чухалчилдаг. Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг дээ. Жишээ нь, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа нэлээд эрэлттэй байгаа гэж хэлэх нь хангалтгүй. Харин сүүлийн долоо хоногт Хөрөнгийн Биржийн нийт арилжааны 80 хувийг эзэлж байна гэж яривал бодитой шүү дээ. Тоо баримт дээр тулгуурлаж оновчтой шийдвэр гаргахыг хүсдэг. Энэ чадвар маань хэрэг болох байх. 

-Та захирал хүн. Тэгэхээр ажилтан авахдаа ямар шалгуурыг чухалчлах вэ?

-Хувь хүний хандлага, ур чадвар, ажлын ард гарна гэсэн эрмэлзэл гурав хамгийн чухал гэж боддог. Эрмэлзэл буюу дотроосоо шатах чадвар нь хүнд хэцүү үед бууж өгөхгүй байх тэвчээрийг, мөн зогсолтгүй урагш тэмүүлэх сэдлийг хүнд өгдөг. Ажлын арга барилаа олж, ур чадвараа хөгжүүлсэн хүн бусдаасаа ялгарна. Гэвч хэчнээн мундаг ур чадвартай, эрмэлзэлтэй байлаа гээд хандлага буруу бол бүх л зүйл буруу болчихдог. Шалтаг тоочихгүй, үр дүнд хүрч чаддаг, ажлын ард заавал гарна гэсэн хандлагатай хүнийг л олж авах чухал гэж боддог.

-Ажил хийж байхад алдаа дутагдал гардаг. Алдаанаас суралцахын тухайд та юу хэлэх вэ?

-Ажлын явцад том, жижиг алдааны аль нь ч гарч болно. Харин түүнийг шийдэлгүй орхих юм уу, бууж өгөх нь өөрөө хамгийн том алдаа. Асуудал хэзээ ч дуусахгүй, түүнийг шийдээд л урагшил гэж хуучин удирдлага маань хэлдэг байлаа. Үүнтэй санал нийлдэг, тойрч суугаад асуудлаа хэлэлцэхэд ямар ч асуудалд шийдэл заавал байдаг. Тэгээд л асуудлаа шийдээд урагшил, өөр яах билээ. Уйлж, дуулж, эморлоо гээд юу ч шийдэгдэхгүй. Ажил дээр энэ зарчмыг баримталдаг.

-Өнөөдөр бол ялагч. Гэхдээ амьдрал дардан биш. Хүн алдаа, бүтэлгүйтлийн дундуур туучдаг. Өөрт тохиолдсон бүтэлгүйтлийн талаар, түүнийг хэрхэн шийдэж байсан тухайгаа сонирхуулна уу?

-СЭЗДС-ийн оюутан байхдаа хоёр найзтайгаа консалтинг зөвлөх үйлчилгээ,  сургалтын төв байгуулах гэж оролдоод бүтэлгүйтэж байлаа. Эхлэлтийн хөрөнгө оруулалт бага шаарддаг, толгой ажиллуулах ажил учраас энэ чиглэлийг сонгосон юм. Нэг биш нэлээд хэдэн удаа шүү.

Нэг жишээг ярьж өгье. Тухайн үед үзсэн менежерийн эдийн засаг гэдэг хичээл их таалагдаад, амьдрал дээр ашиглаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд найзуудтайгаа оффисоо олчихлоо, өрөөгөө тохижуулах ширээ сандал авахдаа аль болох хямдыг нь бодоод Эрээн рүү явдаг юм байна. Мөнгө хэрэг болохоор нь нөүтбүүкээ зарчихлаа, аав ээжээсээ ч бас багахан мөнгө авсан. Хоёр найз маань ч бас мөнгө гаргалаа. Бид хэд Эрээн явахдаа мөнгөө хэмнэх гээд вагоны билет авахгүй, “туулайчилсан” гээч. Залууст ярьж болох сайхан жишээ биш л дээ /инээв/. Урдаас билет шалгагч ирэхээр хойшоо яваад, хойноос ирэхээр нь урагшаа гүйгээд л. Ингэж Эрээний хил даваад очингуутаа амьдралдаа анх удаа харсан наймаачинд гурвуулаа бүх мөнгөө өгөөд тавилгаа захиалчихлаа. Араас тавилга ирнэ гээд хүлээгээд байдаг, ирдэггүй ээ, бөөн юм болж байж иртэл хагас дутуу, бас эвдрэлтэй тавилгаа явуулчихсан байж билээ. Бид хэд аргалаад янзалсан. Сургалт, консалтингийн бизнес маань удаагүй ээ, тэгэсхийгээд дампуурсан. Үндсэндээ туршлагагүй хэдэн хүүхдүүд компани байгуулж тоглосон хэрэг. Гэхдээ их зүйл сурсан.

-Сүүлийн асуулт. Та залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэг гоё үг байдаг даа, “Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд л “Аппрентис Монгол” шоуны ялагч болсон юм шиг амархан харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр өмнө нь олон жил ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй шүү.

“Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр л хий” гэж захья.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x