Компаниуд COVID-19-ийн хямралын үед нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Р.Оюунцэцэг, Засгийн газрын мэдээ
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Компаниуд COVID-19-ийн хямралын үед нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Зураг

COVID-19 дэлхий даяар маш хурдтай тархаж, нийгмийн харилцаа, амьжиргаа, өрх бүрт нөлөөлж, бизнесийг тасалдуулж, эдийн засгийг доголдуулав. 

Тэгвэл Дэлхийн эдийн засгийн чуулганд нэгдсэн орнууд болон хамтрагч компаниуд энэ хүнд үед хамтын хүчээр нөлөөллийг бууруулахаар ямар санаачилга гаргаж байгааг 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний байдлаарх мэдээллээр харуулъя.

Баруун Африкийн компаниуд COVID-19-тэй тэмцэхээр нэгдэж байна

Эрүүл мэндийн үйлчилгээний багтаамж хязгаарлагдмал ч Баруун Африкийн орнууд 2014 оны Эбола вирусээс сургамж авсан. Тийм ч учраас ажлын байрыг хадгалж, эрүүл мэндийг хамгаалж, бизнесийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд Баруун Африк даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниуд Баруун Африкийн хувийн хэвшлийн Коронавирус Платформ(WAPSCON19)-ыг санаачилжээ. 

Уг санаачилгад компаниуд сайн дураараа нэгдэж, нэгэн удирдлага дор ажиллаж, улсынхаа нөөц боломжийг нэмэгдүүлэх, асуудлуудыг шийдэхэд манлайлан ажиллаж байна.

Mastercard, Wellcome, Bill & Melinda Gates сангийнхан COVID-19-ийн эмчилгээг түргэвчлэх хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарлав 

 

Шинэ коронавирусийн эмчилгээг тодорхойлох, үнэлэх, хөгжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх ажлыг түргэвчлэхэд зориулж эдгээр сан 125 сая долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн.  

Үүнд ДЭМБ, засгийн газар, хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулах бөгөөд эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд мөн чиглэх аж.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Вашингтоны их сургууль, Оксфордын их сургууль, Ла Жолла дархлаа судлалын хүрээлэнд 20 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. 

Wipro компани хүмүүнлэгийн тусламжид төвлөрч байна

 

Дэлхийн мэдээлэл технологийн Wipro компани болон Азим Премжи сан 147.4 сая ам.долларыг цар тахлын улмаас улам нэмэгдэж байгаа эрүүл мэндийн салбарын хямралыг бууруулахад зарцуулахаа мэдэгдэв. 

Энэтхэгийн Бангалор хотод төвтэй тус компанийн энэхүү санхүүжилт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх, ялангуяа, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг болно гэж үзэж байна. 

AstraZeneca амны хаалт, оношлуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

 

Био эм үйлдвэрлэлийн AstraZeneca компани Кэмбрижийн их сургуультай хамтран Их Британийн амны хаалт, COVID-19 оношлуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсноо дөрөвдүгээр сарын 7-нд зарлав. 

Ингэснээр дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд өдөрт 100,000 хүнийг оношилдог болох  зорилготой. 

Standard Chartered банк хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

 

Олон улсын банк санхүүгийн Standard Chartered групп 50 сая ам.долларыг цар тахалд өртөж буй дэлхийн хүмүүст туслахад зориулахаа мэдэгдсэн. 

Тус групп хэдийн 25 сая долларыг эрүүл мэндийн салбар нь хүнд байдалд байгаа улс орнуудад яаралтай тусламж болгон олгочихоод байгаа юм. Харин үлдсэн 25 сая долларыг цар тахлын нөлөөнд орсон бизнесүүдийг дэмжихэд зориулах нь.

Түүнээс гадна COVID-19-ийн нөлөөг бууруулах, ялангуяа эм, амны хаалт, хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудад зориулж НЭГ тэрбум долларын зээлийн шугам нээв. 

Coca-Cola ложистик, хангамжийн сүлжээг дэмжиж ажиллаж байна

 

Coca Cola компани нөөц боломжоо дахин хуваарилж, шаардлагатай газруудад тусалж байна. Тухайлбал, Бостонд л гэхэд голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад нүүрний хамгаалалт хүргэх ажилд ложистик, хангамжийн сүлжээнд нь дэмжлэг болж байна. 

Мөн бусад улс орнуудын хүрээнд цар тахлын эсрэг ажиллаж байгаа ашгийн төлөө бус байгууллагуудад зориулж 13.5 сая долларыг тусламж болгон өгчээ. Хамгийн сүүлд л гэхэд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг байгууллагуудад санхүүжилт олгосон байна. 

Технологийн шилдэг фирм 225 сая долларыг цар тахалтай тэмцэхэд зарцуулна

 

Технологийн тэргүүлэгч компаниудын нэг Cisco Systems 225 сая долларыг цар тахалтай тэмцэхэд зарцуулахаа мэдэгдээд байна. Энэхүү санхүүжилтийг эрүүл мэнд, боловсрол, Засгийн газрууд хариу арга хэмжээ авах болон холбогдох технологид зарцуулна. 

Тухайлбал, дэлхий даяар 2.2 сая хүн зайнаас ажиллахад тус компанийн технологи дэмжлэг болж байна. Түүнчлэн видео хурлын Webex платформыг нь Франц, Канад, Герман болон Колумбын Засгийн газрууд цахим хурал хийж, бодлого тодорхойлоход ашиглаж байна. 

Вакцин гартал хүнд үеийг даван туулахад хөрөнгө мөнгөө зарцуулахыг бизнесийнхэнд уриалж байна

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинэ вакцины боловсруулалтыг санхүүжүүлэх, зохицуулах нэгдэл буюу CEPI-ийн Гүйцэтгэх захирал Ричард Хачэтт бизнес эрхлэгчдэд бага ч гэсэн хөрөнгийг COVID-19-тэй тэмцэх үйлсэд зарцуулахыг уриалав. 

Энэ нь тухайн компанийн хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт болох болно гэдгийг тэрбээр онцолжээ. 

CEPI 30 сая долларыг вакцин гарган авах найман төслийн санхүүжилтэд зориулж олгосон байна. Вакцин гаргаж аваад, өргөн хүрээтэй эмнэл зүйн судалгаа хийхэд дэлхий дахинд 2 тэрбум доллар шаардлагатай хэмээн тус байгууллага тооцоолжээ. Одоогоор Дани, Финланд, Герман, Норвеги болон Их Британи улс л гэхэд энэ зорилгын төлөө 660 сая доллар зарцуулаад байгаа аж. 

Энэтхэг дэх COVID-19 халдварын тохиолдлуудад үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна

 

Infosys сангийн тусламжтайгаар Энэтхэг даяар COVID-19-ийн өвчтөнүүдэд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Бенгалуру хотод л гэхэд тус сан өвчтөнд бүрэн үйлчилгээ үзүүлэх иж бүрэн 100 ор бий болгожээ. Түүнчлэн хямралд хамгийн их өртөж байгаа эмзэг бүлгийн иргэдийн хоол хүнсний хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 хоногийн хүнсний багц, бусад шаардлагатай зүйлсийг эмзэг бүлгийн иргэдэд олгож байна.       

PepsiCo 50 сая багц хоолыг шаардлагатай хүмүүст хүргэж байна 

 

Шинэ коронавирусийн цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдэж байгаа бүлэгт зориулж PepsiCo компани 45 сая долларын санаачилга гаргажээ. Энэхүү санхүүжилтээр эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хэрэгсэл олгох, оношлох үйлчилгээг хүртээмжтэй болгохоос гадна 50 сая хоолыг хамгийн эрсдэлтэй хүн амд хүргэх зэргээр өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Латин Америк, Африк, Дундад болон Зүүн Ази, Номхон далайн орнуудад өлсгөлөнг бууруулахад дэмжлэг болж байгаа аж. 

Дэлхийн эдийн засгийн чуулган эв санааны нэгдэлтэй байхыг уриалж байна

 

Бизнесүүд ажлын байраа хадгалахын зэрэгцээ ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах томоохон хариуцлага хүлээж буй хүнд үе тулгарч байна. 

Ажилтнуудад ч мөн цоо шинэ шаардлага тавигдаж байна. Урьдчилан таамаглаагүй энэ нөхцөлд хүний нөөцийн ажилтнууд зоригтой үйлдэл хийж, манлайлал, эв нэгдлийг харуулах боломжийг олгож байна хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулганы гүйцэтгэх захирал Саадиа Захиди хэлжээ. 

Тодруулбал, цалин, тэтгэмжийг хамгаалахаас гадна ажилд орох, ажиллах хүчийг өөрчлөхгүй байх хандлага нь ажилчдын итгэлийг олж авах, хүнд хэцүү цаг үед байгууллагыг урагшлуулахад гаргаж буй том хүчин чармайлт гэдгийг тэрбээр онцлов. 

Халдварын түвшин нэмэгдэхийн хэрээр АНУ-ын орон нутгийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдсээр

АНУ-ын тухайд биотехнологийн Amgen компани 12.5 сая долларыг нэн шаардлагатай зүйлсэд зарцуулахын зэрэгцээ орон нутгийн иргэдийг шинжээчидтэй холбох, COVID-19-ийн талаарх мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Tata групп 200 сая ам.долларыг үнэгүй боловсрол олгох софтвэйр зэрэг шийдлүүдэд зарцуулна

 

Таtа групп цар тахалд өртөж буй иргэдийг хамгаалах, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах системд зориулж 200 сая ам долларын хөрөнгө оруулахаар болсон. Ялангуяа, голомтод ажиллаж буй ажилтнуудад зориулсан сургалт явуулахаас гадна хувийн хамгаалал хэрэгслээр хангаж өгөх юм.  

Тоглоомын аргаар тасралтгүй суралцах ажиллагааг LEGO дэмжиж, хөрөнгө оруулж байна

 

LEGO компани дэлхий даяар, ялангуяа дайнд нэрвэгдсэн орнуудын дүрвэгчдийн кэмпт байгаа хүүхдүүдээс эхлээд хөл хорионд байгаа хүүхдүүдэд чиглэсэн санаачилга гаргаад байна. Энэ мэт хүүхдүүдэд ядаж тоглох аргаар дамжуулан тасралтгүй суралцах боломжийг хангах үүднээс LEGO сан 50 сая доллар зарцуулахаа мэдэгдсэн. 

Түүнчлэн, олон нийтийн сүлжээгээр дамжуулан тоглоомд суурилсан суралцах гэр бүлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинэ вэбсайт нээхээр болжээ. Ингэснээр гэр бүл,  хүүхэд багачууд онлайнаар холбогдон бүтээлч сэтгэлгээгээ хуваалцах, тоглох, LEGO-ийн дизайнеруудаас суралцахын зэрэгцээ асуудлыг шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхээс эхлээд насан туршийн чадваруудыг олж эзэмшинэ хэмээн үзэж байна. Эцэг эхчүүд ч хөл хорионы энэ үед стрессээс ангижирна гэж тооцжээ.

Дэлхийн хэмжээнд нэг тэрбум вакцин нийлүүлэх амлалт

 

Johnson & Johnson коронавирусийн эсрэг голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдыг дэмжихэд зориулж 50 сая доллар гаргахаа зарлав. Энэхүү санхүүжилтээр цар тахлын үед дэлхий даяар ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилчдыг дэмжихэд зарцуулах юм байна. 

Түүнээс гадна гуравдугаар сарын 30-нд 2021 оны эхээр нэг тэрбум вакцин гаргах зорилгоор хүчин чадлыг нэмэгдүүлэх багц гаргаж байгаагаа зарлав. 

P&G нь долоо хоногт 45,000 литр гар ариутгагч үйлдвэрлэнэ

 

Дэлхий даяар гар ариутгагчийн эрэлт асар их нэмэгдэж байгаа энэ үед Procter & Gamble (P&G) компани таван шинэ үйлдвэрлэлийн шугам суурилуулах замаар хариу арга хэмжээ авав. Эдгээр үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор долоо хоногт 45,000 литр ариутгагч үйлдвэрлэх бөгөөд энэ хангамжийн дийлэнх нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, тусламжийн байгууллагуудад очих юм. 

Үүний зэрэгцээ өөрсдийн үйлдвэрлэдэг 30 брэндийн цэвэрлэгээний болон эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг 20 гаруй оронд нийлүүлж, 15 сая долларын дэмжлэг үзүүлээд байна.

Google ЖДҮ эрхлэгч, голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад зориулж 800 сая долларын дэмжлэг үзүүлэхээ амлав

 

Google Компани цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулан гаргаж буй 800 сая доллароо ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын, ажилтнууд, Засгийн газруудад дэмжлэг болгоход зориулахаа мэдэгдэв. 

Түүнээс гадна ДЭМБ болон 100 гаруй орны Засгийн газарт халдвараас урьдчилан сэргийлэхэд нь зориулж зар сурталчилгааны 25 сая долларын багцаа 250 сая болгон өсгөөд байна. 

Novo Nordisk сан Дани улсад коронавирусийн нөлөөг бууруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна

Novo Nordisk үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд 50 сая ам.доллар зарцуулж байна. Шинэ эмчилгээ, техник технологи нэвтрүүлэх болон олон нийтийн эрүүл мэндийн хамгааллыг өргөжүүлэх, олон нийтийн хүрээнд халдварт өртсөн иргэдэд туслах зэрэг ажилд мөнгөө зарцуулах нь. 

Түүнчлэн Дани улсын үндэстний цөөнх рүү чиглэсэн мэдээллийн кампанит ажлаас гадна COVID-19-ийн өвчтөнүүдийн бодит эрсдлийн үнэлгээг хиймэл оюун ухаан ашиглан үнэлэх зэрэг хэд хэдэн төсөлд буцалтгүй тусламж олгоод байна.

Хүнс, эм, тэжээл, цэвэр ус зэргийг түгээхэд яаралтай дэмжлэг үзүүлнэ

 

Nestlé хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлж олон улсын Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан яаралтай тусламж, эрүүл мэндийн системийн хүчин чадлыг сайжруулах ажилд 10 гаруй сая сая доллар зарцуулж байна.  

Ялангуяа, дэлхийн улс орнуудад хамгийн их шаардагдаж байгаа хэрэгцээг хангаж, ложистикийн чадварыг сайжруулахад дэмжлэг болж байна. 

Apple-ийн сая сая амны хаалт 

Apple компанийн Гүйцэтгэх захирал Тим Күк гуравдугаар сарын 26-нд 10 сая ширхэг амны хаалт нийлүүлэхээр болсноо зарласан. Энэ бол технологийн компани шуурхай зохион байгуулалтад орж, том дэмжлэг болох нөөц боломжтойн тод жишээ. 

HP ч зүгээр суусангүй

 

HP компани сурагчид, гэр бүл, олон нийтэд туслахуйц технологийн шийдэлд сая сая долларын хөрөнгө оруулж дэмжихээ үүсгэн байгуулагч Энрике Лорес нь мэдэгдээд байгаа юм. 

Үүнээс гадна тус компанийн 3D хэвлэх баг, Дижитал үйлдвэрлэлийн түншийн сүлжээгээрээ дамжуулан эмнэлгүүдэд шаардлагатай эд ангиудыг үйлдвэрлэх ажилд ороод байна. 

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт хил хязгаарыг үл харгалзан өрнөсөөр байна

 

Дэлхийн нэн ядуу, буурай оронд амьдардаг хүүхдүүдийн вакцины хүртээмжийг сайжруулах зорилготой GAVI олон улсын байгууллагаас хөгжиж буй орнуудад COVID-19-ийн эсрэг тэмцэхэд нь зориулж тэтгэмжийнхээ 10 хувийг зарцуулж байна. 

Ингэснээр тэдгээр орны эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл ахуй, халдварын хяналтын сургалтыг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх, лабораторийн шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн вакцин гаргаж авах ажлыг түргэвчлэхэд дэмжлэг болон оролцож байна. 

GAVI нь 20 жилийн өмнө 760 сая хүүхдийг дархлаажуулж, 13 сая гаруй хүний амь насыг аварч байжээ.

Philips үйлдвэрлэлээ нэмэгдүүлэв

 

Philips компани коронавирусийн өвчтэй хүмүүсийг оношлох, эмчлэхэд туслах эмчилгээний чухал тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээ нэмж байгаагаа зарлав.

Үүнд зөөврийн агааржуулагчаас эхлээд эдгэрэлтийг хангахад шаардлагатай олон төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Тухайлбал, оношилгооны дүрс бичлэгийн систем, эрчимт эмчилгээний тасагт байгаа өвчтөнийг хянах төхөөрөмжөөс гадна гэртээ тусгаарлагдан өөрийгөө асарч байгаа өвчтөнүүдэд зориулсан бүтээгдэхүүн оржээ. 

Unilever-ийн 100 сая еврогийн тусламж 

 

Дэлхийн савангийн хамгийн том компани Unilever 100 сая еврогийн үнэ бүхий ариутгагч саван, цайруулагч бодис, хоол хүнсээр хангахаа зарласан. 

COVID-19-ийн вакцин гарч ирэх хүртэл хамгийн сайн хамгаалах хэрэгсэл нь саван гэдгийг тус компани онцолжээ. Тийм ч учраас Unilever АНУ, Энэтхэг, Хятад, Их Британи, Нидерланд, Итали болон дэлхийн бусад оронд санаачилга гаргаж, сая сая саван үйлдвэрлэж, хамгийн их хэрэгцээтэй хүмүүст нь тараажээ.

Их сургуулиуд дараагийн үеийн удирдагчдыг заадаг

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сургалтын төвүүд коронавирусийн тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байна. Олонх нь судалгааны ажлыг багасгаж, сургалтаа онлайнд шилжүүлж, төгсөлтийг виртуал байдлаар хийхээр төлөвлөж байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор тэргүүлэх их, дээд сургууль, компаниудын 3,800 гаруй сургалтад үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болов. Онлайн платформоор дамжуулан оюутнууд компьютерын шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн чиглэлд суралцах боломжтой. Видео бичлэг, даалгавар, уншлагыг олон хэлээр үзэх боломжтой бөгөөд вэб, гар утас, татаж авах замаар хандах боломжууд нээлттэй байна. 

Хямралд нэрвэгдсэн урлагийн музей, судалгааны төсөл, залуучуудын байгууллагууд санхүүжилтэд түлхэц өгдөг

Carlsberg сан цар тахлын энэ үед судлаачид, урлагийн музей болон шинжлэх ухаан, эдийн засаг, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж буй залуусыг дэмжихэд хөрөнгө оруулж байна. Энэ хүрээнд COVID-19-тэй холбоотойгоор эрх баригчдын шийдвэрээр түр хугацаагаар хаагдсан олон улсын музейнүүдэд хөрөнгө оруулж, эргээд нээлтээ хийхэд нь зочдыг татах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Загвар, гоо сайхны ертөнцийн томчууд чиглэлээ өөрчлөв

 

Balenciaga, Saint Laurent зэрэг тансаг загваруудыг гаргадаг Францын конгломерат Кering групп нь эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлөөр Францын эмнэлгүүдэд мэс заслын амны хаалт үйлдвэрлэж, нийлүүлэхээр болов. 

Zara-г эзэмшдэг Inditex компани мөн Испанид нэхмэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа нэг хэсгийг эмнэлгийн хувцас үйлдвэрлэлд шилжүүлэхээр болж байна. Түүнчлэн ханган нийлүүлэх сүлжээгээ ашиглан 300,000 маск хандивлах, яаралтай эмнэлгийн хэрэгсэл хүргэх зэрэгт тусалж байна. 

Тэгвэл H&M Европын холбооны халдвар хамгийн их тарсан орнуудад маск, хамгаалалтын хувцас хэрэгсэл, бээлий зэргийг хандивлахаар санал болгов.

Louis Vuitton, Bulgari, TAG Heuer болон бусад олон брэндийг эзэмшдэг тансаг зэрэглэлийн LVMH фирм сүрчиг үйлдвэрлэх дэд бүтцээ ашиглан гар ариутгагч үйлдвэрлэхээр болсон. 

Бахрейн COVID-19 хямралын үед цахим боловсролыг олгож байна

Бахрейний Боловсролын яам нь Мэдээлэл ба цахим засаглалын албатай хамтран оюутнууд хичээл үзэх, шаардлагатай материалыг татаж авах, гэрийн даалгавраа онлайнаар бөглөх, ангийнхантайгаа хэлэлцүүлэг хийхэд ашигладаг тусгай цахим портал бий болгожээ. 

Ингэснээр боловсролын тасралтгүй байдлыг хангаж байна. 

 

Р.Оюунцэцэг

 

Эх сурвалж: WEF