Зураг
Зураг
   
1
2

Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 22
Сурталчилгаа
Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг
Зураг

Монголын хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийн байгууллагын нэг ХААН Банкны хүний нөөцийн бодлогыг зангидаж авч яваа Ш.Ганбямба захирлыг “Visitor буландаа урьж ярилцлаа. 6000 гаруй ам бүлтэй өнөр өтгөн энэ айлаар овоглодог хүн болгон шахам л “ХААН Банкаараа бахархдаг” гэж хэлж байхыг олонтаа сонсож байсан.

Тэгвэл ажлаараа, хамт олноороо бахархдаг ажилтнууд нь энэ банкыг Монголын хамгийн хүчирхэг хийгээд тэргүүлэгч банк хэмээх тодотголыг бий болгосон нь гарцаагүй. Үүнд мэдээж хүний нөөцийн бодлого хамгийн чухал нөлөөтэй билээ. ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямбын ярилцлагыг та бүхэнд толилуулъя.

Зургийг Б.Долгорсүрэн (Suniko)


Харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж ач холбогдол өгдөг болсон

- 2018 он ХААН Банкны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Монголын “Топ ААН”-ийн дөрөвдүгээрт жагссан, олон улсын нэр хүндтэй хэд хэдэн шагнал хүртсэн. Хамгийн сүүлд “Оны шилдэг ААН” боллоо. Та бас оны босгон дээр Монголын банкны холбооны шагнал “Оны шилдэг банкир” болсон шүү дээ, баяр хүргэе?

-Баярлалаа, та бүхэнд бас танай сайтын эрхэм уншигчдад шинэ оны мэнд хүргэе. 2018 он манай банкны хувьд амжилт, бүтээл арвинтай жил байлаа. Энэхүү амжилтын гол үндэс нь манай банкны олон жилийн тогтвортой, ил тод, найдвартай үйл ажиллагаа, сайн засаглал, ТУЗ-ийн стратегийн манлайлал, Гүйцэтгэх удирдлага болон бүх түвшний удирдлагын оновчтой шийдвэрүүд, ажилтнуудын маань тууштай хөдөлмөрийн үр шим гэж боддог.

Мөн ХААН Банкны Хүний нөөцийн хэсгийг хариуцдаг хүний хувьд ёс зүй, сахилга бат, өндөр гүйцэтгэл, үр бүтээмжтэй, харилцагчийн үйлчилгээг эрхэмлэж ажилладаг банкныхаа нийт ажилтнуудын хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон дурдмаар байна. Манай Хүний нөөцийн багийн тухайд сорилт ихтэй, шинэлэг санал санаачилга дүүрэн жил боллоо. Ялангуяа бид Хүний нөөцийн бодлого, стратеги, тогтолцоогоо шинэчлэх, байгууллагын соёлоо эерэгээр бэхжүүлэх, ажилтнуудынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэх, удирдах ажилтнуудынхаа удирдан манлайлах ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллалаа.

Манай багийн ажлыг үнэлэн Монголын Банкны холбооны оны шагнал болох “Шилдэг банкир” хэмээх хүндтэй шагналыг надад өгсөн гэж бодож байгаа. Нэмж хэлэхэд бидний санаачлан эхлүүлсэн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, манлайлан ажилласан нийт удирдах ажилтнуудынхаа хувь нэмрийг бас талархан тэмдэглэмээр байна.    

-Та бол Монголын томоохон ажил олгогч хувийн хэвшлийн байгууллага ХААН Банк хэмээх их айлын хүний нөөцийн бодлогыг залуурдаж яваа хүн. 6000 гаруй ажилтантай энэ том байгууллагатай амьдралаа холбоод удаж байна уу?

-Би анх 2007 онд энэ их айлын хаалгыг тогшин орж ирснээс хойш ХААН Банкны Хүний нөөцийн “гал тогоо”-г барьж байна даа. Ийм болохоор Хүний нөөцийн чиглэлээр гарсан амжилт, дэвшил, мөн алдаа дутагдал ч надтай холбоотой гэж боддог.

-Банкинд анх ажилд орж байх тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулж хэлэхгүй юү?

-10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад манай банк маш их өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Хамгийн гол нь  манай бизнесийн загвар шинэчлэгдэж, үүнийг дагаад дотоод үйл ажиллагаа, үйлчилгээний хэв маяг, стандарт, ажилтнуудын ур чадвар, хандлага өөрчлөгдсөн.

Намайг анх ажиллаж эхлэх үед манай банк анхныхаа АТМ-ыг оруулж ирж, бид цалингаа теллерээс биш, АМТ-ээс авч технологийн дэвшлийг өөр дээрээ мэдэрч, хэрэглэж сурч байлаа. Одоо манай банкны нийт гүйлгээний 95 хувь нь цахимаар буюу АТМ, карт, интернэт банкаар хийгдэж байна. Хүний нөөцийн хувьд гэвэл маш олон зүйлийг бид энэ хугацаанд өөрсдийн гараар бий болгон өнөөдрийн бүхий л тогтолцоо, бодлого, стратеги, хөтөлбөрөө тодорхойлон хэрэгжүүлээд явж байна.

Одоо бид дараагийн шинэчлэлийнхээ босгон дээр бодлого, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ уялдуулан сайжруулах, олон улсын шилдэг туршлага, стандартад нийцүүлэхээр өнгөрсөн оноос ажлаа эхлүүлээд байна. Ер нь аливаа юмны хөгжил 10, 10 жилийн үечлэлтэй явдаг бололтой.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

-Би орос, англи хэлний багш мэргэжилтэй. Хүний нөөцийн ажилтан ч биш, банкир ч биш намайг ХААН Банк хүний нөөцийн газартаа ажиллахыг санал болгосон. Англи хэлтэй, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байсан учир хүний нөөцийн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, нутагшуулна гэж найдсаных болов уу гэж боддог юм.

Би ажлын гараагаа одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуульд англи хэлний багшаас эхэлсэн. Анхны англи хэлний тэнхимийг байгуулалцаж, англи хэлтэй анхны боловсон хүчин, орчуулагч нарыг бэлтгэхэд гар бие оролцож явсан гэдгээрээ багахан бахархдаг шүү. Дараа нь олон улсын байгууллагуудад, тухайлбал, Австралийн хөрөнгө оруулалттай компани, Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад ХААН Банк руу “урвасан” хүн дээ.

-Багшийн мэргэжил хүний нөөцийн чиглэлээр ажиллахад нөлөөлдөг үү?

-Манайхан “Багшийн арга барил танаас их харагддаг” гэж хэлдэг. Хүнтэй ажиллах, хүнд юм зааж сургах, чиглүүлэх, хөгжүүлэх тал дээр анхны мэргэжлийн маань онцлог нөлөөлдөг байж магадгүй. “Зөв ур чадвартай, зөв хүнийг зөв цагт нь, зөв ажлын байран дээр байршуулах” гэсэн хүний нөөцийн алтан дүрэм байдаг даа. Үүний тулд хүнийг их сайн таних ёстой болдог.

Хувь хүнийхээ хувьд олон хүнтэй нэг баг болж, аль болох нээлттэй ойр хамтарч ажиллахыг зорьдог.

-Орчин үеийн хүний нөөцийн бодлого их өөр болж байна. Гадаадад сургуульд сурсан, онц төгссөн, шалгарсан мэргэжилтэн гэхээсээ тухайн хувь хүний онцлогийг харгалзаж ажилтан сонгодог болсон. Өөрөөр хэлбэл, диплом нь чухал биш, хувь хүн нь зөв байвал сургаад авъя гэдэг болсон. ХААН Банкинд ийм бодлого хэрэгждэг үү?

-Хэрэгждэг шүү. Орчин үед техникийн буюу мэргэжлийн ур чадварыг сургаж, хөгжүүлж болно, харин эерэг зан төлөв, хандлагыг хүнд суулгаж, төлөвшүүлэх амаргүй тул харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж ач холбогдол өгдөг болсон байна. ХААН Банкинд ажилд орох анхны түвшин нь хүмүүсийн хэлж сурснаар теллер буюу борлуулалт үйлчилгээний ажилтан байдаг. Теллер, борлуулалт үйлчилгээний ажилтан сонгохдоо бид заавал банк санхүүгийн мэргэжилтэй байх шалгуур тавьдаггүй. Харилцагчид үйлчилгээ үзүүлэхээс цааргалдаггүй, бусдад тусалчихъя, ойлгуулчихъя гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга залуусыг авахыг зорьдог.

Мөн тухайн хүний үйлчилгээний суурь ойлголт, харилцааны соёл, эерэг хандлага, идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, цаашид өсөж дэвжих потенциал боломж байгаа эсэхийг олж харахыг хичээдэг. Манай банкинд ажилтан бүр хэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой “Амжилтын зан төлөв” буюу зан төлөвийн загвар шаардлагууд байдаг юм. Тиймээс эдгээр зан төлөвийг өөртөө агуулсан, хөгжих боломжтой хүмүүсийг ажилд авахыг чухалчилж байна.

Мэргэжлийн ёс зүйтэй,  харилцаа сайтай, хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээг эрхэмлэдэг, идэвх оролцоотой, хөгжил дэвшилд тэмүүлсэн зан төлөв, хандлагатай ур чадвартай залуусын өмнө манай хаалга нээлттэй байх болно. 

-ХААН банкны хүний нөөцийн бодлогын бусад байгууллагаас ялгарах давуу тал таныхаар юу вэ?

- Дээр хэлсэнчлэн банкны маань амжилтын эх үндэс бол ажилтнууд юм. Манай банкинд ажилтнууд хувь хүний манлайллын болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, том багт орж өөрийгөө сорьж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж мэргэших, албан тушаал ахиж дэвших боломж дүүрэн байдаг. Энэ нь ХААН Банкны орчин үеийн залууст олгож буй маш том боломж төдийгүй бусад байгууллагаас ялгарах онцлог гэж боддог.

Зөвхөн 2018 онд гэхэд 1,000 гаруй ажилтан банк дотроо албан тушаал ахиж, ажлын байраа сольсон, давхардсан тоогоор 10,300 гаруй ажилтан мэргэжлийн болон манлайллын ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 175 ажилтан болон ажилтны хүүхэд сургалтын тэтгэлэг хүртсэн байна. Манай ажилтнууд тухайн албан тушаалд нэг жил ажиллаад дараагийн албан тушаалд хүсэлт гаргах боломжтой болдог бөгөөд нэг ажлын байран дээр дунджаар гурван жил ажиллаад өөр ажлын байранд шилжиж эсвэл ахиж дэвшдэг.

 

-Нийт ажилтнуудын 70 гаруй хувь нь 35-аас доош насны залуус гэхээр танай банк тун залуу хамт олон бололтой?

-Тийм ээ, залуус голдуу ажилладаг. Нийт ажилтны 20 орчим хувь нь 25 хүртэлх насны залуус байна. Энэ нь их дээд сургуулийн шинэ төгсөгчдийг ажилд авч ажлын байран дээр нь сургаж дадлагажуулдагтай холбоотой. 2018 онд 500 гаруй шинэ төгсөгч ажилд авсан байна. Ингэж бид шинэ залуу үеийнхнийг эхнээс нь сургаж хөгжүүлэн залгамж халаагаа бэлддэг.

Манай хүний нөөцийн баг дээр жишээ авахад гуравны нэг нь 1990 оноос хойш төрсөн шинэ үеийн залуучууд байна. Залуу хүмүүсийн эрч хүч үргэлж мэдрэгддэг, шинэлэг зүйлс хийж, хэрэгжүүлэх эрч хүч ундарч байдаг шүү дээ. Нөгөө талаар шинэ ажилтнуудаа банкинд амжилттай нутагшуулах буюу тэднийг амжилтын эерэг зан төлөвтэй, мэргэжлийн банкир болоход нь дэмжин чиглүүлэхэд манай бүх түвшний удирдах ажилтнууд болон Хүний нөөцийн багийнхан ач холбогдол өгч, анхаарч ажилладаг.

-Төрсөн өдрөөрөө, мөн жилд нэг удаа өөрийн дуртай өдрөө цалинтай амраадаг гэдгээрээ ХААН Банк Монголдоо цорын ганц байгууллага болов уу? Энэ санаачилга хэзээнээс гарсан бэ?

-2011 оноос хойш манай ажилтнууд төрсөн өдрөөрөө цалинтай амардаг болсон. Яахын аргагүй ХААН Банкны нэгэн брэнд амралтын өдөр болохоор найз нөхөд, гэрийнхэндээ ч бахархалтайгаар ярьдаг. Жилд нэг өдрийг ажилтандаа өөрийнхөө сайн сайхан, эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарах өдөртэй байлгах зорилгоор ХААН өдрийн амралт (Khan well being day)-тай болсон түүхтэй.

Энэ санаачилгыг тухайн үеийн манай гүйцэтгэх удирдлага “Ажил амьдралын тэнцвэрийг хангах” нэртэй том хөтөлбөрийн хүрээнд танилцуулж өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. Банкаараа овоглосон энэ амралтаараа бид бас их бахархдаг, үр дүнтэй ч ашигладаг. Манайхан бүр жилийн өмнөөс энэ өдрөө төлөвлөж, утга учиртай, үр бүтээлтэй өнгөрөөж сурсан байна лээ. Жилд нэмэлт хоёр өдрийг манай ажилтнууд өөртөө болон гэр бүлдээ зориулдаг, тэр хэрээрээ ХААН Банкаараа бахархаж, илүү урам зоригтой, сэтгэл хангалуун, бүтээмжтэй ажилладаг гэж боддог доо.    

-Та энэ өдөр амарч байв уу?

-Амралгүй яах вэ. Олон ажилтан 9-р сарын 1-ний өдөр ХААН өдрийн амралтаа авдаг. Дунд сургуулийн насны хоёр хүүтэй болохоор би бас олны жишгээр энэ өдөр голдуу авдаг.

-Том байгууллагыг соёл нь удирддаг гэсэн үг байдаг. Байгууллагын соёл гээч зүйл гэнэтхэн нэг өдөр бий болчихдоггүй, олон жилийн турш бүрэлдэж тогтдог байх. ХААН Банкны байгууллагын соёлын тухайд та юу хэлэх вэ?

-Санал нэг байна. Олон жилийн турш биежиж, хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирдэг зүйл юм байна гэж ойлгосон. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх юмгүй, гэхдээ мэдэрч, мэдэж болдог зүйл.

Бид олон жилийн турш ил тод, шударга, тогтвортой, найдвартай байдлыг эрхэмлэж, харилцагчдадаа хамгийн шинэлэг, хамгийн сайн үйлчилгээг хүргэхийг хичээж ирсэн нь манай соёлыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Манай банк нээлттэй хаалганы бодлоготой, ажилтнууд санал бодол, дуу хоолойгоо ил тод илэрхийлдэг, эерэг байгууллагын соёлтой гэж боддог.

-ХААН Банкны захирлууд сар бүр ээлжлэн Соёлын элчээр томилогдон, ажилтнуудаа хамруулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг гэл үү?

-Манай ажилтнууд бол байгууллагын соёлын элч, брэнд амбасадорууд шүү дээ. Бид 2018 онд байгууллагынхаа соёлыг илүү бэхжүүлэх, банкныхаа нэгдмэл зорилгын дор нэгдэх, удирдлага, ажилтнууд болон салбар нэгж хоорондын уялдаа, харилцаа холбоог сайжруулах, удирдан манлайлах ур чадварыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь энэ “Соёлын элч” нэртэй  төсөл юм.

Товчхон хэлэхэд нийт ажилтнуудынхаа идэвх оролцоог сайжруулах зорилготой тус төслийг манай Гүйцэтгэх удирдлагын хорооны гишүүд, дэд захирлууд хүний нөөцийн багтайгаа хамтран бүтэн жилийн турш ээлжээр удирдан хэрэгжүүлсний үр дүнд 2018 онд ажилтнуудын урам зориг, идэвх оролцооны түвшинг нэмэгдүүлж чадсандаа бид их баяртай байгаа.

-Та Соёлын элчийн баг удирдаж байсан уу?

-Яг тухайлсан сар удирдаагүй. Төслийг голлон зангидаж, ерөнхий удирдлага, чиглэлээр хангаж байсан нь манай Хүний нөөцийнхөн л дөө. 2018 оны турш Соёлын элч байсан гэж өөрийгөө болон багаа хэлнэ ээ (инээв).

- Банкны салбарынхныг хүмүүс тоо л бодоод суудаг мэтээр ойлгодог. Гэтэл ХААН Банк дэргэдээ сайн дурын маш олон клубтэй, ажилтнууд нь чөлөөт цагаараа ууланд алхах, спортын төвүүдэд хичээллэх, бүжгийн хичээлд хүртэл хамрагдах боломжтой байдаг гэсэн?

-Манай банкинд тогтсон бас нэг соёл бол ажилтнууд маань өөрсдийн сонирхол, хоббигоор сайн дурын клубүүдэд нэгддэг, ингэснээрээ биенээсээ суралцаж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, нэг зорилгын дор нэгдэн нягтардаг, өнөр багийн гишүүн болж илүү хамтарч ажиллах, ойлголцох чадвар нь нэмэгддэг. Олон залуустай болохоор урлаг, спортын арга хэмжээ ч жилийн турш тасралтгүй явагдаж эрүүл өрсөлдөөн, эрүүл амьдралын хэвшил, ажил амьдралын тэнцвэрийг дэмжиж ажилладаг.

Манай Hiking буюу явган алхалтын клуб сүүлийн үед мэргэшээд, өндөр уулын алхалтуудыг маш их хийдэг болсон байна лээ. Бүжгийн, хоол хийх сонирхогчдын, гэрэл зураг сонирхогчдын, англи хэлээр яригчдын, спортын клубийнхэн маш сайн ажиллаж байгаа. Ямарваа арга хэмжээ зохион байгуулахдаа бид клубийнхээ залуусыг олноор оролцуулдаг. Саяхан Hомонд дурлагсдын клуб нээгдсэн. Манайхан бас урлаг, спортын авьяастнууд олонтой. Банк хоорондын тэмцээн үндэсний лигийн тэмцээнээс дутахааргүй гал гарсан, өрсөлдөөнтэй болдог. Тамирчдын түвшин, ур чадвар ч их өндөр. Бид банк хоорондын тэмцээнүүдийн медалийн тавцангаас ер буухгүй шүү. Хоёр жил тутам зохиогддог урлагийн наадамтай. “The 1010” нэртэй амьд хөгжмийн хамтлаг бас бий. 2019 он гараад бид ардын хөгжмийн болон шагайн харвааны клуб шинээр нээж байгаа. Спорт урлагийн арга хэмжээнүүдэд оролцох нь ажилтнуудын хөгжлийн нэг хэсэг гэж бид үздэг.

-Та аль нэг клубийн гишүүн үү?

-Би багадаа ятга тоглодог байлаа. Ардын хөгжим, язгуур урлагийн тоглолтуудыг  алгасахгүй үзэхийг боддог. Ятгаа тоглоогүй 20-30 жил болжээ. Одоо нэг сэргээчих юмсан гэж бодоод байгаа юм. Бас ёочин тоглож сурахсан гэсэн мөрөөдөл бий. Харин шинээр нээгдэх ардын хөгжмийн клубийн гишүүн болно гэж бодож байгаа.

Зураг

Спорт урлагийн арга хэмжээнүүдэд оролцох нь ажилтнуудын хөгжлийн нэг хэсэг гэж бид үздэг

-ХААН Банкны хүний нөөцийн гал тогоонд та 10 гаруй жил ажиллажээ. Харин бодит амьдрал дээр хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Ажил амьдралынхаа балансыг хэр тэнцүүлж чаддаг вэ?

-Хувь хүнийхээ хувьд бол балансаа хадгалж чадахгүй, сайн гэрийн эзэгтэйн ажил, үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байна л даа. Гэхдээ надад давуу тал бий. Гэр бүлийн хувьд оройхон гараад ширүүхэн дайрсан. Бурхны авралаар намайг ойлгодог, бүх талаар дэмждэг, арын албыг минь бүрэн даадаг сайн ханийнхаа ачаар ар гэртээ санаа зовох юмгүйгээр ХААН Банкны “бүрэн” мэдэлд байдаг хүн дээ.

“Хариуцлагатай алба хашдаг юм чинь сэтгэл хоёрдохгүй ажлаа сайн хийгээрэй” гэж нөхөр минь дэмждэг учраас миний ажил амжилттай  явдаг гэж би боддог. Манай банк эмэгтэй захирлууд олонтой. Хараад байхад амьдрал дээр эмэгтэй хүн амжилттай, ажлын карьер өндөр яваа нь ар гэрийн дэмжлэгээс их шалтгаалдаг. Эмэгтэй хүн ер нь өөрийг нь ойлгодог, дэмждэг сайн ханьтай байх нь чухал гэдгийг ойлгосон. 

-Та ажлаа хэр төлөвлөдөг вэ? Таны байнга хийдэг ямар сайн зуршлууд байдаг вэ?

-Аль болох хувийн зохион байгуулалт сайтай, төлөвлөлттэй байхыг хичээдэг. Ер нь удирдагч хүн бол ажилтнуудаа маш сайн сургаж, чиглүүлж, дасгалжуулж чадвал ажлаа хамтарч хийдэг, ажилтнаа ч хөгжүүлж чадавхжуулж чаддаг гэж боддог. Ажлын гол арга барил бол багтайгаа маш ойр ажилладаг, багаа хөгжүүлж, хамтдаа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрдэг, ажлыг хамтарч хийдэгт л миний сайн зуршил байгаа болов уу.

Ажилтнуудтайгаа сэтгэлээсээ ярилцаж, ойлголцон хамтын шийдэлд хүрч,  хэрэгжүүлэхдээ харин жижиг деталийг ч гээхгүй гэсэндээ цаг гаргах гэж оролддог. Нэг эхлүүлсэн бол дуусгах гэж гүрийдэг зантай. Миний байнга боддог, хичээдэг нэг зүйл бол ХААН Банкыг “Good place to work” буюу ажиллахад урамтай, гоё газар байлгахсан, ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг.

Зөвхөн цалин авах гэж, амьдрахын төлөө ажил хийж байгаа биш, ХААН Банкны ажилтан эрхэлж байгаа ажилдаа дур сонирхолтой, хамт олон нь хамтран ажилладаг, хөгжилтэй, удирдаж байгаа захирал нь дэмждэг, ойлгодог, хөгжүүлдэг, байгууллага нь эерэг соёлтой байвал тэр хүн ажилдаа ирэхдээ дуртай байна биз дээ? ХААН Банкинд орсноосоо хойш ярьж, хэрэгжүүлэхийг хичээж байгаа зүйл энэ л дээ.

-Үнэхээр ажиллахад урамтай, гоё газар болж чадсан уу, ХААН Банк?

-Тийм байлгах гэж бид хичээж байна. Үүнд л Хүний нөөцийн бодлого, стратеги бүхнээ чиглүүлж, энэ олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Залуучууд хөгжих, өөрийгөө ахиулах боломжтой, санаа бодлоо чөлөөтэй хэлдэг, дээр нь ажиллахад урамтай орчин бүрдүүлж чадвал ямар ч ажлын ард гардаг, ачаалал, ажлын хүндээс бол айдаггүй юм байна гэж ойлгож авсан.

Би тийм орчныг бүрдүүлэх юмсан, ямар ч асуудал гарсан, миний өрөөнд ирээд уулзах, зөвлөлдөх боломжтой байлгах гэж мэрийдэг. Айдасгүй, алдаа хийсэн ч надаас нуух бодолгүй байгаасай гэж боддог, тэрийгээ ч хэлдэг.

-ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл эртэч гэдгээрээ алдартай юм билээ. Танай багийнхан бас эрт ирэх үү?

-Жон Белл захирлыг ирснээс хойш манай банкныхан ер нь их эртэч болсон. Үнэхээр Жон захирлын ажлын хуваарь бараг 15, 30 минутын зайтайгаар, аль хэдийнэ төлөвлөгдөөд, ямар ч сул цаггүй болчихсон байдаг. Заримдаа гарцаагүй, захиралтай уулзах шаардлагатай бол өглөө 07:00, 07:30 цагт л ирж асуудлаа танилцуулах боломж бидэнд олддог. Бид ч хэдийнэ эрт ажиллаад сурчихаж. Багийн хурлуудаа ихэвчлэн ажил эхлэхээс өмнө, 08:00 цагаас хийдэг.

Ажилтнуудаа илүү цагаар, шөнө орой суухыг би ер нь дэмждэггүй. Ажлын цагаар ажлаа бүтээмжтэйхэн хийчихээд эртхэн шиг харьж амьдралаа зохицуул гэж хэлдэг юм.

-Танай банкны 2018 оны “Ажилтнуудын судалгаа”-ны үр дүнг харахад 85-90 хувь нь ХААН Банкаараа бахархдаг гэж бичжээ. Үүний гол хөшүүрэг, нууц нь таныхаар юу бол?

-2018 онд бид хүний нөөцийн бодлого, тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл хийж эхэлсэн юм. Ялангуяа удирдах ажилтнуудын удирдан манлайлах ур чадвар, хариуцлагатай манлайллыг дээшлүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийг системтэйгээр хэрэгжүүлж байна. Мөн ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Соёлын элч” болон бусад хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж, бүх түвшний удирдах ажилтнууд маань хүний нөөцийн багтайгаа нягт хамтран ажилласан зэрэг нь ажилтнуудаас авсан судалгааны үр дүнд сайнаар нөлөөлсөн болов уу гэж үзэж байна.

Бас нэг зүйлийг онцлоход манай ажилтнууд ХААН Банкинд ажилладгаараа бахархдаг гэсэн үзүүлэлт сүүлийн хоёр жил дараалан тус судалгаанд хамгийн өндөр үнэлгээтэй гарсан. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг, нийгмийн хариуцлагатай, сайн засаглалтай, харилцагчаа дээдэлдэг, ажилтнаа дэмждэг ийм байгууллагад ажилладгаараа бид маш их бахархдаг.      

 

-Хүмүүс Монголын хамгийн том банк гэхээр л тоо томшгүй их ашиг олж байгаа мэтээр ярьж, шүүмжилдэг тал бий. Гэтэл хэдий хэрийн татварыг улсад төлж, ямар хэмжээний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулдаг талаар мэддэггүй шүү дээ. Энэ асуултанд та хариулахгүй юу?

-Манай байгууллага гадагшаа ч, дотогшоо ч нийгмийн хариуцлагатай ажилладаг. Улсад татвараа шударгаар төлдөг, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлдөг. Хуулийн дагуу ажиллана гэдэг нь нийгмийн хариуцлагын том үзүүлэлт гэж ойлгодог шүү. Өнгөрсөн онд л гэхэд бид нийт 16.9 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна.

Нийт ажилтны 66 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг, жилд дунджаар 600-700 ажилтан хүүхэд асрах чөлөөтэй байдаг. Тэдний ажлын байрыг хадгална, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө, тэдэнтэйгээ бас эргэх холбоотой байна. Эргээд ажилдаа орох хөдөлмөрийн харилцааг нь зохицуулах гээд дагалдах ажлууд мундахгүй. Би хааяа хошигнож хэлдэг юм, бид улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй, хүн амын өсөлтөнд ч тодорхой хувь нэмрээ оруулж явна гэж.

-ХААН Банкны хүний нөөцийг удирдсанаасаа хойш энэ хугацаанд яг ямар ажлын ард гарсныхаа дараа хамгийн их өөрөөрөө, ажлаараа бахархсан бэ?  

-10-аад жилийн хугацаанд маш олон ажлын ард гарч өөрөөрөө гэхээсээ илүү нэгдэн нягтарч, шинэлэг бүтээлч байдлаар ажиллаж чадсан хүний нөөцийн баг хамт олон, залуучуудаараа бахархаж байсан үе зөндөө бий.

Хамгийн их бахархдаг, их ч хугацаа зарцуулж олон хүний хөдөлмөр шингэсэн ажил бол манай “Ажилтны хуримтлалын хөтөлбөр” юм. ТУЗ-ийн зүгээс ихээхэн дэмжиж, тухайн үеийн Гүйцэтгэх удирдлага ч сайн чиглүүлж өгч, олон газар нэгжийн оролцоотойгоор биеллээ олж хэрэгжиж байгаа “буянтай” ажил гэж одоог хүртэл бодож баяртай байдаг. 

-2019 онд хийхээр зорьж буй ажлаасаа хуваалцахгүй юу?

-Ярилцлагын турш би амжилт, ололтынхоо талаар голлон ярилаа. Мэдээж 6,000 гаруй ам бүлтэй өнөр айл болохоор сайжруулах, шийдэх шаардлагатай асуудлууд, хийх ажлууд нэлээд байгаа.

Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, дэвшилдээ урамшин энэ жил бүр их эрч хүчтэй, ухаалаг, үр ашигтай арга барилаар ажиллаж, эхлүүлсэн төсөл хөтөлбөр, өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэн байгууллагын соёлоо улам бэхжүүлж, илүү ахиц гаргана гэж төлөвлөж байна. Ажилтнуудын судалгааны үр дүнд тулгуурлан Хүний нөөцийн бодлого, стратеги, үйл ажиллагааны шинэчлэл, удирдах ажилтнуудынхаа манлайллыг бэхжүүлэн сайжруулахад үргэлжлүүлэн анхаарах, дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах ажлыг эрчимжүүлэн ажлын бүтээмж,  ажилтнуудынхаа идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах гээд хүслийн бөгөөд ажлын урт жагсаалт байна аа.

Ингээд ярилцлагынхаа төгсгөлд биднийг байнга дэмжиж, үнэтэй зөвлөмж, санаа оноо өгч хамтран ажилладаг нийт удирдлага, ажилтнууд болон багийнхандаа үргэлж талархаж явдгаа илэрхийлье. ХААН Банкинд итгэл үзүүлэн хамтран ажилладаг нийт харилцагч, түншүүддээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.