Зураг
Зураг
   
1
2
3

Д.Энхбат: Дижитал цогц үйлчилгээ үзүүлэгч компани болох нь манай хөгжлийн III үе шат

Ч.Болортуяа
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Д.Энхбат: Дижитал цогц үйлчилгээ үзүүлэгч компани болох нь манай хөгжлийн III үе шат
Зураг

Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жилийнхээ алдаа, оноо, тайлан, тооцоог нэгтгэн дүгнэх их ажлын сарууд үргэлжилж байна. 

Монголын Үндэсний Худалаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүрийн өдийд Монголын Топ -100 аж ахуйн нэгжийг зарлаж алдаршуулдаг уламжлалтай. 

Энэ жагсаалтад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зургаан компани багтсанаас хоёр нь Юнител группийн компани байх аж. Тэдний улсад төлсөн татварын хэмжээ салбарын компаниудаа тэргүүлсэн тоон мэдээлэл анхаарал татна. 

100 хувь Монголын хөрөнгө оруулалттай Үндэсний компани гэдгээрээ онцлог тус хамт олныг Юнителийн 100 хувь "бүтээгдэхүүн" гэж хэлж болох залуухан инженер/менежер удирдаад жил гаруй хугацааг үджээ.

1,200 гаруй ажилтантай мэдээллийн технологи, харилцаа холбооны тус компани өөрсдийн гурав дахь үеийн хөгжлийн загвараа тодорхойлоод байна. 

Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар Юнител группийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэж байгаа гэсэн тооцоолол байдаг.  

Тиймээс ч ийм хэмжээний хариуцлагыг үүрч буй Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбатыг танилцуулахаар "Өглөөний Хүн" буланд урьж ярилцлаа. Энэ нь түүний хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлага гэдгээрээ онцлогтой. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Д.ЭНХБАТ
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
Зураг

НЭГ: ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭХ БҮРТ ӨӨРТӨӨ ТАВЬДАГ НЭГ АСУУЛТ БИЙ

 

- Таныг нэг компанидаа тасралтгүй удаан ажиллаж байж группийн Гүйцэтгэх захирал болсон гэж ойлгосон. Таны ажлын намтраас уншигчиддаа танилцуулах нь зөв байх?
- Би 2006 оноос Юнител группт ажиллаж эхэлсэн. Ажлын үнэмлэхнээсээ харахаар Юнителийн 12 дахь ажилтан нь

2005 оны арванхоёрдугаар сараас нь Юнител ажилтнуудаа шалгаруулж авна гэсэн мэдээлэл гарч эхэлж байсан санагдаж байна. Одоо бодоход тухайн үед мэдээлэл технологийн чиглэлээр төгссөн болоод ажиллаж байсан хүмүүсийн ажиллахыг хүсдэг байсан хүслийн газар нь оператор компаниуд байв. Тэр үед хувийн хэвшлээс Мобиком, Скайтел хоёр байсан бол төрийн Цахилгаан Холбоо компани гэсэн сонголт байсан. Дээрээс нь нэмээд MCS Electronics мөн шинэ тутам трэнд компани байсан юм. Энэ үед Юнител байгуулагдсан. Олон ч хүн энэ компанид ажиллахыг хүссэн. 

Тухайн үед МУИС-ийн нэлээд хэдэн танхим дүүрэн хүмүүс Юнителд орох гээд шалгалт өгч байсан. Миний хувьд ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийг төгссөн. Манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл тэр шалгалтыг өгч байв. Тэдний нэг нь би байсан. 

Юнител ингэж шалгалт авч байх үедээ тав орчим ажилтантай байсан болов уу. Шинэ ажилчид шалгаруулж аваад шууд л 40, 50 хүнтэй болчихсон.  Бид үндсэндээ дөрвөн сарын хугацаанд үүрэн холбооны сүлжээ босгоод ашиглалтанд оруулж байж. Одоо бодохоор төсөөлөхөд хэцүү даваа байсан юм шиг. 2006 оны зургаадугаар сарын 26-нд нь Юнител ашиглалтад орж байлаа. 

- Тухайн үед Юнителийн анхны дуудлагыг хийсэн хүнийг та байсан гэж байсан. Энэ зөв мэдээлэл үү?
- Тийм ээ. Зөв

- Та 2004 онд сургууль төгсөөд Юнителд орохын өмнөх хоёр жилд нь юу хийж байв?
- 2004 онд төгсөөд MCS Electronics -ийн охин компани болох Орбит Нэт гэж компанид ажиллаж байсан.

Энэ компанид ажиллаж байсны давуу тал нь яг Юнител шиг цоо шинэ төсөл дээр ажиллаж үзээд дараагийн ажилдаа орсон.
 
Намайг сургууль төгсөж байх үед Монголын мэдээллийн технологийн салбар өргөжиж тэлэх суурь нь тавигдсан гэж боддог. Үүнийхээ хэрээр ч шинэ технологи, шинэ компаниуд нэлээд гарч ирсэн. Одоогийнхоор бол технологийн старт-ап компаниудын эхлэл үе байсан юм уу даа. 1996 онд Мобиком, 1999 онд Скайтел байгуулагдсан эхний үеийн нөү-хау салбарт тархаад Монголчуудын олон улс дахь харилцаа холбоо ч сайжраад ажиллаж байсан хүмүүсийнх нь зорилго, бодлого ч тэлээд одоогийн том компаниудын суурь тавигдсан юм уу гэж боддог. Тэгэхээр миний хувьд яг ийм оргил үед нь ажлын гараагаа эхэлж байснаараа өөрийгөө азтай гэж боддог. 

- 2006 онд Юнителд үндсэн сүлжээний инженерээр ажилд орсон гэж байсан. Яг энэ албан тушаал дээрээ хэдэн жил ажилласан бэ?
- 2010 он хүртэл инженер, ахлах инженер, менежер гэсээр 4 жил ажилласан байна. 

- Инженер хүмүүсийн хувьд менежмэнтийн ажил хийхээр дасан зохицох хугацаа нь жаахан удаан ч юм шиг ажиглагддаг. Энэ буруу ч байж магадгүй. Таны хувьд ямар байсан бэ?
- Менежментийн ажил хийнэ гэдэг нь аль ч мэргэжилд маш том шалгуур. Миний хувьд энэ ажлыг хийгээд явахад орчин, компанийн соёл их нөлөөлсөн болов уу гэж боддог.

Хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалтын санал гаргаад түүнийгээ зөв, бурууг нотолно,  ажлаараа харуулна гэдэг том даваа, сорилт

- Менежер, удирдах албаны хүмүүсийн хувьд өөрийн үндсэн мэргэжлийн ажлаа хийх болоод эсвэл 100 хувь бодлого, менежмэнт, хүний нөөцийн асуудалд төвлөрөх сонголтууд байдаг. Таны хувьд энэ бүгдийн балансыг хэрхэн барьдаг вэ?
- Юнителийн өөрийнх нь онцлог бий. 2010 онд Юнител группийн Техник хариуцсан захирал болж байх үед би инженерийн ажлаа ч хийдэг, ажилчдаа ч удирдан зохион байгуулахад цаг гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл 50:50 хувь байсан гэсэн үг. 

Ингэхдээ мэдээж компанийн зорилго, зорилтыг тодорхойлоход оролцоно. Өөрийн шууд хариуцсан ажлаа гүйцэтгэхээс гадна бусад газар хэлтсийг дэмжих дэмжлэгээ хийх ёстой. Үүний тулд сүлжээний чанар, аюулгүй, найдвартай байдал, хамрах хүрээ, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн технологийн туршлагыг бий болгох ёстой гэсэн үндсэн үүрэгт өөрийнхөө ажлыг хувааж ажилладаг байлаа. 

- Техникийн газрын захирал хэчнээн хүн удирддаг вэ?
- 250 орчим хүн. 

- Харин одоо?
- 1,200 гаруй. 

- Нэг байгууллагадаа удаан ажиллах нь comfort zone гэж ярьдаг даа байгаа байдалдаа дасан зохицож шинэ зүйл рүү тэмүүлэх нь багасгах гээд байдаг гэдэг. Та үүнээс яаж сэрэмжилдэг вэ?
- Техникийн газрын захирал болтлоо буюу 2010 он хүртэл миний хувьд яг л өөрийн мэргэжлийн инженеринг талын зүйлсээ уншдаг, судалдаг байв. Шилдэг, сайн инженерүүдийн эзэмших ёстой чадваруудад өөрийгөө сургадаг байсан. 

Мөн компанийн  дараа дараагийн жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөлт дээр нэлээд оролцдог байв. Энэ хугацаанд ахлах инженер, менежер гээд албан тушаал ахих бүрт би өөрөөсөө “Би яг өмнөх шигээ байгаад байх нь хангалттай юу, үгүй юу” гэдгийг асуудаг. Хариулт нь мэдээж өмнөхөөсөө ахих л ёстой. 

Удирдах албан тушаалд очихоороо өөрийн хийж байсан ажлуудынхаа зарим хэсгийг бусдад даатгаж өөрийгөө сулладаг байх ёстой. Гэхдээ тэр суларсан цаг хугацааг юунд зарцуулах вэ гэдэг дээр хүн бүр өөрөөр ханддаг. 

Миний хувьд жаахан тэр цагийг өөрийнхөө сургалт, хөгжилд зарцуулсан. Компанийн хэмжээнд ч ийм боломжийг олгодог. Энэ гарч байгаа цаг хугацааг үр дүнтэйгээр ямар нэг зүйл олж авах гэж хичээдэг. 

Хоёрдугаарт, технологи гэдэг нь жил болгон маш их хөрөнгө оруулалт шаарддаг онцлогтой салбар. Жишээ нь, Монгол Улсын интернэтийн хэрэглээ сүүлийн хоёр жилийн  дотор дөрөв дахин өссөн байна. 400 хувь өсч байгаа хэрэглээг дийлдэг сүлжээг төлөвлөх, хэвийн авч явна гэдэг нь өөрөө маш том сорилт юм. Тэгэхээр бид ажлаа байнгын таван жилээр төлөвлөж хөрөнгө оруулалтаа хийж явах шаардлагатай болдог. Ингэхийн тулд маш их хэмжээний хөрөнгө хэрэгтэй болно. Хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалтын санал гаргаад түүнийгээ зөв, бурууг нотолно,  ажлаараа харуулна гэдэг том даваа, сорилт. Өөрөөр хэлбэл, бид тасралтгүй өсч, хөгжиж байж одоогийн хөгжилтэй зэрэгцэнэ, манлайлна.

- Монгол ч төдийгүй олон улсад томоохон компанийн гүйцэтгэх удирдлагыг дотоод гэхээсээ гаднаас урьж ажиллах нь элбэг. Ихэвчлэн сайн менежерүүд байх нь бий. Харин оператор компаниудын хувьд ихэвчлэн инженер суурьтай хүн байдаг. Саяны таны яриад байдаг зүйлийг ойлгодог байх ёстой учраас байх. Тийм үү?
- Нэг шаардлага нь мөний хувьд мөн. Бас заавал инженер байх ёстой ч биш л дээ. 

Гэхдээ бид нэг зүйлийг анзаарч харах хэрэгтэй. Дэлхий даяар мэдээлэл, технологийн хувьсгал гэж ярьж байна. Бүх салбарт дижитал хувьсгал гэж байна. Нөгөө талд энэ бүгдийн ард хэрэв технологи сайн ажиллаж чадахгүй бол яах вэ гэдэг том асуулт үргэлж бий. Жишээ татъя. Юнител үүрэн холбооны хамгийн их хэрэглэгчтэй, хамгийн сайн компани байтал гэнэт нэг л өдөр Юнителийн сүлжээ унаад ажиллахгүй бол яах вэ.

Технологи муу байвал тэр тэлэлт өсөлтийг  боомилж, хязгаарлаж байдаг сөрөг талтай

 

- Онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч ийм асуулт байдаг шүү. 
- Яг адилхан байгаа биз. Нэг өдөр л Ikon.mn рүү орж чадахгүй болчихвол яах вэ. 

Тэгэхээр энэ технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа гэдэг нүдэнд харагдахгүй мөртлөө өнөө үеийн хамгийн чухал зүйл. Нөгөө талд орчин үед юм бүхэн төсөөлөхийн аргагүй тэлж, томрох боломжийг технологи олгож байгаа. 

Гэхдээ технологи муу байвал тэр тэлэлт өсөлтийг бас л боомилж, хязгаарлаж байдаг сөрөг талтай. Тэгвэл энэ тал дээр Монголын бизнесийн салбарын анхаарал, хөрөнгө оруулалт хаана, ямар хэмжээнд байдаг вэ гэдэг асуулт бас гарч ирнэ.  

Өөрөөр хэлбэл, технологи сайн байж чадвал бид хязгааргүй өсөлт, өөрчлөлтийг хийх боломжтой. Харин энэ нь муу байгаад байвал бид тэлэх ёстой зүйлийг хязгаарлаад байна гэсэн үг. 

- Орчин үед нэг хүн нэг компанид арваас дээш жил ажиллана гэдэг ховор үзүүлэлтийн нэг. Та Юнителд байгаад байх шалтгаан нь юу вэ. Зарим менежерүүд нэг газартаа гурваас дээш жил удаад хэрэггүй гэж шууд зөвлөх нь ч бий.
- Бидний хийж байгаа ажил бүр өөр. Хийж байгаа ажил бүртээ би өөрийгөө сонирхолтой байлгаж болно шүү дээ. Өмнөх хийж байсан зүйлээ хаяхгүйгээр шинэ зүйл сураад шинэ төсөл хийгээд явах боломж бололцоо манай компанид байдаг. Энэ салбарын онцлог нь ч тийм юм. 

Дараагийн таван жилд технологийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ, тэр нь Монголд хэрхэн нутагших вэ, үүнийг хийхийн тулд үндэсний компанийг төлөөлж буй бид юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах тийм ч хялбар биш. Ингэхийн тулд бид тасралтгүй уншина, хэдэн төрлийн асуултад хариулах хэрэгтэй болно, хамт олонтойгоо, салбарын хүмүүстэйгээ зөвлөлдөнө.  Салбарын хөгжил улам л сонирхолтой болж байна шүү дээ. 

Зураг

ХОЁР. ХУВЬ ХҮН Ч, КОМПАНИ Ч АМЖИЛТАД НЭГ ТОМ АЛХААД Л ХҮРЧИХДЭГГҮЙ

 

- Юнител группийн захирал болоод жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн бодож, төлөвлөж байсан зүйлсээсээ хийж хэрэгжүүлж амжсан болов уу?
-  Мэдээж юуны түрүүнд компанийн стратегийн бодлого, уламжлал үргэлжлээд явж байгаа. Үүний хажуугаар хэд хэдэн шинэ төсөл эхлүүлээд байна. 

2017 оны хувьд Юнител группийн бизнесийн өсөлт маш сайн байлаа. Гэхдээ энэ үр дүнг ганцхан зүйлээр дүгнэж тайлбарлах нь учир дутагдалтай. Олон жижиг салаа ажлаас амжилт бүрддэг. Миний хувьд амжилтад нэг том алхаад л хүрчихдэг гэж боддоггүй.

- Хамгийн сүүлд гэхэд Гэр интернэт төсөл төсөөлж байснаасаа сайн үр дүнд хүрсэн гэж сонссон?
-  Гэр интернэт үйлчилгээ 2017 оны эхээр гарсан. 2017 оныхоо тавдугаар сараас Гэр интернэт төхөөрөмжийг үнэ төлбөргүй аваад 24 сарын хугацаанд төлбөрөө төлөх нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгосон. Үүний хүрээнд 65 мянган айл өрх энэ үйлчилгээг аваад байна.  65 мянган өрхийн цаана хамгийн багадаа 300 мянган хүн интернэтэд шинээр холбогдлоо гэж ойлгож болно.

Үүнээс гадна 2018 онд бид дахин нэг цоо шинэ 4G TDD LTE сүлжээ ашиглалтад орууллаа. 4G сүлжээ нь дотроо олон төрөл. 2016 онд орон даяар нэвтрүүлсэн 4G сүлжээний хувьд гар утаст илүү зориулсан сүлжээ байв. Харин 2018 онд нэвтрүүлж байгаа TDD-LTE сүлжээ нь суурин, өрхийн хэрэглээнд илүүтэй зориулсан юм. Гар утасныхаас онцлогтой нь багтаамж маш сайн.

- 2017 онд Гэр интернэт суурилуулж эхэлснээр 65 мянган өрх хамрагдлаа гэж байна. 2017 оны зорилт хэд байсан юм бэ?
- Бид 20 мянга орчим гэж л төсөөлж байсан. 

- Өмнө нь гэр хороолол болоод орон нутгийн хэрэглэгчдэд ийм төрлийн үйлчилгээ хүргэх оролдлого хэд хэд явсан шүү дээ. Та бүхний төсөл амжилттай болсны гол учир нь юу байв?
-  Өмнөх туршлагуудыг харахад нэгдүгээрт технологи нь арай бэлэн болоогүй байсан болов уу гэж боддог. Хоёрдугаарт, бизнес модель гэдэг хамгийн чухал. 

4G, Гэр интернэт, Юнивишн орон даяар төслийн хүрээнд Юнител групп 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мөнгийг интернэт зараад л эргүүлээд олно гэдэг хэцүү. Үүний оронд өөр бизнес рүү хийж болно. Тийм үү.

Гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг яагаад хийсэн бэ гэхээр гэр хороолол болон аймаг, сум, малчин өрхүүдэд connectivity буюу холбогдсон байдал маш муу байгаа юм. Тэгэхээр энэ үзүүлэлт сайжирч байж тухайн орчны амьдралын хэмнэл сайжирдаг юм байна. 

Хүүхэд гэртээ ирээд багшийнхаа өгсөн даалгаврыг зөвхөн номноос харж хийчихээд зурагт үзээд эсвэл гадаа тоглочихоод өдрийг дуусгадаг байсан бол интернэтэд холбогдсоноор өөр эрмэлзлэл бий болох, дараагийн түвшний мэдээллийг олж авах, англи хэл сурах, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах, тэдний санал бодлыг сонсох боломж бий болно. 

Зөвхөн гар утасны интернэт тэнд байгаад байхаар хүүхдүүдэд ийм боломж бүрдэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, интернэтийн ачаар хүүхэд, залуус илүү сургалт, судалгаа, мэдлэг, мэдээллийг олж авах боломж их болж буйтай хэн ч маргахгүй биз. 

Өрхийн интернэтийн хувьд Улаанбаатар хотын интернэтийн хурд орон нутгийнхаас 10-20 дахин хурдан буюу ялгаатай байдал байсаар байна. Энэ зөрүүг арилгах нь бидний  нийгмийн хариуцлагын нэг зорилт мөн бөгөөд  зайлшгүй шаардлага байсаар л байгааг бүгд хүлээн зөвшөөрөх байх. 

 

- Танай хамт олонтой уулзаж ярилцаж байхад таныг их залуугаараа группийн захирал болсныг онцолж ярьж байсан. Их залуугаараа хариуцлагатай албан тушаалд томилогдох нь нэг талаар амжилт ч бас давхар үүнээс цааш хаачих вэ гэдэг асуулт танд төрдөг байх. Өөрөөр хэлбэл энэ нэг эрсдэл мөн үү?
- Би өнөөдөр төгс CEO болоогүй байна. Тэгэхээр тасралтгүй л суралцана. 

Миний хувьд Монголын эдийн засаг улам илүү тэлнэ, өснө гэж боддог.  Үүний хэрээр одоогийн байгаа бизнесүүд ч нэлээн томорно. Энэ хүрээнд Юнител групп 2020, 2022 он гэхэд хэн байх вэ гэдэг тухай бодоод үзэхээр бид бусдын бизнесийн хөгжлийг, өсөлтийг хурдасгадаг компани болж өөрчлөгдөнө гэж харж байна. 

Жишээ татъя. Газар тариалангийн нэг компани 100 хувийн ургац авдаг байлаа гэж бодъё.  Хэрвээ энэ компанид шинэ технологи нэвтрүүлбэл энэ тоог 130, 150 хувь болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, технологи бүгдийг өөрчилж, тэлж байна.  2006-2011 онд Юнител зөвхөн харилцаа холбооны компани байсан бол 2011 оноос мэдээлэл технологийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани болон бизнесээ өргөжүүлсэн. Дараагийн таваас 10 жилд бид дижитал цогц үйлчилгээ үзүүлэгч компани (дижитал сервис провайдер) болж бизнесээ тэлнэ гэж төлөвлөөд байна.

Нэг талаар цаг үеийн шаардлагаар үргэлж шат ахиж байгаа ч хөгжил, тэлэлт болгоны онцлог нь өөр. Илүү том агуулгатай болж байна гэсэн үг. Ийм  өөрчлөлт
рүү зорьж ажиллахаар би, бид өөрсдөө ч байнга өөрчлөгдөж байх хэрэгтэй болно. Дахиад хийх зүйлс маш их байна гэсэн үг.  Энэ дунд би өөрөө өөрчлөгдөж сайжирч чадаж л байвал заавал CEO байх уу, үгүй юу гэдэг чухал биш шүү дээ. 

- Монголд нэг үеэ бодвол томоохон групп компаниуд бий болж хөл дээрээ тогтож байна. Нэг хэсэг нь экспортоо нэмэгдүүлье гэх нь байна. Нөгөө хэсэг нь дотоодын худалдан авалт, эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэх. Нийтээрээ сайжрах зайлшгүй шаардлага гарч байх шиг?
- Зөв. 

Монголчууд ихэнх хэрэглэдэг зүйлсээ импортоор авч байгаа. Энэ нь том боломж байгааг хэлж байна. Миний түрүүний хэлсэн газар тариалангийн компанийн нэгж талбайгаас авах ургац өсч чадвал бид илүү их гурил, талх, гоймон үйлдвэрлээд импортыг орлож мөнгөө Монголдоо үлдэж чадвал бид орлогоо нэмэгдүүлэх боломжтой шүү дээ. 

Мэдээлэл технологийн цогц үйлчилгээ үзүүлэгч болчихсон компаниуд бусад салбартай хамтраад хоёр зүйл дээр инноваци хийж болж байна. 

Нэгдүгээрт, өртөг зардал дээр нь инноваци хийх. Өөрөөр хэлбэл, өртөг зардлыг нь бууруулах тухай. Хоёрдугаарт, шинээр хийх бизнес үйлчилгээнүүд дээр нь дэд бүтэц болон технологийн боломжоор дэмжиж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж болж байгаа юм. Энэ хоёроор дамжуулаад тухайн компанийн ашигт ажиллагаа, бүтээмжийг өсгөх чиглэл рүү л явж байна гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, Монгол хүнд ногдох ДНБ 4,000 орчим доллар байгааг бид найм эсвэл 10 мянгад хүргэх боломжийг бусад бизнесүүдтэйгээ хамтарч бий болгоё гэж байгаа юм.

Зураг

ГУРАВ: БИДНИЙ ХӨГЖЛИЙН ГУРАВ ДАХЬ ҮЕ ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ

 

- 2018 онд хийх ажлуудаасаа та танилцуулж болох уу?
- Дижитал цогц үйлчилгээ үзүүлэгч компани болох нь манай хөгжлийн гурав дахь үе шат гэж тодорхойлж байгаагаа би хэлсэн. 

2006-2011 оны хооронд бид үүрэн холбооны оператор компанийн хувьд энэ зах зээлийг л судалж хэрэглэгч юу хүсдэг юм, энэ бизнесийг хийхийн тулд технологи, маркетинг, санхүүжилт, борлуулалтыг нь яаж зөв удирдан зохион байгуулах вэ гэдэг үе шатыг туулсан.  Үүний дараа 2011 оноос мэдээлэл технологийн цогц үйлчилгээ үзүүлэгч болж өргөжинө гэдэг том стратегийн зорилтыг гаргасан. Үүний үр дүнд бид үүрэн холбооны компаниас гадна Юнивишн, Ддэш, Орбит Нэт, Скай нэтворкс, Номадиа пикчерс гэсэн компаниудтай, байгууллагын зах зээлд олон янзын сонголт бүхий үйлчилгээ үзүүлдэг мэдээлэл технологийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой суурь компанийг бий болгосон. 

Харин 2016 оноос бид өөрсдөдөө нэг асуулт тавьсан. Юу гэхээр энэ байгаа байдалдаа  ханаад суугаад байх уу. Дэлхий өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид өөрчлөгдөж байна.

Зах зээл, технологи өөрчлөгдөж байгаа энэ үед бид салбартаа манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзсэн. Нэг талаас бизнесийн эрх ашиг гэж бий. Нөгөө талаас нийгмийн хариуцлага байх ёстой. Тиймээс ч шинэчлэл, өөрчлөлтийг зах зээлд тодорхой байр сууриа олчихсон компаниуд манлайлж хийхгүй бол хөгжлийн хурдасгуур болж чадахгүй. 

Дээрээс нь аливаа өөрчлөлт хийх боломж нь байхад шинийг хийхгүй байна гэдэг нь хөгжлийн саад болно гэж би хувьдаа үздэг. Тиймээс ч дараагийн үеийн дижитал үйлчилгээ үзүүлэгч компани болно гэдэг том зорилтыг тавиад байна. 

Энэ өөрчлөлтийн хамгийн чухал нь бизнесүүдийн хамтарсан үйл ажиллагааны шинэ хэлбэр юм. Ингэхдээ шинэ бүтээгдэхүүн гаргагч нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болон өөр бизнесийн компаниуд байна. Харин бид зөвхөн дэд бүтэц нь болох юм. 

Хоёр дахь зорилт гэвэл манай бүх хэрэглэгч ирээдүйд дата хэрэглээтэй болох ёстой. Үүрэн холбооны бизнесийн хоёр дахь үе шат нь дата оператор болох.

330 суманд очоод үзэхэд Юнителээс өөр 4G сүлжээтэй газар байхгүй 

 

- Операторуудын уламжлалт бизнес загвараас урвуугаа өөрчлөгдөж байна гэсэн үг. Зөв үү?
- Тийм. Нэгэнт дата компани болж байгаа бол хүн болгоны дата хэрэглээ өөр. Тиймээс ч 4G сүлжээний хэд хэдэн шинэ төрлийг Монголд нэвтрүүлчихлээ. Хоёрдугаарт хамрах хүрээний хувьд орон даяар 330 суманд очоод үзэхэд Юнителээс өөр 4G сүлжээтэй газар байхгүй байна. 

Хэрэглэгч ирээдүйд бүх үйлчилгээгээ датагаас авна. Дуудлага, мессеж байдгаараа байна. Энэ нь гэхдээ зөвхөн дагалдах үйлчилгээ байна гэсэн үг.

- Дата хэрэглээний хувьд хоёр жилийн дотор 4 дахин нэмэгдсэн байсан. Энэ хэрэглээ цаашид ямар хэмжээгээр өсөх бол?
- Дата хэрэглээ дараагийн 10 жилд тасралтгүй өснө. Яагаад гэхээр зах зээл дээр байгаа хэрэглэгчдийн 53 хувь нь л ухаалаг утас хэрэглэж байна. Хоёрдугаарт, бидний үзэж буй контентийн чанар өсөх тусам дата хэрэглээ дагаад л өсч байна. Жишээ нь, телевизүүд гэхэд HD форматаасаа 4K болчихвол одоо хэрэглэж байгаагаасаа хоёр дахин илүү их дата хэрэглээд л эхэлнэ гэсэн үг. Гуравт нь, хүмүүсийн интернэтэд байх цаг хугацаа илүү урт болсоор байгаа юм. Тэгэхээр дата бол хязгааргүй.

- 4G сүлжээ бүх сумд хүрсэн гэлээ. Гэхдээ энэ их хөрөнгө оруулалт эргэж зардлаа нөхөх боломжтой юу?
- Нэг суманд 4G үйлчилгээ хүргэхийн тулд 200 орчим сая төгрөг зарцуулдаг. Одоогийн байдлаар нэг сумд хамгийн багадаа таван хүн энэ сүлжээг ашиглаж байх жишээтэй.

Ингээд бодохоор хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхөхөөр байгаа юм. 330 сумын 200 гаруйд нь бид ашиггүй ажиллаж байна. Гэхдээ бидний итгэл үнэмшил юу байна гэхээр тэнд байгаа хүмүүс хөгжинө. Боломж нь байж хүн хөгжинө. Түүнээс хүмүүсийг хөгжсөний дараагаар бид боломжийг нь өгнө гэж байхгүй шүү дээ.

- 5G сүлжээг нэвтрүүлэх тухай бусад улс оронд яригдаад туршигдаад эхэлсэн. Монгол үүнд хэр ойр байгаа бол?
- 5G сүлжээ одоогийн байдлаар зөвхөн туршилтын шатандаа байна. Зах зээлд нэвтрэх нь бидний харж байгаагаар 2019, 2020 он хавьцаа байх болов уу. Гэхдээ яг бизнес болоод явах нь 2021 онд гэж бодож байна. Монгол Улсын хувьд энэ тухай 2022 оноос л яригдах болов уу.

Гэхдээ 5G сүлжээний талаар бид тасралтгүй судалж байх ёстой. Хүмүүсийн нэвтрүүлчихсэн зүйлийг 2022 онд авчраад суулгачихна даа гэж бодоод сууж
болохгүй.

 

- Дижитал оператор болох тухай янз бүрийн ярианууд гардаг шүү дээ. Удахгүй салбаргүй оператор болох боломжтой юу?
- Дижитал хэрэглээний зан үйлийг бий болгох дээр янз бүрийн үйлчилгээнүүд санал болгосоор байна. Чатбот үйлчилгээг өнгөрсөн жил нэвтрүүллээ. Үүний ачаар манай Call center буюу лавлах үйлчилгээний ачаалал 10 хувь буурсан байх жишээтэй.

Дөнгөж эхэлж байгаа гэхэд энэ маш том тоо. Энэ тоо улам бүр өснө. Нэг таатай мэдээ гэвэл бид өнөө маргаашгүй хамгийн анхны Дижитал үйлчилгээний салбараа нээх гэж байна. Мөн үүлэн технологид суурилсан /cloud/ байгууллагын хэрэглэгчдэд зориулсан Internet+, Video conference зэрэг шийдлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Юнивишнд нэвтрээд шууд төлбөрөө төлөх боломж гэх мэт жижиг гэлтгүй олон өөрчлөлтийг бид
дижитал болгож байна. Би хэлсэн дээ, амжилт гэдэг олон жижиг ажлыг маш сайн хийж гүйцэтгэхийн нийлбэр гэж. 

Мэдээж бид онлайн руу шилжинэ, шилжиж байгаа. Гэхдээ энэ нь шат шатаар явах ёстой. Тодорхой хэмжээний шилжилтийн үе байх ёстой.

Дижитал компани болохын тулд хамгийн түрүүнд зөвхөн тухайн компанийн удирдлага, үйлчилгээ нь биш байгууллага өөрөө тэр чигтээ дижитал сэтгэхүйтэй болох ёстой юм. Дижитал DNA гэдэг зүйл суух ёстой. Юу гэхээр өнөөдөр миний хийж байгаа ажлын юуг нь би дижитал болгох боломжтой вэ, өөрийн хийж байгаа ажлын үйл явцыг яаж илүү хурдтай болгох вэ гэдэг дээр санал, санаачилга гаргадаг, гаргасан саналыг нь сонсоод маш соргогоор хүлээж авдаг менежерүүдийг бий болгох. Энэ нь дижитал компани болохын 70 хувь юм. Хамгийн гол нь сайн суурь бий болчихсон байхад бид дээр нь ямар ч гоё барилга барьж болно шүү дээ. 

2018 оныг дуусахад бид энэ хүрээнд зорилтот 2-3 төслөө дуусгачихсан байна. 

 

- IPTV хэрэглэгчид сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өсөж байна. Энэ зах зээл цаашаагаа хэрхэн тэлэх боломжтой вэ?
- Бид шилэн кабель татаад хүрэх боломжтой айлуудынхаа 95 хувьд нь хүрчихсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл орон сууцанд амьдардаг айлуудыг 95 гаруй хувьд нь манай кабель хүрчихсэн байгаа гэсэн үг. Авъя гэвэл бэлэн. 

Өнгөрсөн жил бид Юнивишн орон даяар гэдэг хөтөлбөр явуулаад 18 аймагт нэвтрүүллээ. Үлдсэн аймгуудад энэ онд үргэлжүүлээд орно. Орон нутгийн хэрэглэгчид маань маш сэтгэл хангалуун энэ үйлчилгээг авч байна.

График 2, Монгол Улсын интернэтийн хэрэглээ ба IPTV хэрэглэгчдийн тоо,

Улс хоорондын интернэтийн багтаамж, IPTV хэрэглэгчдийн тоо

3g болон 4g lte хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ

- Юнивишний шинэчлэл, өөрчлөлтийн талаар ярихгүй юу ?
- Одоо бидний хэрэглэж байгаа тв бокс буюу жижиг хар төхөөрөмжийн тусламжтайгаар телевизийн сувгууд, кино контентууд үзэж байна. Ухрааж, нөхөж үзэх
үйлчилгээ ашиглаж байна.

Харин одоо үүнийг андройд төхөөрөмж болгоно. Өөрөөр хэлбэл, тв бокс төхөөрөмж маань яг гар утас шиг болно. Телевизээсээ интернэтэд орохоос гадна олон төрлийн хүссэн аппликейшнуудыг ашиглах боломжтой болно. Ингэснээр Монголын старт-ап компаниуд өөрийн бүтээсэн аппликейшнүүдээр бидэнтэй хамтарч болно. Жишээ нь, хүүхдэд зориулсан шинэ үйлчилгээ, төрөл бүрийн хичээл гэх мэт. Түүнээс гадна LookTV-г та бүхэн мэдэх байх. Монголын анхны OTT үйлчилгээ. Ирээдүйд телевиз үзэгчдийн хэрэгцээг хангах чухал платформ юм. Үүнийг бид урьдчилан харж тус үйлчилгээг нэвтрүүлж хором тутам шинэ хөгжүүлэлтийг хийж байна. Нэг жишээ яривал хөдөө сумын иргэд Гэр интернэт үйлчилгээгээр дамжуулан LookTV-г ашиглан телевизийн сувгаа нөхөж, ухрааж үзэх мөн дэлхийн болон Монголынхоо шилдэг кино, контентийг үзэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна.

Бидний хэрэглээ улам л ухаалаг болно гэсэн үг.

 

 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Д.ЭНХБАТ 
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn