1
2
3

Б.Жавхлан: Даатгалын утга учир нь мөнгө хийхдээ биш нийгмээрээ эрсдэлгүй урагш тэмүүлэх юм

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Б.Жавхлан: Даатгалын утга учир нь мөнгө хийхдээ биш нийгмээрээ эрсдэлгүй урагш тэмүүлэх юм
Зураг

"Өглөөний Хүн"  булангийн энэ удаагийн зочноор бид санхүүгийн салбарын тулгуур гурван баганы нэг гэгдэх даатгалын бизнесийн шилдэг төлөөллөөс урьж ярилцлаа.

Хөрөнгийн зах зээлийг хөгжихгүй байгааг олон хүчин зүйл нөхцөлдөхгүй байгаатай холбон тайлбарладаг бол даатгалын салбарын хөгжлийн сул дорой байдал нь "Биднээс өөрсдөөс маань болж байна аа" гэж Мандал даатгалын Гүйцэтгэх захирал Б.Жавхлан харин хүлээн зөвшөөрч байна.

Үнэндээ бид бусад хүчин зүйлд л бурууг өгч, шүүмжилж суухын оронд үнэхээр бидэнд өөрсдөд маань дутагдал байна гэдгийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрч алдаан дээрээсээ ажиллаж эхлэх нь урагшлахын нэг эхлэл биз.

Даатгалын салбарт цахиур хагалж буй Мандал даатгал 2016 онд салбарынхаа шилдэг гуравт багтаж 2017 онд 22.5 тэрбум төгрөгийн орлого олсноор амжилтаа бататгаад байна. 

Монгол Улс нийгмийн эрсдэлт хүчин зүйлс өндөртэй орны нэг мөн үү.  Хэзээд ирж магадгүй эрсдэлээс та өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн хамгаалдаг вэ. Даатгалын бизнес нь зайлшгүй бөгөөд нийтийг эрсдэлээс хамгаалах дэлхийн хүмүүсийн бодож олсон шилдэг арга, туршлага. Харин Монголчууд үүний хаагуур нь явна вэ. Эдгээр асуултын хариуг та Мандал даатгалын Гүйцэтгэх захирал өдгөө 100 гаруй хүнийг удирдан чиглүүлж яваа Б.Жавхлангийн ярилцлагаас уншаарай.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Б.ЖАВХЛАН  Javkhlan Batsaikhan
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
2018-04-26
Зураг

НЭГ. МОНГОЛЧУУД НЭГ ЖИЛД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЗӨВХӨН ХОХИРЛОО ДАВАН ТУУЛАХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА

 

- Та өнөөгийн Монголын даатгалын бизнесийг банкны салбарын 15 жилийн өмнөх үеийн хөгжилтэй ойролцоо байна гэж байсан. Мөнгөн хэмжээгээр тэгж харагдаж байна гэсэн үг үү?

- 15 жилийн өмнө банк ямар хөгжлийн үе дээрээ байсан, харилцагчид нь ямар боловсрол, ойлголттой байсан бэ гэдэгтэй даатгалын салбарын өнөөгийн нөхцөл нэлээн ойролцоо харагдаад байгаа юм.

Банкуудын активын хэмжээ бага. Хүмүүсийн банканд хандах хандлага их өөр үе байсан. Ихэнх хүн бэлнээр цалингаа авдаг, ATM, пос машин гэж маш ховор байв.

Тэгэхээр одоогийн хурдаар бодоход 15 жилийн дараа л даатгалын салбар өнөөдрийн банкуудын хөгжилтэй зэрэгцэх боломжтой. Гэхдээ 15 жилийг заавал хүлээх шаардлагагүй энэ хугацааг хоёр дахин богиногосгох боломжтой.

Санхүүгийн салбар гурван тулгууртай бөгөөд банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэдгийг бид сайн мэднэ.

Банкны салбар манай улсад хангалттай сайн хөгжөөд явж байна. Харин хөрөнгийн зах зээлийн тухайд энэ салбарт тодорхой сайн хөрөнгүүд олноор орж ирэхгүй байна. Тэгвэл удаан хугацааны хөрөнгийн эх үүсвэрийг уг нь даатгалын салбараас гаргаж ирж болж байгаа юм.

Даатгалын компанийн хувьд амьдралын даатгал гэхэд 20-30 жилийн хуримтлалыг бий болгоод явж байдаг. Эдгээр цугларсан мөнгөөр даатгалын компаниуд нь томоохон хөрөнгө оруулагч болох ёстой юм. Ингэж байж хөрөнгийн зах зээл, даатгал хоёр зэрэгцээ хөгжих боломжтой. Арилжааны банкны хувьд харилцагчдын хадгаламжийг хөрөнгийн зах зээл рүү гэхээсээ иргэд, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр гаргаж байх ёстой.

Тэгэхээр үүнээс харахаар даатгалын салбар хөгжиж байж хөрөнгийн зах зээл нь бас хөгжих ёстой юм.

- Үүний тулд та бүхэнд яг ямар чөдөр тушаа байна гэсэн үг вэ?

- Би бусдад буруу өгмөөргүй байна. Даатгалын компаниуд өөрсдөө л гэрийн даалгавраа дутуу хийснийх юм болов уу. Бид салбарынхаа нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж, нийлэх ёстой асуудлууд дээрээ хамтрах ёстой юм. Ингэж байж салбараа томруулна.

Даатгалд хамрагсдын тоогоо том хэмжээгээр нь нэмэгдүүлэх ёстой. Даатгалын салбар гэхээр өнөөдөр хүн болгон муу хэлдэг салбар байх ёсгүй. Энэ өөрөө нийгмийн хариуцлагат бизнес. Эрсдэл тохиолдсон үед иргэн, байгууллагыг санхүүгийн савлагаагүйгээр давж гарахад тусалдаг бизнес. Тэгэхээр энэ нийтлэг эрх ашгийнхаа төлөө даатгалын компаниуд маань хамтарч ажиллах шаардлага бий.

- Мандал даатгалаас санаачлаад Монгол Улсын эрсдэлийн форумыг тогтмол зохион байгуулж мөн эрсдэлийн индексийг зарладаг болоод буй. Ер нь эрсдэлийн индексгүй байхад Монголчууд эрсдэлээ яаж хэмждэг байсан гэсэн үг вэ?

- Монгол улсад эрсдэлийн талаар нэгдсэн бенчмарк гэдэг зүйл огт байхгүй байсан гэсэн үг.  Онцгой Байдлын Ерөнхий Газрын хурал, уулзалт дээр очихоор баахан эксел хүснэгт үзүүлчихдэг байсан шүү дээ. Өнгөрсөн жил тэдэн удаагийн гал, тэдэн удаагийн осол гамшиг гарсан. Ийм тооны хүн нас барсан, гэмтсэн гээд баахан статистик үзүүлчихдэг байсан. Өөрөөр хэлбэл энэ эрсдэл, хохирлыг нэгдсэн аргаар үнэлсэн хэмжсэн зүйл байгаагүй.

Тиймээс ч тодорхой хэмжээгээр үзүүлэлт, дүгнэлт байх ёстой юм байна гэж үзсэн. Эрсдэлийн индекс гаргадаг олон улсын бэлэн байгууллагууд байдаг нь Ллойдсийн дэлхийн 300 гаруй хотын эрсдэлийн индекс, НҮБ-ын Их сургуулийн “Дэлхийн эрсдэлийн индекс” зэргийг харж болно. Гэхдээ эдгээр индексийг үзэхээр Монгол Улс бараг эрсдэлгүй харагддаг. Учир нь олон улсын хэмжүүрт нь цунами, газар хөдлөлт, галт уул гэх мэт нь голлох нөлөө үзүүлдэг. Тиймээс ч манай улсын өөрийн онцлог бүхий эрсдэлийн индекс гэж тусдаа зайлшгүй гарах ёстой болж байгаа юм. Төвлөрөл, өвчлөл, бөглөрөл, агаарын бохирдол, зуд гэх мэт олон эрсдэл Монголд бий.

Эрсдэлийг эдийн засгийн, байгалийн, нийгмийн гэж гурав хуваадаг. Эдийн засгийн эрсдэл нь улстөрийн хамааралтай. Тиймээс ч бид байгалийн болон нийгмийн эрсдэлийг сонгож аваад индекс гаргаж эхэлсэн.

Ингэхдээ байгаль, нийгмийн эрсдэлүүдийг бүлэглэж сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг нь боловсруулаад эрсдэлийн индексийг гаргаж ирсэн. Үүнийгээ  Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтраад улсын стандарт болгож батлуулах гэж байна.

Гол зорилго нь бид өнгөрсөн 10 жилийн тоог гаргаж ирээд ирээдүйд юу хийж болох вэ гэдгийг тодорхойлох.

Мандал даатгал тав, 10 жилийн дараа ийм хэмжээний ашиг орлого олсон гэхээсээ илүү Монгол Улсын эрсдэлийн индексийг тэдээр бууруулахад ингэж нөлөөллөө гэдэг нь илүү сайн үзүүлэлт болох учиртай

Өөрөөр хэлбэл, Мандал даатгал тав, 10 жилийн дараа ийм хэмжээний ашиг орлого олсон гэхээсээ илүү Монгол Улсын эрсдэлийн индексийг тэдээр бууруулахад ингэж нөлөөллөө гэдэг нь илүү сайн үзүүлэлт болох учиртай.

 

- Монгол Улсын эрсдэлийн тайланд дурдсанар 2016 онд гэхэд нийт 964 тэрбум төгрөгийн эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирол учирсан гэж байсан. Үүнийг яаж тооцсон бэ?

- Учирсан нийт хохирлыг шууд үнэлсэн гэсэн үг. Үүнээс харж болох хамгийн чухал зүйл нь Монголчууд нэгхэн жилийн дотор нэг их наяд төгрөгийг зөвхөн хохирлоо даван туулахад зарцуулсан байна.

Машинаа засуулах, гал гарсны дараах засвар үйлчилгээ, эрүүл мэнд, эмчилгээ гэх мэтэд зарцуулсан гэсэн үг. Гэтэл энэ их мөнгийг компаниуд, хувь хүмүүс бүтээгдэхүүн хөгжил, судалгаа шинжилгээ, боловсрол эсвэл урт хугацааны хуримтлалдаа зарцуулсан бол илүү их эерэг үр дүн гарах боломж байж.

- 2016 оны эрсдэлийн индекс 5.0 буюу өмнөх жилээсээ 0.3 нэгжээр буурсан ч энэ тоо 10 жилийн өмнөх үеэс 0.5 нэгжээр өссөн байна. Ер нь эрсдэлийг бууруулах тал дээр даатгалын компанийн үүрэг оролцоо хаана байх ёстой вэ?

- Байгалийн эрсдэлийн тухайд тооцоолох боломжгүй учир тохиолдсон дариуд иргэд хэрхэн хохирол багатай давж гарах вэ гэдэг дээр төлөвлөх боломжтой.  Харин нийгмийн эрсдэлийн хувьд уг шалтгааныг нь бууруулах боломжтой юм. Тухайлбал, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол, өвчлөл, гэмт хэргийн гаралтыг бууруулах тал дээр даатгалын компаниуд дуу хоолой болох ёстой болчихоод байна.

Тиймээс ч бид эрсдэлийн клуб байгуулах санаачлага гаргаад байна. Энэ хүрээнд салбарынхандаа Эрсдэлийн форумын үеэр зам тээврийн ослыг бууруулах тал дээр таван улсын туршлагыг танилцуулсан. Форумд оролцсон 300 гаруй төлөөллөөс 50 орчим нь гэхэд бидний хийх кампанит ажилд оролцох боломжтойгоо илэрхийлээд байна. Бид одоо клубээ байгуулах улмаар кампанит ажлуудаа хэрхэн зохион байгуулах, өөрсдийн боловсруулсан санал санаачлагаа шийдвэр гаргагчдад хэрхэн таниулж, нөлөөлөх вэ гэдгээ боловсруулна.

График 1, Эрсдэлийн индекс,

- Зам тээврийн осол гэхэд Монголд үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Жилд 400 орчим хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна. Үүнийг бууруулахад даатгалын компаниуд нөлөөлж байсан бодит туршлага байдаг уу?

- Жилд дунджаар 400 орчим хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна гэдэг тун харамсалтай. Үүний дотор 50 орчим нь хүүхдүүд байгааг хэлэх хэрэгтэй.

10 жилийн дотор гэхэд манайд зам тээврийн ослын тоо бараг зургаа дахин нэмэгдсэн байна.

График 2, Зам тээврийн ослын статистик,

зам тээврийн осол

Зам тээврийн ослын шалтгаан

обьектийн гал түймэр

гал түймрийн шалтгаан

Японы нэг жишээ дурдая. Японд 1970 -аад оны эхээр зам тээврийн ослын нэгдүгээр дайн гэж нэрлэгддэг үзэгдэл болсон байдаг. Учир нь тухайн үед зам тээврийн ослын улмаас өдөрт 50 орчим хүн амь насаа алддаг байж. Тиймээс ч даатгалын компаниуд нь зам тээврийн ослын улмаас нас барж байгаа хүний тоог бууруулах зорилтыг хамтдаа тавьсан байгаа юм.

Авсан арга хэмжээнүүд нь, яаралтай түргэн тусламжийн хүрэлцээг нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, засгийн газраартаа лобби хийж автомашин үйлдвэрлэгчдэд аюулгүй ажиллагааны дэр, бүс, ABS тормоз зэргийг хийлгүүлсэн байдаг. Мөн дээрээс нь бүх хүнийг хамгаалалтын бүс зүүлгэхийг журамласан. Дөрөвдүгээрт, согтуу жолооч нартай хатуу тэмцсэн. Согтуу жолоочийг торгоод өнгөрөхөөс гадна согтуу жолоочийн хажууд нь сууж яваа хүмүүсийг хамтад нь торгодог болсон байгаа юм. Ингэж хууль, дүрмийг нэлээд чангатгасан. Үүнийхээ хажуугаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийснээр өнөөдөр Японд машины тоо 80 сая болсон ч тухайн үеийн буюу 1970-аад онтой харьцуулахад нас баралт нь 4 дахин буурчихсан байгаа юм. Машины тоо нь дөрөв дахин нэмэгдсэн ч зам тээврийн ослоор нас барагсдын тоо нь дөрөв дахин буурсан байна. 

График 3, Японы жишээ,

Тэгэхээр сайн мэдээ нь гэвэл бэрхшээлийг даван туулах олон аргыг улс орнууд олоод боловсруулаад туршаад бэлдээд өгчихөж. Үүнийг нь л Монголд хэрхэн нутагшуулах вэ л гэдэг асуудал юм. Ер нь нийгмийн эрсдэл буурахад бид бүгд нийтээрээ л үр шимийг нь хүртэнэ гэдгийг эхлээд ойлгох нь чухал байх шиг байна.

Зураг

ХОЁР. ДААТГАЛААР ДАМЖУУЛЖ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛӨХ ӨНДӨР БОЛОМЖ БАЙГАА ЮМ

 

- Мандал даатгалын хувьд богино хугацаанд салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд орж ирж чадсан. Ямар бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байж ийм амжилтанд хүрсэн талаараа ярихгүй юу?

- Мандал даатгал 2011 онд байгуулагдсан ч энэ салбартаа хамгийн залуу компаниудын нэг нь. 2016 оны байдлаар хураамжийн орлогоороо салбартаа гуравт орж ирсэн. 2017 онд мөн өсөлттэй ажиллаж байр сууриа бататгаж чадлаа.

Үүнийг амжилт гэж үзээд яривал бид өөрсдийн бизнес хөгжил гэдэг зүйл дээрээ нэлээд анхаарсан.

Мандалын хувьд уламжлал болсон хэв маягийг эвдэе гээд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохоор зорьж ажилласан. Биднийг үйл ажиллагаа эхлэх үед байсан даатгалын үйлчилгээнүүд нь нэлээд хоцрогдсон, яг яах гээд байгаа нь ойлгомжгүй зүйлүүд их байсан л даа. Олон улсын стандарт гэдэг зүйлээс ч нэлээд холдчихсон үе байв.

Тиймээс ч бид өөрсдийнхөө гаргаж байгаа бүтээгдэхүүн дээр гурван төрлийн шаардлага тавьж эхэлсэн.

Нэгдүгээрт, гаргасан бүтээгдэхүүн амьдралд ойр байх нь чухал. Хоёрдугаарт, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр олон улсын шилдэг туршлагыг шингээсэн байх. Гуравдугаарт, төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлтэй байх ёстой гэж үзсэн. Мандал даатгал анх удаа даатгалын төлбөрөө сар сардаа хувааж төлдөг хэлбэрийг нэвтрүүлсэн байх жишээтэй.

Гэхдээ амжилт гэдэг зүйл өөрөө асар олон туршилт, алдаа, онооноос бүрдэж байдаг. Бид нар олон ч бүтээгдэхүүн гаргаж бүтэлгүйтэж байсан. Аливаа компанийн хувьд ерөнхийдөө эргэлтийн жил гэж байдаг даа. Тэр нь 2017 он гэж би хувьдаа бодож байгаа. 2018 оныг ч их эерэгээр төсөөлж байна.

- Даатгалын төлбөрөө бөөн төлнө гэдэг чинь өөрөө эрсдэл баймаар юм.

- Тийм ээ. Нэг удаадаа 200, 300 мянган төгрөг бүтнээр нь төлнө гэдэг нь олон хүнд хэцүү. Энэ төлбөрийг нь сар, сард нь буюу нэг сард 30-40 мянган төгрөг төлөөд явбал харилцагчдын хувьд харьцангуй боломжийн хувилбар байсан.

Зах зээлд эрэлттэй байсан бүтээгдэхүүн гэхэд тээврийн хэрэгслийн Сонголт гэж даатгал гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ даатгалд 10 мянга орчим хүн хамрагдаад байна.

- Хэдхэн жилийн өмнө нэгэн тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын машины зогсоол руу үерийн ус орж дүүрээд маш олон үнэтэй машин эвдэрсэн гэж байсан. Харамсалтай нь, тэдгээр машин бүгд даатгалгүй байсан тухай танай салбарынхан кэйс болгон ярьдаг. Тэгэхээр эдгээр хохирогсдод зориулсан даатгалын бүтээгдэхүүн байхгүй байсан уу. Эсвэл та бүхэн тэнд хүрч ажиллаж чадахгүй байна уу?

- Бид сайн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргалаа гээд тэр нь хүнд хүрэхгүй бол амжилт олохгүй. Тиймээс ч зорилгын хоёрдугаар хэсэг нь бүтээгдэхүүнээ хүргэх, борлуултын шинэ аргууд ашиглах байсан.

Анх удаа бид хамгийн олон салбартай Хаан Банктай хамтраад борлуулалтаа өсгөж чадсан. Үүнийхээ хажуугаар өөрсдийн шууд борлуулалтын аргыг ч давхар хэрэглэсэн. Явуулын борлуулалтын цэгүүд ажиллуулж хүмүүст мэдээлэл түгээсэн.

Тухайлбал, машин угаалгын 10 газартай гэрээ байгуулж тэндээ борлуулагч нар ажиллуулсан. Угаалгын газар машинаа угаалгаад сууж байгаа хүнтэй яриа өдөөд машиныг нь угааж байх хойгуур даатгал, эрсдэлийн талаар зөв ойлголт өгч байв. Тиймээс ч Сонголт даатгал сайн борлуулагдаж чадсан.

Мөн бас нэг шинэ бүтээгдэхүүн гаргасан эрүүл мэндийн Жаргалан даатгал.

Сүүлийн таван жилийн хугацаанд даатгалын салбар нэлээд зогсонг, зарим жил нь бууралттай байх үед Мандал дандаа өсөлттэй ажилласан байна.

Энэ өсөлтийг бид иргэдийн зах зээлээс гаргаж ирсэн. Байгууллагуудын хувьд хямралын үеэр зардлаа танаад даатгалын үйлчилгээгээ хасаад эхэлдэг. Харин нөгөө талд иргэдийн орлого нь багасаад ирэх тусмаа даатгалын үйлчилгээ авах нь нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ үеийг бид ашиглаж хямралаар их боломжийн үзүүлэлттэй гарч ирсэн.

Эдийн засгийн хүндрэл эхлэх үед даатгалын салбарын орлогын 80 хувь нь байгууллагаас орж ирдэг байсан. Харин хямралын жилүүдэд Мандалын нийт даатгалын хураамжийн 70 хувь нь иргэдээс орж ирж байсан. Одоо эдийн засгийн өсөлт эерэг, өсөх хандлагатай болоод ирэхээр байгууллагын хэрэглэгчид маань эргээд нэмэгдэж эхэлж байна.

- Жаргалан эрүүл мэндийн даатгалд дөрвөн мянга орчим хүн хамрагдсан гэж байсан. Энэ үйлчилгээний талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Одоо бидний төлж буй нийтийн эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчмын дагуу бүгд төлдөг, авдаг үйлчилгээ нь мөн ижилхэн. Үйлчилгээний үзүүлэх цэгүүд нь ч цөөхөн. Зөвхөн улсын эмнэлгүүдээр л хязгаарлагдаж байгаа. Гэтэл ажил төрөлтэй хүмүүсийн хувьд ажлын өдрүүдэд эмнэлэгт дарааллаад суугаад байх хэцүү байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалд мөнгө төлж байгаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэсэгт зориулсан үйлчилгээ зайлшгүй байх хэрэгтэй болчихсон байсан. Гэтэл бусад өөр сонголт гэхээр олон улсын өндөр үнэтэй даатгалууд л байв. Жилийн хоёроос гурван мянган долларын хураамжтай даатгалын үйлчилгээнүүд байх жишээтэй. Энэ үйлчилгээг ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай компанийн ажилчид, Монголд ажиллаж байгаа гадныхан авах нь бий.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний хувьд хоёр туйл болчихоод байсны голоор нь Жаргалан даатгалыг санал болгосон юм.

2015 оны аравдугаар сард энэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байсан. Яг энэ үед томоохон хөрөнгө оруулагчид хувийн сайн эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийгээд Интермэд, Гранд, Сонгдо мэд гэх мэт сайн эмнэлгүүд бий болчихсон байсан үе. Иргэдийн хувьд эдгээр эмнэлэгт үйлчлүүлэх хүсэлтэй ч төлбөрийн хувьд арай өндөр байгаад байсан. Ингээд энэ дунд санхүүгийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага гарч ирж Жаргалан даатгалыг гаргаж ирсэн.

Гол нь Монголчуудын хувьд өвчлөл, хавдрын үзүүлэлт маш өндөр. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал гарч ирэх бүх нөхцөл нь бүрдчихсэн байсан.

Жаргалан даатгалын хувьд үйлчлүүлэгч маань сард дунджаар 40-50 мянган төгрөг төлөөд явахад 50 хүртэл сая төгрөгийн эмчилгээг Монголд байгаа хамгийн шилдэг 15 эмнэлэгт эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.

 

- Би  Жаргалан даатгалыг авъя гэвэл эрүүл мэндийн бүтэн үзлэгт орох уу?

- Асуулгын хуудас бөглөнө, болсон явдлуудаа бичнэ. Ном ёсоороо бол эрүүл мэндийн бүтэн үзлэгт орж байж даатгалд хамрагддаг ч одоохондоо бид асуулгын хуудас л бөглүүлж байна.

- Тэгэхээр харилцагч хавдартай болчихсон хойноо танай даатгалд орохын тулд худлаа бөглөвөл яах вэ?

- Даатгал хийлгэчихээд сарын дараа хавдар тусчихлаа гээд ороод ирвэл бид биш мэргэжлийн хүмүүс нь сарын өмнө үүссэн үү, сарын дотор бий болсон уу гэдгийг нь л тогтооно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр даатгалд орохоос өмнөх өвчлөл манай даатгал хамаарахгүй гэсэн үг.

Ер нь судалгаагаар дундаж цалинтай хүмүүс нэг удаадаа эрүүл мэндийн үйлчилгээнд таваас дээш сая төгрөгийн зардал гаргахад тухайн хүний, өрхийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрдэг юм билээ. Тэгэхээр тэр эрсдэлээс л даатгал хамгаалаад байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд манай нэг үйлчлүүлэгч цанаар гулгаж байгаад эгмээ хугалаад зургаан сая төгрөгийн хагалгаанд орсоныг бид төлж барагдуулсан. Тухайн харилцагч Жаргалан даатгалд хамрагдаад жил болж байсан бөгөөд нийт төлсөн хураамж нь 550 мянган төгрөг болсон байсан. 

Жаргалан даатгалын хувьд анх иргэн, өрх рүү чиглэж байсан бол одоо байгууллагууд энэ үйлчилгээг их сонирхож байна. Тухайлбал, Оюу Толгой компани гэхэд нийт ажилчдыгаа хамруулаад байна. Ажилчид нь үнэт зүйл болсон компаниудын хувьд цалин мөнгөнөөс гадна нийгмийн асуудлыг нь илүүтэйгээр шийдэх болсон. Ингэхдээ даатгалын үйлчилгээ худалдаж авах нь зөв сонголтуудын нэг болчихоод байгаа юм.

- Та бүхэн нэгэнт эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд харилцагчдыгаа амьдралын зөв хэмнэлтэй байлгах шаардлагатай болох байх. Эрүүл мэндийн үнэтэй даатгал үзүүлдэг олон улсын байгууллагууд тухайн харилцагчийн амьдралын хэмнэлд нь байнга анхаарал тавьдаг жишээ байдаг. Та бүхэнд тийм боломж байдаг уу?

- Энэ хандлага руу дэлхий чиглэж байгаа. Өмнөд Африкийн Discovery даатгалын компани гэхэд тухайн харилцагч нь эрүүл хоололттой, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг бол урамшууллын системтэй болгоод фитнес төвийн үйлчилгээ хөнгөлөлттэй ч юм уу байх жишээтэй. Мөн үргэлжлүүлээд фитнесдээ идэвхтэй сайн яваад байвал даатгалын хураамж нь багасдаг гэх мэт үйлчилгээнүүд бий болж байна. Үүнээс харахаар эрүүл мэндийн даатгалаар дамжуулж нийтийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх өндөр боломж байгаа юм.

 АНУ-д гэхэд эрүүл мэндийн үйлчилгээ асар үнэтэй. Хүн ихэнх тохиолдолд үйлчилгээний хөлсөө халааснаасаа төлж чаддаггүй. Тиймээс даатгалын үйлчилгээнд хамрагддаг. Харин даатгал худалдаж авахын тулд тухайн хүн заавал үзлэг оношлогоонд ордог. Биеийн жингийн индекс, тамхи татдаг, архи уудаг эсэх зэрэг эрүүл мэндийн бүх онош, эрсдэлийг тооцож байгаад даатгалын хураамжийг нь гаргаж ирдэг байна.

Америкт даатгалын хураамж нь өөрөө бас тийм ч хямд биш. Жишээ нь, биеийн жин их таргалалттай бол илүү их мөнгийг даатгалдаа төлөх нь байна. Тиймээс хүн эрүүл байх дээрээ илүү анхаараад эхэлнэ гэсэн үг биз. Даатгалын хураамжаа бага төлөхийн тулд. Эрүүл мэндэд даатгалаар нөлөөлж болдог гэдгийг Америк маш сайн харуулж байгаа.

Хүний амьдралын буруу хэмнэлийг эдийн засгийн хөшүүргээр нөлөөлж бууруулж байна гэсэн үг.

Монголд үүнийг хэрхэн буулгаж болох вэ гэдэг дээр бид мөн судалж үзсэн. Монголын эмч нар маш бага цалинтай. Уг нь тэд сайн цалин авч эрүүл мэндийн үйлчилгээ ч сайжрах ёстой. Тэгвэл тэднийг өндөр цалинтай болгохын тулд эмнэлгийн үйлчилгээ нь төлбөртэй болох ёстой. Төлбөртэй болчихоор иргэд нь үйлчлүүлж чадахгүй болчихно. Тэгэхээр тэр дунд даатгал гарч ирэх ёстой. Ингээд даатгалын хураамжийг нь эрүүл мэндийн үзүүлэлттэй нь уячих хэрэгтэй байгаа юм.

Бид Жаргалан даатгалыг гаргахын тулд олон орны туршлагыг судалсан. Ингээд харахаар даатгалын нөхөн олговрыг 100 хувь харилцагчдад өгдөг байсан нь улам бүр буурч байна. Юу гэхээр тухайн үйлчлүүлэгчид эрүүл мэндийн эрсдэл учирлаа гэж үзье. 20 сая төгрөгийн хагалгаанд орлоо гэхэд даатгалын компани энэ төлбөрийг 100 хувь төлдөг байсан нь буурч байгаа гэсэн үг. Ойролцоогоор 70:30 –ийн харьцаатай. Даатгалын компани нь 70 хувийг, тухайн харилцагч өөрөө 30 хувийн төлбөрийг гаргаж байж тухайн хүн эрүүл мэнддээ илүү хариуцлагатай болж ирж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, харилцан хариуцлага хүлэээж байна. Ингэж байж бид даатгалын хураамжаа ч бууруулах боломж бүрдэж байх жишээтэй.

 

- Мандал эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлээд тодорхой хугацааг өнгөрөөлөө. Танай харилцагчдын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч байна уу, муудаж байна уу?

- Даатгалын компанийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол дата мэдээлэл. Мэдээж дата мэдээлэл боловсруулалт дээрээ ажиллаж байна.

Одоогоор Жаргалан даатгалын хувьд харьцангуй ажил, орлогын хувьд боломжтой, өөртөө хариуцлагатай хүмүүс хамрагдаж байна. Энэ төрлийн харилцагчийн тоо илүү тэлэх боломжтой. Нийгмийн дундаж давхарга гэдэг хэсэг маань тэр чигээрээ хамрагдаж хамгаалагдах ёстой юм. Энэ нь даатгалын салбар баяжих гээд байгаа хэрэг биш юм. Нийтээрээ урагшилж, өсч дэвжих нь бидний зорилго. Юу гэхээр өрх бүр өөрийн олдог орлогодоо сарын хэрэглээгээ нийцүүлээд явдаг. Гэвч нэг л өдөр дээд айлаас нь ус алдлаа, эсвэл машин нь эвдэрлээ, эрүүл мэндийн эрсдэлд учирлаа гэхэд л санхүүгийн хувьд хүндрэлд ордог.

Даатгал гэдэг зүйлийн өөрийнх утга учир нь мөнгө хийхдээ биш нийгмээрээ эрсдэлгүйгээр урагш тэмүүлэх боломжийг нь олгох

Хөрөнгийн хувьд хүмүүс яаж ийгээд учраа олдог байх. Гэтэл эрүүл мэнд гэдэг хамгийн хэцүү. Өнөөдөр хүний эрүүл мэнд, өвчинтэй холбоотой маш их хандивын аян өрнөөд байдгийг бид мэднэ. Олны танил хүмүүс маань ч ялгаагүй хандив гуйгаад явж байдаг. Нэр алдартай хүмүүс тоглолт концерт зохион байгуулаад мөнгөө олчихож болдог юм байна. Харин энгийн хүмүүс яадаг вэ. Тэд машин тэрэг, орон байраа зардаг. Заримынх нь гэр бүл салдаг гэх мэт нийгмийн олон сөрөг зүйл дагуулж байдаг. Уг нь даатгалтай байсан тул тухайн гэр бүл бусдад түвэг удахгүй, өөрсдөдөө хүндрэл учруулахгүй авч гарж болж байгаа юм.

Дээрээс нь хүмүүс өөрсдөдөө зарцуулах гэж цуглуулсан хуримтлалаа зөвхөн нэг машины засвар үйлчилгээ эсвэл эмчилгээнд бус өөрсдийнхөө боловсролд эсвэл аялалд эсвэл урт хугацааны хуримтлалдаа хуримтлагдаад байж байх ёстой байх нь.

Даатгал гэдэг зүйлийн өөрийнх утга учир нь мөнгө хийхдээ биш нийгмээрээ эрсдэлгүйгээр урагш тэмүүлэх боломжийг нь олгох ажил шүү дээ.

- Монголчууд элдэв хандив тусламжинд их эерэгээр хандаж тусалдаг ард түмэн шүү дээ. Даатгал гэдэг зүйл нь уг нь түүнийг нь шийдээд өгчихсөн байдаг. Бүгдээрээ мөнгө цуглуулж нийлүүлээд эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй байгаа нэгнийхээ зардлыг төлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хандивын ийм суурь сэтгэхүйг яаж даатгал руу хөрвүүлэх вэ. Мөн манайхан өөрсдийнхөө даатгалыг бол цагаан сараар ном уншуулаад хийлгэчихдэг шүү дээ.

- Уламжлалт сэтгэхүйн асуудал бас бий. Тэгэхээр бидний хувьд уламжлалыг сөрөөд лам нартай жишээ нь өрсөлдөөд бүтэхгүй. Энэхүү уламжлалт тогтсон заншлуудад бид бүтээгдэхүүнээ  хэрхэн нийцүүлэх вэ гэдэг дээр л ажиллах ёстой байх.

Хүний итгэл үнэмшил, үнэт зүйлийг оролдох нь бас тийм ч сайн сонголт биш.

Гандан жишээ нь манай өрсөлдөгч яагаад ч биш.

Олон нийтийн сэтгэхүйг өөрчилж эрсдэлийн талаарх боловсролыг дээшлүүлэх нь их удаан хугацаа шаарддаг. Тийм ч учраас товчилдог арга нь даатгалыг албан журмын болгох. Даатгалыг албан журмын болгохоор биднийг лоббидлоо гэдэг.

Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тоог харахад л нийт 140 мянган даатгуулагч 74 тэрбум төгрөгийн нөхөн олговор өнгөрсөн хугацаанд авчихсан байна. Юу гэхээр тодорхой хэмжээний эсэргүүцэл байгаа ч олон нийт аль хэдийнээ үр шимийг нь хүртээд эхэлчихсэн байна гэсэн үг.

2012, 2013 онуудад албан журмын даатгалд жолооч нар их сөрөг ханддаг байсан бол өнөөдөр шал өөр ойлголттой болж байна. Мэдээж энэ дунд цөөн хэдэн сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс байх нь бий. Тэр нь бараг машингүй нь байх.

 

- Албан журмын даатгал нэмэгдсэнээр даатгалын салбарын орлого хоёр дахин нэмэгдсэн гэдэг. Гэхдээ одоо энэ үйлчилгээ алдагдалтай болоод байгаа гэж үнэн үү?

- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэс даатгалын салбарын хураамжийн орлого өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн байсан.

Жолоочийн албан журмын даатгал бий болсноор даатгалын салбарын хураамж орлого ерөнхий зургаар нэмэгдсэн ч яг өнөөдрийн байдлаар даатгалын компаниудад энэ нь алдагдалтай болж эхэлж байна.

Гэхдээ ашиг байхгүй ч нийгмийн хариуцлага гэдэг үүднээс хийж байгаа даатгалын төрөл л болчихоод байгаа юм. Жишээ нь, манай компанийн хувьд зөвхөн Улаанбаатарын хэмжээнд албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлэхэд 2017 онд нөхөн төлбөрт нь 1.5 тэрбум зарцуулсан байна. Харин авсан хураамж 1.3 тэрбум төгрөг болж байх жишээтэй.

Тиймээс ч бид сайн дурын Сонголт даатгалын үйлчилгээг санал болгон үйлчилж байна. Иргэдийн хувьд энэ төрлийн буюу зөвхөн машины даатгал дээр гэхэд зах зээлийн дөнгөж 13-15 хувь нь хамрагдаад байна. Тэгэхээр боломж бололцоо бол их байна гэж харж байна.

Даатгалын салбарын орлого


нийт хураамжийн орлого (НХО)

Салбарын НХО-ийн бүтэц

НХО-г төрлөөр ангилбал

ТОП-6 НХО ба ЦХО

ТОП-6 ЦХО дахь бүтээгдэхүүнүүдийн эзлэх хувь

 

 

Зураг

ГУРАВ. ДААТГАЛЫН КОМПАНИУД ЗӨВХӨН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛДӨӨ Л 10 ДАХИН ӨСӨХ БОЛОЛЦООТОЙ

 

- Та бүхний хувьд хэрэглэгчдээс цуглуулсан хураамж өнөөдрийн байдлаар 12 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн. Энэ мөнгийг арилжааны банканд л хадгалж байгаа гэж байсан. Уг нь хөрөнгийн зах зээл рүү оруулах боломж байгааг та хэлж байсан. Энд яг юу саад болж байна вэ?

- Санхүүгийн гурван багана байх ёстойгоос Монголд банкны салбар нь давамгай буюу 95 хувийг эзэлж байгааг бид бүхэн сайн мэднэ.  Даатгалын салбарын мөнгө гэхэд мөн л банканд хадгалагдаж байдаг. Өөрөөр хэлбэл хоёр салбарт хоёуланд нь тоологдож байгаа мөнгө гэсэн үг. Даатгалын компанийн хувьд иргэдээс хуримтлуулж байгаа хураамжийг нүдний цөцгий мэт хамгаалах ёстой. Зөв зүйлд зарцуулах ёстой. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд банкнаас өөр найдвартай сонголт байна уу гэхээр тун хязгаарлагдмал. Гэхдээ сүүлийн үед Засгийн газрын бонд, компаниудын бондууд гэх мэт сайн бүтээгдэхүүн гарч ирж байна. Ийм бүтээгдэхүүн л олон болж сонголт их байх ёстой.

- Арилжааны банкууд яагаад дэргэдээ даатгалын компанитай болоод байдаг вэ. Үзүүлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ нь заавал даатгалтай холбогдоод байдаг учир тэр үү?

- Даатгал, банк хоёр хамтарч ажилласнаар илүү их боломжийг бий болгох боломжтой юм. Жишээ нь, Хаан Банк 500 салбартай. Тэгвэл даатгалын компанид өнөөдөр ийм боломж байхгүй. Банкны салбарт нэгэнт бий болсон харилцагчийн баазад бид хандах хэрэгтэй болж байгаа юм. Санхүүгийн супермаркет ч гэдэг юм уу санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бид хамтарч бий болгох нь аль алиндаа ашигтай болоод байна.

Санхүүгийн салбарын зөв харьцаагаараа тооцох юм бол бид одоогийнхоосоо 10 дахин өсөх бололцоотой

- Банканд яг ямар ашиг байна вэ?

- Даатгалын салбарын ирээдүй гэрэлтэй байна. Монголд өнөөдөр даатгалын салбар байх ёстой хэмжээнээсээ хэтэрхий жижигхэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан хэмжээгээрээ 0.5 хувь байгаа юм. Манайхтай ойролцоо хөгжилтэй орнуудынх дунджаар 1.2 хувь байна. Тэгэхээр бид дахиад хоёроос гурав дахин өсөх боломж байна гэсэн үг.  Нийт санхүүгийн салбарын зөв харьцаагаараа тооцох юм бол бид одоогийнхоосоо 10 дахин өсөх бололцоотой.

Тэгэхээр боломж бололцоо ихтэй салбар гэж л харж байгаа болов уу. Банкны салбараар төсөөлье. Бид 10-15 жилийн өмнө банкуудыг ингэж томорно гэж хэн нь ч төсөөлөөгүй шүү дээ.

- Таны хувьд банк санхүүгийн салбарын бус IT инженер гэж байсан. Яагаад даатгалын бизнестэй холбогдчихов?

- Би 2004 онд КтМС буюу одоогийн ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийг програмист мэргэжлээр төгссөн. 2010 он хүртэл энэ мэргэжлээрээ ажилласан.

 

- Мэргэжлээрээ Японд ажиллаж байсан гэсэн үү?

- Тийм ээ. 2005 оны үед Японд IT салбарын тэсрэлт болсон гэж хэлж болно. Тэр хэрээрээ мэргэжилтнүүд маш их эрэлттэй болсон. Энэ үед Азийн олон орноос мэргэжилтнүүд татсан. Би тэдний нэг болоод Японд очсон. Оргил үедээ гэхэд манайхаас 100 гаруй залуус тэнд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан. Бид бүгдээрээ л япон хэл ч мэдэхгүй очсон. Ажиллангаа л хэлээ сурсан.

- Японд хийж байсан ажлуудаасаа танилцуулахгүй юу. Sony зэрэг том компаниудад ажиллаж байсан гэж байсан?

- Sony –д дижитал камерний сайжруулалт дээр ажиллаж байсан. Тото компанид мөн ажиллаж байлаа. Таван жилийн хугацаанд маш олон сонирхолтой ажлуудыг хийж гүйцэтгэж их ч зүйлийг сурсан. Технологийн салбарын хүмүүсийг олон салбарт хөрвөх давуу талтай гэж би боддог. Яагаад гэхээр тухайн хүн юуны технологи хийх гэж байгаагаасаа хамаараад шинэ салбартай нь тэр чигээр нь танилцаж мэдэх шаардлага гардаг. Эрүүл мэндийн технологи боловсрууллаа гэхэд энэ салбарын талаар маш их судалж мэдэх шаардлагатай болдог байх жишээтэй. 

 

- Монголдоо буцаж ирээд яагаад даатгалын компани сонгож ажилласан бэ?

- Монголдоо ирээд мэргэжлээрээ л ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэр нь даатгалын компани байсан. Тухайн үед Ө.Ганзориг захирал Монголд анх удаа даатгалын үндсэн систем нэвтрүүлж байна.  Үүн дээр хамтарч ажиллаач гэж санал болгосон нь хувирч өөрчлөгдөж явсаар байгаад иргэдийн бизнес дараа нь бизнес хөгжил түүний дараагаар эрсдэлийн газраа хариуцаж явж байгаад жил хагасын өмнө гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байна. Өнөөдөр манай ажилчдын тоо 100 давчихсан өргөн бүрэлдэхүүнтэй амжилттай урагшилж байна.

- IT болон санхүүгийн салбарынхан цаагуураа ч гэх юм уу нэг тийм сөргөлдөөнтэй байдаг даа. Банк санхүүгийн салбарынхан гадуурхах ч юм уу тийм хандлага байдаг уу?

- Програмист хүмүүс ажлаа хийж эхлэхдээ за ямар ч байсан хийгээд үзье гэдэггүй болов уу. Хийх гэж байгаа зүйлээ, бичих гэж байгаа кодоо тодорхой хэмжээнд урьдчилж томоор схемчилж харж байж програмаа бичиж эхэлдэг юм. Дээр нь бидний мэргэжлийн сурах бичиг маш хомс. Тиймээс ч өөрсдийнхөө мэргэжлийн зүйлсийг зайлшгүй судалж харж бие дааж ажиллах чадварыг сайжруулдаг мэргэжил гэж боддог.  Японд байхдаа ч хийх гэж байгаа ажлынхаа салбар бүрийг таньж мэдэх гэж маш их судалгаа хийдэг байсан. Энэ арга зүй маань ямар ч ажил хийхэд их нэмэр болдог.

Дээрээс нь миний хувьд банк санхүүгийн салбарын хүн биш болохоор энэ ажлыг хийж чадах болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээ их. Тийм ч учраас биеэ дааж суралцаж судлах зүйл бүр их. Чадахгүй байх вий гэсэн болгоомжлол үргэлж байдаг нь бусдаас илүү ихийг уншиж судлах зэрэг давуу талыг бий болгодог гэж боддог. Тийм болохоор сул гэхээс давуу чанарууд илүү олон байна гэж зориг орж л ажилладаг даа.

- Ярилцагын өмнө Мандал даатгал энэ салбараараа Азийн зах зээлд гарах зорилготой гэж байсан. Энэ ямар хугацааны зорилт вэ?

- 20 жилийн дараа Хонгконгийн нэгэн оффисийн цонхоор хараад зогсож байна гэж төсөөлдөг шүү.

Мандал даатгалыг одоогийн дотоодын салбартаа чанар яривал түүчээ нь гэж боддог. Тэгэхээр тэр чинээгээрээ салбарын чиг хандлагыг тодорхойлоход үүрэг оролцоо байх ёстой гэж үздэг.

Бидний урт хугацааны зорилго нь Азийн зах зээл рүү гарч өрсөлдөх. Магадгүй бид Хонгонкт хэзээ ч очихгүй байж магад. Гэхдээ бид тэгж зорих ёстой.

2011 онд буюу харьцангуй сүүлд байгуулагдсан ч бид салбартаа топ гурвын нэг боллоо. Үүнд бусдаас ялгарсан нэг технологи байна гэсэн үг. Тэр зүйлээ бид Мьянмар, Камбож зэрэг улсад нэвтрүүлж болно. Яагаад энэ улсуудыг нэрлээд байна вэ гэхээр бидний хувьд 90-ээд оны даржин байдлыг биеэрээ мэдэрчихсэн хүмүүс. Хөгжлийн хувьд ойролцоо эдгээр орныг аль хэдийнээ бүх зүйл нь тогтчихсон Америк, Европчууд ойлгож сайн бизнес хийж чадахгүй. Монголын хувьд ижил төсөөтэй улсуудынхаа асуудлыг илүү сайн мэдэрч байгаагийн хувьд асуудал шийдэх чадвар нь илүү байна гэж бодож байна.

Дээрээс нь бид өөрсдийнхөө зорилгыг зөвхөн Монголын даатгалын салбарын хамгийн шилдэг компани болно гэдэг зорилт тавьчихвал удахгүй тэтгэвэртээ гарах нь байна шүү дээ.

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Б.ЖАВХЛАН
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn