Г.Амартүвшин: Гэртээ ч харилгүй ажил дээрээ "амьдардаг" байсан үе бий...

Ч.Болортуяа
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Г.Амартүвшин: Гэртээ ч харилгүй ажил дээрээ "амьдардаг" байсан үе бий...

"Өглөөний Хүн" 2017 оны отгон зочны ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. 

Их богинохон хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй Ганибалын Амартүвшин байв. 

Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр эх орондоо эргэн ирж ажиллаад үнэндээ зургаан жил л болох гэж байна. 

Монголд ирэхээс өмнө Г.Амартүвшин нь  Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллажээ. 

Харин одоо тэрбээр Хасбанкны Ерөнхий захирлаар ажиллаж байна. 

Эх хэлнээсээ гадна таван гадаад хэлээр ярих Г.Амартүвшингийн боловсрол, мэдлэгийн өв нь түүний өвөг Их номч Бямбын Ринченгээс эхтэй гэлтэй... 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Г.АМАРТҮВШИН  @Amartuvshin_Xac
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
 

НЭГ. БАНК САНХҮҮ ба ЗЭЭЛИЙН ХҮҮ

 

- Монголын арилжааны банкууд 2017 оны III улирлын тайлангаар нийт 242 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 100 гаруй тэрбумаар нэмэгдсэн дүн. Зөвхөн Хасбанкны ашгийн хэмжээ гэхэд 4.5 дахин өссөн байна. Банкуудыг хүүлэгчид гэж байна. Банкны салбарын энэхүү ашгийн өсөлтийг та юу гэж тайлбарлах вэ?
- Зөвхөн нэг биш хамгийн багадаа сүүлийн гурван жил юу болсон бэ гэдгийг харах хэрэгтэй л дээ. 2017 оны хувьд хямралаас гарах шинж ажиглагдсан эхний нэг жил байлаа. 

Харин 2016 оны хувьд банкны салбарын хувьд хамгийн хэцүү жил байсан. Яагаад гэхээр зээлийн багцын чанар эрчимтэй муудсан. Энэ үед Монголбанкны зээлийн журмын дагуу банкууд муу эсвэл хугацаа хэтэрсэн зээлүүд дээрээ их хэмжээний эрсдлийн сан байгуулсан. 2016 онд банкуудын ашиг огцом буурсаны шалтгаан нь их хэмжээний эрсдлийн сан байгуулсантай холбоотой. 

Хасбанкны тухайд 2016 онд гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулсан. Болзошгүй зээлийн алдагдлаас хамгаалах зорилгоор гэсэн үг. 

Энэ жил харьцангуй бага мөнгө энэ санд төвлөрүүлсэн. 

Том зургаар харвал сүүлийн таван жилийн хугацаанд Хасбанк 1.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээтэй баялаг бүтээсэн гэж хэлж болно. Үүний 30 хувь нь хадгаламж эзэмшигчдэд төлсөн хүү. Мөн 1,500 гаруй ажилтныхаа цалинг тавьсан. Энэ нь ойролцоогоор 15-20 хувь. 

Татвар, шимтгэл нь 15-20 хувь. Ингэж явсаар явсаар банканд үлддэг ашиг нь мөн л 15-20 хувь байдаг. Бусад банкууд ч ийм л байгаа. 

Дээрээс нь манай банкны эх үүсвэрийн 50 хувь нь хадгаламж эзэмшигчдийнх, 50 хувь нь олон улсаас авсан урт хугацааны зээл байдаг. 

Тэгэхээр 15-20 хувийн ашгийг хүүлэгчид гэхгүй болов уу.  

 

- Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах тал дээр олон санал санаачлага өрнөж байна. Та болоод танай банк энэ тал дээр ямар судалгаа, санаачлага гаргаж байгаа вэ?
- Хүүг бид санаанаасаа зохиогоод тавьдаггүй. Хүү яаж тогтож байгааг маш товчхон хэлье.

Төгрөг гэдэг өөрөө нэг бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний үнэ цэнэ нь зээлийн хүү. Бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан. 

Монголд яагаад хүү өндөр байгааг макро зургаар харвал, манай улсын зээлжих зэрэглэл маш бага буюу  Moody’s CAA1, Fitch B- тэй байна. 

Монголбанкны бодлогын хүү 12 хувь. Энэ жилийн инфляци 8 хувь. Тэгэхээр бодит хүү 12-с хасах нь  8 гэхээр 4 үлдэнэ. Бодит эрсдэлгүй хүү 4 буюу харьцангуй бага. Яг манайх шиг ийм савлагаатай эдийн засагт харьцангуй бага хүү юм. 

Микро түвшинд банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ гэхээр дийлэнх банкуууд дотоодын хадгаламжийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Дундаж хадгаламжийн хүү 14 хувь гэж бодъё. Үүн дээр үйл ажиллагааны зардал 1.5-2 хувийг нэмлээ, Монголбанканд заавал байршуулах ёстой нөөц гэж бий. Түүний  1 хувь. Дээрээс нь өмнө ярьсанчлан эрсдлийн сангийн зардал нэмэгдэнэ. Ингэж явсаар зээлийн хүү 16-18 хувиар тогтдог доо. 

- Монголбанк юун түрүүнд доод хязгаар буюу бодлогын хүүгээ бууруулж байж арилжааны банкууд хүүгээ буруулах боломжтой. Гэхдээ ийм механикаар шийдэх нь ямар уршигтай вэ?
- Хүү буурах ганцхан арга бий. Тэр нь мөнгө элбэг болох тохиолдолд. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд, бизнесүүд нь ашигтай ажиллаад, өрхүүд нь хуримтлалтай болоод ирэхээр хүү буурна. Төгрөгийн хомсдол байгаа учраас хүү өндөр байна гэсэн үг. 

Засгийн газрын олон улсад гаргаж байгаа бондын хүүг л харьцуулаад харъя.  Монгол Улсын Засгийн газар 5-6 хувийн хүүтэй бонд гаргаж байна. Энэ бол доод цэг гэсэн үг. Гэтэл АНУ-ынх гэхэд хоёр дахин бага буюу 2.32 хувийн хүүтэй байх жишээтэй. 

Хэзээ манайх бага хүү рүү дөхөх вэ гэхээр дотоодын эдийн засаг сайжраад, улс төр нь тогтвортой болоод, төсвийн удирдлага зөв болоод ирэхээр манай зэрэглэл дээшилнэ. Зэрэглэл дээшлэх тусам эрсдэл багасч хүү буурна гэсэн үг.

Түүнээс Монголбанк бодлогын хүүгээ механикаар бууруулах эсвэл хуулиар хүүг зохицуулах үр дүн өгөхгүй болов уу. Хэрвээ хүүг абсолют дүнгээр хязгаарлах юм бол банкууд эрсдлээ бодоод хадгаламж эзэмшигчдийн итгэлийг нь олж авсан мөнгөө алдахгүйн тулд зээлээ бууруулчихна. Монголбанк, үнэт цаасанд байршуулаад л эхэлнэ гэсэн үг. Энэ хувилбар нь ашиггүй байж болно. Гэхдээ ямар ч байсан алдагдалгүй байя гэдэг хувилбар руу өөрийн эрхгүй шилжих болов уу. 

- Хүү тогтоход нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь эрсдэл үү, төгрөг ховор байгаа байдал уу?
- Эрсдэл нь илүү давамгайлна. 

Хүү буурах ганцхан арга бий. Тэр нь мөнгө элбэг болох 

 

- Хасбанк хүү бууруулахад жишээ нь ямар санал санаачлага гаргаж байгаа вэ?
- Бид аль болох урт хугацаанд тогтвортой байх бизнесийн бодлогыг баримталдаг. 

Богино хугацаанд маш их ашиг хийх биш урт хугацаанд тогтвортой ашигтай ажиллах стратеги гэсэн үг.  Юу гэхээр бид харилцагчдынхаа бизнесийг ойлгож тэдний санхүүд илүү их тус нэмэр болох үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгож байна. Учир нь энэ нь эргээд бид бүгдийн бизнест өгөөжөө өгнө гэдэг маш энгийн зарчим юм. 

Тиймээс ч өөрсдийн санаачлагаар 2017 оны эхээр банкны хүүгээ хоёр хувиар хязгаарласан. Юу гэхээр Хасбанканд сарын 2 хувийн хүүгээс өндөр нэг ч бүтээгдэхүүн байхгүй. Хоёрдугаарт, төрөл бүрийн шимтгэл, хураамжуудаа бууруулсан. 

Жишээ нь, Хасбанкны харилцагч өөрийн ATM-ээс ямар ч шимтгэлгүйгээр мөнгөө авдаг. 

Мөн манай банктай олон жилийн харилцаатай зээлчдэгчдийн хүүг нь бууруулсаар байна. 

Хоёрдугаарт, гаднаас авч байгаа зээлийн эх үүсвэрүүдийг аль болох бага хүүтэй авах дээр маш их хүчин чармайлт гаргаж байна. 

Тухайлбал, Ногоон хөгжлийн сангаас эх үүсвэрээ татахдаа маш бага хүүгээр оруулж ирэх боломжтой. Харамсалтай нь энэ мөнгийг бид доллароор л оруулж ирдэг. Доллароор орж ирсэн эх үүсвэрээ Монголбанктай своп хэлцэл хийгээд хамгийн боломжийн бага хүүтэй төгрөгийн эх үүсвэр болгож иргэдэд ногоон хөгжлийн зээл олгож байна. 

Хоёрдугаарт, бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих эх үүсвэрийг оруулж ирсэн. Эмэгтэй бизнес эрхлэгчид маань сарын 1.4 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсон.

- Арилжааны банкуудын тайланг харахаар том гурван банк нь яах аргагүй ялгардаг. Хасбанкны хувьд дунд гурав гэсэн ангилалд нь ордог. Том гэх ангилалд нь орох эрмэлзлэл бий л биз дээ?
- Банкуудын эрэмбэ чухал л даа. 5-6 жилийн өмнө манай банк зургаа, долоод нь жагсдаг байлаа. Одоо дөрөв дэх нь. Топ гурав руугаа аажим аажмаар ойртоод л байна. Гэхдээ бид том болох гэж яараагүй. Хамгийн гол нь зөв стратегитэй, сайн харилцагчтай, урт хугацаандаа ашигтай ажиллах нь илүү чухал. Дээрээс нь банкны нийгмийн хариуцлага гэж чухал зүйл бий.

Хасбанкны хувьд нийгмийн хариуцлагын ажил бидний ажлын том, чухал хэсэг. 

Компани гэдэг өөрөө хүмүүсээс тогтож буй нийгмийн бас нэг гишүүн. Бид тогтвортой сайн бизнестэй байхын тулд нийгэмдээ эргүүлж заавал төлбөр төлдөг байх ёстой. Бид залуус, оюутнуудыг дэмжих ажил маш их хийж байна. Урлагийнхныг дэмжих зүйл ч хийж байна.

Мөн сүүлд гэхэд АНУ-д төвтэй Каргилл компанитай хамтран Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн “Нэгдсэн мэс заслын тасаг”-ийг орчин үеийн эмнэлгийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулж хүлээлгэн өгсөн. Энэ мэт нийгэмдээ үйлчилсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Дэлхийн стандарт нь өөрөө компаниудын нийгмийн хариуцлага гэдэг зүйлд маш өндөр шаардлага тавьдаг болчихсон. 

Хасбанкны гадаад эх үүсвэрээс орж ирж байгаа мөнгөний 90 хувь нь гэхэд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх мөн нийгмийн зорилтот бүлэгт зориулсан зээлүүд байдаг. 

Эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон хөгжил зэрэг. Үүний гол учир шалтгаан нь жижиг, дунд бизнес гэдэг өөрөө зах зээлийн эдийн засгийн суурь нь юм. 

Жишээ нь, эмэгтэй бизнес эрхлэгчдэд сүүлийн зургаан сарын хугацаанд гэхэд 20.3 тэрбум төгрөгийн зээл өгөөд байна. 

- Ногоон хөгжил гэхээр гаднаас санхүүжилт босгоод аваад ирсэн ч гэсэн Монголд энэ чиглэлийн бизнесийн төсөл бага байдаг байх. Тийм үү?
- Тэгж хэлж болно. Яг “Шарк Танк”- тай төстэй. Ихэнх нь санаа байдаг. Яг хэрэгжүүлээд хийчихсэн хүн бараг байдаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хөрөнгийн оролцоо бага, ихэвчлэн гарааны бизнес байдаг. Тиймээс ч эрсдэл нь ихсээд байдаг гэсэн үг. 

- Ногоон хөгжлийн зээлийн жишээнээс дурдахгүй юу.  Иргэд ямар төсөл бичвэл танайх дэмжинэ гэсэн үг вэ?
- Жишээ нь, үйлдвэрлэл явуулдаг компаниудын эрчим хүчний зардал маш өндөр байдаг. Үйлдвэрлэгчид шинэ, хэмнэлттэй тоног төхөөрөмж аваад 30-50 хувийн эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой төслийг бид дэмждэг. 

Мөн манай дулааны шугам гэхэд 40-70 хувь дулаанаа алдаж байдаг. Үүнийг сайжруулах төсөл зэрэг сайн санаачлагуудыг бид дэмжиж байна. 

Том хэмжээний нар, салхины төслүүд чухал боловч хөрөнгө оруулалтын дүн их өндөр байдаг. Дээрээс нь тарифын тогтолцоо нь боловсронгуй болоогүй учраас хүн болгон ийм төсөл рүү орж чадахгүй. Тиймээс ч наад захын өөрийн үйлдвэрлэл, оффисуудад  эрчим хүчний зардлыг бууруулах, хэмнэсэн төслүүдийг дэмжих сонирхол байна. 

 

- Бүх л салбарт технологи түрж байна. Банк санхүүгийн салбарт ч багагүй өөрчлөлтийг авчирч байна. Энэ үед банк санхүүгийн салбар нь өөрөө уламжлалт ба шинэ үеийн гэж хоёр хуваагдаад байх шиг. Таны хувьд уламжлалт санхүүгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа учраас энэ хэсэгт нь оруулж тооцож болох уу?
- Болохгүй л дээ (инээв).

Олон улсын чиг хандлагыг тодорхойлдог банк санхүүгийн олон л хурал цуглаанаар явж байна. Банкуудын хувьд том, жижиггүй бүгдээрээ л дижитал банк гэдэг зүйлийг ярьж байна. 

Өнөөдөр бид энгийн ухаалаг гар утсаар бүхнийг хийж болж байна. Биет салбартай байх нь чухал. Гэхдээ энэ хамгийн чухал нь биш гэдгийг би хүлээн зөвшөөрнө.  Цахим мөнгө, цахим түрийвч, цахим төлбөр, цахим мэдээлэл энэ бүх зүйлийг нэг л гар утсан дээрээс удирдах боломжтой болсон байна. Дуртай ч, дургүй ч энэ чиглэлд явах болно.

Хасбанкны хувьд гэхэд 2018 оны хөрөнгө оруулалтын төсөвтөө түүхэнд байгаагүй их дүнг дижитал банкны хэсэгт төсөвлөөд байна. 

Монгол Улсын хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу. Тийм ч болохоор бид шинэ үеийн хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж байж л амжилттай ажиллах боломжтой. Залуу үеийнхэн маань банкны салбар дээр дугаарлаад зогсох бүү хэл очиж үйлчлүүлэхээс ч цааргалж байна шүү дээ. 

- Блокчэйн, биткойныг уламжлалт банк, санхүүгийн салбарыхан үгүйсгэсээр байгаа. Таны хувьд банкны салбар ирээдүйг яаж өөрчлөгдөнө гэж боддог вэ?
- Биткойн, блокчэйн хоёрыг тусад нь салгаж ярих нь зүйтэй байх. Блокчэйн бол үнэхээр ярих юмгүй сайн технологи. Үүнийг бид банкан дээрээ аль хэдийнээ туршаад яаж ашиглаж болох вэ гэдэг дээр ажиллаад эхэлчихсэн. 

Дэлхийн томоохон банкууд гэхэд блокчэйний нийгэмлэг байгуулж байна. 

Блокчэйний ачаар уламжлалт банк санхүүгийн хэрэгслийн үйлчилгээний шат дамжлагийг бууруулах боломжтой. 

Зөв хийж чадвал бид зардлаа бууруулах боломжтой. 

Бид Блокчэйний олон улсын нийгэмлэгт элсэхээр судалж байна. 

Харин биткойны хувьд мөнгөн тэмдэгт шиг болчихоод байгаа юм. Нэг талаас харахад маш сонирхолтой боловч үнэ цэнэ нь дэндүү савлагаатай. Би жишээ нь, биткойноор энэ утсыг үнэллээ гэж бодоход ханш нь 40 минутын дотор 2-3 мянгаар өсөөд буурдаг хэрэгслээр бид яаж бүтээгдэхүүнээ үнэлэх вэ. Дэндүү савлагаатай. Биткойн ирээдүйд түгээмэл төлбөрийн хэлбэр болж магадгүй. Гэхдээ тэр болтол харзнах хэрэгтэй болов уу.

- Дэлхий дээр технологи ба банк санхүүгийн салбарын хоорондын өрсөлдөөн их байсаар байна. Америкт энэ нь бүр тодорхой харагддаг шүү дээ.   
- Тийм ээ. Финтек анх үүсэхдээ л банкуудыг арчаад өгнө өө л гэж гарч ирсэн. Гэхдээ эцсийн эцэст банкууд ч, финтек ч хамтарч ажиллах нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Одоо банкууд маш олон зүйл дээр финтекийн шийдлийг ашиглаж байна. 

Зээлийн шийдвэр, мэдээллийг базаж уншиж ойлгоход хялбар шийдлүүд, янз бүрийн төлбөр тооцооны хэрэгслүүд байна. 

Тэгэхээр сайн ажиглаад харахаар дэлхий дээр сайн явж байгаа финтекүүд дандаа банк санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулалттай болчихсон байх жишээтэй. 

Аль аль тал эхэндээ үүнийг өрсөлдөөн гэж бодож байсан бол одоо хамтарч ажиллах нь илүү их болж байна. 

ХОЁР. БИДНИЙ ХОЁРДУГААР ҮЕ ШАТ

 

- Ахмадууд уул уурхайгаараа дуусаг. УУ олон хүнийг баяжуулдаггүй гэдгийг бид харлаа. Манай төр засагт ч тийм чадамж байхгүй гэдгийг ойлголоо гэж ярих боллоо. Харин одоо үеийнхэн бидний хөгжлийн зам юу вэ?
- Уул уурхайг (УУ) Монголын эдийн засгаас салгаж ойлгох боломжгүй юм. Байдгаараа байж л байна. 

Үнэнийг хэлэхэд бид ядуу улс. Энэ ядруурлаас гарах хамгийн энгийн орлогын эх үүсвэр нь УУ. 

УУ гурван сая хүнд ижил байдлаар хүртэх боломжгүй байгаа ч энэ салбар манай эдийн засгийг 10 тэрбум доллар болгосон шүү дээ. 

10, 20 жилийн өмнө бид ямар байсан бэ гэдгээ л харах хэрэгтэй. 

Тэгэхээр энэ салбарыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эхний үе шатаас дараагийнх руугаа шилжих цаг болсон уу гэвэл болсон. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрийн өртгөө багасгаж, нэмүү өртөг шингээх ёстой. 

Бусад улсын жишээг харъя. Хятад анх хамгийн хямд бараа үйлдвэрлэж эхэлсэн. Явсаар байгаад л оюуны өмчийн тал дээр дэлхийн маш том тоглогч болчихсон байна. Хятадын том, том компани Америк, Европ, Австралийн контентын компаниудын хувьцааг маш ихээр худалдаж авч байна. Тэгэхээр Хятадын хувьд сервис, үйлчилгээний буюу дараагийн шат руугаа ороод эхэлчихсэн байна гэсэн үг. 

Аливаа улсын удирдлага нь эхлээд хүмүүсээ тэжээх ёстой болох байх. Харин дараагийн шат нь аюулгүй байдлыг нь хангах. Түүний дараагийн үе бол тав тухтай амьдрал. Тав тухтай амьдрал гэдэг нь үйлчилгээний бизнесийн үе юм.  Энэ үед бүтээгдэхүүн гэдэг зүйл үнээр бус үйлчилгээ, чанараараа өрсөлддөг.

Монгол Улсын хувьд гурван сая хүн гэдэг маш жижиг зах зээл. Тэгэхээр овсгоотой чаддаг нь энэ үе шилжилтийг харж гадагшаа чиглэсэн бүтээгдэхүүн хийж чадах юм бол бүр л том боломж байна гэсэн үг. 

Гэвч бодит байдал дээр Монголын бизнесийн орчноос дэлхийн хэмжээнд яригдсан нь Оюу Толгой. Хоёрт нь, ноос ноолууран бүтээгдэхүүн л байна шүү дээ. 

Шилжилт хөдөлгөөнийг ажиглаж байхад бидний давуу тал хөдөө аж ахуйн салбарт л гарч байх шиг байна

- Монгол олон улсын зах дээр яг хаана нь байрших вэ, юу хийж чадах вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байсаар байна. Жишээ нь, масс үйлдвэрлэл хийж чадах орнууд тодорхой болчихсон. Бид өрсөлдөх боломжгүй. Технологи, инновацийн гол тоглогчид ч тодорхой. Монголчууд юу хийж чадах вэ. Бид хаана байх ёстой вэ?
- Өрсөлдөх чадварын давуу тал гэдгийг өмнө нь зөвхөн компанийн түвшинд ярьдаг байсныг томруулаад улс орны түвшинд хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зарим улс тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн арай илүү хямд, илүү чанартай үйлдвэрлэж чаддаг. 

Гэхдээ энэ чадварууд бас хөдөлгөөнтэй. Жишээ нь, Хятадууд хувцас хунарыг бага өртгөөр их хэмжээгээр үйлдвэрлэж, нийлүүлдэг байсан нь багасч байна. Харин масс үйлдвэрлэл Вьетнам, Камбож, Шри-Ланк зэрэг орон руу шилжиж байх жишээтэй. 

Тэгэхээр энэ шилжилт хөдөлгөөнийг ажиглаж байхад бидний давуу тал хөдөө аж ахуйн салбарт л гарч байх шиг байна.   

Юу гэхээр дэлхий даяар хөгжил хурдасч хүмүүсийн дундаж амьдрал сайжрах хэрээр хүн эрүүл мэнддээ анхаардаг болж байна. Өнөөдөр дэлхий дээр эрүүл мэнд гэдэг зүйл хамгийн үнэ цэнэтэй болсон байна. 

Хэчнээн их мөнгөтэй байгаад эрүүл биеийг худалдаж авч чаддаггүй юм байна гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож эхэлж байна гэсэн үг. 

Эрүүл байхын тулд хүн бүр анхнаасаа ямар хэмнэлээр, юу идэж ууж амьдрах хэрэгтэй вэ гэдэг рүүгээ буцаж ирсэн. Өнөөдөр органик мах бусад махнаасаа тав дахин үнэтэй байна. Хүмүүс яагаад тав дахин үнэтэйг нь худалдаж авч байна вэ гэхээр эрүүл л байхын тулд. 

Тэгэхээр Монгол Улсын хувьд гурван сая хүнтэй ч баруун Европ шиг том газар нутагтай. Яг хөдөө аж ахуй эрхэлж болох хэсэг бага ч гэсэн боломж бидэнд бий. 

Цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй зарах боломжтой. Гэхдээ үүнийг биелүүлэхийн тулд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. 

Бусад салбарын хувьд хэлэхэд хэцүү. Бид чаддаг юмаа хийгээд, чадахгүйгээ харин хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Дэлхийн зах зээлд гарахын тулд чи хэнтэй өрсөлдөх гэж байгаа вэ гэдгээ л 10 секунд тогтоод бодох хэрэгтэй. 

Гурав дахь ирээдүйтэй салбар бол аялал жуулчлал. 

Гадаад найз нарын хувьд ч амьд яваа цагтаа заавал аялж үзэх газрын нэгээр Монголыг нэрлэдэг. Бусдад ийм хүсэл мөрөөдөл байна гэдэг чинь эрэлт байна гэсэн үг. 

Хамгийн наад захын жишээ хэлье, хүн дунджаар 2,000 мянган долларыг аялалд зарцуулдаг гэж бодоход тэр мөнгөөрөө Монгол руу ирэхийн тулд зөвхөн нислэгийн тийз л авах боломжтой байна. Гэтэл тэр 2,000 долларт нь нислэгийн тийз нь ороод дээрээс нь нэг арал дээр бүтэн долоо хоног амраад ирэх боломж байхад хүн алийг нь сонгох вэ. 

Хэчнээн бид Монголоо сайхан гоё гэж рекламдсан ч гэсэн хүн шийдвэр гаргахдаа өөрийн санхүүгийн боломж дээр л тулгуурлана шүү дээ. 

- Нислэгийн зардлыг хэлж байна уу?
- Тийм ээ. Бүх л бүтэн нэг том нөөц бүхий салбарыг тэр чигээр нь ганцхан компаниас болж ингэж хааж боож болохгүй л дээ. 

- Төр бизнесийн орчныг сайжруулах дээр яаж оролцох ёстой вэ?
- Төр оролцохгүй байх нь л өөрөө сайн дэмжлэг юм. 

- Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд импортын өндөр татвар тавих, импортыг шахах зэрэг бодлогыг зарим улс хэрэгжүүлсэн байдаг шүү дээ. Манайд ч жишээ нь ийм яриа гараад буй. 
- Тодорхой зорилтот салбарыг хамгаалах ийм арга хэрэгсэл бий. Дөнгөж бойжиж байгаа салбарыг дэмжихийн тулд гадны өрсөлдөөнийг бодлогоор шахах цаг үе байдаг. Гэхдээ Монгол улс хоёрхон хөрштэй. Энэ хоёр хөршдөө бид ийм бодлого явуулж чадах уу. Үүнийг л бодох хэрэгтэй. Тийм амархан шийдчих зүйл бас биш. 

Харин ямар арга байж болох вэ гэхээр хил гаалиар орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн зэрэгтээ чанарын стандартаа л сайжруулах нь оновчтой бодлого. 

Тухайн үед ямар боломж байсан түүнийг нь зөв хараад хөрөнгөтэй, мөнгөтэй болсон хүмүүс аль ч орны эдийн засагт бий

 

- Ерөнхийлөгч маань 30 гэр бүл гэсэн тодорхойлолт, ойлголтыг гаргаж ирээд тэдгээр хүмүүсийг яаж шийтгэх ёстой вэ гэдэг дээр бид нийтээр хэлэлцэж байна. Үнэхээр цаг хугацаа, мэдээллийн боломжийг ашиглаж хууль бусаар хөлжсөн хүмүүс байвал тэдгээрийг шийтгэх нь өөрөө өнөө цагт хэр тохиромжтой вэ. Хууль бусаар баяжсан гэдэг нь тогтоогдвол өөр хэрэг байх. Тэдгээр хүний хөрөнгийг хувааж авъя ч гэсэн яриа гараад байна шүү дээ. 
- Хөрөнгө хуваана гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ. Манай зах зээл 1991, 92 онд нээлттэй зах зээл болох сонголтыг хийсэн. Тухайн үед ямар боломж байсан түүнийг нь зөв хараад хөрөнгөтэй, мөнгөтэй болсон хүмүүс аль ч орны эдийн засагт бий.

150 жилийн өмнө Америкт гэхэд цөөн хэдэн гэр бүл болох Рокефеллер, Вандербилт, Морган гээд хүмүүс бүгд л ийм замаар явсан. Бас л улстөр, эрх мэдэлтэй хүмүүстэй ойрхон байж лобби хийсээр эдийн засгийн суурь нь болж топ эдийн засагтай өнөөгийн улсыг бий болгосон байна. 

Япон гэхэд ямар ялгаатай гэж. Дайны дараа Засгийн газар нь хэдхэн гэр бүлд эдийн засгаа хөл дээр нь босгох боломж олгосон. Солонгост ч мөн адил цэргийн дэглэмээр хэдхэн компанид боломж олгож мөн л өөрийн улсын эдийн засгийг босгох даалгавар өгсөн. 

Тэгэхээр энэ хүмүүсийг яах ёстой вэ. Эдгээр хүн тэр мөнгө, хөрөнгийг авчихаад зүгээр л идэж уугаад дуусгачихаагүй. Бизнес эрхлээд, олон хүнийг ажилтай болгоод, татвар төлөөд том том бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн. 

Хэрэв Монголд бусдын хөрөнгийг хураах ёстой бол Монголд итгэх итгэл дахиад л буурна. Өөрөөр хэлбэл, энэ улсад хөрөнгө оруулаад хэрэггүй юм байна л гэдэг мессеж өгнө. 

Венесуэлийг хар. Том компаниудынхаа хөрөнгийг хурааж аваад, захирлуудыг нь шоронд хийсэн. Гэтэл тэр улс, эдийн засаг нь юу болов. 

Монгол Улс энэ зам руу явна гэдэгт би итгэхгүй байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ.  

- Монголын том компаниудын хувьд ихэнх нь гэр бүлийнх. Бусад олон оронд ч ийм жишээ бий. Солонгост гэхэд чаеболуудын хувьд хоёр, гурав дахь үе дээрээ бизнес нь унах эрсдэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр Монголын томоохон бизнес эрхлэгчдэд та юу гэж зөвлөх вэ. Магадгүй тэд олон нийтэд гарах ёстой юу?
- Гэр бүлийн компаниудын хувьд хувьцаа гаргаж олон нийтийнх болно гэдэг амар шийдвэр биш. 10, 20 жил хөдөлмөрлөж өсгөсөн бизнесээ шал танихгүй хүмүүстэй хуваалцана гэдэг тийм ч амар биш шүү дээ. 

Гэхдээ эдгээр гэр бүлийн компаниудын үе ерөнхийдөө солигдож байна. Тиймээс шинэ үеийнхэн нь яаж хандах вэ гэдэг бас их сонирхолтой.

Миний хувьд бирж дээр гарахаас өмнө юун түрүүнд мэргэжлийн менежмэнттэй байх хэрэгтэй гэж хэлнэ. Засаглалаа сайжруулах гэсэн үг. Хувьцаа эзэмшигчид, ТУЗ нь гүйцэтгэх түвшиндээ яг мэргэжлийн менежментийн багтай байх ёстой. Бүрдүүлсэн менежмэнтийн багтаа бизнесээ удирдаж явах эрх чөлөөг өгөх нь л хамгийн чухал. 

Энэ нь бирж дээр гарах, олон нийтийнх болох гол бэлтгэл юм. 

ГУРАВ. ШАРК ТАНК БА ГАРААНЫ БИЗНЕС

 

- “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцохоос өмнөх Монголын бизнесийн орчны талаарх бодол чинь нэвтрүүлэгт оролцсоны дараа өөрчлөгдсөн үү. Өөрөөр хэлбэл, хүлээлт чинь өссөн үү, буурсан уу?
- Ерөнхийдөө миний хүлээлтэд айхтар өөрчлөгдөөгүй. Яагаад гэхээр банкны салбарт ажиллаж байгаа хүний хувьд бизнес эрхлэгч, төслүүдийн тухай байнгын мэдээлэлтэй байдаг хүн шүү дээ. 

Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүгийн менежмэнт удирдлага дээрээ сул байдаг нь хэвээрээ байв. 

Хоёрдугаарт, бизнесүүдэд маань стратеги гэдэг зүйл байхгүй байна. Монголд томоохон цөөн хэдхэн компани л стратеги гэдэг зүйлийг харж хийж байна. 

Юу гэхээр Монголчууд бүх зүйлийг үйлдвэрлэх, хийх албагүй. Чадахгүй, боломжгүй зүйлээ хүлээн зөвшөөрөөд гаднаасаа аваад хэрэглэх ёстой. 

Өрсөлдөх чадвар, урт хугацааны стратеги гэдэг зүйлийг сайн бодолцох хэрэгтэй. 

- Нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг гаргахад танд амар байв уу. Эсвэл удаан хугацаанд бодож эргэлзэв үү?
- Нэлээд эргэлзсэн. Удаан бодсон. Нэвтрүүлгийн продюсерууд “Энэ шоу шинэ үеийн сонин содон нэвтрүүлэг болно. Зүгээр л мөнгө гаргаад бусдын бизнесийг худалдаж авах бус олон нийтэд маш их мэдлэг, мэдээлэл түгээх боломж. Гоё нэвтрүүлэг болно” гээд л ятгаж байсан л даа. 

Удаан бодсоны эцэст шийдвэр гаргасан. Нэвтрүүлгийг үзэгчид ийм сайн сайхан хүлээж авна ч гэж бодсонгүй.  

Миний хувьд "Шарк Танк" нэвтрүүлгийн нийгмийн ач холбогдлыг л бодож оролцох шийдвэрээ гаргасан

- Нийгмийн хариуцлага талаасаа хүмүүсийг бүтээлч байдал руу уриалсан, бас гарааны бизнес хийхэд ямар шаардлага байх ёстой талаас танин мэдэхүйн ач холбогдол их байсан болов уу. Бас ч гэж нийтээрээ улстөр биш бизнес, эдийн засгийн сэдэв рүү анхаарлаа хандуулна гэдэг их сайхан байв. 
- Нийгмийн ач холбогдол талаасаа бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүст урам зориг өгсөн болов уу. Хоёрдугаарт, бизнес эрхлээд эхэлчихсэн хүмүүс бас юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр тодорхой ойлголтуудыг өгсөн болов уу л гэж бодож байна. Миний хувьд яг л энэ нийгмийн ач холбогдлыг бодож шийдвэрээ гаргасан. 

- Нэвтрүүлгийн хугацаанд хамгийн их сэтгэл татагдсан төсөл аль нь байсан бэ?
- Би  “Мөөжиг” мөөгний бизнесийг хэлнэ. Нэгдүгээрт, тэр хүн нь өөрөө 100 хувь энэ бизнестээ “орчихсон”, итгэл төрүүлэхүйц байж чадсан. Хоёрдугаарт, энэ бүтээгдэхүүн нь өөрөө маш хурдан хугацаанд ургацаа өгдөг, сонирхолтой бизнес юм. 

- Таны ярьж байсан хөдөө аж ахуй, органик бүтээгдэхүүн Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэсэн чиглэлтэй ч тохирсон байна. Тийм үү?
- Тийм.  

- “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцогчид өөрсдийн санаа, төслөө маш өндрөөр үнэлж байгаа харагддаг. Ер нь компанийн үнэлгээ яаж тогтох ёстой вэ?
- Үнэлгээг тогтоох хамгийн энгийн гурван аргыг хэлье. Нэгдүгээрт, ирээдүйн мөнгөн урсгалыг нь тооцож гаргана. Хоёрдугаарт, ижил төстэй компани бирж дээр гарсан бол тэр үнэлгээтэй нь харьцуулж болно. Үгүй бол ижил төстэй бизнесийг худалдаж авсан, зарсан жишээтэй харьцуулдаг. 

“Шарк Танк” нэвтрүүлгийн хувьд нэвтрүүлэгт оролцогчдын бизнесүүд нь харьцангуй эхлэлийн чанартай байсан учраас ирээдүйн ашгийн төсөөлөл дээр үндэслэсэн үнэлгээнүүд байсан. 

Энэ тохиолдолд үнэлгээ тогтоохдоо хоёр зүйлийг анхаарах ёстой.

Хэрвээ би өнөөдрийн хүсч буй хөрөнгө оруулалтаа авч чадаад хөрөнгө оруулалтаа зөв зарцуулаад амжилт олох ирээдүйн үнэлгээ гэж байна. Өндөр хэмжээний үнэлгээтэй болохын тулд эхний хөрөнгө оруулалтыг авах ёстой. Өөрөөр хэлбэл ирээдүй дэх өндөр үнэлгээний өмнөх ба дараах үнэлгээ гэж байдгийг хүмүүс төдийлөн ялгахгүй байх шиг байна. Энэ хоёрын ялгаа асар их. Зургаа, долоон тэрбум гэдэг чинь ирээдүйн үнэлгээ. Энэ үнэлгээг бий болгохоос өмнө өнөөдрийн санаа, үйл ажиллагааны зардлын хөрөнгө оруулалт гэдэг шал өөр зүйл. 

Хөгжингүй орнуудад үнэхээр гайхалтай санаануудад яаж хөрөнгө оруулдаг вэ гэхээр хөрвөх чадвартай зээлийн хөрөнгө оруулалт гэдгийг хийдэг. Жишээ нь, гурван жилийн хугацаанд би чамд ийм хүүтэй зээл өгье. Гэхдээ чи хүүгээ жил болгон төлөөд хэрэггүй, хүүгээ хуримтлаад явчихъя. Хэдэн жилийн дараа бизнес чинь хөл дээрээ зогсоод бодит үнэлгээ нь гараад том хөрөнгө оруулагч татах болохоор яг тэр их дүнтэй үнэлгээгээр чинь энэ зээл, зээлийн хүүгээ хувьцаа руу чинь хөрвүүлнэ гэсэн хэрэгслүүд ашигладаг. 

Тэр тусмаа технологийн чиглэлийн бизнесүүд дээр үнэлгээ тогтоох нь өөрөө маш түвэгтэй учраас ийм хэрэгслүүд байдаг. 

Хөгжингүй орнуудад үнэхээр гайхалтай санаануудад яаж хөрөнгө оруулдаг вэ гэхээр хөрвөх чадвартай зээлийн хөрөнгө оруулалт гэдгийг хийдэг

- Монголын хөрөнгө оруулагчдын хувьд жаахан материаллаг, биет зүйлд хөрөнгө оруулах илүү сонирхолтой юу, үгүй юу. “Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улирлаар технологи, IT төслүүдэд бага хөрөнгө оруулалт хийгдэхээс гадна шаркуудын дэмжлэг ч бас бага юм шиг санагдаж байлаа. 
- Тийм байхыг үгүйсгэхгүй. Дээр хэлсэнчлэн энэ төрлийн бизнесийн үнэлгээ өөрөө их ярвигтай л даа. 

- Яг таны хувьд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бэ?
- 197 сая төгрөг болсон байна. 

- Хасбанкны биш таны хувийн хөрөнгө оруулалт байсан гэсэн. Зөв үү?
- Тийм ээ. Миний хувийн хөрөнгө оруулалт.

- Нэвтрүүлгийн гол ивээн тэтгэгчдийн нэг нь Хасбанк байсан учраас таны хөрөнгө оруулж байгаа мөнгө ч бас банкнаас гарч байна. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ингэж зарцуулж болох уу гэсэн асуулт гарч ирээд байсан шүү дээ. 
- Хасбанк нэвтрүүлгийн ивээн тэтгэгч байсан нь тохиолдлын чанартай. Хасбанкнаас надад мөнгө зарцуулах боломж өгсөн ч би үгүй гэж хэлэх байсан. Яагаад гэвэл бусдын мөнгөөр нэвтрүүлэгт оролцоно гэсэн ойлголт байх ёсгүй. Тийм юм байж болохгүй шүү дээ. 

- Хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчидтэйгээ одоо байнга уулзалдаж байгаа юу?
- Тийм ээ. Бид онлайнаар холбоотой байж мөн сар бүр уулзаж төслөө ярилцаж байна. Мөн хөрөнгө оруулалт аваагүй нь ч зөвлөгөө авч байгаа. 

- Та дараагийн улирлын “Шарк Танк”-т оролцох уу?
- Тэрийг продюсерүүд л шийдэх байх даа. 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, АЖИЛ, АМЬДРАЛ

 

- Та 2011 онд Монголдоо буцаж ирж ажилласан юм билээ. 2012 онд өгч байсан таны ярилцлагыг үзэхэд одоогийн имижээс шал өөр байсан юм шиг санагдсан. Богино хугацаанд таны яриа их задарсан, өөрчлөгдсөн санагдсан. Үүнтэй санал нийлэхүү?

- Залуу ч байж дээ (инээв).
 
- Монголдоо ирж ажиллах болсон хамгийн том шалтгаан юу байв?
- Хэзээ нэгэн цагт нутагтаа ирж ажиллана гэж байнга л боддог байсан. 
 
Хамгийн гол нь аав, ээж хоёр маань энд хоёулхнаа байгаад байсан болохоор би хань болох хэрэгтэй гэж бодсон. 2011 онд ерөнхийдөө бүх нөхцөл байдал нь бүрдсэн гэхүү дээ.
 
- 1992 онд Брюссель явахаасаа өмнө та Хөрөнгийн Биржид ажиллаж байсан юм билээ. Гэхдээ Их сургуульд сураагүй байхдаа ажиллаж байсан гэдэг чинь их сонин түүх байсан. Энэ ямар учиртай ажил байсан бэ?
- Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орох уу, орохгүй юу гэдэг дээрээ их эргэлзэж дээд боловсролын ер нь хэрэг байна уу, үгүй юу гэсэн ухааны юм бодчихсон гэнэн тэнэг үе байж. Тухайн үед дөнгөж Хөрөнгийн Бирж байгуулагдаж байсан юм. Хөрөнгийн Биржид ажиллаж байгаад хурдан хугацаанд ухаан орж сургуульд сурахаар болсон доо. Ингэж Бельги руу сургуульд сурахаар явсан юм. 
 
- Дунд сургуулиа төгссөн мэргэжлийн бус хүнийг Хөрөнгийн Биржид ажилд авч байсан гэсэн үг үү?
- Тухайн үед Хөрөнгийн Бирж дөнгөж байгуулагдаж байсан. Миний хувьд Хөрөнгийн зах зээлийн талаарх Америк багш нарын сургалтанд суучихсан байж байгаад биржид ажиллахаар орж байсан. Боломжийн хэл устай байсан болоод л авсан юм болов уу даа. 
 
- Сургуулиа төгсч ирээд анхны ажлын гараа тань “Буян Кашмер” байсан юм билээ. Энэ сонголтыг яагаад хийсэн бэ?
- Яг сургуулиа төгсөөд биш юм. Брюссельд Их сургуульд сурч байхдаа зуны амралтаараа Монголд ирж “Буян Кашмер”-т ажиллаж байсан. 
 
Жагаа ахын хувьд манай “40 мянгат”-ын "том" ах байв. 
 
Харин сургуулиа төгсөөд Нидерландын ABN AMRO банкнаас ажлын санал авч тэндээс эхэлж банкны хүн болсон доо. 
 
- Монголд ирэхээсээ өмнө та Казахстанд ажиллаж байсан. Монголчууд өөрсдийгөө энэ оронтой жиших дуртай. Тэнд хийж байсан ажлынхаа тухай болон Банк санхүүгийн салбарын хөгжлийн хувьд Монголтой харьцуулахгүй юу?
- 2011 онд Монголд ирэх үед Казахстаны банк санхүүгийн салбар Монголоос түрүүлж байсан л даа. Банкууд нь хамаагүй том. Миний ажиллаж байсан JSC Kazkommertsbank гэхэд 20 тэрбум долларын активтай хамгийн том, сайн банк байсан. 
 
Яг намайг Казахстанд ажиллаж амьдарч байх 2007-2011 онууд энэ улсын хамгийн эрчимтэй хөгжлийн үе байж таарсан. Анх Алматыд очиход их л гундуухан хот байсан бол гурван жилийн дотор тэр чигээрээ дүр төрх өөрчлөгдсөн. 
 
Манайтай хөгжлийн зам нь ойролцоо. Ашигт малтмал буюу газрын тосны бизнестэй. Гэхдээ энэ улсын хувьд маш зөв бодлогоор явсан. Гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй хандаж, маш их хөрөнгө оруулалтыг татаж чадсан байдаг. Гэхдээ их хэмжээний хөрөнгийг оруулж аваад үр дүн өгөөд ирэхийн цагт нь “мушгидаг”.  Том том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэр нь яг ажиллаад эхлэхийн цагт манай улс татвараа нэмэхээр боллоо, байгаль орчны стандартаа ингэж нэмнэ гэх мэт чанга бодлогоо бариад эхэлдэг. Нөгөө хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн хүмүүс хаяад явж чадахгүй яах ч аргагүй байдалд орох жишээтэй.  
 
Харин хөрөнгө оруулалт хийж байх үед нь чангална гэдэг чинь шал утгагүй
 
- Манайх шиг үү?
- Харин тийм (инээв).
 
Хөрөнгө оруулалт гэдэг ердөө хоёр талын хэлэлцээнээс эхтэй. Эхэндээ мөнгөтэй хүн нь давуу талтай. Сүүлдээ баялаг гаргаж байгаа нь давуу талтай болдог жамтай. Ийм хэлцлийн онол ч бий. Үүн дээр Казахстан их зөв бодлоготой ажилласан.  
 
- Монголд эргэж ирээд ажиллахад компани, хүмүүсийн соёлын олон өөрчлөлтөд хэрхэн идээшив?
- Монгол хүн учир Монголдоо хурдан идээшилгүй яахав.

Харин Америк, Англид ажиллаж амьдарч байгаад Казахстанд очиж ажиллахад их өөр соёлын өөрчлөлт мэдрэгдэж байлаа. Дарга, цэргийн ялгаа маш их. Дарга нар нь гэхэд зөвхөн өөрсдөө зорчдог тусгай лифттэй байх жишээтэй. Банкны нэг давхар тэр чигээрээ харуул хамгаалалттай. Баруунд бол тийм зүйл байхгүй шүү дээ. Бүгд их нээлттэй харилцаатай. 
 
- Монголд энэ бүгдийн жаахан холимог байх. Тийм үү?
- Тэгж хэлж болно. 
 
- 2007 онд Харвардыг төгсөх үед олон газраас ажлын санал авч байсан гэсэн. Яагаад Казахстаныг сонгох болов?
- Их сургуулиа төгсөөд орсон Нидерландын банкны сургалтанд сууж байхдаа нэг Казахстан залуутай танилцаж байлаа. Тэрнээс хойш найзуудын холбоотой болж байнга л харилцаатай байсан юм.
 
Харин 2007 онд намайг мастер хамгаалчихаад сургууль төгсөх гэж байхад Бостонд ажлаар явж байхад нь уулзсан юм. Тухайн үед тэр найз маань JSC Kazkommertsbank-ны захирал болсон тухайгаа хэлж өөрийн багаа бүрдүүлэх шаардлагатай байгаа талаараа ярьсан. Ингэхдээ “Чамд би тийм их хэмжээний цалин амлаж чадахгүй ч их гоё том өөрчлөлтийг энэ салбарт хийе. Надад итгээд хүрээд ир” гэж хэлсэн. 
 
Энэ саналыг сонсчихоод би хэдий болтол бүх зүйл нь урьдчилаад төлөвлөчихсөн зүйл дээр ажиллаж байх вэ дээ гэж л бодсон доо. Түүнээс их гоё ажлын саналууд ирээд байсан л даа. Гэхдээ тодорхой хэмжээний эрсдэл хүлээгээд, шинэ зүйлийг хийгээд үзье гэж бодсон. Ингэж JSC Kazkommertsbank-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, үүнийхээ хажуугаар Эрсдлийг хариуцсан захирлыг хийсэн. Харамсах зүйлгүй. Маш их зүйлийг сурсан жилүүд байв. 
 
-Та АНУ, Англи гээд дэлхийн томоохон банк санхүүгийн төвүүдэд ажилласан туршлагатай. Хамгийн их сорилттой байсан төслүүдээсээ ярихгүй юу?
- Лондонд хөрөнгө оруулалтын банканд их том дүнтэй төслүүд дээр ажиллаж байлаа. Жишээ нь, Баку хотоос Турк руу газрын тосны хоолой татсан төсөл байдаг. 3.9 тэрбум долларын төсөвтэй. Энэ үед хөрөнгө оруулалт хийхийн тулд ямар их нарийн ухаан байдаг, ямар их хүчин зүйлийг харгалзах ёстой, багаар яаж хамтарч ажиллах ёстой вэ, хүмүүстэй хэрхэн сайн хэлэлцээ хийх вэ зэрэг олон чухал зүйлийг төсөл удирдаж байсан хүний хувьд сурч байлаа. 
 
Өөр ч маш сонирхолтой төслүүд зөндөө бий. Лондонд ирэхээс өмнө Америкийн “Enron” гээд маш алдартай, Америкийн хамгийн хүсэмжит л компанийн нэг байсан даа. Тэгсэн энэ компани нягтлан бүртгэлээсээ болоод дампуурсан. Миний ажиллаж байсан банк энэ компанид зээл өгсөн байж таарсан. Харин энэ эргэн төлөлтийг хийлгэхийн төлөө би ажилласан. Өөрөөр хэлбэл муу зээл дээр ажилласан гэсэн үг. Энэ үед “Enron”-ийн бүртгэл тооцооны тайлангуудад дээр өөрсдөө сууж бүрэн задалж нягталж хаана нь алдаа гарсан байна гэдгийг нь ойлгож авч билээ. Үүнээс маш их зүйл сурч авсан. 
 
- Энэ үед та гучин нас ч хүрээгүй байсан юм билээ. Зөв үү?
- Тийм ээ. Хорин хэдтэй л байсан даа.
 
 

- Та Европын Холбооны төв Брюссельд боловсрол эзэмшсэн. Энд дээд боловсролоо олсон таныг олон хэл сурахад нөлөөлсөн юм байна гэж бодсон. Олон хэл хэрхэн сурав?

- Тэгж хэлж болно оо. Миний  хувьд анхны гадаад хэл Чех байсан. Гэхдээ их жаахан бүр цэцэрлэгт байхдаа сурсан болохоор мартагдсан. Үүний дараа Монголдоо ирж “Орос” Гуравдугаар сургуульд сурч орос хэл сурсан. 
 
Гуравдугаар сургуулийн хувьд оросоос гадна мөн англи хэлний сургалт ч харьцангуй гайгүй байсан. Гэхдээ Бельгит очсон хойноо англи хэл маань илүү сайжирсан.  
 
Бельгийн онцлог өөрөө гурван албан ёсны хэлтэй. Франц, Герман, Нидерланд. Энэ гурван хэлийг гурвууланг нь сурах ёстой. Ерөнхий боловсролын систем нь өөрөө үүнийг шаарддаг. Ингэж эдгээр шинэ хэлүүдийг нэмж сурч эхэлсэн дээ. 
 
- Нийтдээ таныг долоон хэлээр ярьдаг гэж байсан. Зөв үү?
- Арай ч долоо биш ээ. Монгол хэлийг нь хас гэж зарим хүн хошигносон байна билээ. Орос, англи, франц, голланд, жаахан герман хэл мэднэ гэх юмуу даа. 
 
- Боловсролын талаар яг ямар бодолтой байдаг вэ. Боловсорсон хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?
- Аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, зөв шийдвэр, гаргалгаа гаргаж чаддаг хүнийг хэлэх болов уу. Зөв шийдвэр, санал, санаачлага гаргах, сонголт хийхийн тулд хүнд заавал мэдлэг, туршлага гээд олон зүйл хэрэг болдог. Тэгэхээр аль болох өргөн мэдлэгтэй байх нь энэ чадварт нөлөөлнө гэсэн үг. 
 
Дээрээс нь боловсролтой хүн гэж өөрийн суралцах арга барилаа олчихсон, тасралтгүй өөрийгөө шинэ зүйлд сургаж байдаг хүнийг хэлэх болов уу. 
 
- Гэр бүлээ танилцуулахгүй юу. Та Их номч Бямбын Ринчен гуайн үр удам юм билээ. Энэ эрхэм хүний үйл хэргийг үргэлжлүүлэх тал дээр та, танай гэр бүл хэрхэн ажилладаг вэ?
- Би өөрийгөө Ринчен гуайн үр удам гээд нэг их яриад явдаггүй. 
 
Яагаад гэхээр ийм мундаг хүмүүс тухайн зуундаа маш цөөхөн төрдөг. Энэ хүний нэрийг бариад явах зориг надад байдаггүй. Ринчен өвөөгийн маань Монгол хэл, соёл, нийгэмд оруулсан хувь нэмэр асар их. 
 
Хийсэн ажлыг нь үргэлжлүүлэх тал дээр анхааралгүй яахав. Өнгөрсөн удаад хийсэн бүтээсэн зүйлсээр нь цуврал номыг нь анх удаа гаргасан. 
 
Цаашдаа нэрэмжит төрийн бус байгууллага байгуулж хэл, соёлын судалгааг дэмждэг сан байгуулъя гэсэн бодол бий. Үүнийгээ ажил болгоно. 
 
- Ринчен гуай тухайн цаг хэцүү байх үе гэхэд л өндөр боловсрол, олон хэл мэддэг хүн байсан. Энэ мэдлэгийн өв уламжлалын залгамж танд ирсэн юм болов уу?
- Миний хувьд эмээ, өвөө дээрээ өссөн хүн. Эмээ Р.Индра маань Хөдөө аж ахуйн Их сургуулийн ректор, өвөө Н.Жагварал маань Монголын анхны академич болсон хүн. Ринчен өвөөгийн хувьд би зээнцэр нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмээгийн маань аав. 
 
Эмээ, өвөө, аав, ээжийн маань гол захидаг байсан зүйл л боловсрол байв. Бага байхад Ринчен өвөөгийн номын өрөө гэхэд л гайхалтай байсан. Маш олон хэл дээрх номын цуглуулгатай, ном бүр нь нарийн тэмдэг, тэмдэглэгээтэй. Тиймээс ч их багаасаа мэдлэгийн хүрээгээ тэлэхийн тулд гадаад хэл сурах ёстой, номтой ойр байх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо. 
 
- Өөрийн гэр бүлийн хувьд?
- Би дөрвөн хүүхэдтэй. Эхнэр Б.Дэлгэрмаа маань бизнес эрхлэгч эмэгтэй байдаг. 
 
Бусдаас сайн байя гэж бодож байгаа л бол жирийн нэгнээс илүү л хөдөлмөрлөх шаардлагатай
 
 

- Таныг олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлийн хэрэгслээр “хүсэмжит шарк” гэх мэтээр янз бүрээр тодорхойлсон. Таны хувцаслалт ч бас нэлээд анхаарал татсан шүү дээ. Оймсны өнгө гэхэд нэг сэдэв болчих жишээтэй. Хувцасны энэхүү шаардлагуудыг нэвтрүүлгийн зүгээс тавьсан уу?

- Хувцасны тал дээр би бусдын зөвлөгөөг сонсоогүй олон жил болж байна. Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь бараг 20 жилийн өмнөх явдал. 
 
2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа. Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентльмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв.
 
Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна. Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна. Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилцдаг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцасыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн. 
 
- Та тэгж их анзаарагдсан хэрэг үү?
- Тэгжээ.  Тэр  үеэс л хувцас сонгохдоо тодорхой хэмжээнд анхаарч эхэлсэн. Манай боссын хувьд ч бас өөрөө цор ганц давтагдашгүй гэдгээ илэрхийлэх оймснууд өмсдөг байсан. Надад энэ хэв маяг нь ч таалагдсан. Бас өөрийгөө илэрхийлэх бяцхан эрх чөлөө ч юм уу. 
 
- Амжилттай карьер хийхийн тулд хүн яг өөрийн ажил гүйцэтгэл чадвар дээр анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй юу. Эсвэл маш сайн танилын сүлжээ чухал уу. Зарим хүн үүнд жаахан төөрөлддөг юм болов уу гэж ажиглагддаг. 
- Мэдээж аль аль нь чухал. Гэхдээ тухайн үед би юу хийж байна вэ түүнээсээ л хамаарах болов уу. Миний хувьд анх ажилд орж байхдаа өөрийн үндсэн ажил дээрээ төвлөрч, өөрийгөө харуулах, дайчилж ажиллах дээрээ л анхаардаг байж. Учир нь компаниудын хувьд гадаад хүн авч ажиллуулахын тулд тодорхой хэмжээний бичиг баримтын нөхцөл шаардлага гээд өөрийн орны хүмүүсээсээ арай илүү хөөцөлдөх зүйлс байдаг. Тиймээс ч бусдад түвэг учруулж ажилд орж ирсэн юм чинь би илүү л байх ёстой гэж боддог байсан. 
 
Мэдээж бусдаас сайн байя гэж бодож байгаа л бол жирийн нэгнээс илүү л хөдөлмөрлөх шаардлага гарна биз. Анх ажилд орж байсан үе түүнээс дараах энэ жилүүдэд бараг гэртээ ч харьдаггүй байлаа. Ширээн дороо мишоктой. Нойр хүрээд бүр болохгүй бол мишокоо гаргаж ирээд 3-4 цаг унтчихдаг. Оффисынхоо шүршүүрт ороод л ажил дээрээ амьдарчихдаг үе байсан шүү. 
 
Харин ингэж ажилласаар магадгүй менежерийн түвшинд хүрэх үед ч юм уу ажлыг илүү өргөн хүрээнд харах шаардлагатай болсон үед тохирох хэмжээний танилын хүрээллээ нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байх.  
 
- Одоо ажил, амьдралын хэмнэлдээ гэхдээ арай өөр зарчимтай болсон биз дээ?
- Тэгэлгүй яахав. 
 
- Таны дугуй унах хобби их анхаарал татсан. Өвлийн цагт дотор орчинд бэлтгэлээ хийж байна уу?
- Дугуй унах үнэхээр дуртай. Надад их тохирсон спорт шиг санагддаг. Амжвал өдөр болгон бэлтгэл хийнэ. Амжихгүй бол долоо хоногт доод тал нь гурван удаа нэгээс илүү цагаар бэлтгэл хийдэг. Өвлийн улиралд дотор орчинд бэлтгэл хийдэг. 
 
Жил болгон өөрийгөө сорьж тэмцээн уралдаанд явдаг. 
 
- Сонирхогчдын оролцдог Tour de France уралдаан гэж та тодотгож бичсэн байснаа хэлж байна уу?
- Тийм ээ. Энэ жил гэхэд Франц, Италийн хил дээр Альпийн нуруугаар их халуунд 181 км зогсолтгүй дугуй унах бас л яггүй байлаа. Гэхдээ ямар ч байсан болзол хангаж медалиа авсан шүү. Дараа жилийн бэлтгэлдээ орчихсон байгаа.
- Хасбанктай та хэдэн жилийн гэрээтэй вэ?
- Гурав, гурван жилээр сунгаад явж байна. 
 
- Цаашдаа Монголдоо үлдэж ажиллах уу. Өөр төлөвлөгөө бий юу?
- Хасбанкны хувьд өнгөрсөн оноос бид нэлээд том стратегийн өөрчлөлт хийгээд эхэлчихсэн. Тэгэхээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харах нь чухал байна. 
 
Баруун гар талаас Г.Амартүвшин, Ч.Болортуяа (iKon.mn) нар,

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…
 
Ярилцлагын зочин: Г.АМАРТҮВШИН  @Amartuvshin_Xac
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x