ТҮҮХ: Монголын тусгаар тогтнолыг баталсан бүх ард түмний санал хураалт


Одоогоос 80 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах ард нийтийн санал хураалтаа хийж байжээ. Иймд тус өдрийн талаар түүхэн мэдээллийг хүргэж байна

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та зөвхөн текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. 🔉🎧


Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

Ухуулах хуудас, уриалга

Монголын тусгаар тогтнолыг баталсан бүх ард түмний санал хураалт:
Ялтын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн шатны үйл ажиллагаа болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гол асуудлын нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх явдал байж, талууд удаан зөрөлдсөний эцэст “…Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэсэн нотыг 1945 оны 8 сарын 14-нд солилцжээ.
00:00 00:00
Япон улс дайнд ялагдсанаа хүлээн бууж өгсний дараа 1945 оны 9 сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85-р хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргав.

Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаснаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт товлосон өдрийн өглөөний 06:00 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6% нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталжээ.

Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 сарын 10-нд ЗСБНХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.
00:00 00:00
ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3,5,8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажигласан.

Санал хураалтын дараа Ли Фа жан“Үнэн” сонины сурвалжлагч Ц.Дамдинсүрэнтэй ярилцаж, 11 сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ.

1946 оны 1 сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргав.

Санал хураах Төв комиссын орлогч дарга Ч. Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны 2 сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцжээ. (Н.Хишигт)
00:00 00:00

Ухуулах хуудас, уриалга

“БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар санал гаргуулсан ажлын дүнгийн тухай” БНМАУ-ын БХТэргүүлэгчдийн хурлын 100 дугаар тогтоол 1945.11.12. МУҮТА. ТБА. Х-11, Д-1, ХН-746, Х.74-75


Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь
Мэдээллийг бэлтгэсэн: IKON.mn сэтгүүлч М.Батчимэг