Ирээдүйн олимп, дэлхийн медальтнууд Бахрейнд чуулна

- Бахрейны нийслэл Манама хотод маргааш буюу энэ сарын 22-нд нээлтээ хийх Азийн Залуучуудын Наадамд шар тивийн 45 Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 8,000 гаруй тамирчин спортын 26 төрлөөр 256 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 12 өдрийн турш залуучуудаар бялхах тус наадам гурав дахь удаагаа болж буй нь энэ. Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус наадам хамгийн анх 2009 онд Сингапур, 2013 онд БНХАУ-ын Нанжинь хотод болж байв. Цар тахал зэрэг тодорхой шалтгааны улмаас сүүлийн 12 жил болоогүй тус тэмцээнд Монголын баг 20 спортын төрлөөр 135 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөжээ.

Энэ удаагийн залуучуудын Азийн Наадмыг Узбекистаны Ташкент хот зохион байгуулахаар сонгогдсон ч цар тахлын улмаас барилгын ажил саатсан тул 2024 оны Азийн Олимпын Зөвлөлийн шийдвэрээр Бахрейн руу шилжүүлжээ.

СИНГАПУР - 2009

Хамгийн анхны Азийн залуучуудын наадамд шар тивийн 43 орноос 1,300 тамирчин спортын 9 төрөлд хүч сорьсон юм. Монголоос 27 тамирчин оролцсон ч медаль аваагүй.

НАНЖИНЬ - 2013

Дөрвөн жилийн дараа БНХАУ-ын Нанжинь хотод болсон Азийн наадамд 45 орны 2,404 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөв. Монголоос энэ удаад 65 тамирчин оролцсон бөгөөд гурван хүрэл медаль хүртжээ.

БАХРЕЙН - 2025

2017 онд Шри Ланкагийн Хамбантота хот зохион байгуулах эрх авсан ч бэлтгэл ажил хангалтгүй байсан тул цуцлагдсан. Үүний дараа 2021 онд БНХАУ-ын Шантоу хотод хүлээн авахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас мөн тэмцээн явуулах боломжгүй болсон юм. 2025 онд болох Азийн залуучуудын наадмыг Узбекистан Улс эрх авсан ч барилгын ажлын явц удааширсан тул үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард Бахрейнд эрх өгснөө Азийн Олимпын Зөвлөл зарласан байна.

Байхренд болох Азийн залуучуудын наадамд тэмээний уралдаан, еспорт, каббади зэрэг спортууд нэмэгдсэн юм. Мөн уламжлалт төрлүүд болох 3х3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, бадминтон, бийч волейбол, элсний бөх, бокс, дугуй, футзал, гольф, гандбол, жюү жицү, кураш, холимог тулаан, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, триатлон, волейбол, хүндийн өргөлт, бөхийн төрлүүд зэрэг 28 спортын төрлөөр өрсөлдөнө.

Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь Арабын ертөнцийн соёл гэж хэлж болохуйц тэмцээний уралдаан юм. Анх удаа болж буй тус уралдаанд оролцохоор 12 улсад урилга илгээсэн. Тухайлбал Иран, Ирак, Энэтхэг, Кувейт, Монгол, Оман, Пакистан, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен болон Бахрейн Улс өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 135 тамирчин, 44 дасгалжуулагчийн хамт спортын 20 төрөлд өрсөлдөхөөр болсон юм. Монгол Улсын шигшээ баг тамирчдыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг Хөгжлийн сайд Н.Учрал ахалж буй.

Бусад улс орнуудын хувьд одоогоор БНХАУ хамгийн олон буюу 293 тамирчинтай оролцохоо мэдүүлээд буй. Зохион байгуулагч орон болох Бахрейн Улс 204 тамирчинтай оролцоно.

Монголын багийн тугчаар волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин нар сонгогджээ.

Тэмцээнд 2,001 сайн дурынхан ажиллахаар бүртгүүлжээ. Тэднээс хамгийн ахмад нь 65 настай Вафа Аль Садаки бол залуу нь 13 настай Жасим Наваф. Жендэрийн тэгш эрхийг хангах үүднээс сайн дурынхны 959 нь охид бүсгүйчүүд байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Тэмцээний бэлгэдэл "Шихаб"

Тэмцээний бэлгэдэл амьтнаар эрч хүч, хүч чадал, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийг илтгэх араб зээр "Шихаб". Мөн Бахрейн Улсын зочломтгой, найрсаг байдлыг илтгэх Нажм ба Дана гэх сахиустай.

Энэ удаагийн тэмцээний нээлтээс өмнө волейбол, кураш зэрэг төрлүүд эхэлсэн. Монголын багийн хувьд волейболын хөвгүүд Пакистантай эхний тоглолтоо хийсэн ч 0:3-аар ялагдав. Мөн бийч волейбол буюу элсний волейболын төрөлд хөвгүүд Казахстаны багт 0:2-оор дийлджээ.

Пномпень 2029

Азийн залуучуудын наадам дөрвөн жил тутамд нэг удаа болох хуваарьтай. Бахрейны наадмын дараа 2029 онд Камбожийн нийслэл Пномпень хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.