Сэлбийн бетон хана ба ирээдүйн төлөвлөлт

-  Нийслэлийн иргэд хотдоо хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар А-Я хүртэл нь биш юм гэхэд ерөнхий ойлголтыг авсан байхад тухайн ажилд хяналт тавьж, зөвөөр шүүмжлэн, эцэст нь тус бүтээн байгуулалтынхаа бодит үр дүнг нүдээр үзэж чадах билээ.  Энэ жишээтэй аливаа мэдээлэлд ул суурьтай дүн шинжилгээ хийх нь их хотын соёлтой иргэн бүрийн суралцах ёстой чадвар бөгөөд цуурхалд автан туйлшрах нь үр дүнгүй юм.  “Сэлбэ” голын асуудал нь олон жил нийслэлийн хөндүүр сэдэв байсан. Одоогоор иргэдийн хамгийн их хариулт хүсэж буй сэдэв нь “Сэлбэ сэргэлт” төслийн ердөө нэгээхэн хэсэг болох Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл хийж буй үерийн хамгаалалтын түшиц ханын ажил юм.  Иймд уг төслийг бүхлээр нь танилцуулахаас урьтаж зөвхөн олны анхааралд буй хэсгийн мэдээлэлд бодит дүн шинжилгээ хийцгээе.  

ТОМ ДЭЛГЭЦЭЭР ҮЗВЭЛ ТОХИРОМЖТОЙ
Гэрэл зургийг: MPA гэрэл зургийн агентлаг
Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN М.Батчимэг
Дүрс: "Сэлбэ сэргэлт" төслийн танилцуулга

Барилга буулгах уу, Түшиц хана хийх үү?

Сэлбэ гол орчмоор маш ихээр барилгажсанаас үүдэн голын голдирол нарийсаж улмаар 2023 оны долдугаар сарын үерээр тус орчмын барилгууд усанд автсан. Цаашид уг асуудлыг шийдэхийн тулд мэргэжилтнүүд “Барилга буулгах уу, түшиц хана барих уу?” гэх асуулттай тулгарсан байна.

Нэгэнт баригдсан орон сууцны барилгуудыг буулгах боломжгүй учир Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс болох БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчимд үерийн түшиц хана бүхий хамгаалалтын байгууламжийг 2024 оны зургаадугаар сараас эхэлсэн барьж эхэлжээ.

Төмөр бетон ханын өндөр хэвийн үү? Хэтийдсэн үү?

"S’Outlets” дэлгүүрийн буурин дээр баригдаж буй тус үерийн хамгаалалт нь 1.4 км урт, 4.5 метрийн өндөртэй бөгөөд энэ нь 1966 онд болсноос их хэмжээний үерийг даах чадвартай , түүнээс давсан 70 см нөөц зайтай аж.

Эргэн сануулахад 2023 оны долдугаар сарын 4-нд S'Outlet дэлгүүрийн орчимд буусан үерээр Сэлбэ голын хуучин үерийн далан нь секундэд 45 м.куб усыг хүлээж авч чадаагүй байдаг.

Харин энэхүү шинэ түшиц хана бүхий үерийн байгууламжийн гол зорилго нь 1966 оны үерээс ч их хэмжээний үер буухад ойролцоох байшингуудын суурь болон иргэдийн эд хөрөнгийг усанд автуулахаас сэргийлж, секундэд 159 м.куб хөндлөн огтлол дээр ус урсаж ирэхэд барьж дийлэхээр байхуйц инженерийн тооцоололтой баригдсан байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Буянгийн замын урд буюу S'Outlet дэлгүүрийн буурины хэсэг нам дор газар учраас хана хэт өндөр мэт харагдаж байгаа бөгөөд далангийн гадна талаар шороон дүүргэлт хийгдэж, бүтээн байгуулалт дууссаны дараа өндөр харагдахгүй, олон нийтийн хүсэж буй нийтийн хэрэгцээнд тохирсон тав тухтай орон зай болох аж.

Уг зураг төсөлд харуулж буй тохижилтын ажил хийгдэж эхлээгүй тул далан маш өндөр харагдаж байгааг ажил гүйцэтгэгч компанийн төлөөллүүд сануулсаар буй.

Хэрэв уг даланг барихгүй бол Улаанбаатар хот хэрхэн усанд автахыг харуулсан Сэлбэ, Дунд голын үерийн тархалт, халилтын тооцоог уг бичлэгт дүрсэлжээ.

Тодруулбал мэргэжилтнүүд 2023 оны үерээс илүү их хэмжээний буюу 1966 оны үерээс 5-6 дахин их хэмжээний устай үер буухад Улаанбаатар хотын төвийн барилгажсан талбай нь 30 хувь нь 2-3 метрийн усанд автана гэсэн тооцоог гаргасан талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл олонтоо мэдээлсэн.

59 жилийн өмнөх Сэлбийн голын хамгаалалтыг үргэлжлүүлж чадалгүй өдийг хүрч анх удаа 21 км төлөвлөлтийг хийсэн. Иймд энэ төслийн шийдвэрийг өөрчлөх ямар ч боломж байхгүй гэдгийг төслийг удирдсан Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг сануулж байв. Хэрэв өөр боломж байгаа бол тэр нь эргэн тойронд нь баригдсан орон сууцны болон бусад барилга байгууламжуудыг буулгах гэв.

Иймд гаднаас нь өнгөц хараад дүгнэлт хийгээд байж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Яагаад бургас хядсан бэ?

Бургас нь усны урсгал тогтоон барих, эрэг хамгаалах сайн талтай хэдий ч хэт шигүү ургавал голын үндсэн урсцыг хааж, ус тогтоох, үерлэх шалтгаан болдог байна. Иймд бургасыг зохистой сийрэгжүүлэх нь голын экологийг хамгаалж, урсцыг тогтвортой байлгахад чухал байдаг аж.

Сэлбэ, Дунд гол дотор хэт их бургас ургаснаас үүдэн нэг метр гаран лаг хагшаас бий болж, голын усны урсцыг удаашруулан, үерийн аюулын бодит эрсдэлийг үүсгэж байжээ.

Иймд Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийн дагуу голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлсэн юм.

Олон улсын жишгээр хот дундуур урсаж байгаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг ба 2024 оны өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь мөн л шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй. Иймд энэ ажил ч үр дүнд хүрнэ гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр онцолж байсан юм.

2023 оны үер нь далан сувагчлалыг тэлээгүй, засвар хийгээгүй болон хэт их бургас, сувагчлалыг боох шороо ихээр асгаснаас болсон гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Тус дүгнэлт дээрээ үндэслэн их хэмжээний ус орж ирэхэд саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж, нийт 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Голын урсац яагаад зогсов?

Уг зурагт харагдаж байгаа хэсгийг иргэд ихээр шүүмжилсэн ч угтаа энэ нь ажлын хэвийн явц бөгөөд далангийн барилгын ажил болон голын голдирол тохируулгын ажлыг хэвийн явуулахын тулд урсцыг түр зуур өөрчилсөн нь энэ аж. Өнөөдрийн байдлаар тохируулгын ажил эхнээсээ дуусаж урсцыг нээж эхэлсэн байгааг дараах зургаас харж болно.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн 700 м газарт хийж буй өөр нэгэн ажил нь голын голдирол тохируулгын ажил юм. Голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээг хийж, баруун, зүүн талд нь гурван метр чулуун бэхэлгээг хийсэн байна.

Уг чулуун бэхэлгээ нь суурь хөрсөө хамгаалах, түвшнийг шинээр тогтоох, лаг шороо орж ирвэл ухаж сэргээж байх зорилготой аж. Голын угаагдалд хамгийн тэсвэртэй, бат бөх байх учир боржин чулууг сонгожээ.

ТЭЗҮ болон ажлын зураг төслийг хэн хийсэн бэ?

2023 оны үерийн дараагаар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид үерийн усны нөхцөл байдал, цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.

Энэ үеэр усны салбарын мэргэжилтнүүд “Зөвхөн далан босгож үерийн аюултай тэмцэхгүй”, “Барилгын чанар, суултыг хамгаалах шүүрэлтийн байгууламжийг байгуулах”, “Усан сан байгуулах хэрэгтэй” зэрэг саналуудаа хэлж байв.

Энэ мэт зөвлөгөөг “Сэлбэ сэргэлт” төсөлд тусгасан эсэх нь 1.3 сая м.куб багтаамжтай усан сан бүхий усны барилга байгууламж барих, голын голдирлын тохируулга, түшиц хананы дундуур үерийн түвшин нэмэгдэхэд цааш урсгахгүй байх хавхалгатай хаалт хийх зэрэг төлөвлөлтүүдээс харж болно.

Усны хамгаалалтын болон хот төлөвлөлтийн төсөлд зайлшгүй хийх ёстой үндсэн суурь судалгааг хийж чадсан эсэхийг нягтлахад төслийн хүрээнд дараах судалгаануудыг хийсэн байна.

Ус зүйн судалгаа
Газрын доорх усны загварчлал
Голын ёроолын хагшаасны болон усны тогтвортой изотопын судалгаа
Үерийн загварчлалын ажил
Үерээс хамгаалах барилга байгууламжийн төлөвлөлт


ТЭЗҮ болон ажлын зураг төслийг Монгол Улсын тэргүүлэх зөвлөх зэрэгтэй инженер, архитектурууд, усны салбаруудын дараах компаниудын 200 орчим инженер, судлаачдын баг хамтран гүйцэтгэжээ.
Энэ нь төсөл зөвхөн барилга угсралтаас гадна байгаль экологид нийцсэн шинжлэх ухааны судалгааг тусгасныг харуулж байна.

Улаанбаатар хотын үерийн эрсдэл

Улаанбаатар хотын хэмжээнд болсон үерийн циклийг 1966 оноос хойш аваад үзвэл, 1967, 1982, 1992, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2012, 2016, 2018, 2021, 2023 он гэсэн маш ойрхон давтамжтай болж байгаа юм.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1,220 тохиолдол бүртгэгдсэний 35.5 хувийг аадар бороо, үер эзэлж байгаа бөгөөд үүний улмаас 54 хүн амь насаа алдаж (14 хүүхэд), 4,241 гэр усанд автсан. 2025 оны эхний 6 сарын байдлаар усны ослоор 23 хүн амь насаа алдсан гэдгийг Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн 2025 оны 2-р улирлын тайланд дурджээ.

Цаашид ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

Цаашлаад уг төслийн хүрээнд далан, зам, гүүр, явган хүн болон дугуйн зам, автобусны шинэ шугам, зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, зэрэг өмнөх жилүүдэд хэрэгжиж чадаагүй олон төслүүдийн үндсэн ач холбогдлыг илүү боловсронгуй болгож төлөвлөсөн олон ажил хийгдэх аж.

Уг ажлууд төлөвлөсөн хугацаандаа шат дараатай хийгдээд явна. Иймд энэ чухал төслийг хотын иргэд зөвөөр ойлгож, хяналтаа тавин үр дүнг нь үзэх шаардлагатай байна.

"Сэлбэ сэргэлт” төсөл бол зөвхөн нэг хэсэгтээ түшиц хана барих барилга угсралтын ажил биш, харин олон жилийн турш хуримтлагдсан үерийн эрсдэлийг бууруулах, голын урсцыг сэргээх, экологийг хамгаалах зорилготой цогц төлөвлөлт юм.

Иргэдийн зүгээс шүүмжлэл, эргэлзээ гарч байгаа нь зөв ч, тухайн мэдээлэлд ул суурьтай хандаж, бодит баримт, инженерийн тооцоололд тулгуурлан хяналт тавих нь чухал.

Гол мөрнөө дээдэлж ирсэн Монгол уламжлал, орчин үеийн инженерийн шийдэлтэй уялдах энэ төсөл амжилттай хэрэгжвэл хотын иргэдийн амьдралын чанарыг хамгаалсан, байгальтайгаа зохицсон бүтээн байгуулалт үлдэх болно.