Хятад улсын бие даан зохион бүтээсэн тийрэлтэт зорчигч тээврийн онгоц болох С909 агаарын хөлгийн Хөх хот-Улаанбаатар чиглэл дэх анхны нислэг өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Тус онгоц нь байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицох өндөр чадамжтай бөгөөд одоогийн байдлаар дотоод, гадаадын арваад хэрэглэгч байгууллага 200 гаруй онгоцыг хүлээн авч, 200 орчим хотуудаар нийт 600 гаруй удаагийн нислэг үйлдээд байгаа аж. Air china компани нь С909 маркийн 35 онгоцтой бөгөөд уг онгоцоор 110,000 гаруй цагийн аюулгүй нислэг үйлдэж, 4 сая гаруй зорчигч тээвэрлэжээ.
Air China компани нь "Бүс зам" санаачилгын хүрээнд 29 улсын 68 чиглэлийн нислэг нээсний нэг нь 2019 онд нээгдсэн Хөх хот-Улаанбаатар чиглэл аж. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлснээр хоёр улсын ард түмэн харилцан зорчиход таатай нөхцөл бололцоог бүрдүүлжээ. Хятад улс манай улс руу хамгийн анх 1950 оны 7-р сард Улаанбаатарын нислэгийн чиглэлийг нээж байсан бөгөөд 1991 онд "Бээжин-Улаанбаатар" чиглэлийг амжилттай сэргээж байжээ. Ийнхүү хоёр улсыг холбосон агаарын гүүрийг нээснээс хойш 75 жил өнгөрсөн байна.
С909 агаарын хөлөг бүтээгдсэн түүх бол Хятадын агаарын тээврийн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буйн тод жишээ бөгөөд Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацдаа анхаарал хандуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүн юм гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөгийн Хятад улсыг харахад, өндөр хурдны галт тэрэг өндөр уулс, гол горхийг гаталж, цахилгаан автомашин мянга мянган айл өрхөд хүрч, хиймэл оюун ухаан бүхий л салбарын аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж, ногоон эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг маш олон салбарын технологийн түвшин олон улсад тэргүүлж байна.
Цаашид Хятадын тал Монголын талтай хөгжлийн стратегиа уялдуулах ажлыг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн инновацын туршлага хуваалцан, Хятад, Монголын “Бүс ба зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.
Хятад улсын үндэсний үйлдвэрлэлийн агаарын хөлгүүд Хятад, Монгол хоёр орны олон чиглэлд нислэг үйлдэж, зорчигчдод аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй, тав тухтай нислэгийн үйлчилгээг мэдрүүлж, дэлхийн агаарын тээврийн салбарын хөгжил, цэцэглэлтэд улам бүр хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна" гэв.
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
|