Оюу толгойн гүний уурхайгаас 24 цаг тасралтгүй 95,000 тонн хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх хүчин чадал бүхий туузан дамжуургын систем ашиглалтад ороод удаагүй байна. Оюу толгойн гүний уурхайн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох Монголын анхны дүүжин хийцлэлтэй, хамгийн урт уг туузан дамжуургыг гадаад дотоодын 10 компани гурван жилийн турш барилга угсралтыг нь хийж гүйцэтгэжээ. Уг туузан дамжуургын системийн нийт урт нь 8 км буюу ойролцоогоор Сүхбаатарын талбайгаас Драгон терминал хүртэлх зайтай тэнцэхүйц юм. Сорилт бэрхшээлээр дүүрэн байсан энэ бахдам бүтээн байгуулалтын түүхээ тэд ийнхүү хуваалцлаа.
2024 оны аравдугаар сарын 20-ны өдөр. Хяналтын өрөөнд байсан бүх хүн бие биеийнхээ амьсгалыг ч сонсож болохоор нам гүм төвлөрч зогссон байлаа. “1,500 тонн ачаалалтай туршилтаа эхлүүлье” гэх дохио өгмөгц хүн бүрийн нүдэнд хүлээлт, айдас, итгэл зэрэгцэн асжээ.
Хаана ч, хэзээ ч ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй учир бүгд станцаа анхааралтай чагнаж нэгнийхээ үг бүрийг алдалгүй сонсож байв. Хамгийн анхны хүдэр бууж буй чимээ гарч баяжуулах үйлдвэрийн агуулах руу орж эхлэхэд амьсгаа даран хүлээж байсан хүн бүр инээмсэглэж эхлэлээ.
Сүүлийн гурван жилийн турш маш олон cорилт, бэрхшээлтэй нүүр тулсны эцэст зорьж байсан үр дүндээ хүрэхийг харах нь огшиж бахархмаар мэдрэмж байсан гэдгийг төслийн ахлагч инженерүүд эргэн дурсав.
Гүний уурхайн төслийн багийн ахлагч Ч.Энхцогт уг төсөлтэй танилцсан эхний өдрөө дурсахдаа “Гүйцэтгэгч болон инженерийн компаниудын анхны хурал болж бүгд ямар ажил хийх гэж буйтайгаа танилцсан тэр үед маш гүнзгий сэтгэгдэл төрж байсан. Доороо суурьтай биш дээрээс бэхэлсэн дүүжин туузан дамжуурга гэдэг нь өөрөө Оюу толгойд шинээр нэвтрүүлсэн технологи байсан учир бага зэргийн эргэлзээ, айдастай байсан ч төслийн инженерийн шийдэл болон хамтарч ажиллах баг хамт олны чадвар, туршлагад итгэж байлаа" гэсэн юм.
Тэрбээр Оюу толгойн уурхайд найм дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай инженер. Харин энэ төслийн хувьд тэр шинэ хүн байв. Түүний болон бусад монгол мэргэжилтнүүдийн хувьд энэ төсөл мэргэжлийн өсөлтийнх нь дараагийн шат болжээ.
Хүдрийг гүний уурхайгаас үйлдвэрлэлийн хэсэг рүү тээвэрлэх хамгийн үр дүнтэй, оновчтой арга нь туузан дамжуургын систем гэдэг нь олон улсын туршлагаас харагддаг аж. Оюу толгойн хувьд ч ялгаагүй газрын
гүнээс хүдэр тээвэрлэх хамгийн зөв, үр ашигтай шийдэл нь туузан дамжуургын систем юм байна.
Нийт 1,500 тонн жинтэй уг туузан дамжуурга нь 10.2 градусын буюу 18% налуу, өөрөөр хэлбэл уулын уруу мэт эгц байсан нь өндөр эрсдэлтэй ажил байжээ.
Дамжуургын бүтцийг бүрдүүлэхэд тус бүр 4.5 метр урттай нийт 1,469 ширхэг метал хийцийг нэг бүрчлэн угсарч 41 удаа залгаж татах ажлыг хийсэн нь маш нарийн хэмжилт, тооцоолол шаардсан аж.
Газар доогуур гурвалжин хэлбэртэй байрлах туннелүүдийн нэг нь “Ундайн гол”-ын яг доогуур нэвт шурган гарсан байх ба энэ хэсэгт чийг, манан үүсэх нь өрөмдлөг болон тоног төхөөрөмжийн суурилуулалтад хүндрэл учруулж байжээ. Гэсэн ч нөхцөл байдалд тохируулан геотехникийн ухаалаг шийдлүүдийг ашиглаж, бэрхшээлийг алхам алхмаар давж ажилласан байна.
Энэ талаар Ч.Энхцогт, “Асуудал гарч ирэхэд түүнийг хэрхэн шийдэх шийдлийг багаараа ярилцаж олоод түүнийгээ хэрэгжүүлэх нь төслийн хамгийн сайхан зүйл нь юм. Эцсийн дүндээ сорилт болгон нь шинээр юм сурах, нэг зүйлийн ард гарах сэтгэл ханамжийг өгч байдаг учраас тэр болгонд шантрах зүйл байхгүй” гэсэн юм.
Туузан дамжуургыг хөтлөх зориулалттай өндөр хүчин чадал бүхий системүүдийн хамгийн бага нь л гэхэд 20 орчим тонн жинтэй аж.
Уурхайн налуу аманд нийтдээ найман ширхэг нэг бүр нь 5.5 мегаватт хүчин чадалтай 96.8 тн жинтэй араагүй хөтлөгч моторуудыг суурилуулах үед хүний нөөцөө хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүсэж төслийн оргил үед 1,300-1,400 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.
Барилгын ажилд нийт 3.8 сая хүн-цагийн хөдөлмөр зарцуулсныг харьцуулвал Монгол Улсын нийт хүн ам нэг цаг ажиллах хэмжээтэй тэнцэхүйц хөдөлмөр аж.
Энгийн үед өдрийн ээлжийнхэн ажлаа дуусгаад ажлын талбараа дараагийн ээлжид бэлдэж орхиод гарч явдаг бол мотор суурилуулалтын үеэр тухайн ажлын нарийн төвөгтэй байдлаас үүдэж энэ хэвийн хуваарь өөрчлөгджээ. Өдрийн ээлжийн хүн боолт чангалж байхад дараагийн хүн нь ажлын талбарт орж ирээд шууд үргэлжлүүлэн чангалах жишээтэй. Энэ мэтээр ажлын талбар нэг ч цаг, минутын завсаргүйгээр тасралтгүй ажилласан байна.
Мотор суурилуулалт нь нарийн шат дараалалтай, алдаа гаргах эрхгүй ажил бөгөөд жижиг алдаа ч бүтээмжид хүнд эрсдэл дагуулж болзошгүй байсан аж.
Ийм нөхцөлд амжилттай ажиллахын тулд “Миний чангалж байгаа ганц боолт энэ том системд ямар үүрэгтэй вэ?” гэдгийг ажилтан бүр дотроо ухамсарлах нь маш чухал байжээ.
Ийм ойлголтыг ажилтан бүрт бий болгохын тулд төслийн үр ашиг, ач холбогдлын талаарх мэдээллийг гүйцэтгэгч компаниудтай тогтмол хуваалцаж, тэд ч ажилтнууддаа төслийн ач холбогдлыг сайн ойлгуулж чадсан байна.
Ингэснээр энэхүү туузан дамжуургын системийн төсөл дээр ажилласан хүн бүр энэ төслийг хийж дуусгах нь Монгол Улсын хувьд ямар ач холбогдол, үнэ цэнтэй вэ гэдгийг ухамсарлан өөрийн ажлын жижиг мэт санагдах үүргийг том зорилгын нэг хэсэг гэж ойлгосон учраас энэ төсөл цагтаа, аюул осолгүйгээр дуусаж чадсан гэв.
Төслийн турш зөвхөн нэг гүйцэтгэгч компани болох MCS Properties л гэхэд 3,137 тонн ган бүтээц угсарч, 8,800 гаруй цахилгааны төхөөрөмж суурилуулж, 327 км урт кабель татжээ.
Өмнө нь хоногт 28,000 тонн хүдэр зөөвөрлөдөг байсан хүчин чадлыг 95,000 болгож нэмэгдүүлсэн нь Монголын уул уурхайн салбарт шинэ хуудсыг нээв.
Хүдрийн биетийг 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэх энэ систем одоо аюулгүй, найдвартай, чанарын өндөр баталгаатай ажиллахад бэлэн болсон байна.
Зөвхөн уг төслийн хүрээнд гэлтгүй нийт Оюу толгойн уурхайн хэмжээнд өмнө нь гадаадын өндөр чадвартай инженерүүдийн дэргэдээс суралцаж байсан залуус өнөөдөр дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн ур чадвар эзэмшжээ. Монгол мэргэжилтнүүд уурхайн үйл ажиллагааг бүрэн дүүрэн авч явах болсон нь энэ төслийн явцад тодорхой харагдсан байна.
Туузан дамжуургын системийг барьж ашиглалтад оруулсан нь том бүтээн байгуулалт төдийгүй Оюу толгойг дэлхийн жишиг уурхай болгоход нэг алхам ойртуулсан гэж хэлж болох юм.
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|