1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууд жил бүр 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан. Энэ жил “Ус ба ажлын байр” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Дэлхийн усны өдөр”-ийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хот, суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн ахуй үйлчилгээний усны газар, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Ундны усны аюулгүй байдлын томоохон эрсдэл бүхий цэг нь хэрэглэгчдийн ус хэрэглэх, хадгалахтай холбоотой асуудал байдаг.
Усны эх үүсвэрээс гадна хэрэглэгчийн түвшинд буюу өрх гэрийн нөхцөлд хадгалан хэрэглэж буй ундны усанд чанар аюулгүй байдлыг өвчлөлтэй харьцуулсан судалгааны дүнгээр усны нянгийн болон шим бохирдолтын түвшин нь эх үүсвэрийн устай харьцуулахад гэрийн нөхцөлд ихэссэн бөгөөд энэ нь суулгалт халдварын өвчлөлтэй хамааралтай байна.
Өрхийн ус хадгалах, зөөвөрлөх саван дахь усны гэдэсний бүлгийн нянгийн бохирдол нь ундны усны эх үүсвэрийн усанд агуулагдаж буй гэдэсний бүлгийн нянгийн бохирдлоос их байгаа нь гэрийн нөхцөлд ус их бохирдож байгаа.
Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн усны бохирдлын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа боловч усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж барилга байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх зөрчил илэрч, аймгуудын усны халдваргүйжүүлэлт болон дотоодын хяналт хангалтгүй байгаа нь ус бохирдох, хомсдох нөхцлийг бүрдүүлдэг.
МХЕГ-ын 2015 он хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад нийслэлийн ундны усны 7 эх үүсвэрийн худаг, өргөх, дамжуулах, халдваргүйжүүлэх станцууд, төвлөрсөн шугамд холбогдсон УТБ-ны уснаас авсан нян судлалын шинжилгээгээр “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага. Түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагад нийцэж байна. Зөөврийн ус түгээх байрны усны нянгийн бохирдол өмнөх оныхоос 2.8 %-иар буурчээ.
Харин нян судлалын үзүүлэлтээр төвлөрсөн эх үүсвэрийн 12.8%, төвлөрсөн бус эх үүсвэрийн 28.1% нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа ба төвлөрсөн бус эх үүсвэрийн усны нянгийн бохирдолт нь төвлөрсөн эх үүсвэрээс 2.2 дахин илүү бохирдолттой.
Зориулалт | Хэмжээ |
---|---|
Аялал жуулчлалд | 1% |
Хөнгөн үйлдвэрүүдэд | 8% |
Усалгаатай газар тариалан | 12% |
Мал аж ахуйд | 16% |
Унд, ахуйд | 16% |
Уул уурхайд | 22% |
Эрчим хүчинд | 25% |
Барилгын салбарт | 0,00002% |
Ногоон байгууламжид | 0,00001% |
Автозамд | 0,00001% |
Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах Газар /УСУГ/ хоногт дунджаар 158,000 м3 ус олборлон ус ашиглагч, хэрэглэгчдэд түгээдэг ба усны нөөцийнхөө 54 хувийг нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээнд ашиглаж байна.
УСНЫ ХЭРЭГЛЭЭний хувьд орон сууцанд амьдардаг иргэд хоногт 200 литр, гэр хороололд амьдардаг иргэд хоногт 8 литр ус хэрэглэдэг.
Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж буй хүн амын тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Зориулалт | Хэмжээ |
---|---|
Уул уурхайд | 2% |
Үйлдвэрлэлд | 4% |
Эрчим хүчинд | 7% |
Бусад усан хангамжинд | 8% |
Унд, ахуйд | 9% |
Хөдөө аж ахуйд | 67% |
2015 оны ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээгээр 663 сая хүн сайжруулсан ундны усны эх үүсвэрээр хангагдаж чадахгүй байна. 2011-2050 оны хооронд дэлхийн хүн ам 7-9.3 тэрбум болж 33 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ хоол, усны хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.
Дэлхий дээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдолт, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. гэж Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс мэдээллээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!