Индэр    
2023 оны 10 сарын 12
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Ч.Сономдагва: Малын баас, өтөг бууцнаас метан хий гарган авч, малчид өрхийн халаалтаа шийдэж, гэрлээ асаах бүрэн боломжтой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хогийг хог гэж харвал тэр бол гарцаагүй "хог" мөн. Харин эсрэгээрээ хог хаягдлаас хэрэглээг олж харж, анхаарч судалбал тэнд үр ашиг бий гэдгийг Монгол, Францын эрдэмтэн, судлаачид батлан харууллаа. 

Улаанбаатар хотын хогийн цэгт төвлөрөх хаягдал, хөдөө орон нутгийнхаас өөр. Малын баас, өтөг бууц, аргал хомоол зэрэг органик хог хаягдлын хэмжээ хөдөө их бий. Үүнийг эргэлтэд оруулж, өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх боломж байна.

Судлаачдын хамтарсан баг тусгай технологиор үхрийн баасыг ялзруулж, тэндээс "метан хий" гарган авах туршилтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хийж, гүйцэтгэжээ. 

Метан хий агаарт алдагдах нь хортой, эсрэгээрээ энэ хийг хуримтлуулж айл өрх, аймаг сум эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах бололцоотойг МУИС-ийн Инженер, Технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва хэлж байлаа.  

Органик хог хаягдлаас метан хий ялган гаргах туршилтын талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 



-Хархорин суманд судалгааны ажлаа төвлөрүүлж, үхрийн баасыг ашиглан метан хий гаргасан туршилтын үр дүнг танилцуулна уу. Органик хаягдлаас метан хий үйлдвэрлэж, улмаар эрчим хүчний хэрэглээг хангах боломж ямар түвшинд байна вэ? 

-Монгол Улсын 330 гаруй сум суурин, 21 аймаг, нийслэл хотын оршин суугчдад нэн шаардлагатай хэрэглээ бол эрчим хүч. Нөгөөтээгүүр хүрээлэн буй орчин, хог хаягдал тулгамдаж буй асуудлуудын нэг. Хэрэггүй мэт боловч хог хаягдал эргээд бидний хэрэгцээг нөхөх бүрэн боломж байна. Иймээс ч дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид хамтран органик хог хаягдлаас био метан гаргах туршилтыг 2021 оны зун эхлүүлсэн. 

Энэхүү судалгааг гүйцэтгэхэд Францын хөрөнгө оруулалттай компани болон тус улсын иргэн Дидье Буссьер, МУИС, ШУТИС-ийн багш, судлаачид хамтран хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Улмаар биотехнологийн аргаар үхрийн баас боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын үр дүн амжилттай гарсан. 

Бид Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт төвлөрч, туршилт судалгааг гүйцэтгэсэн байдаг. Монголын тусгай хамгаалалттай газар нутаг, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газар юм. Иймд шинэ хог хаягдлын цэгийн байршлын судалгааг ч давхар хийлээ.  Хог хаягдлын цэг нь соёлын өв, дурсгалт газраас 500 метрийн зайд байхаар тооцож, шинэ байршлын хоёр, гурван цэгийн сонголтыг гаргалаа. 

Ялангуяа малын сэг зэм, өтөг бууц, арьс шир зэрэг органик хог хаягдлын хэмжээ Хархорин сумын хогийн цэгт маш их байсан. Харин хогийн цэгт хүргэдэггүй, ил задгай хаягддаг зүйл бол малын баас, өтөг бууц юм. 

"Био метан гарган авахдаа үхэр, адууны өтөг бууцыг ашиглах нь илүү зөв сонголт гэж харсан"

-Малчин айл болгоны хотноос очиж, өтөг бууц цуглуулна гэдэг амаргүй болов уу. Судалгаанд ашиглах түүхий эдийг хэрхэн цуглуулсан бэ? 

-Хархорин сумын малчдын дийлэнх нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг учир малын бууц цуглуулахад хүндрэлтэй байсан. Мал нь өглөө бэлчээд орой хотондоо ирнэ гэсэн үг шүү дээ. Харин фермийн мал аж ахуй үүнээс өөр. Нэг дор төвлөрсөн учраас аргал хомоол, өтөг бууцыг нь шууд ялгаад авах боломжтой.

Тиймээс ч био метан гарган авахдаа үхэр, адууны өтөг бууцыг ашиглах нь илүү зөв сонголт гэж харсан. Ялангуяа айлууд зунаас бусад улиралд нь адуугаа зүчээнд байлгадаг юм байна. Үүний зэрэгцээ үхрийн ферм маягаар өсгөж байгаа айлууд ч Хархоринд харьцангуй олон болсон байна. 

Үхрийн баасыг нэг дороос цуглуулж, бага өртгөөр, ойр зайд тээвэрлэх боломжтой байсан гэсэн үг. Тухайн бүс нутагт чухам хаана, ямар байршилд төвлөрсөн фермер байгаа эсэх, мөн сүргийн бүтцээс тохиромжтойг нь олж харах зэргээр тооцооллыг хийсэн. 

Энэ мэтчилэн цуглуулах боломжтойг нь тооцож, сумын төв орчимд үүсэх бууцыг түүхий эдээр ашигласан юм. 

Манай орны хангайн бүс эсвэл үхэр, адуу ихтэй аймгуудад дээрх арга хамгийн зохистой юм байна. Харин говийн бүсэд мал сүрэг өргөн уудам орон зайд идээшдэг учраас тохиромжгүй зэргээр бүсчилж, бүрэн хөгжүүлэх боломжтой.

Хархорин сум нь нийт 283,000 орчим малтай. Үүний 7.2 хувь нь үхэр, 64 орчим хувийг хонь, ямаа эзэлдэг. Тодруулбал

  • Үхэр нь өдөрт дунджаар 4.64 килограмм
  • Хонь, ямаа 0.76 килограмм орчим бууц гаргадаг.

Өдөрт Хархорин сумын хэмжээнд 275.5 орчим тонн бууц үйлдвэрлэгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үхрийн баасыг туршилт, үйлдвэрлэлийн түвшинд ашиглахад хамгийн тохиромжтой байсан. 

-Үхрийн баас ашиглаж метан хий гарган авах туршилтыг хийхдээ Хархорин суманд бага оврын биогазын загвар үйлдвэр байгуулсан гэсэн үү? 

-Тийм ээ. Бид туршилтын бага оврын үйлдвэртээ 20, 30 тонны хэмжээтэй нөөцлөх сав байршуулж, судалгаагаа гүйцэтгэсэн. Улмаар үхрийн бааснаас гарган авсан метан хийгээр жижиг амралтын газар, зочдын хаусын дулааныг хангасан.

Органик хог хаягдлаас био метан гарган авч, халаалтаа шийдэх бүрэн боломжтойг судалгааны үр дүн харууллаа. Гэхдээ өвлийн улиралд дулаалгыг нь сайн хийхгүй бол малын өтөг бууц ялзрахгүй байх магадлалтай. Хүйтний улиралд малын баас, өтөг бууц шууд исэлдэхгүй юм байна гэдгийг тооцох хэрэгтэй болсон. 

Үүний зэрэгцээ метан хийг тодорхой хэмжээнд хуримтлуулж, ашиглах бололцоотой. Энэхүү хуримтлуулсан хийг зөөврөөр ашиглаж болдгоороо давуу талтай байсан.

Жишээлбэл нар, салхины эрчим хүчийг тэр дор нь шууд ашиглах ёстой байдаг. Харин хийн эрчим хүчийг хуримтлуулах, хадгалах, зөөж тээвэрлэх боломж үүсдэгээрээ давуу талтай юм байна. 

-Метан хий нь эрчим хүчний эх үүсвэр гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний ач холбогдлыг уншигчдад илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Олон төрлийн метан хий бий. Тухайлбал манай улс нүүрсний давхаргын метан хийгээр нэлээд баялагтайд тооцогддог. Түүнчлэн байгалийн бусад хийн нөөц арвин бий. Жишээ нь газрын тос олборлох явцад ч метан хийг эргэлтэд оруулж, буцаагаад дулаанд ашигладаг. Зарим гүний уурхайд метан хийг нь ашиглахгүйгээр шууд агаарт дэгдээгээд явж байгаа.

Энэ бол бидний сайн мэддэгээр ахуйн газны хийтэй л адилхан. Гэхдээ органик хог хаягдлаас хийг нь ялган авахад ялзруулах процесс хэрэгтэй. Өөрөөр хэлбэл органик хог хаягдлыг нөөцийн савандаа хийж, дулаан орчинд боловсруулахад тэнд ялзрал бий болдог. Энэ технологийг хаана ч хийх боломжтой. 

Хятад, Солонгос зэрэг харьцангуй дулаан уур амьсгалтай оронд фермерүүд нь өөрсдөө хийгээ гаргаад авчихдаг. Ялзралын үр дүнд гарсан хийг нь буцаагаад өрхийн хэрэглээнд ашигладаг. 

-Метан хийг ашиглахгүй байвал хортой, ашиглавал үр шим ихтэй гэдэг. 

-Хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг зургаан төрлийн хий байдаг. Үүний нэг нь метан хий бөгөөд нэг тонн метан хий 21 тонн CO2-той тэнцэнэ. Өөрөөр хэлбэл дэлхийн дулаарал, хүлэмжийн хийд үзүүлэх нөлөөллийн коэффициентоор CO2-оос 21 дахин сөрөг нөлөөтэй. Тиймээс ч метан хий агаарт алдагдах нь маш хортой.

Зөвхөн тухайн газрын бохирдол гэхээс илүү хүлэмжийн хий, цаашлаад дэлхийн дулааралд нөлөөлөх сөрөг нөлөөлөлтэй хий гэж ойлгож болно. Метан хий, хлор фторт нэгдлүүд, хөргөлтийн шингэнд ордог бодисууд нь хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг. Дээр нь хүнийг хордуулах, цочроох сөрөг нөлөөтэй, удаан амьсгалбал хордох аюултай. 

Нүүрсний далд уурхайд хүмүүс их осолд ордог. Гол төлөв метан хий алдагдсанаас хүчил төрөгч дутагдаж, тухайн хийд хордож байгаа үзэгдэл их бий. Гэхдээ өөрсдөдөө ашигтай эргүүлэх, эрчим хүчээ хангах боломж маш их. 

-Манайд жил бүр хөндөгддөг томоохон сэдвүүдийн нэг бол эрчим хүч. Энэ хэрэглээгээ хангах шинэ боломж нь малын өтөг бууцнаас гаргасан метан хий гэж том зургаар харж болох уу. Органик хог хаягдлаас гаргаж авсан метан хийн нөөцөөр айл өрх цаашилбал аймаг, сумын эрчим хүчийг хангах боломж ямар түвшинд байна вэ? 

-Нэг сум эсвэл цөөн хэдэн айл өрхийн хог хаягдлын хэмжээ үүнд хүрэхгүй. Тиймээс органик хог хаягдлуудыг хэрхэн нэгтгэх, малын фермерүүдэд хуримтлагдсан өтөг бууцыг яаж цуглуулах зэргээр тооцоолсны үндсэнд хэр өргөн хүрээг хамрах нь тодорхойлогдоно. Хэр их хэмжээний түүхий эд цуглуулахаас ажил эхэлнэ гэсэн үг. 

Бид заавал бүтнээр нь хангах талаар ярихгүй. Эхний ээлжид өрхийн хэрэглээнд хувь нэмэр оруулах тухай ярих нь зүйтэй байх. Нэг айл, өрх, сум, аймаг цаашаа улс болж өргөждөг шүү дээ. Иргэд дор бүрдээ хэрэгцээгээ хангаж чадвал энэ нь өөрөө улсын хэрэгцээ болдог.

Үнэндээ манайд оройн 18:00-21:00 цагийн хооронд л эрчим хүчний хэрэглээний дутагдал үүсэж, гаднаас авч байгаа шүү дээ. Бусад үед нь эрчим хүчээ бараг бүрэн дотоодоосоо хангах боломжтой байгаа. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ч үүнд л зорьж, хувь нэмрээ оруулах, нөхөх явдал. Улмаар айлууд өрхийн түвшиндээ ногоон эрчим хүч үйлдвэрлэх нь цаашдын зорилт байх ёстой.

Дэлхийн бусад оронд хог хаягдлыг эргэлтэд оруулж, хэрэгцээгээ нөхөх олон туршлага, шийдэл ажиглагддаг. Солонгос улс гэхэд том хог хаягдлын цэгээ давхар метан хий гаргах үйлдвэртэй болгож, ашигладаг жишээ бий. Үүний зэрэгцээ айл өрхүүд өөрсдийнхөө эрчим хүчний хэрэгцээг дор бүрдээ хангадаг технологиуд ч  байдаг.

Монгол Улсад үйлдвэрлэлийн хэрэгцээт цахилгааны хэмжээ тийм өндөр биш бөгөөд дийлэнхдээ ахуйн хэрэгцээнд шаардагдсан эрчим хүчний хомсдол үүсэж байгаа.

"Хог хаягдлыг дахин боловсруулж, ашиглаж чадах нь ирээдүй хойч үедээ оруулж буй томоохон хувь нэмэр"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нарны эрчим хүчийг хуримтлуулж, өрхийн цахилгааны хэрэглээгээ хангадаг шиг малын өтөг бууцнаас гаргасан метан хийгээр халаалтаа шийдэж, гэрлээ асаах боломжит шийдэл ойлголоо. Айл өрхүүд өөрсдийн эрчим хүчний хэрэгцээг нөхөх боломж гэж харж байна. 

-Монголд нарны сэргээгдэх эрчим хүчийг малчид хамгийн сайн ашиглаж байгаа. Малчин айл болгон нарны хавтантай, төвийн эрчим хүчинд холбогдоогүй. Бүгд нарны эрчим хүчээр хангагдаж байгаа.

Тэгэхээр монголчууд нарны эрчим хүчээ харьцангуй сайн ашигладаг болжээ. Үүний арай жоохон томруулсан хэлбэрийг ашиглаж, метан хийн эрчим хүчийг хэрэглэх бүрэн боломж байгаа нь туршилт, судалгаагаар нотлогдсон. 

Хамгийн гол зүйл бол эрчим хүчийг нь ашиглахаас гадна бид хоггүй цэвэр байх боломжтой. Хог хаягдлыг дахин боловсруулж, ашигладаг байж чадах нь ирээдүй хойч үедээ оруулж буй томоохон хувь нэмэр байгаа юм.

Газрын хөрсөнд дараад булсан, устгасан хог хаягдал хэсэг хугацааны дараа агаарт дэгдэж сөрөг нөлөөлөл үзүүлж эхэлдэг. Өнөөдөртөө л бид өөрсдөөсөө нууж, хог хаягдлаа шороонд булж байгаа үзэгдэл шүү дээ.

-Энэ сөрөг нөлөөг багасгаж, өөрт ашигтайгаар эргүүлэх боломж байна гэж харж байна.

-Аливаа зүйлс хаана оршин байгаа газраасаа эерэг, сөрөг гэдэг нь хамаарч байгаа юм. Магадгүй энэ оффисын шалан дээр үхрийн баас байгаа бол тэр "хог" мөн.  Харин хий болгож гаргах нөөцийн саванд орвол тэр бол "баялаг". Ашигтай эсэх нь байршил, орон зайнаасаа шууд хамаарна гэсэн үг. 

Бидний хувьд нүүрс, алт, зэс зэрэг байгалийн өөр олон төрлийн нөөц баялаг байгаа учраас дахин ашиглах боломжоо анзаарахгүй байх шиг. Дэлхий нийтээрээ хэмнэлтийн горим руу шилжиж буй энэ үед байгалийн түүхий баялгийг хэр их олборлохоос илүү ногоон хэрэглээ хамгийн чухалд тооцогдож байна. 

Бид дээрх судалгааны ажлаа гүйцэтгэхдээ давхар Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж, өртөг зардлын тооцооллыг гаргасан. 

-Малын өтөг бууцыг эргэлдүүлж метан хий гарган авахад хэр их хэмжээний өртөг шаардлагатай болсон бэ? 

-Хархорин сум болон ойролцоох Хашаат, Хужирт сумыг оролцуулан ТЭЗҮ гаргаж харахад 11 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Үүний дараа идэвхтэй ажиллах боломжтой юм байна гэх тооцоололтой байна. 

Монгол Улсын Засгийн газраас Хархориныг шинэ хот болгоно гэж зарласан. Энэ хүрээндээ органик хог хаягдлыг эргэлтэд оруулж, эрчим хүч болгон ашиглах боломжийг жишиг болгох байх хэмээн бодож байгаа юм.

-Хог хаягдлаас өөрт ашигтай үр шим, үр ашгийг хүртэх боломжтой гэдгийг та бүхэн судалгаагаараа нотолжээ. Энэ жишгээр малын өтөг бууцыг дахин эргэлтэд оруулаад гэрлээ асаах түвшинд хэрэглэх боломжтой байх нь, тийм үү? 

-Тийм ээ. Эрдэмтэн, судлаач бидний үүрэг бол эргэлзээтэй байгаа зүйлийг туршилтаар батлан харуулах явдал. Түүнээс биш дахиад өөрсдөө үйлдвэрлэл хийвэл бид эрдэмтэд биш, бизнесмэн болчихно шүү дээ.

Судлаачид туршилтаар баталлаа, үүнийг цааш хөгжүүлэх нь сум, орон нутгийнхны үүрэг болж байгаа гэж харж байна. Энэ туршилт бусад газарт жишиг болоод яваасай гэж хүсэж байна.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа