Индэр    
2023 оны 8 сарын 21
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Элизабет Фокс: Монголчуудын дунд махгүй бол хоолгүй гэсэн үзэл, хандлага давамгайлж байна

Зураг

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид "Монголчуудын махны хэрэглээний талаарх антропологийн судалгаа"-г энэ оноос эхлүүлж байна. 

2023-2025 оныг хүртэл үргэлжлэх энэхүү судалгааны ажлыг Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаач, доктор Элизабет Фокс тэргүүтэй судлаачид хийж, гүйцэтгэх юм. 

Тэрбээр хамгийн анх 2012 онд манай улсад ирж байсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дэгжин, хээнцэр хувцаслалт сонирхлыг нь татсан учраас "Монгол эмэгтэйчүүдийн хувцаслалт"-ын судалгааг эхлүүлж байжээ.

Түүнээс гадна хөдөөгөөс Улаанбаатар хотыг зорьж, гэр хороололд амьдарч буй айлд жил гаруй хугацаанд амьдарч, ажигласан баримтынхаа хүрээнд шүүмжлэлт нийтлэл бичсэн байна. 

Мөн ноолуурын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдтэй таван долоо хоног хамт ажиллаж, тэдний дунд оролцон ажиглалт, судалгааг явуулж байжээ. Харин энэ оноос эхлэн "Махны хэрэглээ хотын оршин суугчдыг хөдөөгийн хамаатан садантай нь холбох хөшүүрэг болж байна уу?" гэх гол асуултыг дэвшүүлэн судлахаар болсноо судлаач Элизабет Фокс онцолж байлаа. 

Дээрх антропологийн судалгааны хүрээнд түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 



-Сайн байна уу. Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу? 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаач бөгөөд энэ жилээс "Монголын махны тухай антропологийн судалгаа"-г хийхээр ирсэн. Энэхүү судалгаа гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үр дүн нь 2025 онд гарна. 

-Ази тив, тэр дундаа Монгол орныг сонгон судлах болсон тань сонирхол татаж байна. Энэ талаараа товч хуваалцаж болох уу? 

-Хамгийн анх антропологийн судлаач болох гараа маань University College London (UCL)-оос эхэлж байлаа. Улмаар бакалавр, магистр, докторын ажлынхаа төслөөр Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв рүү шилжсэн.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад анх удаа ирж байлаа. Тухайн үед Улаанбаатар хотын амьдрал үнэхээр сонирхолтой санагдаж, өөрийн эрхгүй сэтгэл татагдаж байсан. Түүнчлэн монгол эмэгтэйчүүдийн хувцаслалт, тэдний гадаад үзэмждээ хэрхэн анхаарч буй байдал нь судалгааны ажил хийх шинэ санаа төрүүлсэн.

Дэгжин хувцаслалт, цэвэрхэн гутал, цэвэр цэмцгэр машин... Гэвч нийслэл зуны улиралд тоос, шороо ихтэй, зарим явган хүний зам нь эвдэрсэн байдаг байв. Энэ мэтчилэн асуудал тулгарсан ч хотын иргэдийн хувцаслалт цэвэрхэн, сайхан, дэгжин хэвээр л байсан. 

Гэхдээ дөнгөж бакалаврын түвшний оюутан байхдаа дээрх судалгаан дээр ажиллаж байсан учраас мэргэжлийн түвшинд хийсэн гэж үзэж чадахгүй. Энэ бол антропологийн залуу судлаач байх үеийн аялал гэж хэлж болно. Тиймээс ч анхны судалгаагаа албан ёсоор нийтлээгүй.

-Тухайн үед хотуудын ялгаа танд маш их анзаарагдсан байх нь ээ.

-Тийм ээ, үнэхээр их ялгаатай байсан. Заримдаа Улаанбаатар хотод морь унаад явж буй хүмүүстэй ч таарч байлаа. Өөрөөр хэлбэл хот, хөдөөгийн амьдралыг нэг дороос харж буй мэт холимог дүр зураг ажиглагдаж байсан.

Гэхдээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ялгаа бага зэрэг багассан.

-Энэ оноос эхлүүлж буй "Махны тухай антропологийн судалгаа"-нд хот, хөдөөгийн иргэдийг тэгш хамруулах уу? 

-Хот, хөдөө аль алинд нь хийнэ. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ дараах хэд хэдэн асуултыг дэвшүүлж, судлахыг зорьж байгаа.

Тодруулбал

  • Монголчуудын таван хошуу малын талаарх ойлголт, үзэл хандлага юу вэ?
  • Хот, суурин газарт амьдарч буй иргэд өвлийн идшээ хэрхэн яаж бэлтгэж байна вэ?
  • Махны хэрэглээ хотын оршин суугчдыг хөдөөгийн хамаатан садантай нь холбох хөшүүрэг болж байна уу?
  • Сүүлийн жилүүдэд монголчуудын махны хэрэглээнд ямар өөрчлөлт гарч байна вэ? зэрэг асуултад хариулт олох зорилгоор судалгаагаа үргэлжлүүлж байна. 

Ялангуяа хүн хоорондын харилцаанд махны хэрэглээ хэрхэн яаж нөлөөлж буй эсэх нь үнэхээр сонирхол татаж байгаа.

Өмнө нь мал аж ахуй эрхэлж, нүүдэллэж амьдардаг байсан монголчууд суурин соёл иргэншилд шилжсэнээр өвлийн идшээ бэлтгэж, махныхаа хэрэглээг хангахдаа ямар арга ашиглаж буй нь сонирхолтой. Тэд идшээ бэлтгэхийн тулд хөдөө мал малладаг хамаатнуудтайгаа холбогдож, төрөл садныхаа холбоо хамаарлаар дамжуулдаг. 

Монголын хөдөө талд та зөвхөн нэг төрлийн амьдрал харахгүй. Малчид хол газарт отроор явна, тухайн жилд мал сүргээ онд мэнд оруулахын тулд шинэ нутгийг зорьдог.

Эсрэгээрээ малчдын хөдөлмөр маш хүнд. Тиймээс ч хөдөөгийн амьдралыг хотын амьдралтай зүйрлэж болохгүй болов уу. Олон талын ялгаа байгааг харсан. 

-Өмнө нь та монгол айлд жил гаруйн хугацаанд хамт байсан тухайгаа дурдсан. Улмаар тэдний амьдралын хэв маягаас дараагийн судалгааны ажлынхаа сэдвийг анзаарсан гэж ойлгож болох уу?

-Тухайн сэдэв, агуулга нь миний докторын судалгаатай холбоотой байсан. Хэдийгээр харилцан адилгүй соёл, иргэншилтэй хүмүүс ч нэг гэрт хамт амьдарч, удалгүй Монголын амьдралд дассан гэж хэлж болно. Мэдээж гэр хороололд амьдрах үед олон асуудал тулгарч байсан. 

Усгүй, халаалтгүй, нийтийн тээврийн хүрэлцээ муу, бие засах газар гадаа байрлана. Энэ мэтчилэн амьдрах орчин, амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт гарсан ч тэр бүх сорилтыг даван туулахад хамт амьдарч байсан гэр бүлийн хүмүүс маань маш их тусалсан.

Монголын нэг айлд гэр бүлийн гишүүн нь болж амьдрах хугацаа үнэхээр сайхан байсан. Энэ бүгдээс олон зүйл суралцсан бас дараагийн судалгааныхаа сэдвийг олсон гэж хэлж болно. 

-Хотын оршин суугчид хөдөөгийн төрөл садантайгаа харилцах хөшүүрэг нь мах болоод байгааг анзаарснаар та анх шүүмжлэлт нийтлэлээ бичиж байсан гэсэн үү. Таны бичсэн нийтлэлд ямар агуулга дурдагдсан бэ? 

-Судлаач Элизабет Фоксын антропологийн судалгааны хэсгээс... 

Өвлийн идшээ бэлтгэх арга "Бадрах, Өлзий нар сүүлийн 10 гаруй жил хөдөөнөөс хотод шилжиж ирсэн мянга мянган айл өрхийн төлөөлөл байв. Эдгээр өрх нь хөдөө орон нутгаас ирж, хотод суурьшихаар гэр хороололд амьдарч байна. Бадрах, Өлзий нарын амьдардаг дүүрэг нь хотын төвөөс ойролцоогоор 12 километрийн зайд байрлана. Гэр хорооллын айл өрхүүд мах, махан бүтээгдэхүүнээ хоёр гол цэгээс авах боломжтой аж. 

  • Эхнийх нь гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс (Дэлгүүрүүд ихэвчлэн гялгар уутанд жижиглэн хийж хөлдөөсөн махыг зарж борлуулдаг)
  • Хоёр дахь нь гэр хорооллын худалдааны төв, махны жижиг бөөний төв 

Гэтэл хамгийн ойр автобусны буудлаас 15 минутын зайд орших Бадрах, Өлзий нар хувийн тээвэргүйгээр бүтэн малын мах гэх мэт дорвитой зүйлийг авахад хэцүү. Өлзийгийн цалин буухаар гэр хорооллынхоо бөөний худалдаанаас мах авахыг илүүд үздэг.

"Монголын мах хамгийн сайн чанартай" гэж тэр хэлдэг. Гэхдээ тэд болж өгвөл төрсөн нутгаасаа буюу зүүн аймгаас (Хэнтий) махаа худалдаж авахыг хүсдэг гэдгээ илэрхийлж байсан. Эсвэл хөдөө амьдардаг төрөл садныхаасаа өвлийн идшээ авна.

Ялангуяа хотын гэр хороололд амьдарч буй айл өрхүүд өвлийн идшээ бэлтгэх нь маш чухал. Хөдөө малтай хамаатан садантайгаа харилцаа тогтоох нэг хөшүүрэг нь мах, махан бүтээгдэхүүн болсон гэж хэлж болохуйц байв" хэмээн бичжээ. 

Өвлийн идшээ бэлтгэх арга "Хотын захад оршин сууж буй зарим хүнд хөдөөгийн хамаатан садан нь мах илгээхгүй байх тохиолдол ч бий. Энэ нь хот, хөдөөгийн амьдралыг махны хэрэглээ хэрхэн яаж холбож буйг харуулж байна. 

Гэр хорооллын оршин суугчид боломжтой бол өвлийн идшээ бэлтгэхийн тулд намар нь хөдөөгийн ажилд тусалдаг. Ингэснээр нядалсан махны тодорхой хэсгийг хүртэх эрхтэй болно. Эсвэл хөдөөгийн хамаатан садныхаа хүүхдүүдийг хотод орон байраар хангах, асарч халамжлах нь хотынхны хувьд мах хүртэх хамгийн зөв арга болж байсан нь анзаарагдсан" гэжээ.

"Махны үйлдвэрлэл, хэрэглээний антропологийг судлах нь ирээдүйд ч шинэ сэдэв хэвээр байх болов уу"

зураг
 

-Монголд амьдарч байх үедээ анзаарсан өнцгөө илүү гүнзгийрүүлж судлахаар шийдсэн гэж ойлголоо.  

-Тийм ээ. Гэр хороололд амьдрах үе надад махны судалгаа хийх сэдэл санааг төрүүлсэн. 

Ялангуяа гэр хороололд амьдарч буй хүмүүсийн цалин хөлс маш бага, хөдөлмөрийн хөлс нь доогуур үнэлэгддэг. Тэдний орлого ердөө амь зуух хэмжээнд байсан ч мах авч идэхийг илүүд үзнэ. Түүнчлэн таван хошуу малын мах хот, хөдөөгийн иргэдийг холбож байсан. Тэгвэл хотоос яаж мах олж авах вэ?

"Хэрэв танайх махгүй бол хоолгүйтэй адил" гэдгийг олон хүн дуу нэгтэй хэлж байсан. 

Өөрөөр хэлбэл хотын гэр хороололд амьдардаг хүмүүсийн хувьд мах бол хөдөөгийн ах, дүүстэйгээ холбоотой байх хөшүүрэг байсан нь анзаарагдсан. Тиймээс надад "Монгол Улс махаа хэрхэн яаж үйлдвэрлэж байна вэ?", "Хөдөө, орон нутгаас хот руу ямар аргаар тээвэрлэж байна вэ?", "Монголчууд төрсөн нутгийнхаа малын махыг илүүд үздэгийн учир юу вэ?, "Хэрэв төрсөн нутгийнхаа малын махыг авч, идэж чадахгүй бол яах вэ?" гэх мэт олон асуулт үүссэн.

-Та антропологийн судалгааг түлхүү хийж, гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл энэ төрлийн судалгааны онцлогийг уншигчдад тайлбарлахгүй юу?

-Антропологи нь дотроо гурван том салбартай. 

  • Биологийн антропологи 
  • Нийгмийн антропологи
  • Материаллаг соёл (material culture)

Би үргэлж материаллаг соёл, нийгмийн антропологи хоёрыг сонирхож ирсэн. Монголчуудын хувьд мах нь чухал материал, чухал хэрэгцээ юм. 

Махны үйлдвэрлэл, хэрэглээний антропологийн судалгааг хийх нь ирээдүйд ч шинэ сэдэв хэвээр байх болов уу гэж бодож байна.

-Антропологийн судалгааг оролцон ажиглах судалгаа гэж хэлж болох уу?

-Антропологи бол хүний тухай, хүн судлалын философи гэж үздэг. Тиймээс ч антропологийн судалгааны гол объект нь хүн юм. 

Антропологи нь бусад нийгмийн шинжлэх ухааны салбараас судлах арга зүйгээрээ ялгаатай. Судалгаанд оролцогчдыг ажиглана. Гэхдээ дан ганц ажиглаад зогсохгүй хүмүүсийн дунд хамтран оролцож, тэдэнтэй илүү их цагийг өнгөрүүлж, ярилцдаг. Хаана судалгаа явагдана тэр газарт, тэдгээр хүмүүстэй хамт байна гэсэн үг.

Жишээлбэл ноолуурын үйлдвэрт оролцон судалгаа хийж байх үедээ үйлдвэрийн ажилчин болж, тэндээс суралцаж байсан. Ноолуурын үйлдвэрт ажиллаж, ажиглаж, оролцож, ярилцаж, судалж байсан.

Нийгмийн антропологи нь хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож буйг хардаг. Гудамж, гэр, ажлын байран дээр нь хүмүүсийг ажиглан судалж, тэдний дунд оролцон судлахыг хичээдэг. Аль болох боломжоороо гүн гүнзгий орж судлахыг эрмэлздэг. Энэ бол хүн судлал юм.

-Махны тухай антропологийн судалгааны тань үр дүн гарахад дахин уулзацгаая. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. 

-Баярлалаа. 2025 онд судалгааны үр дүнтэй уулзацгаая. (инээв)