Индэр    
2018 оны 3 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Жорлонгоо өөрчилье" номоос авах ТАВАН санаа

Зураг

Саяхан л хамгийн бохир ариун цэврийн байгууламж, бие засах газартай хэмээн дэлхий даяар цоллуулж байсан Хятад улс өдгөө "Жорлонгийн хувьсгал"-ыг амжилттай хэрэгжүүлж байна.

Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж тус улсын дарга Ши Жиньпин үзсэн байдаг.  Тиймээс 2015 онд Хятадын Засгийн газар "Жорлонгийн хувьсгал"-ыг орон даяар эхлүүлэн 2017 он гэхэд 33,000 нийтийн ариун цэврийн газрыг нэмж, 24,000 ариун цэврийн өрөөг шинэчлэхээр төлөвлөжээ. 

Ингээд Хятадын Аялал Жуулчлалын Газрын мэдээлснээр зөвхөн 2015 онд л 52,485 жорлонг сайжруулж, шинэчилсэн байдаг байна.

Жорлонгийн хувьсгал ганц Хятадад өрнөөгүй юм. Дэлхий даяар энэ талаар ярьж байна. Тухайлбал, Энэтхэг улс Ерөнхий сайдынхаа удирдлага дор "Цэвэрхэн Энэтхэг орон" хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус улс 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэхэд улс даяараа ил бие засдаггүй, гараараа өтгөн ялгадсаа арчдаггүй улс болохын тулд 60 сая жорлон барьж байгуулахаар төлөвлөжээ. Эхний шатанд сая сая жорлонг улсаас санхүүжүүлэн, энд тэндгүй байгуулсан байна.

Тэгвэл манай улсад жорлонгийн хувьсгал өрнөж байгаа юу, ямар шатандаа хаана явж байгаа бол? Монголд жорлонгийн хувьсгал хэрэгтэй юу? 

Энэ сэдвээр нэлээд хэдэн жилийн өмнөөс дуугарч "Жорлонгоо өөрчилье" хэмээн уриалж байгаа хүн бол УИХ, Засгийн газрын гишүүн асан, "Нутгийн шийдэл сан" ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл. Тэрбээр "Жорлонгоо өөрчилье" ном гарган, "Цэвэрч Монгол" төсөл боловсруулж, сургалт, аян өрнүүлж байгаа билээ.

Тус сургалт нь 21 аймаг, 9 дүүргийг тойрон 2018 оны туршид нийт 50 удаа явагдаж, төслийг теxнологийнx нь xувьд орон нутгуудад тайлбарлан таниулах үүрэгтэй аж.

Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл "Хүн бүхэн тав тухтай, эрүүл орчинд бие засах эрхтэй. Тохилог жорлонтой байх нь хүн бүрийн эдлэх ёстой эрх юм байна. Сайхан жорлонтой байх нь хүнийг эрхэмсэг бөгөөд хүндтэй нэгэн болгодог бас нэгэн хүчин зүйл юм. Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин маань эрүүл байна" хэмээн "Жорлонгоо өөрчилье" номдоо өгүүлжээ.

Түүнчлэн энэхүү номд гадаад орнуудын жорлонгийн шийдэл, агуулга, цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг хэрхэн байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэд оруулсан бодит түүх, жорлонгийн барилга, ашиглалтыг эдийн засгийн эргэлтэд оруулсан туршлага, жишээг бичсэн байв. 

 
Ингээд бид "Жорлонгоо өөрчилье" номоос онцлох 5 жорлонгийн шийдлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр танилцуулж байна.
1. e-Toilet хэмээх сүлжээ жорлон

Гучаадхан настай таван энэтхэг залуу “Эрам сайнтифик” хэмээх компани байгуулж, мэдээллийн технологи, нарны эрчим хүч, усны ариутгалын технологи, санхүүгийн ухаалаг системийг хослуулсан хямд үнэтэй жорлон бүтээгээд түүнийгээ eToilet гэж нэрлэжээ.

Энэ бүтээгдэхүүн Энэтхэгт 2017 оны эхний сарын байдлаар нийт 1,500 ширхэг борлогдож, суурилагдан, хамгийн хурдацтай өсч яваа сүлжээ бизнесийн тоонд багтаж, олон улсад үлгэр жишээ болсон байна.

 

Энэ жорлон хааш хаашаа 2.5 метр газарт босдог байна. Бүх жорлонгийн бүхээг нь нэг загварын металл хийцтэй. Жорлонг нарны зайгаар ажиллуулна. Нарны зай, хөдөлгөөн мэдрэгч, гэрэл цахилгаан, усны түвшинг хэмжих мэдрэгчүүдийг хянах самбар нь жорлонгийн техникийн хайрцагт байрлана. 

Жорлонгийн үүдэнд нарны зайгаар ажилладаг автомат цоож бэхлэгдсэн байх ба тус хайрцагийн зоосны нүх рүү зоос хиймэгц хаалга нээгдэнэ. Жорлонд орж бие зассаны дараа босоход ус татагдан, хүн гарч хаалга хаамагц зоосны хайрцаг зоос шинээр хүлээн авахад бэлэн болох ба харин жорлонгийн өрөөнд шалны хүрээнээс ус автоматаар шүршигдэн шалыг цэвэрлэнэ. Эдгээр ажлыг хийх автомат төхөөрөмжийн мэдрэгчүүд нь жорлонгийн бүхээгийн ард байх удирдлагын хайрцаг дотор байрладаг. Мөнгө хураагчийн улаан гэрэл асах нь жорлонд хүн байгааг илтгэдэг.

Хотын дэд бүтцэд холбогдоогүй жорлонгийн бохир хуримтлуулах сав дүүрэх, эсхүл жорлонг автомат угаалгын шүршилтээр цэвэрлэж болохооргүй бохирдсон, техникийн саатал үүссэн тохиолдолд үйлчлүүлэгч онлайнаар гомдол гаргаж болно. Бүх и-жорлонг “Google map” дээр олж болохуйцаар апп зохиогдсон байх ба тухайн байршлын жорлонд гарч буй гажиг, дутагдлын талаар апп-д мэдээлэл оруулахад үйлчилгээ хийх үүрэгтэй компанийн ажилчид ирж, жорлонг цэвэрлэх буюу, түр хааж засвар үйлчилгээнд оруулна.

2. Ялаатай тэмцэгч бестселлэр
 

Дэлхийн 7 тэрбум хүн амын талаас илүү хувь нь жорлонгийн “зочин” ялаанаас болж өвчилдөг. Японы барилга угсралтын “Lixil” компани ядуу иргэдийн төлж чадах хэмжээний хямд өртгөөр үүнтэй тэмцэх санаа гаргаж ирсэн нь тус компанийг хүмүүнлэгийн болон ариун цэврийн салбарт алдаршуулж, 2017 оны “Дэлхийг өөрчилсөн санаа” хэмээх шагналд нэр дэвшүүлэх үндэслэл болжээ.

Тэд маш бат бөх хуванцраар СаТо (SaTo) хэмээх хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Хамгийн энгийн хийцийнх нь хоёр доллар, үнэтэй нь арван доллараар зарагддаг энэ бүтээгдэхүүн сүүлийн арван жилийн хамгийн өндөр борлуулалттай ариун цэврийн бүтээгдэхүүн болж, дэлхийд 10 сая гаруй хувь борлогдсон тоогоороо тэргүүлж байна.

Нүхэн жорлон, тавцантай хувин, сав, поошигон жорлон дээр суурилуулахад зориулсан СаТо суултуурын ид шид нь суултуурын ёроол битүү байдагт оршино.

Ингэснээр жорлонгийн муухай үнэр гадагшлахгүй, ялаа орохгүй, гэдэсний халдвар тархахгүй ажээ.

3. Шидэт хайрцагтай жорлон
 

Чийглэг газрын борооны улиралд хэрэглэх жорлон нь байгаль орчиндоо хэзээд аюулгүй байх шийдэлтэй байвал зүгээр гэж Organica Biotech хэмээх Энэтхэгийн компанийнхан үзжээ. Тэд Энэтхэгийн хамгийн усархаг нутгийнхны хэрэгцээ, байгалийн нөхцөл байдлыг судалж бүтээгдэхүүнээ хийсэн байна. Үер бууж, бороо ороход жорлон нь аюулгүй байх цор ганц найдвар бол биологийн байнгын цэвэрлэгээ гэж тэд үзсэн байна. Ингээд ялгадсыг хүлээж авангуутаа байнга ариутган цэвэрлэж байдаг шидэт хайрцаг гэлтэй энгийн жорлонг тэд бүтээсэн нь энэ юм.

Энэхүү бүтээлээ Биоклийн Биодайжестэр (Bioclean Biodigester) буюу “Био цэвэрлэгч-Био задлагч” гэж нэрлэсэн юм.

Монголд хог хаягдлаар сандал, траншейний таг хийдэг шиг, Энэтхэгт жорлонгийн их биеийг хийсэн байна. Гадна талаас нь шинжвэл дээрээ жорлонгийн гишгүүр, суултуур бүхий, доохно талдаа илүүдэл усыг гадагшлуулах хоолойтой ус нэвтрүүлэхгүй битүү хайрцаг юм. Энэ энгийн хийцтэй хайрцаг нь дотроо гурван "өрөөтэй" бөгөөд биологийн идэвхт бодисын оролцоотойгоор нарийн түвэгтэй үйл ажиллагаа явуулж, биотехнологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололттой хавсарч ялгадсыг дор нь аюулгүй болгодог "шидэт хайрцаг" аж.

4. Үртэс рүү унагааж хутгадаг био жорлон
 

Далайгаар аялах дуртай Сэнди Грейвс хэмээх америк эр завиар хэд хоног аялахдаа ус руу бохироо оруулахгүйгээр бие засах талаар бодсоор нэгэн жорлон бүтээжээ. Тэр завиндаа хоёр жорлон бүтээж суурилуулаад, мөн гэртээ ч хоёрыг туршсан байна. Түүний жорлон тун энгийн хийцтэй суултууртай, шээс болон өтгөнийг салгаж хураадаг онцлогтой ажээ. Сэндигийн завиар аялж үзсэн найз нөхөд нь “Энэ жорлонгоо надад бас нэгийг хийгээд өгөөч” гэж гуйснаар цоо шинэ жорлонгийн бизнес эхэлжээ.

Өдгөө C-Head хэмээх брэнд болтлоо нэрд гарч, олон захиалагч, хэрэглэгчтэй болсон энэ жорлон маш энгийн зарчмаар ажиллана. Бусад бүх л био жорлонгийн нэгэн адил үртэс, хуурай навч, нунтаг сүрэл гэх мэт нүүрс-устөрөгч буюу органик орцтой био масс хэрэглэнэ. Гэхдээ бусад био жорлонд бие зассаныхаа дараа хэрэглэгч савтай үртсээс хутгаж, жорлон руугаа хийдэг бол C-Head жорлонгийн үртэс нь саван дотроо нэгмөсөн байдгаараа ялгаатай. 

Энэ жорлонг маш бага зайд суурилуулна. Ус, дэд бүтэц, цахилгаан огт шаардлагагүй юм.

5. Энгийн ширгэн жорлон
 

Эхний ээлжинд та нугаас юм уу, ойн зүлэг дороос, эсхүл хашааныхаа мод зүлэгний дороос, ногооны талбай, хүлэмжээсээ үндэс, хатсан өвс навч нь ширэлдсэн сайхан ширэг ухаж авч болно. Тэгээд хагас жил хэрэглэх хэмжээний ширэг авч, хуурай ширгээр дүүргэсэн шуудай, хувингуудыг жорлондоо бэлэн байлгах хэрэгтэй. Цаашид ширгэн жорлонгоос биологийн  идэвхтэй бордоо хувин хувингаар гарч ирэх тул түүнийг ашиглан жорлонгоо урт хугацаанд ажиллуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл бие засах бүртээ шороо ухах хэрэггүй гэсэн үг.

Энэ бол ус хэмнэх дуртай, байгальд хайртай, энгийн даруухан хэрэглээг шүтдэг Европын иргэдээс гарсан санаачилга. Англиар бол "simple humus toilet" гэж нэрлэдэг энэ жорлонг байгальд хайртай айлууд интернэтээр сурталчилж олонд түгээдэг юм.

Байгальд ойр амьдардаг хүмүүс өөрсдийн гараар бүтээхэд хялбар энэ жорлон нь дулаан нөхцөлд гадаа жорлонг сайжруулж ашиглахад тохиромжтой. Энэ нь бордоошуулагч жорлон бөгөөд малчид зундаа, хээрийн аялал жуулчлалын гэр баазад болон зусланд гарахдаа хэрэглэж болох ажээ. 


 

Жорлонгоо өөрчилье: Цэвэрч Монгол төсөл