Индэр    
2018 оны 10 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол хосуудын гэрлэлтийн чанарын 12 үзүүлэлтийн аль нь ч 50%-д хүрсэнгүй

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Сүүлийн 5 жилийн тоон мэдээллээр гэр бүл цуцлуулсан хосын тоо жил тутам өсжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2013 онд 3,522 хос гэрлэлтээ цуцлуулж байсан бол, 2017 оны байдлаар энэ тоо нь 3,945 болж нэмэгджээ.

Тиймээс хосуудын гэрлэлт хэр чанартай байгаа талаар судалгааг “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаа хийжээ. Ингээд түүнтэй уулзаж, хосуудын гэрлэлтийн чанарын талаар ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд гэрлэлтийн чанарын талаар хийсэн судалгааныхаа талаар танилцуулахгүй юу? Хэдэн хүн хамрагдсан бэ?

-Гэрлэлтийн чанарын судалгааг гэр бүл судлаач, сэтгэл зүйч Давид Олсон олон жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн сорил зохиосон. Судалгаа хийхдээ гэрлэлтийн амьдралд байдаг 12 түвшинг судалж, үр дүнг нь гаргадаг. Миний хувьд, яг энэ аргаар Монголын 21-56 насны 48 гэрлэсэн хосын дунд судалгаагаа хийсэн. Ингэснээр хосуудын гэрлэлт хэр чанартай байна, хэрэв асуудал байгаа бол яг юунаас болж байгаа талаар олох боломжтой юм.

-Яг ямар 12 хүчин зүйлийг нь судалсан гэсэн үг вэ? Судалгааны үр дүнгээс сонирхуулаач.

-Гэрлэлтийн чанарын 12 хүчин зүйлд төсөөлөл, сэтгэл ханамж, зан төлөвийн нийцтэй байдал, эхнэр нөхрийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх байдал, санхүүгийн зохицуулалт, чөлөөт цаг, сексийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, найз нөхдийн харилцаа, жендерийн үүрэг, шашин шүтлэг орно. 

Эдгээр 12 шалгуурыг сэтгэл зүйн, сэтгэл зүйн бус шалтгаантай асуудлууд гэж хоёр ангилсан. Ингээд судалгаа хийхэд гэрлэлтийн чанарын үзүүлэлтэнд  сэтгэл зүйн хүчин зүйл нь бусад хүчин зүйлээсээ илүү хамаарч байсан. 

ГРАФИК /гэрлэлтийн чанарыг тодорхойлох 12 хүчин зүйлийн ерөнхий үзүүлэлт/

График дээрх үзүүлэлтүүдийн оноо өндөр байх тусам гэрлэлтийн чанарын тухайн үзүүлэлт хосуудын хувьд сайн байна. Харин бага байх тусам тухайн үзүүлэлт дээр анхаарах хэрэгтэйг харж болох юм. Жишээлбэл, графикаас харвал гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр гарсан нь ихэвчлэн дөнгөж гэрлэсэн залуу хосуудын хувьд гэрлэлтээс хүлээх хүлээлт өндөр байж, эхнэр нөхрийн харилцаа болон гэр бүлийн талаарх төсөөлөл их байдаг. Харин судалгаанд оролцсон хосуудын хувьд гэрлэсэн жилээс үл хамааран гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр гарсан. 

Мөн гэр бүлүүдийн жендерийн эрх тэгш байдал их ялгаатай байдаг нь ажиглагдсан. Жишээ нь, Европт эхнэр нөхөр яг л адил ижил тэгш үүрэгтэй байдаг бол, Монгол гэр бүлийн хувьд нөхөр нь ажил хийж, эхнэр нь хүүхдээ харж, гэртээ байдаг гэсэн тогтсон ойлголт үргэлжилсээр байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн өрхийн тэргүүн эр нөхрөө хүндлэх уламжлалт ёс заншил маань судалгааны үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай. 

Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл, гэр бүлд хүүхдийн тоо ихсэх тусам эхнэр нөхөр нэгнээ илүү ойлгож, зан төлөвийн хувьд нийцтэй байдаг байна. Чөлөөт цагийн хувьд хүүхэд нэмэгдэх тусам хосуудын өөртөө гаргах цаг багасдаг. Бэлгийн харилцаанд ч мөн хүүхдийн тоо нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдсан. Тэгэхээр гэр бүлийн харилцаа, гэрлэлтийн чанарт хүүхэд маш чухал үүрэгтэй гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. 

Боловсролын түвшинтэй хамааралтай эсэхийг мөн судалсан. Ингэхэд хосуудын боловсролын түвшин өндөр байх тусам бие биенээ хүлээн зөвшөөрч, эерэг харилцаатай, үл ойлголцол багатай байдаг нь харагдаж байсан.

-Олон улсын жишигт гэрлэлтийн чанар ямар үзүүлэлттэй байдаг вэ? Таны хийсэн судалгаагаар Монголын гэрлэлтийн чанар ямар түвшинд байна вэ? Дэлхийн жишигтэй харьцуулбал?

-Яг энэхүү судалгааг Хятадын сэтгэл судлаач Вандэмин 109 хосоос авсан байдаг. Ингэхдээ  харилцааны арга барил болон гэрлэлтийн чанар хоорондын хамаарлыг судласан. Энэ мэтчилэн өөр улс орны судлаачид сонирхож буй зүйлтэйгээ холбож гэрлэлтийн чанарыг судласан байдаг. Тиймээс дэлхийн хэмжээнд одоогоор монголын гэрлэлтийн чанар сайн эсвэл муу байна гэж ярих боломжгүй юм.

 

-Ер нь хосуудын гэрлэлтийн чанарт муугаар нөлөөлж буй хамгийн том асуудал нь юу байна вэ?

-Судалгаанаас харвал ихэнх залуу хосууд нэгнээ бүрэн таниагүй байхдаа хамтран амьдарч эхлэн, гэр бүл болдог. Ингээд хамт амьдарч байх хугацаанд тухайн хүмүүсийн хоорондын ялгаатай байдал илэрч, зөрчилдөж эхэлдэг. Энэ нь хосуудыг амархан муудалцаж, бие биеийгээ ойлгохгүй, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хурдан салахад нөлөөлдөг. 

Мөн сүүлийн үед залуу хосууд гэрлэхээсээ өмнө, нэгнээ сайн таньж мэдээгүй байхдаа дотно харилцаанд орж хүүхэдтэй болчихдог, тэгээд хүүхэдтэй болчихсон юм чинь одоо суухаас өөр арга байхгүй гэсэн хандлагатай болсон. Тиймээс гэрлэхээсээ өмнө нэгнээ сайн таньж, мэдэх нь маш чухал. Мөн гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцааг тэвчих хэрэгтэй.

Өдөр бүр бие биеэ гэх сэтгэл, хайр л жинхэнэ гэрлэлтийг хүчтэй, аз жаргалтай болгодог аминдэм юм.

-Гэр бүлийн сэтгэл зүйчийн хувьд тан дээр олон төрлийн асуудалтай хосууд ирдэг байх. Яг ямар асуудалтай хүмүүс голлон хандаж байна вэ?

-Гэр бүлийн зөвлөгөөнд хамрагдах гэж ирж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд гэр бүлийн харилцаагаа яаж цааш нь үргэлжлүүлэх үү, хэрхэн гэрлэлтээ хадгалж үлдэх үү, ханиа хэрхэн уучлах вэ гэх зэрэг асуудлаар хандаж ирдэг. Ихэвчлэн 30-40 насны эмэгтэйчүүд байдаг.  Эрчүүдийн хувьд бол “олгой хагарсан ч тогоон дотроо” гэдэгчлэн асуудлаа цааш өөр хүнд сөхөхгүй, дотроо шийдэхийг илүүд үздэг нь ажиглагдсан.

-Гэрлэлтийн чанарыг сайжруулахын тулд хосууд юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

-Хамгийн чухал нь, эхнэр нөхөр хоёулаа хичээх хэрэгтэй. Нэг нь ганцаараа яаж ч хичээгээд гэрлэлтийн чанар сайжрахгүй. 

Гэрлээд олон жил болсон байсан ч үргэлж бие биеэ гэж, халамжилж, цаг гаргаж,  болзож, уулзаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хосууд хүүхэдтэй болохоороо нэгэндээ тавьж байсан анхаарлаа хүүхэд рүүгээ чиглүүлчихдэг. Хүүхэд чухал ч гэсэн, насан туршийн ханиа орхигдуулж болохгүй. Үргэлж нэгнээ халамжилж, хайрлаж байх хэрэгтэй, тэгвэл хүүхэд ч гэсэн хайр халамжийг ойлгож, аюулгүй өснө. 

Өдөр бүр бие биеэ гэх сэтгэл, хайр л жинхэнэ гэрлэлтийг хүчтэй, аз жаргалтай болгодог аминдэм юм.