2018 оны 3 сарын 3
iKon.mn сэтгүүлч

Та энэ жил хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

Дэлхийгээр аялагчдын мөрөөдлийн жагсаалтад орох газар бол яах аргагүй хоёр тивийг дамнан орших Турк улс юм. 

Энэ улсаас эртний Европыг санагдуулам барилга, сүм, хийд, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд, хаадын харш гээд үзэж харах зүйл бишгүй их. Тиймээс хэрэв та энэ жил аялахаар төлөвлөж буй бол Турк улсын Истанбул хотыг санал болгоё.

Учир юу гэвэл саяхан Ази болон Европ тивийн соёлын гүүр болсон Турк улсын томоохон хот Истанбулаар аялах завшаан тохиосон юм. Тэнд байх хугацаандаа үзсэн, харсан, сонирхол татсан зүйлсээ танд энэхүү нийтлэлээрээ хүргэе.

Турк соёлтой танилцсан нь

Турк руу Монголчууд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй билээ. Мөн “Туркиш Эйрлайнс” компани 2011 оноос хойш Истанбул руу шууд нислэг хийдэг болсон нь Монголчуудыг Европтой холбох гүүр болж буй юм.

Улаанбаатараас Истанбул хүртэлх нислэгт нийтдээ 10 цаг зарцуулна, дундаа Бишкект 45 минут зогслоо.  Ингээд  урт нислэгийн дараа сэтгэл догдлом мөч ирж Истанбулын Ататурк олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ цагаас л Истанбул хот болон Турк соёлтой танилцаж эхэлсэн юм.

Турк төдийгүй Европын хамгийн том хот гэгдэх Истанбул хот нь улсынхаа төсвийг бараг дангаараа бүрдүүлдэг байна. Жуулчид Туркийг зорьсон л бол Истанбулаар заавал дайрч өнгөрдөг жишиг тогтжээ. 2017 оны статистик мэдээллээр зөвхөн Истанбул хотод 15 сая хүн амьдардаг гэжээ. Харин Турк улс 81.5 сая хүн амтай аж.

Тус хот нь Босфорын хоолойгоор Европ болон Азийн хэсэгт хуваагддаг бөгөөд Европын хэсэгт ихэнх түүх соёлын дурсгалт газрууд төвлөрчээ. Эртний барилга, цайзууд, исламын сүм хийдүүд Турк улсын түүхийг нэн арвин болохыг батлан харуулна.

Иргэд нь их сүсэг бишрэлтэй, шашинлаг улс. Өдөрт таван удаа мөргөл үйлддэг гэнэ. Мөн анхаарал татахуйц нэг зүйл нь зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний төвүүдэд голдуу эрчүүд ажилладаг нь харагдаж байв. Эмэгтэйчүүд ихэвчлэн оффисын ажил хийдэг юм байна. Харин манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ.

Үүнээс гадна,Туркийн ард түмний нэг гол зүйл нь цайны соёл юм. Үйлчилгээний газарт ороход тэд цай эсвэл турк кофе санал болгоно. Уулзалтыг ч мөн турк цайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жижигхэн вааран хэлбэрийн аягатай өтгөн найруулсан цай бол тэдний соёл ажээ. Кофе нь зөөлөн чихэрлэг амттай бөгөөд  тансаг үнэртэй. Турк кофег бэлтгэсний дараа чихэр хийхгүй, халбага хэрэглэдэггүй нь  тун өвөрмөц санагдлаа. Туркчуудын гадаа суун кофе уунгаа тамхи татаж буй дүр зургийг энгийн аль ч үйлчилгээний гудамжаас  харах боломжтой.

 

Истанбулын хөл хөдөлгөөн, гудамжинд  зарах хоол, амттан зэрэг нь Азийн орнуудыг санагдуулж байлаа. Харин барилга, байгууламжуудын ур хийц эртний Европт ирсэн мэт мэдрэмж өгөх юм.

Бас нэг хачирхалтай нь, шинэ цагийн барилга байгууламжийн хажууд хэзээ мөдгүй нурах шахсан байшин ч байж байх. Яах аргагүй Ази, Европ хосолсон орон мэт.

Ингээд та бүхэндээ Истанбул хотод үзэж болох 5 газрыг танилцуулъя.

1. Сулеймание сүм /Suleymaniye mosque/
 

Энэ бол Истанбул хотод хоёрдугаарт ордог том сүм юм. Энэхүү сүм нь Султан Сулейманы тушаалаар 1550-1557 онуудад баригдсан бөгөөд Истанбулын хамгийн өндөрлөг хэсэгт байрладаг байна.  Ислам болон Византийн архитектурыг хослуулсан, тансаг чамин ур хийц бүхий барилгын шийдлийг эндээс харах боломжтой. 

Уг сүмд ороход гутлаа тайлж орох бөгөөд лалын шашны заншил ёсоор эмэгтэй хүн урт юбка болон үсээ далдалсан алчууртай ордог байна.

2. Долмабахче ордон, музей /Dolmabahce palace/
 

Босфорын хоолойн “Marmara” цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан “Долмабахче”-гийн ордон музей нь аяллын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгийн нэг байлаа. Энд Туркийн Таван Султан, анхны ерөнхийлөгч “Mustafa Kemal Ataturk”-ын зуны өргөө байсан бөгөөд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт байгууламж сүндэрлэнэ. Энэ ордон нь алтаар бүрсэн эртний тавилга, гараар урласан торгон хивс, уран зураг, эртний сав суулга зэрэг гоёмсог үзмэрээрээ аялагчдыг бишрүүлдэг газар аж. Ордноор аялахдаа хөтөч даган явбал илүү сонирхолтой. 

3. Базиликийн усан сан /Basilica Cistern/
 

Базиликийн усан сан нь 140 метрийн урттай, 70 метрийн өргөнтэй дөрвөлжин хэлбэртэй агуу том байгууламж юм. Их эзэн хаан Юстиниан I уг байгууламжийг 532 онд бариулжээ. Анх ороход энгийн нэг харанхуй байгууламж шиг санагдах боловч Туркийн түүхийн нэг хэсэг ажээ.

Энэхүү усан сан нь 9 метрийн өндөртэй 336 баганатай. Эдгээр баганын ихэнхийг хуучны барилга байгууламжаас цуглуулж хийсэн бөгөөд ихэвчлэн гантигийн төрлийн боржигон чулуунаас бүтжээ. Нийт 9,800м2 талбай эзэлдэг  100,000 тонн ус агуулах багтаамжтай уг усан санг 7,000 боол барьжээ. 

Эндхийн зарим баганууд дээр байдаг нулимсны дүрс нь Аварга усан санг барьж байхдаа нас барсан хэдэн зуун боолын зовлонг харуулдаг гэж үздэг байна. Усан сангийн зүүн хойд хэсэгт байрлах хоёр баганын Медузын толгойн сийлбэртэй тулгуур нь Ромын үеийн урлагийн гайхалтай бүтээлүүдийн нэгд тоодогддог гэнэ.

4. Гранд Базаар /Grand Bazaar/
 

Туркээр аялсан тохиолдолд худалдаа наймаа сонирхдоггүй хүн гэж бараг байхгүй байх. Ялангуяа Истанбул хотыг жинхэнэ дэлгүүр хэсэгчдийн диваажин хэмээн нэрийдэж болох аж. 

Гранд Базаар захын үндэс суурийг анх 1461 онд тавьж байжээ. Энэхүү зах нь 45,000 мкв талбайтай, 66 гудамж, 4,000 гаруй дэлгүүртэй, 20 мянган хүн ажилладаг байна. Агуу их хаан Фатих Султан Мехмет анхлан энэ газрын шавыг тавиулжээ.Эндээс алт мөнгөн эдлэл, дурсгалын зүйлс, хувцас даавуун эдлэл ер нь бүхнийг худалдаж авч болохоор байлаа.

5. Босфорын хоолойн усан онгоцны аялал
 

Босфорын хоолой нь Хар тэнгисийг Мраморын тэнгистэй, улмаар Дарданелийн хоолой нь Эгейн тэнгистэй холбоно. Эгейн тэнгис нь Газар дундын тэнгисийн нэг хэсэг гэж тооцогддог байна.

Тус хоолойгоор аялах усан онгоцны аялал нь өдөр 13, 15, 17 болон орой 20 цагаас зохион байгуулагддаг байна. Өдөр нь Истанбул хотоор зугаалж байсан тул оройн аялалд гарлаа.

Оройн аялалд оройн зоог болон үзүүлбэрүүд багтаж байв. 

Үзүүлбэрт Турк үндэсний тоглолт, Туркийн үндэсний дуу, бэлхүүсний бүжиг гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Үзүүлбэрийн дараа усан онгоцон дээрх хүмүүс бүжиж, нэгэн оройг гайхалтай сайхан, хөгжилтэй өнгөрүүлж байлаа. Эндээс Туркчуудын найрсаг, нийтэч занг ажигласан юм. 


Турк улсад өнөө цагт аюулгүй байдал маш чухалд тооцогдоно. Үйлчилгээний газарт орохдоо ч цүнхээ шалгуулж, соронзон дохиолол бүхий хаалгаар нэвтэрнэ. Хамгаалалтын цэрэг, цагдаа буу барин зогсох нь энгийн үзэгдэл.  Арга ч үгүй биз. Дэлхийн мэдээллээр өдөр бүр тус улсын  дайн дажин, тайван бус байдлын талаар мэдээлж байна. Туркийг зорихоос өмнө би ч бас багахан айдастай байснаа нуух юун. Гэсэн ч өнөөдөр Турк улсад амар амгалан зонхилж, иргэдийн амьдрал тайван үргэлжилсээр...

x