Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорчдын эсрэг ард түмний жагсаалд оюутан залуучуудыг ирэхийг уриаллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-нд Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс "Офшорчдын эсрэг ард түмний жагсаал" тайван жагсаал, цуглаан хийх гэж буй аж. Энэ талаар өнөөдөр Офшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. 

Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Б.Батсайхан "Өнөөдөр Монгол Улс даяар улс төрийн авлигал, офшорчдын эсрэг хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь зөвхөн Монгол Улс даяар биш дэлхий нийтээр өрнөж байна. Энэ хөдөлгөөнд Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн болгон нэгдэж байгаа. Маргааш болох цуглааны гол зорилго нь тодорхой офшорчидтой тэмцэх гарцыг хамтдаа гаргах, энэ тэмцлийг үр дүнд хүргэх юм. Энэ жагсаал, цуглаан ямар нэгэн улс төрийн намуудыг намнах зэвсэг болж болохгүй. Зөвхөн иргэдийн тэмцэл юм

Бидний хөдөлгөөний үр дүнд УИХ өчигдөрхөн хууль баталлаа. Харамсалтай нь, энэ хууль нь маш буруу болчихлоо гэж УИХ-ын гишүүд өөрсдөө өнөөдөр халаглаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, офшор дансны тухай ийм хууль өөр аль ч улс оронд байхгүй. Бидний хүсэж буй зүйл бол нэр нь тодорхой болчихсон хүмүүсийг шалгаж өгөх, мөнгөний эх үүсвэрийг нь тодорхойлж өгөх юм. Ард түмний хүсэж байгаа зүйлийг л манай хөдөлгөөн дамжуулж байгаа. Гэтэл, ахиад л ард түмнээ хуурсан, аргацаасан хууль баталж байна. 

Энэ удаа, ард түмэн хуурагдахгүй ээ. Бид бодитой үр дүн л хүсэж байна. Маргаашийн цуглаан яг үүнд чиглэсэн байх болно" гэлээ.

"Офшорчдын эсрэг ард түмний жагсаал" маргааш Сүхбаатарын талбайд 13:00 цагаас болно. Энэ удаа оюутан залуучуудыг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ирж тэмцэхийг Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс уриаллаа.