Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн Хуулийг өөрчлөх санал асуулгад оролцогчдыг сонгосон аргачлалаа тайлбарлалаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, Үндэсний Статистикийн Хорооноос Зөвлөлдөх санал асуулгын түүвэр судалгааны аргачлалтай холбогдох асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын I үе шат өчигдөр 17:00 цагт эхэлсэн.

Санал асуулгын I үе шатад 1,570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, сонгогдсон иргэдээс санал асуулгыг авч эхэлжээ.

"Өчигдөрөөс судлаачид 1,570 иргэнд хандан, судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийж эхэлсэн"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооны Ахлах статистикч Ш.Ариунболд “Зөвлөлдөх санал асуулгад ҮСХ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу аргачлал, арга зүй, мэргэжлийн удирдлагаар ханган, мэдээлэл цуглуулалтын үндсэн ажлыг хариуцаж байна.

Судалгаанд 2016 оны байдлаарх 18 насанд хүрсэн хоёр сая гаруй Монгол Улсын иргэнийг оролцуулж, гурван үе шаттайгаар судалгаа хийсэн. Түүврийн мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж өрх юм.

Ойролцоогоор 1,570 өрх буюу иргэнээс судалгааны мэдээлэл цуглуулалтаа хийхэд үндэсний хэмжээний төлөөлөл болох үр дүн гарч ирнэ гэж тооцоолсон.

Түүврийн хэмжээг 1,570 гэж тогтоосны дараа үүнийгээ бүх аймаг, дүүргийн хэмжээнд хуваарилсан.

Энэ нь хүн ам ихтэй аймаг, дүүрэгт олон, хүн ам багатай аймаг, дүүрэгт бага ногдох гэсэн пропорцтой. Мэдээж бүх аймаг, дүүрэгт түүвэрлэлт хийхэд компьютер програмчлал, санамсаргүй түүврийн аргачлалаар ашигласан байгаа.

Өчигдөр оройноос судлаачид 1,570 иргэнд хандан судалгааныхаа мэдээлэл цуглуулалтыг хийгээд эхэлсэн байна” хэмээн тайлбарлалаа.

Түүврийн I үе шат: Түүврийн анхан шатны нэгжээр тодорхойлогдсон судалгааны нэгж болох аймгийн түвшинд баг, нийслэлийн түвшинд дүүрэг гэсэн хэсгүүдийг сонгосон.

Түүврийн II үе шат: Сонгогдсон баг, дүүргээс санамсаргүй түүврийн аргыг ашиглан 10 өрхийг сонгосон.

Түүврийн III үе шат: Сонгогдсон өрхийн насанд хүрсэн судалгаанд хамрагдах боломжтой иргэдийг эрэмбэлж, Кишийн аргыг ашиглан нэг гишүүнийг сонгож, судалгаанд хамруулсан.
"Зөвлөлдөх санал асуулгаар маш зөв шийдвэрүүд гардаг"
 
Гэрэл зургийг Mpa.mn

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Бид дээд шатны албан тушаалтнуудыг Үндсэн хуулийн зохистой асуудал оруулж чадаж байгаа эсэх болон 1,570 хүн цаашлаад 750 хүнийг чиглүүлэх гэсэн  хоёр хэсэгт ажиглалт хийнэ.

Зөвлөлдөх санал асуулгаар маш зөв шийдвэрүүд гардаг. Ард иргэд өнөөдөр Монгол Улсад хамгийн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай, юу хэрэгтэй байгаа зэрэг ард түмний амьдралд хамгийн ойр шийдвэр гардаг.

Маш олон оронд энэхүү Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан байдаг. Удирдагч шатныхан болон ард иргэдийг хооронд нь ойртуулсан үйл ажиллагаа юм” гэв.

Зөвлөлдөх санал асуулгын II үе шат дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болох бөгөөд Үндэсний Статистикийн Хорооноос I шатны оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, Төрийн ордонд болох уулзалтад урьж, оролцуулах юм.