Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Уг хөтөлбөрийг 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлын хүрээнд 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах аж.
Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг "Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань нийт 226 тэрбум орчим төгрөгийн төсөвөөр батлагдсан. Энэ мөнгөний санхүүжилтийн 24.1 хувь нь Улсын төсвөөс, 67.5 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3.8 хувь нь Олон улсын байгууллага, гадаадын улс орны зээл тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжих тооцоо гарсан байгаа.
Монгол Улс Элэгний өвчлөл, нас баралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа, өнөөдөр элэгний хорт хавдраар жилдээ 2,600 орчим хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл, хоногт 6-7 орчим хүн элэгний хорт хавдраар нас барж байна гэж судалгаагаар гарсан байдаг. Элэгний хорт хавдрыг үүсгэдэг өвчин эмгэг нь элэгний вирүсийн халдварууд байдаг.
Тиймээс энэхүү өвчнөөс сэргийлэх ажлуудаа бид тавдугаар сарын 1-ээс эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхлэнэ. Мөн 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм" гэлээ.
Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вирүст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан аж. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.