Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар тус асуулгыг зохион байгуулах Ажлын хэсгээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр гаргаж, Монгол Улсын Их Хурлын тогтоол гаргасан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй 8 гишүүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан.
Энэ бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат асан, Үндсэн Хууль судлаач Д.Ламжав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Э.Лхагважав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, профессор Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Э.Сүхжаргалмаа, МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар багтсан.
Зөвлөл хуралдаж Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг даргаараа сонгосон байна” хэмээн тайлбарлалаа.
ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын 15-ныг хүртэл ажилласан.
Зөвлөлдөх санал асуулга явуулах олон улсын жишиг, аргачлалын дагуу Үндэсний Статистикийн хороонд насанд хүрсэн иргэдээс олон шатлалтай санамсаргүй түүврийн аргаар сонголтоо хийсэн байгаа. Өнөөдөр оройноос эхлэн тус 1,570 хүнд мэдээлэл очно.
3,000 орчим хүнээс санал асуулга авч, үүний үр дүнд хэлэлцүүлэгт хөндөх багц асуудлыг тодорхойлсон. Санал асуулгын үйл ажиллагааны санхүүжилтийн хувьд 250 сая төгрөгт багтаана гэж тогтоосон байгаа. Энэ нь төсвөөс гарах хөрөнгө юм” гэв.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгаар Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Үүнийг маш тодорхой хэлэх ёстой.
Зөвлөлдөх санал асуулга бол нийгмийн бүх давхрагуудын төлөөлөлтэй зөвлөлдөж, ард түмний санал бодол, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тал дээр ямар бодолтой байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган УИХ-д, Байнгын хороонд хүргүүлэх чухал шүүлтүүрийн процесс явж байна гэж ойлгож болно.
Энэ бол 27 жилийн турш зүгээр нэг шуугиж, улс төрчдийн хүрээнд яригдаж байсан асуудал, ард түмний дунд яригдаж, ард түмний санал бодлыг авч байна гэсэн үг” гэлээ.
МҮХАҮТ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Лхагважав “Санал асуулгыг зохион байгуулах найман хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл хэлэлцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмжийг УИХ, Байнгын хороонд хүргүүлснээр дуусгавар болно.
Энэ зөвлөл нийгэмд байгаа процессийг аль болох ил тод, шударгаар явуулахад гол үүрэг гүйцэтгэх болно.
Зөвлөлдөх санал асуулга нь хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд өнөөдөр 17:00 цагт I үе шат эхэлж байна.
Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын I шатны судалгааг орон даяар явуулж, 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1,570 иргэнийг сонгожээ.
Судалгааны асуулгыг бүрэн асуусан эсэх, сонгогдсон айлд очсон эсэхийг хянах зорилгоор 3-5 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын удирдлагын баг ажиллах бөгөөд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд энэхүү үйл ажиллагаанд оролцож болно.
Зөвлөлдөх санал асуулгын II үе шат дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болох юм байна.
Энэ шатад Үндэсний Статистикийн Хорооноос I шатны оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар Төрийн ордонд болох уулзалтад ирэх оролцогчдыг сонгох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!