Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Салбарын манлайлагчид нэгдэн АмЧамын санхүүгийн салбарын хороог байгууллаа

ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN

2017 оны 3-р сарын 22-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь Санхүүгийн салбарын хороог шинээр үүсгэн байгуулж анхны уулзалтаа зохион байгууллаа.

АмЧамын Өсөлтөд Хүрэх Зам 2017 баримт бичигт тусгагдсан илүү нээлттэй боломж бүхий санхүүгийн зах зээлийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд тус хороо нь санхүүгийн салбарыг улам чадавхижуулах мөн олон улсын шалгарсан стандарт болон туршлагыг салбартаа нэвтрүүлэх зорилготойгоор ажиллах юм.

Тус хорооны гишүүд нь АмЧамын гишүүн бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарын хүчирхэг гол төлөөллүүд болох Хас банк, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, ПрайсуотерхаусКуперс, Эрнст Энд Янг, Дэлойт, Ард Санхүүгийн Нэгдэл болон Тэнгэр даатгал зэрэг компаниудаас бүрдэж байгаа юм.

 

АмЧамын Санхүүгийн салбарын хороо нь салбарын тэргүүлэгч компаниуд хоорондын хамтын ажиллагааны нэгдсэн платформ болох бөгөөд олон улсын шалгарсан туршлага болон стандартуудыг салбартаа хэрэгжүүлэх болон бодлого гаргагчдад оновчтой зөв шийдэл санал болгох зэрэг чиглэлд төвлөрч ажиллах юм.

2017 онд АмЧам Монгол нь стратегийн гол дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах ба үүнд гишүүн байгууллагуудад таатай нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлэх, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих замаар эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх, сайтар төлөвлөсөн, тууштай, ил тод, тодорхой эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх болон гишүүн байгууллагуудын амжилтын түүхийг сурталчилах замаар хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлууд багтаж байна.

Ай Эн Жи банкны Монгол дахь суурин төлөөлөгч, АмЧамын ТУЗ-ийн гишүүн ба тус хорооны даргаар сонгогдсон Эрик Версавел нээлтийн үеэр хэлсэн үгэндээ

“АмЧамын Санхүүгийн Салбарын Хороо нь Монгол улсын санхүүгийн салбарыг цогцоор нь сайжруулахын төлөө олон улсын шалгарсан туршлага стандартыг нэвтрүүлэх мөн бодлогын оновчтой шийдлүүд боловсруулж санал болгох замаар АмЧамын гишүүд болон санхүүгийн салбарын бүх компаниудад бодит эерэг үр дүнг бий болгохын тулд ажиллах болно” гэсэн юм.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай.

Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.