Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Д.Билэгдорж Ерөнхийлөгч Чан Дай Куангд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдорж БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куангд 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг Элчин сайд Д.Билэгдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.

Элчин сайд Д.Билэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Вьетнамын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрэн бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж, цаашид хэрэгжүүлэх тодорхой асуудлаар санал солилцлоо.

 

Мөн Монгол Улсыг НҮБ-ын Хүний Эрхийн  Зөвлөлд сонгогдоход дэмжлэг үзүүлсэнд Вьетнамын Засгийн газарт талархал илэрхийлээд, Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд, Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр талын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.

 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дао Вьет Чунг, Гадаад хэргийн дэд сайд Ву Хонг Нам зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Элчин сайд Д.Билэгдорж нь Москвагийн Олон улсын харилцаааны дээд сургууль (МОУХДС)-ийг төгссөн, вьетнам судлалаар мэргэшсэн. Вьетнам, орос, англи хэлтэй.

1991 онд ГХЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Ханой дахь ЭСЯ-нд атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, Анкара дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам