Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад “нууц амраг ангуучлах” бизнес цэцэглэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдралын түвшин дээшилж, сэтгэлгээ нь баруунжсаны дүнд Хятадад гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа нэмэгдэж, гэр бүл салалт элбэгшсэн байна.

Үүнийг дагаад тус улсад “гэрлэлтийг аврах” буюу “нууц амраг ангуучлах” бизнес бий болж, ашиг орлого сайтай байгаа тухай хэвлэлүүд бичих болжээ.

Ийм үйлчилгээ үзүүлдэг компанид эхнэрүүд хандан, нөхрөө нууц амрагаас нь салгаж өгөхийг хүсдэг байна. Салгах арга нь адал явдалт зохиолын үйл явдалтай тун адилхан.

Сайн бэлтгэгдсэн эмэгтэй мэргэжилтнүүд тохиолдлоор тухайн эрийн нууц амрагтай танилцаж, удаан хугацаанд тэвчээртэйгээр харилцан итгэлийг нь олж авдаг. Үүнийхээ дараа аажмаар түүнд ийм харилцаа хэрэггүй гэдгийг ухуулан ойлгуулснаар салгаж чаддаг ажээ.

Ийм компаниудын нэг Shanghai Weiqing Network Technology. Нөхрүүдийг нууц амрагаас нь салгаж өгөх үйлчилгээг тэд 50,000 юаниар хийж өгдөг. Тус компанийн ашиг орлого нэмэгдэж байгаа тул саяхан NEEQ (National Equities Exchange and Quotations) хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргахаар ажиллаж эхэлжээ.

Weiqing компанийн мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар тэд 17 сая юаний ($2.4 сая) орлого олсон нь 2015 оны бүтэн дүнгээс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Компанийг үүсгэн байгуулагч, 49 настай Шу Шинь өмнө нь сэтгүүлч байсан. Тэр “Манай гол үйлчлүүлэгчид гэр бүл нь салахад хүрээд байгаа эхнэрүүд. Бид тэдэнд гэрлэлтийг нь хадгалж үлдэх олон хувилбар үйлчилгээ үзүүлдэг” гэжээ.

“Жил бүр 5,000 орчим гэр бүлийг бид авардаг” гэж тэр мөн хэлсэн байна.

2015 онд Хятадад 3.84 сая хүн гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж байсан нь 1986 оны тооноос 17 дахин өссөн дүн юм байна.

Өрнөдөд гэр бүлээс гадуур харилцаа нь шууд салах үндэс болдог бол Хятадад эхнэрүүд нь гэр бүлээ аль болохоор хадгалж үлдэхийг хүсдэгээрээ онцлог. Энэ нь Хятадад эцгийн эрхт ёс илүү нөлөөтэй байдгаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна.

Weiqing компанийн бизнес хурдтай өсөн нэмэгдэж, Хятад даяар 50 гаруй салбартай болсны дотор Бээжин, Шанхай зэрэг томоохон хотууд багтжээ. Үнийн хувьд цагийн 800 юаниас эхлээд шууд “нууц амрагаас салгаж өгөх” 50,000 юаний багц хүртэл байна.

Зарим үйлчлүүлэгчид баталгаатай үр дүнд хүрэхийн тулд 100-200 мянган юань төлөх нь ч бий гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post