Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай олимпийн тамирчид Австри Улсыг зорино

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тэртээ 1964 онд Монгол Улс хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болох олимпийн наадамд анх оролцсон түүхтэй. Харин спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой БНСУ-д зохион байгуулагдсан дэлхийн тусгай олимпийн наадамд 2013 онд урилгаар оролцож байв. Түүнээс хойш дэлхийн тусгай олимпод оролцсон манай улсын тамирчид өндөр амжилтыг үзүүлсээр байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Спортын төв ордны хурлын танхимд Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ удаагийн Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадам Австри улсад “Ялалт байгуулахад минь туслаач. Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриан дор гуравдугаар сарын 14-25-нд болох юм байна.

Мөн Австрийн өвлийн олимпод өвлийн спортын есөн төрөлд нийт 107 орны 3000 орчим тамирчин, 1,100 дасгалжуулагч, 3,000 сайн дурын ажилтан, 1,200 хүндэт зочин, 5,000 гэр бүлийн гишүүн, хөгжөөн дэмжигчид болон 800 конгресс, засгийн газрын төлөөлөл оролцох аж. Одоогийн байдлаар тус наадамд дэлхийн 170 гаруй улс гишүүнчлэлтэй байдаг гэнэ.

Харин манай улс 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нд олон улсын тусгай олимпийн хорооны албан ёсны гишүүнээр элсэж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй. Тухайлбал, 2016 онд гэхэд Хонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, зургаан хүрэл медальтайгаар эх орондоо ирж байсан түүхтэй.

Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдөж манай улсын баг, тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрөлд оролцон 30 медальтайгаар эх орондоо ирж байв. Харин 2015 онд АНУ-ын Лoc Анжелес хотод болсон дэлхийн тусгай олимпийн зуны наадамд манай улсын 14 тамирчин спортын гурван төрөлд оролцон дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийг эх орондоо авч ирж байсан юм.

Эх орноо төлөөлөн Австри улсыг зорих тамирчид, дасгалжуулагч нарыг үдэх ёслолын үйл ажиллагаанд Монголын тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр МТОХ-ны хорооны тэргүүн С.Оюун “Тамирчдадаа амжилт хүсье. Бид та бүхний дэмжлэг, туслалцаатайгаар өвлийн наадамд оролцохоор явах гэж байна. Тусгай олимпод оролцсоноор тамирчдын амьдралд өөрчлөлт орж, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд урам зориг хайрласанд баярлалаа. Тамирчдадаа том амжилтыг хүсье” гэв.

Австри улсад болох өвлийн олимпод Монгол Улсыг төлөөлөн 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрөлд оролцох ажээ. Тодруулбал, бөмбөгтэй хоккейн төрөлд Э.Асралт дасгалжуулагчтай М.Түмэнбаяр. Г.Отгонбаяр, Б.Эрдэнэбаяр А.Нямпүрэв, О.Мөнхбат, О.Отгонбаяр, М.Мөнхдаваа, 3.Өсөхнэмэх, Д.Төгөлдөр, Д.Чинзориг, Ч.Батбилэг нар оролцож байгаа бол гүйлтийн цанын төрөлд М.Гантөмөр, Н.Уянга нар оролцох гэнэ. Харин цасны гуталтай гүйлтийн төрөл Ч.Намжилдорж дасгалжуулагчтай С.Тэмүүлэн, Б.Оюунбилэг нар оролцохоор болжээ.

Энэ үеэр бид шигшээ багийн тамирчин болон дасгалжуулагчтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

Э.Асралт: Олимп манай хүүхдүүдэд урам зориг өгсөн

-Тусгай олимпийн өвлийн наадамд оролцох тамирчдыг хэрхэн сонгож авсан бэ?

-Манай сургууль 118 дугаар сургуультай хамтран ажилладаг. Энэ хүрээнд хоёр сургуулийг сурагчдаасаа баг гарган Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулсан юм. Түүний дараа нийслэлээс шалгарсан сурагчдаа Улсын аварга шалгаруулах тэмцээн оруулсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан 14 тамирчин эх орноо төлөөлөн Австри улсыг зорьж, дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцохоор болсон.

-Энэ төрлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд хэр байдаг вэ?

-Өмнө нь сурагчид биеийн тамирын хичээлийг нэг их сонирхдоггүй байсан. Харин манай сургуулийн хүүхдүүд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэнээс хойш их сонирхох болсон. Үргэлж “Багшаа дугуйланд явья” гэх болсон.

-Бэлтгэл сургуулилтыг хэрхэн хийв. Спортын бэлтгэлээс гадна тамирчдынхаа сэтгэл зүйг бэлдэх тал дээр анхаарсан байх?

-Манай зарим хүүхдүүд сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Дугуйланд явахаас өмнө тэмцээн уралдаанд оролцох сонирхолгүй, идэвх муутай байсан л даа. Мөн зарим нь үг дааж чаддаггүй, уйлах ч тохиолдол гарсан. Олимпод явна гэсэн зорилго тавьснаас хойш маш их хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж эхэлсэн. Сурагчид маань бага багаар өөрчлөгдөж, улам хичээнгүй хүсэл тэмүүлэлтэй болж байна. Олимп манай хүүхдүүдэд урам зориг өгсөн.

О.Гантөр: Бэлтгэл хийхдээ шантардаггүй

-Юун түрүүнд баяр хүргэе. Бөмбөгтэй хоккейн спортоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Намайг О.Гантөмөр гэдэг. Би 63 дугаар сургуулийн VI ангид сурдаг. Анх 14 настайдаа бөмбөгтэй хоккейн спортоор хичээллэж эхэлсэн. Тэмцээнд оролцохоор явж байгаадаа баяртай байна.

-Олимпийн тэмцээнд оролцох эрх авахын тулд бэлтгэл сайн хийсэн байх. Хэдий хугацаанд бэлдсэн бэ?

-Хоёр жил гаруй бэлтгэлээ хийсэн.

-Бэлтгэл хийж байхдаа шантарч байв уу?

-Үгүй. Шантарч байгаагүй. Найзуудтайгаа хамт бэлтгэл хийхэд сайхан байдаг.

Зураг