Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Галбаяр: Эхлээд нийгмээ хар, дараа нь кино урлагийг шүүмжил

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

"Go" студийн захирал, найруулагч Дашхүүгийн Галбаярын шинэ уран бүтээл болох "Миний нууц" кино нээлтээ хийгээд удаагүй байна. Түүнийг "Өөр мэдээ" зочноор урьж ярилцлаа.

-Таны өмнөх уран бүтээлүүд голдуу инээдмийн төрлийнх байлаа. Харин "Миний нууц" бол драм төрлийнх. Энэ удаагийн бүтээл танаас арай өөр мэдрэмж, ур чадвар шаардаж байв уу?

-Тийм ээ. У.Уранчимэг эгч надад анх уянгын драмын кино найруулах санал тавихад их гайхаж хүлээж авсан. Би өмнө нь дандаа л инээдмийн кино хийж байсан. Мөн өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтай “Хувьсал” продакшны хамт олонтой анх удаа хамтран ажиллаж өөрийгөө шинэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй болсон. Инээдмийн кинонд үйл явдлын ритм хөөж эвлүүлэг хийдэг бол энэ удаад өөрийгөө өөрчилж эвдэх шаардлага тулгарсан. Ямартай ч энэ бүхнийг амжилттай даван туулж ард нь гарч чадлаа. Надад нэгэн шинэ цонхоор харах боломж олгосон “Хувьсал”-ын бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Таныг шинээр нээсэн уран бүтээл гэж ойлголоо. “Миний нууц” таны өнцгөөс юу өгүүлэв?

-Найруулагчийн зүгээс дотоод сэтгэлийн илэрхийллийг харуулахын тулд нүдний харц, биеийн хөдөлгөөнийг маш их анхаарч ажилласан. Зургаан удаагийн шүүлт шалгуур дамжиж олон хүний хөдөлмөрийн үр дүнд 7-8 сарын хугацаанд бүтсэн. Тэр ч утгаараа үзэгчид маань таашааж урам өгнө гэдэгт итгэж байгаа. Үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл хийнэ гэдэг цаашид бүтээлээ туурвих итгэл, урам зоригийг бидэнд хайрладаг шүү дээ. Мөн нэг уран бүтээл дээр ажиллаад дуусахад тухайн хүнд маш том сургалт болдог. Мөн “Хувьсал”-ын гал, цогтой бүсгүйчүүд маань цагийг яс баримталдаг, тухайн бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг, ажлын хариуцлага гэдгийг мэдэрсэн уран бүтээлчид байлаа. Өөр төрөлд ур чадвараа сорьсон маань нөгөө талаараа бас нэгэн шинэлэг сургалт боллоо.

-Киноны ерөнхий зураглаачаар таны найз Б.Цогтбаяр ажиллажээ. Та урьсан уу?

-Тийм ээ. Хамтран ажиллахад амар байдаг. Найз маань одоо Австрали улсад ажиллаж байгаа. Энэ кинонд би найзыгаа урьж авчирч ажиллуулсан. Ёстой л нэг хэнтэй ч нэг л янзаapaa гэдэг шиг эгэлгүй энгийн даруу хүндээ миний найз. “Би  хийчихлээ гэж цээжээ балбаж байхыг нь харж явсангүй. Хэн нэгэнд доль цохин зусардаж байхыг нь бас л хараагүй. Гүндүүгүй монгол эр юм даа. Заримдаа надад алдрыг нь би хүртээд ачааг нь найз минь үүрээд байх шиг санагддаг шүү.

-Ер нь танд сайхан найз олон биз. УИХ-ын гишүүн С.Жавхлан, найруулагч Ж.Сэнгэдорж гээд л олон хүнтэй гэмгүй сайхан нөхөрлөж яваа харагддаг?

-Тийм шүү. С.Жавхлан бид хоёр их олон жилийн өмнөөс найзалж байна. 2005-2012 оныг хүртэлх бараг бүхий л уран бүтээлд хамтдаа ажиллалаа. Мөн аавын маань найз Жанчивдоржийн хүү Сэнгэдорж байна. 1989 онд Тээврийн товчооны буудлын арын хоёрдугаар байранд манай хоёр гэр нүүж ирсэн. Түүнээс хойш Ж.Сэнгэдорж бид хоёр 30-аад жил нөхөрлөж явна. Ж.Сэнгэдорж бид хоёр аав нарынхаа дурсгалд зориулан “Нөхөрлөл зохиосон андууд” нэртэй дууг гаргахаар болсон юм. Тэгээд л яруу найрагч Ц.Бавуудорж ахаар шүлэг бичүүлж, Т.Сэр-Од багш дээр очоод хэнээр дуулуулах вэ гэсэн бүгд л С.Жавхлангаар дуулуулна гэцгээсэн. Жавхаа маань ч дуугаа бэлэн болгоод өгсөн. Сайхан сэтгэлээс гарсан дуу болохоор ард түмэн одоо хүртэл дуулж явна.

-Таны аав Г.Дашхүү агсныг Монголын ард түмэн андахгүй. Аавынхаа хүслийг биелүүлэх гэж найруулагч болсон гэж байсныг тань санаж байна?

-Аав минь надад урлагийн хүн болоорой гэж захиагүй. Гэхдээ энэ ертөнц рүү орох хүсэл тэмүүлэл байгалиасаа төрсөн гэж боддог. Би эргэлзээгүй урлагийн сургуульд орсон нь урлагийн гэр бүлд өссөнтэй холбоотой. Багаасаа урлагаар амьсгалж, тайзны ард гүйж өссөн Театрт тоглогдох хүүхдийн жүжгийн олны хэсэгт ордог байсан Суурийг нь тавиад өгсөн энэ замналыг нэр төртэй, сэвтээхгүй авч явах нь миний үүрэг. Миний үр хүүхдүүд ч мөн миний залгамж халаа болоосой гэж хүсдэг.

-Таны аав Монголын хошин урлагийн нэртэй жүжигчин байлаа. Инээдмийн кино хийж уран бүтээлээ эхэлсэн тань ч үүнтэй холбоотой байх?

-Тийм л дээ. Хүмүүс намайг аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлээд гэж ярьдаг юм. Миний аав тухайн цаг үедээ бүтээх ёстой зүйлээ бүтээчихсэн. Харин би аавынхаа эхлэлийг нь тавьж өгсөн замаар явж байгаа болохоос биш уран бүтээлийг нь үргэлжлүүлээгүй. Өөрийн хүсэл сонирхлоор, дотоод сэтгэлээр киногоо найруулж үзэгчдэд хүргэж түүнээсээ суралцаж, урам зориг авч яваа маань миний л бүтээж яваа уран бүтээл. Магадгүй би ааваасаа муу ч байж болно шүү дээ.

-Кино урлагт “Go” энтертайнмент хөл тавиад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ салбарын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Аль ч улсын нийгэм нь ямар байна кино урлаг тийм л байдаг. Учир нь нийгэм, хүмүүсийн амьдралаас сэдэвлэж бүх урлагийн бүтээл тордог. Сайхан нийгэмд хүмүүс сайхан л харилцаатай байдаг шүү дээ. Тэндээс сайхан л уран бүтээл төрнө. Тиймээс киног нь үзээд л тухайн улсын нийгэм болоод хүмүүсийн хөгжлийг харж боллог. Тиймээс эхлээд нийгмээ хар, дараа нь кино урлагийг шүүмжил. Өнөөгийн нийгэм өөрөө бухимдалтай, дандаа шүүмжлэх сэтгэхүйтэй болжээ. Энэ асуудал дээр их эмзэглэдэг. Яагаад бид бие биеэ магтаж, сайшааж, урам өгч болдоггүй юм бэ. Нийгмийг би ингэж л хардаг ш дээ.

-Хүмүүс найруулагчийг бүхнийг чадагч гэж хүлээж авдаг л даа. Ер нь та мэргэжлээ хэрхэн тодорхойлох уу?

-Найруулагч гэхээрээ л айхтар том юм яриад цээжээ балбаад, нэг л их содон байх ёстой гэсэн ойлголт Монголд байдаг. Ааг омог нь багтаж ядаад байдал бол түүнийг ажил дээрээ л харуулах хэрэгтэй. Түүнээс биш олны нүдэн дээр төвчигнөөд, энгийн үед хүмүүсийн анхаарал татаад байгаа хүмүүсийг гайхдаг. Би ажлын талбар дээрээ л найруулагч байхыг хичээдэг. Бусад үед сайн найз байхыг хүсдэг. Түүнээс биш найруулагчийн дүр хувиас өмсчихөөд өөрийгөө найруулагч гээд зарлаад явах дургүй.

-Найруулагч бүхэн том мөрөөдөлтэй байдаг. Зарим нь түүхэн кино ярина, нөгөө хэсэг нь олон улсад киногоо үзүүлэхээр тэмүүлдэг. Энэ хоёрын аль нь таны мөрөөдөл вэ?

-Мөрөөдөх ч завгүй ажиллаж байна. Гэхдээ мэдээж боломж гарвал олон улсад хүч үзэхийг хүсэж байна. Сая “Хувьсал” продакшнтай хамтран ажиллахад суралцсан, ололттой зүйл их байсан. Хүмүүстэй хамтарч ажиллаж суралцаж, шинийг эрэлхийлж байх нь аяндаа амжилт руу хөтөлнө гэж бодож байна. Өнөөдөр л бид хичээж ажиллахгүй юм бол хэзээ ч ирэхгүй цаг хугацаа, залуу нас шүү дээ. Яг төлөвлөсөн юм байхгүй ч сайн уран бүтээл хийхийг л эрмэлзэж явна.

Зураг