Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Архиар шахуулаад гарсан хүн гэмт хэрэг, осол гэмтэлд өртөх магадлал өндөр"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв, Замын цагдаагийн албанаас хамтран мэдээлэл хийлээ.

2016 онд улсын хэмжээнд ГССҮТ-ийн Тандалт судалгааны албанд бүртгэгдсэнээр 100,000 орчим хүн осол гэмтэлд өртөж байгаагийн 16 хувь нь зам тээврийн осол байна. Мөн 2016 онд 2,000 орчим хүн нас барснаас 485 нь зам тээврийн ослоор нас баржээ.

Б.Буян-Арвижих: Таны амар мэндийг эрэхээр ирж байгаа хүнийг архиар шахах нь зөв үү?

ГССҮТ-ийн эпидемиологич их эмч Б.Буян-Арвижих “Баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь хувь хүн болоод хажууд нь байгаа хүмүүсийн ухамсраас шалтгаална.

Согтуугаар жолоо барих нь тухайн хүний самбаачлах хугацаа зэрэг сэтгэх чадамжид нь нөлөөлдөг учрааас өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд оруулж байна гэсэн үг.

Тэгэхээр иргэд үүн дээр маш ул суурьтай хандах хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол та хэзээ ч жолоо барьж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн таны амар мэндийг эрэхээр ирж байгаа хүнийг архиар шахах нь зөв үү? Архиар шахуулаад гарсан хүн гэмт хэрэгт өртөх, осол гэмтэлд өртөх магадлал өндөр. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Л.Бямбацогт: Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ачаалал нэмэгддэг
 
Гэрэл зургийг mpa.mn

Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт “Баяр наадмын үеэр дуудлагын ачаалал эрс нэмэгддэг. Дийлэнх хувь нь архи согтууруулах ундаатай холбогдох асуудлууд буюу архины хордлого, хоорондоо маргалдаж бие биенээ гэмтээх зэрэг асуудлууд байдаг.

Архийг дараалан олон хоногоор хэтрүүлэн хэрэглэснээс болж, архины хордлого ихсэж, манай ачаалал нэмэгддэг. Тиймээс архи согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.

Мөн хоолны хордлогын дуудлага их ирдэг. Үүнтэй холбоотойгоор ард иргэддээ хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, бүтээгдэхүүний хадгалах горимоор хадгалж, хэрэглэх нь цаашид гарах эрсдлээс сэргийлж чадна гэдгийг хэлье.

Зам тээврийн осолтой холбоотойгоор мөн ачаалал ихээхэн нэмэгддэг. Он гарснаас хойш 23,579 осол гэмтлийн дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн осол 12.5 хувь буюу 3,845 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 40 хувь нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалмаар байна” гэв.